Буян хэрхэн үйлдэх вэ?

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 01

“Буянтай хүний хүссэн бүхэн бүтдэг” хэмээн Бурхан Багшийн айлдсан ёсоор:

-Буяны үйлсэд шамдан, өөр өөрийн оногдсон ажлаа ариун сэтгэлийн үүднээс өрөвдөн энэрч, “туслая” гэсэн санаагаар шударгаар гүйцэтгэвээс “Буян” тэр болой, сайн үйлс ч тэр болой.

 

Мөн Бурхан Багш:

-Хүн үхэх нь гарцаагүй тул,

"Овоолсон цэцгээс олон хэлхээ хийхийн адил

Буяны олон үйлсийг бүтээ” гэж айлджээ.

Буяныг хэрхэн үйлдэх вэ?

Мэргэд аливаа буяны үйлийн:

-Эхлэл, төгсгөлийг сайтар үйлдэх нь чухал болохыг номлосон байдаг. Үүнд:

1. Эхэнд сэдэл зөв байх:

-Эх болсон хамаг амьтын тусын тулд гэм бүхнээ арилгаж, эрдэм бүхнийг төгсгөсөн Бурханы хутагийг олохын тухайд зориулан үйлдье гэж сэтгэлдээ бодоорой. Бодсон амьтны тоогоор буян арвиждаг.

2. Дараа нь бодитой буянаа үйлдэх:

-Маани унших, сүм хийд, суврага эргэх, зул барих, ном унших, өглөг өгөх, бясалгал хийх, мөргөл үйлдэх гэх мэт

3. Төгсгөлд зориулга ерөөл тавих: - Аливаа ерөөлөө хоосон чанарын ерөөлөөр бататгадаг.

-Энэ буяны шимээр би нэн даруй Бурханы хутагийг бүтээн үйлдээд энэ орчлонгийн нэг ч амьтныг хоцроолгүй бурханы оронд байгуулах болтугай.

-Хоосон чанарын ерөөл:- Би болон хамаг юмс үзэгдэл, үзэгдэх байдалдаа оршиж байгаа мэт боловч мөн чанар нь хоосон чанартай билээ. Хоосон чанартай би, хоосон чанартай бурханы хутагийг олоод, хоосон чанартай хамаг амьтныг, хоосон чанартай гэгээрэлд хүргэх болтугай.

Уур хилэнгийн түймэр олон галвын буяныг нэг агшинд шатаадаг тул хоосон чанарын ерөөлөөр аливаа буянаа бататгаж байх нь буянаа барахгүй, арвижуулдаг болохыг Зопа ринбүчи багш олонтой сануулан сургадаг билээ.

Бурханы шашинд амьтан бүгдийн сэтгэл үндсэнд Бурхан болох уг хөрөнгө бий гэж номлосон тул та хэдий чинээ холыг зорьсон сэдэл үүсгэж, ерөөл тавин буяныг үйлдэнэ төдий чинээ таны буян арвижин Бурханы хутагт хүртэл оршиж, энэ болон төрөл тутмын тань ажил үйлс, амьдралд үр нь нөлөөлдөг байна. Энэ насны явцуу хүсэл бодлоос ангид бүхэн номын үйл болдог байна.

Буяныг асар хүчтэй, ихээр хураахад “Орон”-ын хүч мөн чухал байдаг. Үүнд:

Буяны дээд орон: -

1. Лам, гурван эрдэнэ /Бурхан, Ном, Хуврага/-т өглөг тэргүүтнээр хүндэтгэх

2. Эцэг, эх /өглөг тэргүүтнээр ачлахын дээдээр ачлах/

3. Өнчин ядуус /өглөг тэргүүтнээр асрах/

Эдгээр гурван буяны оронд шүтэж үйлдсэн аливаа сайн, муу үйл буян, нүглийг асар ихээр арвижуулдаг байна. Мөн өдөр бүр тасралтгүй хийдэг буян, Далай багш болон бусад дээдэс багш нарын төрсөн өдөр, Бурханы шашны их дүйчэн өдрүүдээр үйлдсэн буян нь хүч ихтэй, цаглашгүй ихээр арвиждаг байна. Их дүйчэн өдрүүдийг жилийн болон сарын дүйчэн гэдэг.

Жилийн дүйчэн өдөр:

-Зуны тэргүүн сарын шинийн 15: - Бурхан Багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн өдөр

-Зуны адаг сарын шинийн 04: - Бурхан Багшийн “Номын хүрд” эргүүлсэн өдөр

-Намрын адаг сарын 22: -Бурхан Багшийн “Эхийн ачийг хариулсан”өдөр

-Өвлийн тэргүүн сарын 25: - Богд Зонхова-ын эхээс мэндэлсэн, нирваан дүр үзүүлсэн Зулын-25 өдөр

-Хаврын тэргүүн сарын шинийн 01-15: - Бурхан Багшийн “Рид хувилгаан үзүүлсэн” өдөр

Сарын дүйчэн өдөр:

-Билгийн тооллын сар бүрийн шинийн 08, 15, 30-ны өдрүүд

Хүмүүс бид амьдралд ашигтай зүйлд анхаарал хандуулдагтай адил дээрх өдрүүдийг алдалгүй номын ёсоор аливаа буянд шамдаж, цаг гарган үйлдэхийг хичээгээрэй.

Танд дахин сануулахад буян үйлдэхдээ сэтгэлээ сайтар шинжиж:

-Хүсэл, шуналгүй

-Уур хилэнгүй

-Мунхаг үгүй ариунаар өөр болон бусдын тусыг бүтээгээрэй.

www.budda.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zlllllll(66.181.180.245) 2024 оны 06 сарын 15

Huzzz

1  |  0
туяа(202.72.245.122) 2016 оны 04 сарын 01

хүсэлгүй байх гэжүү өөрөөр тайлбарладаг байх даа

0  |  0
Top