Төрийн тайз: Шатрын өрөг буюу хожил хоёр тийшээ!

2016 оны 11 сарын 07

"Амьдрал тэр чигээрээ тайз" гэх үг бий. Тэрхүү тайзын өчүүхэн нэг хэсэг, өчүүхэн нэг үзэгдэл нь бүхэл бүтэн улс гүрэн, ард түмэн, үй олон хүмүүсийн амьдралд нөлөөлөх их хүчийг агуулна. Энэ бол "Төрийн тайз" юм. Бусдад нөлөөлөх сайн муу нөлөө ихтэй энэ тайзан дээр 2016-2020 он хүртэл тоглох тоглогчдыг "Зиндаа" сайтаас цувралаар танилцуулж байна. Эргээд харахад арилгах боломжгүй "мөр" нь болж сайн муу үйл, зөв буруу бодлынх нь гэрч болцгооё. Монгол төрийн минь сүлд ивээг!"            

  “Амны билгээс ашдын билэг” хэмээгч Монголчуудын хувьд хүний нэр гэдэг бэлгэдэл, ерөөл зүйн цогц утга илэрхийлдэг. Иймэрхүү илэрхийлэл нь зарим тохиолдолд тун ховор сонин нэр бий болгосон байх нь түгээмэл. Эдгээр түгээмэл ховор нэрний нэгэн эзэн бол Г.Занданшатар юм. Агар зандан мод бат бэх эдэлгээ сайтай, өнгө үзэмжтэйгээрээ гайхагддаг бол шатар нь суу ухааныг хөгжүүлэн дэмжигч наадгай. Эх барьсан эмч Ёндонцоо нь энэ нэрийг өгөхдөө хожмын өдөр Монгол төрийн түшээг байг гэхэд олны дунд зандан мод мэт үнэ хүндтэй, ухаалаг нэгэн байхын бэлгэдлийг бодсон нь гарцаагүй. Шатар гэх үг орсон нэртэй болохоор ч тэрүү хар багаасаа буюу гуравтайгаасаа шатарт их дуртай болсон гэгдэх бөгөөд их хурлын хэд дотроо гайгүй сайн шатарчинд тооцогддог нэгэн. Дэлхийн аваргатай хүртэл шатар тоглож явсан түүний боловсрол аанай л дэлхийн энгээр хэмжигдэнэ. Соц үеийн Монголчуудын дээд боловсролын “уурхай” байсан Эрхүүгээс мэргэжил өвөртөлсөн тэрээр Швед, АНУ, Герман, Франц, Энэтхэгт янз бүрийн хугацаатай сургалтуудад сууж Голландын Маастрихтын их сургуульд магистр хамгаалжээ. Гаднаас нь түүнийг дүгнэвэл либерал хэмээн хэлж болохуйц хандлагатай ч санаачлан сэдсэн, оролцон батлалцсан хуулиудаас нь харвал тэр либерал бус пост коммунист ч мэт санагдана. Өнөөгийн манай улс төрчдийн хувь хүний үзэл баримтлал бүү хэл улс төрийн чиг баримжааг тэр хэмээн тогтоох нь онол номынхоо дагуу бол ихээхэн төвөгтэй болсон тул түүнийг харьяалагдаж буй МАН-ын дагуу зүүн төвийн үзэл баримтлалтай хэмээн үзэж соцдемократ, зарим тохиолдолд пост коммунист хэмээн дүгнэх нь айхавтар буруудахгүй болов уу? Тэгээд ч манайхан туйлширдаг жишгээрээ коммун эхтэй үг бүрийг муу муухай гэж харах нь элбэгшсэн ч угтаа ардчилсан улсад коммунист байх эсэх нь хувь хүний эрх, хэн нэгнийг коммунист хэмээн хардах нь хардагч этгээдийн эрх мөн тул буруу зүйл нэг ч байхгүй.

