Ц.Сувд-Эрдэнэ: Би “хэн” гэдэгтэй нь бус “хүн” гэдэгтэй нь харьцдаг

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 29

Монголын цахим ертөнцөд  Сук Сук буюу Ц.Сувд-Эрдэнэ гэх нэрийг андахгүй болсон. Хорлоо эмээд туслах хандивын аян өрнүүлж олон түмнээр саашаагдсан түүнтэй ярилцаж байхдаа  ярилцлагын зочноор зөвшөөрүүлж чадсандаа баяртай байлаа. Учир нь түүнд “би” гэх үзэл огтхон ч үгүй бөгөөд өөрийнхөө тухай ярих тун дургүй нэгэн. Түүний өөрөөрөө байгаа элдэв чимэг хачиргүй байдал нь үнэхээр энэ цаг үед ховордоод буй “брэнд” зан гэлтэй. 

- Цахим ерөнцийнхөн таныг Сук Сук нэрээр андахгүй ч манай уншигчдад өөрийгөө албан ёсоор танилцуулахгүй юу?

- Намайг Цэвэгдожийн Сувд-Эрдэнэ гэдэг. Увс аймгийн, Өлгий суманд төрж өссөн. Улаанбаатар хотод ирж суурьшиад гурван жил болж байна. Банкны эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй. Одоогоор “Итгэл сэтгэлийн гүүр” санг тэргүүлэн ажиллаж байна.  

- Хүмүүс өөрийг тань Хорлоо эмээд тусалснаар андахгүй. Хорлоо эмээд яагаад туслахаар болсон бэ?

- Их санамсаргүй эхэлсэн. Нэг өдөр манай найз над руу залгаад “Сувдаа хоёулаа "Бөмбөгөр" худалдааны төв дээр цай зардаг нэг эмээг хоолонд оруулъя” гэсэн юм. Бид өмнө нь ядарсан хүмүүст хоол авч өгөх, эм тарианы мөнгө олж өгөх зэрэг ажлуудыг чадах чинээгээр хийж бусдад тусалдаг байсан л даа. Түүний л адил эмээд хоол авч өгөхөөр гарсан ч олж уулзаж чадаагүй. Харин маргааш нь эмээг гэр лүүгээ явах гээд  "Бөмбөгөр"-ийн автобусны буудал дээр сууж байхад нь таарсан. Ингээд эмээг түшиж автобусанд суулгаад гэрт нь хамт очисон юм. Харин гэрт нь ороход маш өрөвдмөөр дүр зураг намайг угтсан учир тэндээс гарахдаа би ямар ч байсан хөөсөнцөр ч болтугай авчирч гэрийнх нь онгорхой цоорхойг битүүлж өгнө дөө гэж шийдсэн. Тэгэхдээ эмээгээс өөрийнх нь болоод гэрийнх нь зургийг авч интернэтэд тавих зөвшөөрөл авч фэйсбүүкэд тавихад маш олон хүн эмээд туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлж надаас хандивын данс нэхэж эхэлсэн. Ингээд л миний анхны хөөсөнцөрийн тухай бодол маань өөрчлөгдөж байшингийн тухай бодлоор солигдсон. Тухайн үед хүмүүс “гэр авч өгөе, гэртээ байлгая, илүү байр байгаа түүндээ амьдруулая” гэх мэт олон л саналуудыг гаргаж байсан. Гэхдээ хамгийн зөв шийдвэр бол эмээг орчноос нь салгаж болохгүй юм байна гэдэг дээр тогтож өөрийнх нь амьдарч байсан гэрийнх нь суурин дээр байшин барихаар болж барьсан.  

- Та Хорлоо эмээгээс зөвшөөрөл авч зургийг нь интернетэд байршуулжээ. Гэхдээ Хорлоо эмээ өөрийг болоод амьдралыг нь маш олон хүн харна гэдгийг бүрэн ойлгож байсан болов уу?


- Эмээ тэр талаар нэлээн ойлголттой байсан. Өнгөрсөн жил хэдэн залуучууд нийлж Хорлоо эмээд туслах аян өрнүүлж  гэр барьж өгч, сувилалд хэвтүүлж байсан юм билээ. Энэ нь тухайн үедээ зурагтаар гарч байсан юм билээ.

- Тэр гэрээ яасан юм бол?

- Уг нь гэр барьж өгсөн ч үл ойлголцлолоос болоод гэрийг нь хэн нэгэн аваад явчихсан гэсэн. Хорлоо эмээ, хорооны дарга, тус аяныг зохион байгуулж байсан Соёлоо  бид дөрөв сууж байгаад тэр гэр хаачсан тухай ярилцаж үнэн мөнийг тогтоосон.  Тиймээс эмээ интернэтээр тархаад байсан шиг хүмүүсийн авч өгсөн гэрийг зарж үрсэн зүйл байгаагүй. 

