Ард түмнээсээ асуух юм Сонгуулийн хууль байтугай л байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 22

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын сайд М.Энхсайхан телевизийн “Ам нээвэл” ярилцлагынхаа  үеэр “Сонгуулийн хуулиас гадна засаглалын ямар хэлбэртэй байх вэ гэдгээ ч ард түмнээсээ асуух хэрэгтэй” гэдгийг сануулаад авна билээ.  

Хууль тогтоогчид Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар санал боловсруулж байгаа. Үндсэн хуулиа бид “Эцэг хууль” хэмээн өргөмжилдөг. Тэгэхээр  энэ хуулинд гар хүрэх эрхийг зөвхөн энэ 76-д олгоод байх нь зөв ч юмуу, буруу ч юмуу хэн мэдлээ. Учир нь өдгөөгийн УИХ-ын 76 гишүүнийг бүгдийг нь ард түмний төлөөлөл гэж ойлговол эндүү ташаа болох байх. Тэдний 28 нь намын нэрсийн жагсаалтаар Их Хуралд орж ирсэн. Тэднийг намын төлөөлөл л гэж харна. Ямар сайндаа эрхэм гишүүд өөр хоорондоо нэгнийгээ “оймсонд хавчуулагдан орж ирсэн гэж” шоглож суухав. Тэгээд ч бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэж үг бий.  Үндсэн хуулийн өөрчлөлтөөр иргэдээсээ санал асуух шалтгааны нэг нь энэ.

Монгол Улс парламентийн тогтолцоонд шилжээд 20 гаруй жилийг ардаа орхилоо. Юу өөрчлөгдөв, яаж хөгжив.  Өнөөдөр ирж буй шууд тусгал нь юу байна  гэхчлэн өөрсдөөсөө асууж үзье. Хариулт нь их энгийн хэрнээ ойлгомжтой байгаа байх. Тэр бол Монголын нийгмийн өнөөгийн өнгө будаг, өөрөөр хэлбэл эдийн засгийн доройтол, ажилгүйдэл ядуурал, шударга бус явдал, талцал, тангараг тасарсан улс төрчид. Газраа, баялгаа ухууллаа гээд ард түмэнд, Монголд наалдсан, авч үлдсэн юм юу байгаа билээ.  Аргаа барж, итгэл найдвараа гээж байгаа ард түмэн энэ бүхний шалтгааныг өнөөдөр Засаглалын хуваарилалтаас хайж байна. 

Энэ төсөл унавал Монгол муу дээр муухай, муухай дээрээ улцан болж харагдана. Эдийн засгийн уруудах таталцал улам хүчтэй  ирнэ.

 

Яг өнөөдрийн дүр зургийг нэг харъя. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэх цаг өгөхгүй гэдгээ З.Энхболд мэдэгдсэн гэнэ. Энэ асуудлаар Ерөнхий сайд, УИХ-ын дарга санал зөрж, эмээлийн бүүрэг шиг эсрэг харчихаад байна хэмээн мэдээлж байна. Хэрэв энэ төсөл унавал Монгол муу дээр муухай, муухай дээрээ улцан болж харагдана. Гаднаа ч тэр, дотроо тэр. Эдийн засгийн уруудах таталцал улам хүчтэй  ирнэ.

Уул шугамандаа Тавантолгойг хөдөлгөх, хөрөнгө оруулах нь Засгийн газрын хүрээнд л шийдчэх асуудал баймаар. Гэвч УИХ татан авч хэлэлцэхээр болсон. Төрийн институцийн харилцан тэнцвэртэй, эрх мэдэлтэй, хяналттай байх  зарчим алдагдсаны наад захын жишээ энэ мэтээс харагддаг.

Манай Үндсэн хуульд УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гээд цагаан дээр хараар биччихсэн байгаа. Энэ нь юм бүхэнд гар хошуу дүр гэсэн үг биш байлтай. Гэвч радио телевиз, аудит гэхчлэн томилгоонд хүртэл оролцож, их л түгээмэл ажиллаж байгаа харагдах юм. Засгийн газар хойт эхээ царайчлах хүүхдээс өөрцгүй УИХ-аа аргадаж ая эвийг нь олох гэж хичээдэг болсон мэт.  Өнөөдрийнх нь ийм дүр зургаар Төрийн эрх барих энэ дээд байгууллагыг төгс төгөлдөржиж чадсан уу гэж асуух нь илүүц юм шиг байна.

