Налайхчууд захирагчаа сонгож байна

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 14

Өнөөдөр Налайх дүүргийн Захирагчийн сонгууль болж байна. Нийслэлийн ИТХ ээлжит 25 дугаар хуралдаанаар нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул Налайх хотыг Налайх дүүрэгт байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталсан.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит хуралдаанаар нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгуулийг 6 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулах шийдвэр гаргасан юм. Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Налайх хотын Захирагчийн сонгуулийн ажилтай биечлэн танилцсан билээ.

Тус хотын Захирагчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажил энэ оны 5 дугаар сарын 19-нд эхэлсэн бөгөөд Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшсэн Ш.Хаан, 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлаас нэр дэвшсэн Б.Баяндэлгэр, 500 сонгогчийн дэмжлэг авч, бие даан нэр дэвшсэн Д.Батбаатар, Д.Цогоо, Н.Мандуул, Г.Болдбаатар, Б.Ганболд, Ц.Минжинхүү нарыг нийслэлийн дагуул-Налайх хотын Захирагчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгосон.

Налайх дүүрэгт улсын бүртгэлд бүртгэлтэй 22172 сонгогч байгаагаас 18 нас хүрсэн сонгуульд оролцох эрхзүйн чадамжтай 20263 сонгогч бий. Тус дүүргийн захирагчийн сонгууль оройн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top