Монгол Улсын сайд М.Энхсайхан өчигдөр УИХ-ын гишүүдэд хандэн нээлттэй захидал бичжээ. Тавантолгой хэмээх мега төслийг амилуулчих санаатай сайн муугаараа хэлүүлж яваа энэ хүн хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг өдий зэрэгт хүргэж, өлгийдөж авахад бэлэн болгосон нь үнэн. "Чалко"-гийн өр зээлээс эхлээд саад тээг мундаагүй. Нийтдээ санал зөрөлдөөнтэй, тодорхойгүй байсан гэхчлэн 300 гаруй асуудлыг хэлэлцэж, хөрөнгө оруулагч нартай алтан дунджийг олж чадсан хэмээн үнэлж байгаа нь илүү олон.
Энэ гэрээ бүтэн дөрвөн сар шахам хугацаанд үргэлжилсэн. Арай гэж ард нь гартал УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга З.Энхболд гэрээг ашиггүй нөхцлөөр хийсэн гээд УИХ татан авч хэлэлцэхээр болж, энэ гэрээг батлавал Засгийн газрын сайдуудыг огцруулна хэмээн мэдэгдсэн. Түүний энэ мэдэгдэл хөрөнгө оруулагчдын сэтгэлийг хөргөж орхисон байж мэднэ. Тэр үед гэрээнд гарын үсэг зурахаар Монголд ирээд байсан хөрөнгө оруулагч гурвалын нэг Сумитомо Корпорацийн Нүүрсний газрын захирал Ишихара Сүсүмү энэ алхмыг “хүндээр тусч байна” хэмээн илэрхийлсэн бол БНХАУ-ын Шенхуа ч бас сэтгэл дундуур байгааг зарим хэвлэл мэдээлэл илэрхийлж эхлээд байна. Арга ядсан ажлын хэсгийн ахлагч “гэрээг УИХ-аар хэлэлцүүлчих юм бол хожим хойшид асуудалгүй” хэмээн хөрөнгө оруулагчдаа аргадаж байгаа байна билээ.
Уг нь УИХ болон Засгийн газрын алиных нь ч хувьд энэ хэлэлцээрт төөрч мунгинаад, эргэлзэж тээнэглзээд байх зүйл бага баймаар санагдах юм. Учир нь УИХ ганцхан жилийн өмнө 34 дүгээр тогтоол гаргаж, Засгийн газрын хийх ажлыг тов тодорхой заагаад өгчихсөн байдаг. Тэдгээрийг М.Энхсайхан гишүүдэд хаягласан захидлаараа эргэн сануулжээ. Тухайлбал, хэлэлцээрийн халуун цэг болоод байгаа төмөо замын тухайд гэхэд дээрхи 34 дүгээр тогтоолд “Тавантолгой Гашуунсухайт, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр зам болон тээврийн бусад дэд бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулах /1.6/...”-ыг зааж өгсөн байдаг. Энэ л заалтын хүрээнд хөрөнгө оруулагчид Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа өөрсдөө барьж тодорхой хугацааны дараа суурь бүтцийнхээ 51 хувийг төрд эргүүлэн өгөх заалт бий. Харин энэ чиглэлийн замын суурь бүтцэд Чингис бонд болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлээд байгаа 300 сая ам.долларыг төрд эргүүлэн төлөхөөр болж байгаа юм.
УИХ-ын мөн тогтоолд “...Тавантолгойн орд газраас олборлож байгаа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулан, нэмүү өртөг шингээж, экспортын нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулах” заалт бий. Энэ хүрээнд жилдээ 30 сая тонн нүүрс боловсруулах үйлдвэр баригдах бөгөөд хөрөнгө оруулагчид өөрсдөө хариуцаж Тавантолгойн нүүрсийг гурав дахь зах зээлд гаргана гэж байгаа. Энэ мэтээр Засгийн газрын хийх ажил үүргийг дээрхи тогтоол тодорхой зааж чиглүүлээд өгчихсөн, тэр хүрээнд хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэн гэдгийг ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан хэдэнтээ тодотгосон. Ер нь Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагчдад тавьсан нөхцлүүд амар байгаагүй.
Хийхгүй байх амар, хийх хэцүү. Бусдын хийснийг буруутгах бүр амархан. Тавантолгойн хэлэлцээрийг хэлэлцэх үеэр манай 76-ийн цөөнгүй нь зөв гарц шийдлийг харж чадахгүй хэрнээ хийснийг нь буруутгаж, эх орны эрх ашиг хэмээн “бөмбөр” дэлдэх байх.
Хугацаа алдвал бүхнийг алдана. Гэвч УИХ Тавантолгойн хэлэлцээрийг өө сэвгүй, жин тан болготол зай ч бий, лай ч байх биз. Зүгээр л нэг хэрүүлийн бай, эх орончоо илэрхийлэх сэдэв эсвэл хэнийх нь талд хэн туг барихна вэ гэдгийг л тодруулах сценари болж, мөнөөх анх тохиролцсон 14 хоногийн хугацаа яаж ч сунжирч мэднэ.
Тэр бүхнийг хөрөнгө оруулагчид тэвчээртэй хүлээнэ гэдэг юу л бол. Хөрөнгөтэй, чадалтай, мэдээлэлтэй, дэлхийн хэмжээнд ажилладаг тэдэнд энэ байтугай боломж байж л таарах байх. Ямар нүүрстэй нь ганцхан Монгол биш, цаг хугацаа тэдний хувьд нүүрснээс илүү үнэтэй байхыг хэн байг гэхэв. Хэрэв Тавантолгойн хэлэлцээр дахин гацахад хүрвэл эргэж амилтлаа аягүй бол 10 жил болно. Энэ завсар ОХУ Хятадын зах зээлд нүүрсээ өрсөлдөгчгүй борлуулна. Тэр цагт Монголын нүүрсийг хэн ч үгүйлээд байхааргүй болсон байна.
Дуулдаж буйгаар Тавантолгойн асуудлаар намууд хоорондоо байтугай, нам дотроо санаа оноогоо нэгтгэж чадаагүй байгаа сурагтай. Угаасаа л Монголын улс төрийн жишиг иймэрхүү.
Тавантолгойн хүлээлтэд УИХ ямар хариу өгөх нь цаг хугацааны асуудал болж мэдэх л юм.
А.Алтантуяа
Сэтгэгдэл ( 1 )
asdf