Улстөрчид эх оронч юм бол Тавантолгойн гэрээг урагшлуулах ёстой

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 27

Эхэлж буй долоо хоногийн хамгийн содон мэдээ гэвэл Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ хэлэлцэх гэж байгаа явдал. Содон гэж тодотгох шалтгаан бол тодорхой. Тус уурхайн хөрөнгө оруулалт үндсэндээ хоёр ч Засгийн газар дамжин яригдаж олон жил гацсаны эцэст сая нэг амилж байгаа нь энэ. Хэрэв цаг хугацааны үргэлжлэлээр авч үзвэл  ярьдагаа дуусгаж,  хийдгээ урдаа барих нь хэдийнэ хэтэрчихээд байгаа төсөл л дөө.  

Оны эхнээс хэлэлцэж эхэлсэн Тавантолгойн мега төсөл хөрөнгө оруулагчидтай хэл  амаа ололцсон, санаа оноогоо нэгтгэчихсэн гарын үсэг зурахад бэлэн болсон. Анх ярьж байснаар бол хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газрын хэмжээнд шийдчих боломжтой гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлж байсан. Гүйцэтгэх Засаглалын тэргүүн ч бас ийм бодолтой байж хоёр толгойн түгжээг тайлснаа ард түмэндээ дуулгасан билээ. Гэвч маргааш нь эхэлсэн УИХ-ын чуулган дээр Тавантолгойн төсөл З.Энхболдод ниргүүлж, төслийг авч хэлэлцэх төдийгүй сайд нарыг нь огцруулах дээрээ тулсан.  Тэр ёсоор Тавантолгойн төслийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэж эхлэх гэж байна.

Төслийн хэлэлцүүлэг популист салхийг жинхэнэ утгаар нь дэврээж, энэ хаврын хээрийн түймрээс дутуугүй юм болох байх, харж л байгаарай.  Эх орончоо илэрхийлэх ийм боломжоос татгалзах “тэнэг” байхгүй байлгүй дээ. Одоо бид тэдний ийм илэрхийллийг харах л үлдэж байна.

Тавантолгой түрүүчээсээ Их хурлынх нь омогшилыг өдөөгөөд эхэлчих шиг боллоо. Бие даагчдын бүлэг мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Тавантолгойн гэрээний төслийг түргэвчилсэн горимоор хэлэлцэх боломжгүй. Тавантолгойг ашиггүй ажилласан мэтээр ярьж байгаа. Гэтэл энэ компани Хятад руу гаргаж буй нүүрсийн 40 хувийг нийлүүлсэн байгаа юм. Ер нь ашиггүй ажилласан мэтээр ярьж бичиж байгаад хувьчилдаг жишиг байх шиг байна. Тавантолгойн болон хөрөнгө оруулагч компаниудтай холбоотой хэд хэдэн асуудлыг дахин нягтлах шаардлагатай” гэжээ. Залгуулаад Ж.Батзандан гишүүн энэ асуудлыг ард түмний санал асуулгаар шийднэ гээд  үүний төлөө жагсаал цуглаан хийнэ гэдгээ илэрхийлчихлээ. Эдийн засгийг улстөржүүлэх сонгодог хувилбар нь жагсаал цуглаанаар илэрхийлэгддэг. Энэ бүхэн зөвхөн эхлэл.

Үүний цаана мөнөөх Женко-гийн эрх ашиг, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүхийн үгүйсгэлүүд, ажлын хэсгийн ахлагч М.Энхсайханд чиглэсэн аллерги, З.Энхболдын АНУ-ын “Пибоди”-ийг Тавантолгойн тендерийн гадна үлдээсэн харамсал гээд  “хар цагаан хэл ам” байгаа байх.

Хонин жилийн хаврын синдром Тавантолгойгоор  өдөөгдөж эхлэх нь тодорхой болж байх шиг байна. Энд УИХ-ын зарим гишүүд санаачлагч нь байж идэвхийлэн оролцох бололтой.

Аль тэртээ, Ерөнхий сайд агсан П.Жасрайн гуайн үеэс Тавантолгойн мөрөөдөл эхэлсэн түүхтэй. Монголчууд энэ “тэжээгчээ” бараг хоёр аравны турш мөрөөдөж байна. Хэрэв энэ парламент Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шуурхай хэлэлцэж батлаад өгвөл түүхэнд үлдэх гавьяа нь тэр болно байх.

Тавантолгойг унгавал Монголын эдийн засаг тэр чигээрээ унана. Гадны шинжээчдийн анхааруулаад байгаа 2017 оны Монголын дампуурал бодит үнэн болно.  Дахиад Тавантолгойг зүглэж гадны хөрөнгө оруулагчид ирэхгүй. Ирлээ ч  эргээд тэдний аманд жинхэнэ утгаараа багтаж,   өнөөгийн муулж гоочлоод байгаа хөрөнгө оруулалтын гэрээг бүр дордуулна.  Ийм л тавилан хүлээнэ.

Таван  намын төлөөллөөс бүрдсэн энэ парламент Тавантолгойн гэрээгээр шоу хийж, иргэдийн  1072 ширхэг  хувьцаагаар нүүр тахалж ард түмэндээ хайртайгаа илэрхийлэхээс илүүтэй улс эх орны эдийн засагт өгөх  үр ашгийг нь түрүүлж хараасай гэсэн хүлээлт иргэдийн дунд байна.

Ажлын хэсгийнхний хэлж буйгаар Тавантолгойд  дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ. Зайлшгүй гаднаас авах тоног төхөөрөмжийн зардлаас бусад нь Монголд шингэнэ. Ойрын хугацаанд гэвэл 650 сая ам доллар орж ирнэ гэж байгаа.  

Хөрөнгө оруулалт, олборлолтын 30 жилийн хугацаанд үзүүлэх үр ашгийн нөлөөлөл нь 94 тэрбум доллараар яригдаж байгаа. Түүнчлэн Тавантолгойн ажил үйлчилгээний зардал  жилд 700 сая орчим ам.доллар болно. Өөрөөр хэлбэл жил бүр ийм хэмжээний мөнгө Монголын эдийн засгийг сэлбэнэ гэсэн үг. 

Хөрөнгө мөнгө талаас нь харвал иймэрхүү багцаа харагдаж байгаа бөгөөд үүн дээр 12 мянган хүн ажлын байртай болж, 500 компани ажилтай болно гэж үзвэл энэ төслийн 60-70 хувь нь Монголд мөнгө болж шингэнэ нэж яригдаж байна. 

Энэ бүхэн тарчигхан эдийн засагтай бидний хувьд сайхан сонсогдож байна. Манай Их Хурлынхан үнэхээр л эх орончид  юм бол Тавантолгой дээрээ талцах, улстөржих бус харин урагшлуулж, унаж буй эдийн засгийнхаа жолоог эргүүлж татах эсэхийг харуулах цаг ирлээ.

П.Булган

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.10.23.14) 2015 оны 04 сарын 29

ta nar yugaa ch medehgui baij buu solior.ETT hiideg yumaa hiisen shuu.gadniihand hudaldagdsan urvagchid

0  |  0
mongol huu(103.10.23.29) 2015 оны 04 сарын 27

bulgan guay yumaa medehgui heden togrognii ashig hatj baij mongolchuudiin durgui zrvuug hurhegee bolioroo..

0  |  0
mgl(112.72.13.149) 2015 оны 04 сарын 27

TT hudluhuurgui bolsoon ...... Horlon suitgegchid ajildaa garsaad ehelsen

0  |  0
Top