АН фракцгүй ажиллаж чадах уу

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 09

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын нэг нь Улс төрийн намуудын тухай хууль байгаа. Өнөөгийн Монголд үүсээд байгаа талцал, эв түнжингүй байдлын уг үндэс нь нам, гишүүнчлэл, сөргөлдөөн гэж олон нийт харж байгаа нь үнэний талдаа.

Монголын ардчиллыг эдүгээ нялх хэмээн томъёолбол хэтэрхий өхөөрдсөн болох байх. Одоо бол хөл нь дөрөөнд гар нь ганзганд хүрсэн. Харин төлөвшиж чадахгүй өдий хүрч байгаа нь энэ улс төрийн намууд гэх бүлэг, бүлэглэл. Цаасан дээр бичигдснээр бол Монголд улс төрийн нам олон бий. Бүр нэг компани, нэг хүний нам хүртэл бий. Эдгээрээс харин улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулахын оронд  улстөржиж даарин дээр давс нэмээд сууж байдаг нь дийлэнхи болох байх. Намууд, тэр дундаа эрх баригч хоёр гол хүчин төлөвшиж чадахгүй байсаар  “хүргэн суух” насанд хүрсэн нь иргэдийн буримдлыг төрүүлж, улс төрчдийг үзэн ядах сэтгэлгээг зугуухан суулгаж байна. Энэ бүхнийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх хууль нэг тийш нь болгож магадгүй юм.

Хоёр хоногийн өмнө АН-ын 25 жилийн ой тохиолоо. Энэ үеэр намын дарга З.Энхболд намаа фракцгүй нам болсныг зарлалаа. Тэрбээр “Ардчилсан нам өнөөдрөөс фракцигүй болж, зөвхөн Ардчилсан нам гэдэг нэг л фракцийн төлөө нэгдэж ажиллахаар санал нэгдсэн” гэдгээ зарласан нь содон мэдээ байлаа.  МҮДН, МСДН гэхчлэн таван намын нэгдэл дээр Ардчилсан нам гэх нэг шүхрийн дор орсон энэ нам фракцын зарчим дээр ажилласаар өдийг хүрсэн. Албан ёсоор бол  МоАХ, Алтан гадас, МҮДН, Кроун, Шонхор, Нэг ардчилал гэхчлэн фракциудын нэр дуулддаг. Энэ фракциуд  бүгд өөр өөрийн эрх ашигтай. Үүнийхээ төлөө хөлөө байнга жийлцэж, өөрсдийн босгосон гэр рүү чулуу шидэж нураадаг, ийм л зуршилтай.

Албан тушаалыг нам бус, фракци нь хуваарилдаг болсныг анзаарахад ч төвөгтэй биш.  Х.Баттулгыг түүний фракцийн Ш.Түвдэндорж, О.Бурмаа нар залгамжлаад явж байна.

1996 оны сонгуульд ялалт байгуулж Засгаа бүрдүүлсэн энэ дөрөвхөн жилд Засгийн газраа дөрвөн удаа огцруулж байв. Ингэснээр тэд иргэдийн итгэл хүлээлтийг үргээчихсэн юм. Тэгэхэд үргэсэн итгэл эргэж иртлээ 16 жил ороолсон нь 2012 оны сонгууль.  Шат дараалсан гурван ч сонгуульд Н.Алтанхуягийн хэлсэнчлэн “хөдөө хотгүй хавтгайдаа” ялалт байгуулсан ч сурсан юмыг сураар боож болдоггүй аж.  Тогтвортой ажилаж байсан Засгийн газраа сөрөг хүчинтэйгээ нийлээд тонгорч орхисон. Мөнөөх л фракцийн эрх ашиг, албан тушаалын ойгүй шунал нь улс орны эрх ашгаар ингэж тоглосон хэрэг. Энэ бол  төрийн ажил фракцийн эрх ашгаар явагдаж байгаагийн наад захын илэрхийлэл юм. Түүнчлэн албан тушаалыг нам бус, фракци нь хуваарилдаг болсныг анзаарахад ч төвөгтэй биш. Үүний наад захын жишээ бол Үйлдвэр, Хөдөө аж ахуйн /хуучин нэрээр/ сайдын томилгоо юм. Х.Баттулгыг түүний фракцийн Ш.Түвдэндорж, О.Бурмаа нар залгамжлаад явж байна. Ийнхүү төрийн албан тушаал хүртэл нэг нэг фракцийн өмч болж хувирсан байх жишээтэй.  Энэ мэт нам доторхи нам болсон фракциудын чимээгүй тулаан энэ намыг байнга хүчгүйдүүлж, АН-д сайнаасаа илүү саарыг авчирдаг. Харин одоо үүнээс хойш, түүнээс цааш фракцгүй ажиллана гэж байна. Намын төлөвшил хийгээд эв эед энэ мэдээж чухлаар нөлөөлнө.