Мэдээж таны сайхан сэтгэлийг сайхнаар нь хүлээж авах хүн олон байсан. Гэсэн ч тухайн үед өөрийгөө бусдад таниулах гэсэн шоу гэж харах хүн ч байлаа шүү дээ. Та үүнд хэрхэн хандав?

 - Би түрүүн ч хэлсэн. Бүх зүйл ямар нэгэн  зүйлийн тухай бодох завдалгүй санамсаргүй эхэлсэн. Аливаа зүйл хоёр талтай байдагчлан зарим нэгний тийн хардах нь үнэндээ зөв л дөө. Надад шантрах, гутрах үе байсаныг нуухгүй.  Гэсэн ч байшин барих ажил ердөө л тав хоногийн дотор өрнөсөн болохоор юун бусдад гомдоллож суух манатай байсан. Эцэст нь эмээд туслах ажиллагаа маш амжилттай, ил тод өрнөсөн учир үл итгэж байсан хүмүүс  намжсан.  

Мөнгө төгрөгний асуудал хэцүү. Асуудалд орчих вий гэсэн болгоомжлол байсан уу?

- Огтхон ч үгүй. Яагаад гэвэл би өөрөө санхүүгийн мэргэжилтэй. Мөн дээрээс нь ганц Сувд-Эрдэнэ биш төрийн бус байгууллага хамтарч ажиллаж байсан. Энэ нь нэг талаараа бие биедээ тавих хяналт болж чадсан. 

- Өөр рүү чинь фэйсбүүкээр маш олон хүн хандаад ирэхээр самгардах зүйл гарч байв уу?

- Эхлээд сууж байгаад бүгдэд нь хариу бичдэг байлаа. Тэгсэн чинь маш их цаг шаардагдаж байсан учир ихэвчлэн постоороо нийтэд нь хариулдаг болсон. Урмын сайхан үгтэй мессеж харамгүй илгээдэг байсан Монголын ард түмэндээ энэ завшааныг ашиглан баярлалаа гэж хэлэе.

- Хувийн амьдралд тань өөрчлөлт гарсан уу?

Миний амьдрал яг л урьдын хэвээр үргэлжилж байгаа. Харин зарим хүмүүсийн  амьдралд тодорхой хэмжээний өөрчлөлтийг авчирсан болов уу?   

- Хүмүүсийн анхаарлыг татаж буй үйл ажиллагаа руу хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн хүмүүс олоноороо хандаж орж ирдэг юм шиг санагдсан.  Танд ийм хандлага мэдрэгдэж байв уу?

- Олны дунд янз бүрийн л сонирхол, үзэл бодолтой хүмүүс орж ирнэ л дээ. Гэхдээ эцэст нь өөрөөсөө ичээд буцдаг байх. Учир нь манай хамт олонд “би” гэх үзэл огтхон байдаггүй. Эсрэгээрээ бусдын амьдралд яаж урам зориг, итгэл найдвар, аз жаргал бэлэглэж болох тухай л боддог нь гайхалтай. Хамтарч ажилласан байгууллагуудын тухайд өөр л дөө. Сайхан сэтгэл гаргаж бидний ажлыг дэмжиж байгаагийнх нь төлөө  магтан урамшуулах нь бид нарын үүрэг юм.  

- Та “Итгэл сэтгэлийн гүүр” санг байгуулсан. Адилхан л бусдад туслах ажлыг  Сувд-Эрдэнэ гэж хүн зохион байгуулах сан зохион байгуулах хоёрын хооронд ялгаа байна уу?  

- Байгууллагуудаас хамтарч ажиллах хүсэлт ирэх үед яалт ч үгүй албан ёсны ёсны бичиг, тамга тэмдэг хэрэг болсон. Тэгээд ч ганц Сувд-Эрдэнэ гэж хүн энэ бүгдийг хийдэггүй учраас сан байгуулах нь зөв гэж бодсон. Тэгээд ч ялгаатай юм билээ.

- “Итгэл сэтгэлийн гүүр сангийн эрхэм зорилго юу вэ?


- Зарим хүмүүс хэн нэгэнд туслахыг хүсэвч яг хэнд туслахаа мэддэггүй. Энэ нь юугаар илэрдэг вэ гэхээр хандивын ажиллагаа зохион байгууллахаараа тоотой хэдэн газар очиж овоордог. Тэгээд  авч байгаа нь ч өгч байгаа нь ч сэтгэл ханамж гэх зүйлгүй болчихсон байдаг. Гэтэл тэр хандив тусламж үнэхээр эзнээ олоод оччихдог бол хэн хэн нь ямар их баярлах бол? Тийм л баярт үйлсүүдийг бий болгоход “Итгэл сэтгэлийн гүүр” сан гүүр нь болж ажиллах болно. Энэ нь манай сангийн эрхэм зорилго юм.          