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа судлаачийнхаа хувьд “УИХ гэдэг үнэндээ 76 дарангуйлагч болчихсон. Гишүүд нь хувь улстөрчид гэдэг утгаар хувь сонирхлоо илэрхийлж бүхий л юманд оролцож байна” гэжээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээсээ асуух удаах шалтгаан энэ парламентат ёсны төлөвшиж чадаагүй төлөв байдал болж байна.

МАН сонгуулийн хуулийн тогтолцооны талаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачилчихаад  байгаа. Түүнчлэн БНН тэргүүтэй улс төрийн зарим хүчин Тавантолгойн асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. Бүр сүүлдээ Ноён уулын нэр хүртэл дуулдаж байна.

Гэвч ард түмнээсээс асуух юм гэж бий, асуухгүй юм гэж бас буй. Монголчууд 1945 оны 10 дугаар сард тусгаар улсынхаа төлөө бүх нийтийн санал асуулга явуулж байсан удаатай. Тэр бол эх орны хувь заяаны шийдэл байсан. Өдгөөгийн санал асуух гээд байгаа асуудлуудын аль нь ч энэ дайтай ач холбогтолтой биш.

УИХ-ын дарга МАН-ын тогтоолын төслийн талаар “Ийм санал асуулга явуулахад 5-6 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй, энэ мөнгийг хаанаас олох вэ, Сонгуулийн хууль нь 1945 оных шиг чухал асуудал биш”  гэж байр сууриа илэрхийлсэн байна билээ. Харин МАН-ынхан санал асуулга явуулахад  1-2 сая төгрөг хүрэлцэнэ гэж байна. Түүнчлэн МҮАН-аас эхлээд санал асуулгыг дэмжиж байгаа хүчин, улс төрчид цөөн биш байна.  

Нэгэнт хөрөнгө мөнгө зарцуулж ард нийтийн санал асуулга явуулах дээр тулбал үр ашигтай, өөрөөр хэлбэл нэг сумаар хоёр туулай буудах боломж бий. Тэр сонгуулийн хуулиас гадна Засаглалын хуваарилалтаа оновчтой болгоход иргэдийнхээ санаа бодлыг асуухад харин буруудах зүйлгүй.

Ерөнхийлөгчийн засаглалтай байх юм уу, аль эсвэл одоогийн парламентын тогтолцоогоо хэвээр хадгалах уу. Хэвээр хадгалах бол яаж төгөлдөржүүлэх вэ?  Үүнийг ард түмнээсээ асуучихсан байхад ононо уу гэхээс алдахгүй.

Зарим улс төрчдийн уриалаад байгаа хувьсгалын гол утга учир энэ Засаглалын хуваарилалтад чиглэдэгийг анзаардаг л байлгүй дээ. 

П.Булган

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин ах чинь(183.177.98.26) 2015 оны 04 сарын 24

МАХН одоогийн МАН-хан иргэн бүрт 1,5 сая төг амлаж гарч ирчихээд 1 тэрбум долларыг монголын ашигт малтмал үнэгүй сорогчдоос зээлж аваад одоогийн энэ их өр хямралын бат суурийг тавьсан луйварчид.Эднээс нэгийг нь сонгож болохгүй. Номтойбаяр,Мөнхбат эд нар чинь залуу лидерүүд биш нохойнд барьдаг модны нохойд зуулгадаг хэсэг нь шүү дээ.Тэр Отгонбаярын тарган шар хүү эцгийнхээ газарт ирж үзээгүй хүн чанаргүй,одоо дөнгөж монгол хэлэнд орж иднэ ууна гэж ярьж сурч байгаа борвинтой баастай пацаана шүү дээ.

0  |  0
зочин(122.201.31.212) 2015 оны 04 сарын 23

АН-ыг л дахиж сонгож болохгүй, тэгээд л улс орны эдийн засаг сэргээд ирнэ, бүх шатанд тэрбумаар идэж уудаг зүйл үгүй болно, хөрөнгө оруулагчид иргээд ирнэ, газраа 100 жилээр түрээслүүлэх \зарах \ аюул байхгүй болно, ард түмний айдас дарамт алга болно, Иймээс АН-аас бусдыг л сонго, ихэнх хүмүүс ийм саналтай байх шиг байна

0  |  0
o(182.160.39.77) 2015 оны 04 сарын 22

odoo asuuh tsagni bolson idej uudag olon humuusiin hereg alga da

0  |  0
Top