Энэ тухай Ардчилсан намын дарга З.Энхболд “Нам дотроо талцаж тэмцэлдэх биш эвлэж нэгдэхийг манай намын жирийн гишүүд хүсэж байна. Энэхүү хүсэлтийг биелүүлэх нь Ардчилсан намын удирдлага, УИХ дахь АН-ын бүлэг, бүх шатны намын байгууллагын үүрэг гэж бид үзэж байна. Ийм учраас өнөөдрөөс эхлэн “фракцигүй” Ардчилсан нам болж байгааг энэхүү индэр дээрээс мэдэгдэж байна. Өнөөдрөөс эхлэн фракцигүй Ардчилсан намыг манай нам доторхи фракцийн удирдлагууд хүлээн зөвшөөрч, зөвхөн Монгол улсынхаа төлөө зүтгэх Ардчилсан нам гэдэг ганц “фракци”-д нэгдэхийг та бүхэнд уриалж байна” хэмээн мэдэгдлээ.

Үнэхээр энэ уриа дуудлага хэрэгжвэл АН-ын улс төрийн намуудын төлөвшилд оруулж буй хувь нэмэр болно. Нийтийн эрх ашгийг нэг хэсэг бүлгийн эрх ашгаар төлөөлүүлдэг, тарж бутарсан удирдах удирдуулах ёсыг эргэн залахад фракцгүй нам чухал үүрэгтэй нь тодорхой. Бас энэ нам хүчирхэгжих нэг нигуур нь энэ фракцгүй  ажиллах зарчим гэдэгтэй олон хүн санал нийлэх байх.

Гэвч индэр дээрээс уриалах, эргэж буугаад ажил хэрэг болгох хоёрын хооронд алд дэлэм зай бий. АН фракцгүй болох тухай бараг жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Ийм санаачлагыг анх дэвшүүлсэн  УИХ-ын гишүүн Г.Батхүү,  А.Бакей нар “фракцгүй намын зорилгыг бичээд бүх фракцад тараасан. Харамсалтай нь нэг нь ч хариу ирүүлээгүй”  хэмээн ярилцлагадаа дурдсан байна билээ. Фракци бүлгийн эрх ашиг гэдэг бол угтаа хувь хүний эрх ашиг, сонирхол амбиц.  Хүн өөрийн гэсэн бүхнээ намын эрх ашгаар солино гэдэг нэг их хүсээд байх зүйл биш. Үүнээс гадна нэгдэж нийлсэн таван намын язгуур  үзэл бодол, итгэл  үнэмшил гэж юм бий. Нөгөөтэйгүүр фракци нь эрх мэдэл, албан тушаалд хүрэх  тухайн бүлэглэлийн боломж, гарт байгаа алтан сэлэм нь болдог юм байна.  Сайн дураар татгалзаж чадахгүй байх шалтгааны нэг нь энэ. Тиймээс фракцгүй ажиллах  уриалга бол дургүй ламыг дарж байж сахил хүртээхтэй адил байж ч мэднэ.

П.Булган

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.195.154) 2015 оны 04 сарын 10

АН ын тэнэгийг ард түмэн ойлгосон, одоо дахиж хууртахгүй, ГОРЬД гээд хэлчихеэ

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 04 сарын 09

Баярын хурлаа нудрага зөрүүлэхгүй хийж чадахгүй байж фракцгүй байж харагдаарай Гэдсэндээ хөлөө хийлцээд л байгаа биз дээ Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг эв нэгдэлгүй хар яр хийдгээ мартаа юу Ард түмнийг төөрөлдүүлж сурчээ Тэрч бүү хэл монголыг ямар болгоод байгаа билээ АН нэр хүнд өндийхгүй болтолоо унаж байгаа Хошгоруулаад ялдаг хөг чинь өнгөрсөн

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.225) 2015 оны 04 сарын 09

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top