                 Хорин найман нас хүртлээ улс төрөөс зайдуу явсан Г.Занданшатар нэг л өдөр “улс төр” гэх шатраар нүүж эхэлсэн нь Монголын ард түмний хувьд хар өдөр хэмээгдэх 1998 оны 10-р сарын 2-н буюу С.Зориг агсны аллагын маргааш байлаа. Цочирдом тэр үйл явдал олон хүний сэтгэл зүйд янз бүрийн хэлбэрээр туссаны илрэл нь Г.Занданшатар байжээ. Тухайн үед улс төрд өрнөж буй бохир тоглолтыг харж залхсан олон залуус цэвэр, эрүүл орон зайг үүсгэх их зориг өвөртлөн улс төрд орцгоосон. Цаг хугацааны уртад өнөөдрийн бидэнд ч улс төр бохир зүйл хэмээн харагдсан хэвээрээ байгаа нь Г.Занданшатартангуудын хүсэл биелж амжилгүй замхраа юм болов уу гэх хардлага мөн төрүүлнэ. Улс төрийн бохир тоглолтыг устгана гэдэг нэг хүний бүү хэл нэг үеийн хийж барах ажил биш мэт санагдана. Харамсалтай нь бохир тоглолтоос үүдэлтэй хохирол нь ард түмнийг нэг үеэр нь бүү хэл хэдэн үед нь хохироох хүчтэй байдаг. Тийм тул залуу хүн эрч хүчтэй улс төрд орохыг буруутгах аргагүй ч зөв буруу, үнэн худлын хүчтэй нүүр тулж үзсэн хүнд итгэл одуулах нь зөв зүйтэй хэмээн олон оронд үзэх нь бий. Өнөөгийн МАН-ын ирээдүй, залгамж халааг бэлтгэгч НАМЗХ-г МАСЗХ гэх төвөгтэй нэрнээс нь салгаж, өөрчлөн шинэчилсэн гавьяа нь Г.Занданшатарын намдаа оруулсан том хувь нэмэр гарцаагүй мөн. НАМЗХ-ээр дамжин гишүүн болдог зам түүнээс эхтэй. Харин төрд оруулсан хувь нэмрийн тухайд нь ярих ихээхэн төвөгтэй. Сонгуулийн сурталчилгаан дээрээ юу юм гэхээс “Би хийсэн” хэмээн зарлан тунхаглах өвчнөөр харьцангуй бага өвдсөн тул энэ тэндээс түүний өөрийгөө магтсан Пи-Арын шинжтэй зүйл бага гарч ирнэ. Үүнийг нь өөнтөгч нэгэн нь Г.Занданшатарт хийсэн гэхээр юм юу байх билээ хэмээн дүгнэх нь ч бий. Мань хүн харин өөрийгөө гадаад харилцааны сайд байхдаа манай олон жил өөрчлөгдөөгүй гадаад бодлогыг өөрчилсөн гэх зүйл Википедиа дээрээ оруулсан харагдана билээ. Тэр ч харин юу л болдоо. Манай олон тулгуурт гадаад бодлого түүний өнгөн дээр өөрчлөгдсөн юм бол бид өнөөдөр ямар гадаад бодлого баримталж байгаа улс юм бол гэж эргэлзэх эрхтэй. Баталсан хуулийн тухайд зургаахан сарын настай “Стратегийн ач холбогдол бүхий салбаруудад гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хуулийн төсөл”-өөс муу үг, муу нэр ихээхэн хүртээд авсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг багасгах хууль санаачлан байсан нь "Зах зээлийн коллеж"-д “Валют, банк санхүүгийн үйл ажиллагаа” нэртэй хичээлээр ажлын гараагаа эхэлж байсан хүний хувьд ойлгомжгүй зүйл. Чухам ийм хууль санаачлан байсан нь гадаадын хөрөнгө оруулалтад туйлаас дургүй талийгаач Уго Чавестай түүнийг жиших боломж олгож цаашлаад пост коммунист хэмээн дүгнэхэд хүргэж буй юм. Гадаадуудын хөрөнгө Монголоос үргэх үг, үйлдэл, элдэв хууль аххин бүү санаачлаасай билээ. Түүний сэдсэн уг хуулийн гайг өнөөдөр хямралтай Монголчууд бүгд үүрч байна. Эцэст нь улсын эрх ашиг нэгдүгээрт явж чадаж байвал улс төрчийн үйлдэл коммунист, социалист, либерал, консерватив аль нь байсан ч яахав. Энэ тал дээр ерөнхий сайд асан С.