- Сан тань одоогийн байдлаар хэчнээн арга хэмжээ зохион байгуулчихаад байна вэ?

- Одоогийн байдлаар нийт 20 гаруй арга хэмжээ зохион байгуулчихсан байна.  Энэ бол гурван сарын хугацаанд хийсэн чамалхааргүй ажил гэж бид хувьдаа дүгнэж байгаа. Ер нь манай ажлуудыг дагасан тоон үзүүлэлт маш хурдацтай өсч байгаа. 

Монголчууд ядуу амьдраад байгаагийн үндэс  суурь нь юу байна гэж та  харж байна вэ?

- Залхуурал. Манайхан төр засаг нь болохгүй байна гээд янз бүрийн шалтаг шалтгаан хэлж байна. Би бол энийг тэгэж харахгүй байгаа. Гараад мөнгө олон боломжууд өчнөө байдаг. Тэгтэл хүмүүс ерөөсөө хийдэггүй байхгүй юу. Тэгчээд амьдрал болохгүй байна тэгэж байна ингэж байна дандаа хүмүүст зовлон ярих дуртай. Миний хийж байгаа арга хэмжээнүүд маань ерөөсөө л амьдарлын төлөө гэсэн чинь хүсэл эрмэлзэлтэй хүмүүст л туслахыг илүүд үзэж байгаа юм.  Цаашдаа ч тийм байх болно. Цаашдаа бид хүнд бэлэн зүйлийг бий болгоод өгөхөөсөө илүүтэй яаж мөнгө олох арга аргачлалыг нь зааж өгөх болж өгвөл ажилд оруулах амьдралаа залгуулах тэр боломжийг нь нээж өгөх тал дээр анхаарч ажиллана.  

-  Хорлоо эмээгийн дараа Лхагвасүрэн гэж бүсгүйд тусласан шүү дээ. Тэр хүн одоо хэрхэн амьдарч байгаа вэ? Ажилд орсон уу?

- Лхагвасүрэн эгчийг хашаатай болгож өгсөн. Ажлын тухайд гэвэл “Ганброс” ХХК-ний үүд хаалга түүний өмнө хэзээд нээлттэй байгаа. Харин өөрөө хавар хүүхдүүдийнх нь хичээл сургууль амарсаны дараа ажилд орох бодолтой байгаа юм билээ.      

-  “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэгчилэн өөрөө хүнээс дутахааргүй амьдралтай болчихоод дараа нь хэн нэгний төлөө үйлс бүтээнэ гэсэн бодолтой хүмүүс байдаг л даа. Энэ нь зөв болов уу? Аль эсвэл ?


-  Хүний сэтгэлийн өглөг хэзээ ч багаддаггүй. Бусдад туслах чин хүсэл байгаа л бол дараа гэж хойш тавилгүйгээр боломжоороо л туслаад явах хэрэгтэй гэж би хувьдаа боддог юм. Тус гэхээр бас зөвхөн эд матерал бодож болохгүй. Түүнээс ч үнэтэй тусууд олон байна шүү дээ.

Эхлээд та өөрөө санаачлаад хандивын арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг байсан. Харин одоо бол өөрт чинь хандаж туслахыг хүсдэг хүн олширсон байх, тийм үү?

- Тийм хандалт сүүлийн үед эрс нэмэгдэж байна. Хүсэлтүүдийг нь хүлээн авч хамт олноороо хэлэлцдэг. Тэгсэний үндсэн дээр төгс гүйцэтгэж чадах ажлаа л сонгож авч хийж байгаа. Хөдөлмөрийн чадвартай хэрнээ залхуураад сууж байгаа хүмүүс мэдээж туслахыг хүсэхгүй. Цаашдаа ч тэгэх болно.

- Энерги гэх зүйл ярьж өвдсөн зовсон, ядарсан хүмүүсээс дөлөх хүн бишгүй  л байдаг. Харин та тэднээс тэс өөр хүн юм. Гэр бүл, найз нөхөд тань үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ?

- Сайн, муу энерги хуримтлагдсан хүн байдаг л байх. Гэхдээ миний хувьд “хэн” гэдэгтэй нь бус “хүн” гэдэгтэй нь харьцдаг. Энэ бол миний гэр бүлээс авсан хүмүүжил юм.  

Сувдаа бүх ажлаа нягт нямбай 100 хувь ажил хэрэг болгож чаддаг. Энэ бүхэнд чинь зааж зөвлөдөг хүн байгаа юу?

- Яг энэ ажил руу гар дүрээд ингэ тэг гэж зааж зөвлөдөг хүн байхгүй. Тийм байхыг ч дэмжихгүй. Бүх ажлаа сангийнхаа хүрээнд ярилцаж шийдээд явуулдаг.  Харин хууль зүйн тал дээр зөвлөгөө өгдөг хүмүүс байгаа.

-  Улс орны эдийн засаг хямарчихаад байна гэж дээр дооргүй ярьж байгаа энэ цаг үед хандив цуглуулна гэдэг ямархан даваа байдаг бол?

- Амар биш ч хэцүү гэж хэлж боломгүй даваа л даа. Бид дэндүү сайхан өгөөмөр ард түмэн юм.  Байгаа нь байхгүй дээ. Байхгүй нь байгаагаасаа нөхөөд  энэ хүнд үеийг монголчууд бид хамтдаа алзахгүй давна гэдэгт итгэж байна.

- Та одоогийн байдлаар сангийнхаа ажлаас гадна ямар ажил хийдэг юм бэ?

- Ерөнхийдөө одоогоор бүх цаг заваа “Итгэл сэтгэлийн гүүр” сангийнхаа ажилд зориулж байна. Гэсэн ч миний ажил бол бариа хийх. Энэ ажлаараа өөрийн амьдрал ахуйд хэрэглэх мөнгийг бий болгодог.

Өөрийн тань хобби хоол хийх мөн үү? Taste it” гэх хоолны группээс зохион байгуулсан уралдаанд шалгарч байсныг чинь санаж байна?

 - Тэгж ойлгож болно шүү. Хоол хийх сонирхолдоо суурьлаж ресторан хүртэл ажиллуулж байлаа. Ер нь Улаанбаатарт ирээд олон төрлийн  ажил хийж байсан.

- Та өөрийн хөтөлдөг “Турсан хүнийг яадаг юм бэ” группийн гишүүддээ өдөрт 108 мөргөж турах тухай зөвлөдөг. Энэ аргаар үр дүнд хүрсэн гайхалтай жишээ нь та өөрөө. Ингэхэд анх жин хасахын тул мөргөж эхлэв үү, мөргөж эхлээд жингээ хасав уу?

- Би хоёр дахь хүүхдээ дөнгөж төрүүлчихсэн нялх биетэй байхдаа аавыгаа ходоодны хорт хавдар гэдэг өвчнөөр алдаж байсан. Үүнтэй зэрэгцээд нөхрөөсөө хөндийрсөн. Энэ үед амьдралд нэлээн шантарчисан байсан л даа. Тэгээд амьдрал маань яагаад нэг л болж өгөхгүй байгаа тухай эрэгцүүлж өөрийгөө өөрчлөх хэрэгтэй байгааг анзаарсан. Ингээд юутай ч бурхан болсон аавынхаа хойчыг бодож 108 өдөр тасралтгүйгээр 108 мөргөх зорилт тавьсан. Мөргөж эхлээд сар болтол 86 кг жинтэй байсан би 9.6 кг-ыг өөрийнхөө биеэс аваад хаячихсан байсан. Энэ үед надад урам зориг орж ирсэн л дээ. Тэгээд 108 өдөр 108 мөргөөд дуусах үед би цэвэр 30 кг-ыг хассаад 56 кг жинтэй гоолиг бисгүй болсон байсан даа./инээв/ Үүнийг дагаад сэтгэл санаа ч гайхалтай сайхан өргөгдөж аливаад амархан хугарч нугарч унахаа ч байсан.  Би үүнийг чадсан юм чинь бусад зүйлийг ч өөрчилж чадна гэсэн зориг, итгэл найдвар төрж байлаа. Мөн би ганцаараа нууцаар тураад байж болохгүй шүү дээ гэж бодон “Турсан хүнийг яадаг юм бэ?” гэх группыг нээж илүүдэл жингээсээ салахыг хүссэн бүсгүйчүүддээ өөрийн мөрдсөн аргаад хуваалцсан юм. Групп одоо 17.000 гишүүнтэй болсон байна. Олон ч бүсгүйчүүд гоё сайхан болсон байна.   

Хүрз шороо дийлэхгүй гээд зогсож байдаг бүсгүйчүүд надад таатай санагддаггүй. Гэтэл би таныг өөр нэг бүсгүйтэй портер нүүрс зөөж хураасан гэж уншаад их гайхсан. Ингэхэд ер нь өөрт чинь хэцүү ажил гэж байна уу?

-   Ёстой бодож үзэж байгаагүй юм байна./инээв/ Тухайн үед портер маань ирчихээд байдаг манай хэд бүгд ажилтай байж таарсан. Тэгээд бид хоёр нүүрсээ гялс хураачихсан. зөөсөн. Тэр бол надад гарын үзүүрийн л ажил.

- Ярилцсанд баярлалаа.

А.Алтантуяа

Top