Хаврын урь орж, орон нутагт бэсрэг наадам, морин уралдааны цаг ирлээ. Жил бүрийн хавар морин уралдааны аюулгүй байдал, унаач хүүхдийн амь насны талаар яригддагч яг өнөөдрийн байдлаар өөрчлөгдсөн зүйл алга. 2013 онд нийт 958 унаач хүүхэд мориноос унаж, 16 хүүхэд хөнгөн гэмтэж, 34 унаач хүнд гэмтэж, зургаан бяцхан жаал амиа алдсан байдаг. Энэ тоо өнгөрсөн жил ч, энэ жил ч буурахгүй нь.
Хөдөө орон нутагт хяналт султай, зөвшөөрөлгүй морин уралдаан явагдсаар, хүүхдүүд мориноос унаж, амь насаа эрсдэлд хүргэсээр байна. Ганцхан аймгийн жишээг дурдахад Дорнод аймгийн Баянтүмэн сумд болсон хаврын морин уралдаанд дөрвөн хүүхэд унаж бэртсэн. Нэг нь гарааны зурхай буюу хаалтанд хавчуулснаас ийнхүү хуруугаа гэмтээн, тайруулсан. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд мөн л тус аймгийн Чойбалсан сумд болсон морин уралдаанд нэг хүүхэд бэртэж, дунд чөмгөө хугалсан харамсалтай хэрэг гарлаа. Зөвхөн ганц аймгийн жишээн дээр гэхэд хоёр долоо хоногийн дотор хоёр хүүхэд эрүүл мэндээрээ ноцтой хохирчихлоо. Ийм байхад нөгөө хүүхдийн төлөө гэж ярьдаг дарга сэтэртэнүүд дуугүй байсаар.
Долоогоос доош настай хүүхдийг морь унахыг хориглосон нь манайдаа л дэвшилт болсон. Тэгээд л цааш нь байдаггүй. Манайд Морь уяачдын холбоо байдаг ч ихэнхи нь улс төрчид байдаг болохоор өдийг хүртэл морин уралдаанд нарийн, хатуу журам тогтоохгүй байна. Хэдийгээр Хүний эрхийн комисс болон хүүхдийн эрхийг хамгаалах газруудаас Улаанбаатар хотын ойр орчимд болж байгаа томоохон уралдаанд хяналт тавьж байгаа ч хөдөө орон нутгийн бэсрэг наадмуудад төдийлөн анхаарч чадахгүй байна. Хаана, хэзээ ямар уралдаан болоод байгааг нийтэд нь бүртгэдэг газар ч алга. Аймаг, сумдад бол зөвшөөрөлгүй морин уралдаан хаа сайгүй болсоор, тэнд нь хүүхэд гэмтсээр байна.
Хэрэв авто осолд орсон бол тэр хүүхэд буруутай жолоочоос нөхөн төлбөр авч, хэн нэгэн нь хариуцлага хүлээдэг. Харин морин уралдаанд тийм биш. Мориноос хүүхэд унаж, хүнд бэртвэл морь уяач нь эмчилгээний хэдэн төгрөг өгөөд орхидог.
Тиймээс энэ асуудлыг зогсоохын тулд хэрэв хүүхэд мориноос унаж, гэмтсэн бол тухай сумын Засаг даргад хариуцлага тооцдог байя. Төрийг төлөөлж байгаа хүний хувьд тэдэнд ийм эрх бас үүрэг бий. Нутгийнхаа нэг улс төрч, эсвэл баяны аманд багталгүй морин уралдаан хуулийн дагуу явж байна уу? Хүүхдийн аюулгүй байдлыг хэр хангаж байна вэ гэдэгт хяналт тавих үүргийг тэдэнд өгчихье. Хариуцлагыг нь ч сумын Засаг дарга нараас нэхдэг болъё.
Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай_ Үнэ: 22 000₮