Баярын хэлсэн “Монгол нутагт тарьсан талхнаас социализм үнэртэж байвал тийм социализм мандтугай” гэдэг л яг голыг нь олоод хэлчихсэн мэт санагддаг юм. Г.Занданшатар өнөөдөр залуу улс төрч хэмээх тодотголоосоо дөнгөж мултраад улс төрийн хашир бурхинуудын нэг болжээ. АН-д итгэх итгэл цаг минутаар унаж, сонгуулиар хуйгаараа МАН-ыг дэмжсэн энэ зуны сонголт түүнийг гурав дахь удаагаа төрийн ордонд заллаа. Чухам тоглоом наадгайд ямархуу нүүдэлтэйг нь мэдэхгүй ч амьдралын их урсгал дотор түүний нүүсэн нүүдэл алд биеийг нь хэн хүний хүрээд байдаггүй амжилтад хүргэсэн нь хашсан албан тушаалууд, амьдралын түүхээс бэлхнээ харагдана. Гэхдээ амьдралын тоглоом бүү хэл шатрын өргөн дээр нүүсэн нүүдэл тухайн цагтаа зөв харагдавч эцэс сүүлд нь буруудах тохиолдол их. Г.Занданшатарын их хуралд сууж, засгийн газарт ажилласан он жилүүддээ гаргасан шийдвэр зөв буруу хоёрын алинаар дүгнэгдэж Монголын ард түмнээс ял гавьяа алийг нь сонсгох нь хожмын нэгэн өдөр ялгаран гарах нь дамжиггүй биз ээ. Материаллаг хөгжил хоромоор өсч буй энэ цаг үед төрийн хүний албыг шуналгүй хаших ихээхэн хэцүү нь ойлгомжтой. Гэхдээ төрийн албыг өөрийн амьдрал гэж ойлголгүй, төрийн хангамжийг өөрийн эд хөрөнгө гэж саналгүйгээр түмний төлөө тууштай зүтгэх хүнийг ард түмэн хүсч байгаа. Хувь хүний амьдралтай хийх тэмцэл, хожим хэн болж үлдэхээ зам мөрөөрөө батлан харуулах их тулаанд нь Г.Занданшатар гишүүнд амжилт хүсэх хэрэгтэй биз. Хувийн хэрэгцээ түмний хүсэл хоёр нь зөрчилдөлгүй явах болтугай. Хожил хоёр тийшээ!

С.Амаржаргал

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
b(203.91.115.39) 2016 оны 11 сарын 08

hereggu

0  |  0
Үнэн(66.181.190.199) 2016 оны 11 сарын 07

Занданшатар болон Гантөмөр мэтийн нөхдүүд өөрсдийгөө ирээдүйтэй залуу улс төрчид гэдэгч хэрэггүй хүмүүс дээ. Олигтой амьтад биш.

0  |  0
Базраа(119.40.103.50) 2016 оны 11 сарын 07

Х.Баттулга энэ хоёрыг сонгоод байдаг гэхээр Баянхонгорчууд арай л сонголт муутай байна аа

0  |  0
уурхайчин (202.21.117.42) 2016 оны 11 сарын 07

чиний санаачилсан хуулиас болж гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниад дампуурсан шүү... зандаан... Одоо юу ч болоогүй, яагаа ч үгүй дүр битгий эсгээд байгаарай. Бид юу ч мартаагүй. мартах ч үгүй.

0  |  0
Top