Урин дулаан ирж барилгын улирал эхэлсэнтэй холбогдуулан хөдөлмөр, аюулгүй байдлыг хангаагүй, дутуу биелүүлсэн барилгын компаниудын барилгад ажилчид бэртэж гэмтэх, тэр бүү хэл амь насаа алдах тохиолдол хэд хэд гарлаа. Ялангуяа барилгын туслах ажилчид илүүтэй бэртэж, гэмтэж байгаа нь өнгөрсөн хэдэн осол, аваараас харагдаж байна. Тухайлбал Баянгол дүүрэгт энэ сарын 12- нд барилгын ажил гүйцэтгэж байсан ажилчны толгой дээр төмөр труба унаж гэмтээжээ. Мэдээллийн дагуу цагдаагийн шуурхай бүлэг газар дээр нь очиж шалгахад Нарны хорооллын 19 дүгээр блокны ажлын талбай дээр ажиллаж байсан "АМАЦЭЭ" ХХК-ийн туслах ажилчин 16 настай, эрэгтэй Н -ын толгой дээр төмөр унасан байжээ. Тус төмөр нь гурван метрийн урттай бөгөөд 23 давхраас унажээ. Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Мөн Хан-Уул дүүрэгт барилгын гадна фасадны ажил хийж байсан иргэн М унаж хүнд бэртжээ. "Баянзүрх захын урд талын барилга дээрээс унаж гэмтсэн байна" гэсэн мэдээллийг шалгахад барилгын туслах ажилтан иргэн Э гуравдугаар давхрын шатан дээр хий гишгэж унаж гэмтсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )