Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд энэ жил хэд хэдэн өөрчлөлт оруулсан байна. Энэ талаар БСШУЯ-ны Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбаттай ярилцлаа.
-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхлээд нэлээд хугацаа өнгөрлөө. Хүүхдүүд хэр идэвхтэй бүртгүүлж байна вэ?
-Их, дээд сургуульд элсэх шалгалт өгөх хүүхдүүдийн бүртгэл үргэлжилж байна. Бүртгэл хоёрдугаар сарын 15-нд эхэлсэн. Урьдчилсан тооцооллоор төгсөгчдийн 50 хувь нь бүртгүүлээд байна.
Энэ жил улсын хэмжээнд 30 гаруй мянган хүүхэд арванхоёрдугаар анги төгсөнө. Гэхдээ өнгөрсөн жил шалгалт өгч амжаагүй хүүхдүүд бий. Нийлээд 40-өөд мянган хүүхэд элсэлтийн шалгалт өгнө гэж тооцоолсон. Одоо сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Тэгэхээр хүүхдүүд идэвхтэй бүртгүүлэх хэрэгтэй байх.
Хэлний хичээлийн даалгаварт өөрчлөлт хийсэн ч шалгалтын үргэлжлэх хугацаа хэвээрээ байна
-Зарим хичээлийн шалгалтын даалгавар өөрчлөгдсөн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Хэлний хичээлүүдийн шалгалтад сонсох чадварын даалгавар нэмж оруулахаар болсон. Тодруулбал, англи, орос, монгол хэлний хичээлийн даалгаварт сонсох чадварын сорил орно гэсэн үг. Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу 2014 оноос монгол хэл, бичгийн шалгалт авч байгаа.
Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалттай хамтатгаад зургадугаар сарын 15-нд авахаар болсон. Элсэлтийн шалгалтын хичээлийн босго оноог 400-гаар тогтоосон. Тэгэхээр монгол хэл, бичгийн шалгалт болон сонгосон бусад хичээлийн шалгалтад 400-гаас дээш оноо авч байж их, дээд сургуульд элсэх эрхтэй болно.
-Монгол хэл, бичгийн шалгалтын оноог 2.5 жилээр баталгаажуулж өгөхөөр болсон гэсэн. Өмнө нь шалгалт өгч байсан хүүхдүүдийн оноо тухайн жилдээ л хүчинтэй байсан уу?
-Энэ жилээс эхлэн монгол хэл, бичгийн шалгалтын оноог үнэн зөв болохыг нь баталгаажуулж, тусад нь батламж өгөхөөр шийдвэрлэсэн. Энэ шалгалтдаа тэнцээд, бусад хичээлд доогуур үнэлгээ авсан тохиолдолд дараа жил монгол хэлний хичээлээр шалгалт өгөхгүй.
Энэ жил авсан оноо нь хүчинтэй байна гэсэн үг. Мөн монгол хэл, бичгийн шалгалтад бага оноо авбал дараа жил дахиж энэ хичээлийнхээ шалгалтыг өгч байж их, дээд сургуульд орно.
-Хэлний хичээлийн даалгаварт сонсох чадварын сорил оруулах юм байна. Тэгэхээр шалгалтын хугацаа нь уртсах уу?
-Энэ жилээс эхлээд хэлний хичээл сонгосон хүүхдүүд сонсох чадвараа шалгуулна. Үүнтэй холбогдуулаад манай байгууллага цахим хуудсандаа сонсох чадварыг шалгах жишиг даалгавар оруулсан.
Гэхдээ шалгалтын үргэлжлэх хугацаа хэвээрээ байна. Мөн хэлний хичээлийн даалгаварт сонсох чадварын сорил оруулсантай холбоотойгоор Улаанбаатар хот болон хөдөө орон нутгуудын шалгалт авах байруудад тоног төхөөрөмж суурилуулж байгаа. Түүнчлэн бүх шалгалтын байрыг камержуулж байна.
-Тоног төхөөрөмж авах мөнгийг хаанаас гаргаж байгаа вэ?
-Хүүхдүүдээс авсан бүртгэлийн хураамжийн мөнгийг шалгалт зохион байгуулах ажилд зарцуулдаг. Нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг. Тиймээс энэ мөнгийг тоног төхөөрөмжөөс эхлээд элсэлтийн шалгалтад шаардлагатай зүйлсэд зарцуулна. Жил бүр манай байгууллагад аудитын шалгалт оруулж, элсэлтийн шалгалтын бүртгэлийн хураамжийг хэрхэн зарцуулсныг хянадаг.
-Хэлний хичээлийн даалгаварт өөрчлөлт орууллаа. Боловсролын салбар шинэчлэгдэж буйтай холбоотой бусад хичээлийн даалгавар ч өөрчлөгдөх үү?
-Бусад хичээлийн даалгавар хэвээрээ байна. Хичээл тус бүрийн даалгаврын агуулгыг нарийн тооцоолдог.
Тодруулбал, математикийн хичээл байлаа гэхэд бөглөх даалгавар нь төдөн хувь гэх зэргээр боловсруулдаг. Монгол хэл, бичгийн хичээлийн даалгаврын 20 хувь нь монгол бичиг байх жишээтэй. Засгийн газрын тогтоолд монгол хэл, бичгийн шалгалтыг заавал авна, ингэхдээ даалгаврын 20 хувь нь үндэсний хэл байна гэж заасан.
-Монгол хэлний шалгалт заавал авах болсноор гадаад хэлний сургалттай сургууль төгссөн хүүхэд хохирох юм биш үү?
-Засгийн газрын 37 дугаар тогтоолын гол зорилго нь монгол хүн эх хэлээрээ зөв ярьж, бичиж чаддаг байх. Өөрөөр хэлбэл, эх хэлнийхээ дархлааг хамгаалахад оршиж байгаа. Үүний дагуу хүүхэд бүр монгол хэл, бичгийн шалгалт өгдөг. Гэхдээ даалгаврыг нь нэлээд задгай аргаар оруулдаг.
-Манай улсын элсэлтийн шалгалт олон улсын жишигт хэр нийцдэг вэ?
-Их, дээд сургуульд элсэх шалгалтыг тухайн хүүхдийн сонголтоор 10 хичээлээр авч байгаа. Зохион байгуулалтын хувьд олон улсын түвшинд хүрсэн. Харин дүн оноо, арга зүйн хувьд арай өөр байдаг. Гэхдээ элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноог олон улсын аргачлалаар гаргадаг. Анхны оноо, хэмжээст оноо гэсэн дөрвөн үзүүлэлтээр дүгнэдэг.
-Танай байгууллага элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулдгийн хувьд арван хоёрдугаар анги төгсөгчдөд мэргэжлээ хэрхэн сонгох талаар мэдээлэл, зөвлөгөө өгдөг үү?
-Манай мэргэжилтнүүд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын бүх сургуулийн багш, сурагчтай уулзалт хийсэн. Мөн элсэлтийн шалгалтын талаар сонин гаргаж тараасан.
Хүүхдүүд математик, англи хэл, физикийн хичээлийг түлхүү сонгож байна. Энэ нь зах зээлийн эрэлттэй холбоотой байх. БСШУЯ төрийн бус байгууллагуудтай хамтраад зах зээлд эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг гаргасан нь хүүхдүүдийн сонголтод тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.
-Элсэлтийн шалгалтад гадаадад амьдарч байгаа монгол хүүхдүүд хэрхэн хамрагдах вэ?
-Гадаадад амьдардаг монгол хүүхдүүд онлайнаар бүртгүүлдэг. Цахимаар бүртгэж байгаа учраас дэлхийн өнцөг булан бүрээс шалгалт өгөх боломжтой. Жил бүр гадаадад амьдардаг 30 орчим хүүхэд элсэлтийн шалгалт өгдөг. Мөн Монголд амьдарч байгаа гадаадын иргэн манай улсад бүрэн дунд боловсрол эзэмших эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )