Ч.Өнөрбаяр: Дарга биш, хууль засагладаг орон байя гэвэл парламентад хуульчдын оролцоо өргөн байх нь чухал

2024 оны 05 сарын 16

Хууль зүйн ухааны доктор /Ph.D/, Ардчилсан намын дэд дарга Чадраабалын Өнөрбаяртай ярилцлаа.


Хуулийн хоосон орон зайг сайд, дарга нар өөрийнхөө хүсэл, дур зоригоор нөхдөг

-Сонгох, сонгогдох эрхийнхээ дагуу УИХ-д төрөл бүрийн мэргэжлийн, бүр мэргэжилгүй, ямар ч хүн сонгогдож болно. Гэхдээ хууль тогтоох байгууллагад хуульчдын орон зай үгүйлэгдээд байгаа нь анзаарагдах боллоо. Энэ нь батлагдан гарч буй хуулийн чанарт ч асар их нөлөөлдөг. Та энэ талаар юу хэлэх вэ?

-УИХ-ын гишүүн хүн ямар ажил хийдэг юм бэ гэдгийг бид тэр бүр сайн ойлгохгүй байх шиг байгаа юм. Түүнээсээ болоод сонгогдсон гишүүдийн зарим нь нэг бол Төрийн ордон тойрсон кофены газар ороод хувийнхаа бизнесийг яриад суучихдаг. Нэг хэсэг нь бие бялдраа хөгжүүлээд Gym-д очиж төмөр өргөхөөр явчихдаг. Бас нэг хэсэг нь хувийн компанийнхаа ажлыг хийгээд, УИХ-ын гишүүний тэмдгээр халдашгүй байдлаа халхавчлаад сууж байдаг. Хотоос сонгогдсон зарим гишүүн нийслэлийн ажил руу ороод, хог цэвэрлэх, автобус худалдаж авах тухай яриад, хотын даргатай ажил булаацалдаад унадаг. Орон нутгаас сонгогдсон зарим гишүүн цагаан сараар том том хөөрөг бариад, дээл хөөргөж бүслээд сайн малчны тэмдэг тараагаад айл хэсээд, аймгийн юм уу, сумын Засаг даргын хийх ажлыг хийгээд явчихдаг. Эдгээрийн аль нь ч явж явж УИХ-ын гишүүний хийх ажил биш. УИХ-ын гишүүн гэж ерөөсөө л аль тойргоос сонгогдсоноосоо үл хамааран ард түмнийг төлөөлөөд Монгол Улсын эрх ашгийн үүднээс хууль боловсруулдаг, баталдаг, Засгийн газраас санаачлан оруулж ирсэн хуульд тайлбар хэлдэг, болох болохгүйг нь шүүн тунгаах чадвартай хүн байх ёстой.

Гишүүдэд ийм чадвар байхгүйгээс шалтгаалж батлагдсан хууль нь чанар муутай. Үүнийг далимдуулж Засгийн газар УИХ-аар баахан чанаргүй хууль гаргуулдаг. Хулгайгаа хууль ёсны болгож ойлгуулдаг. Иргэдийн татвар нэмэх тухай хуулийн төсөл ороод ирэхэд хүртэл мэдэхгүй автоматаар кноп дараад явуулчихдаг. Дараа нь “Өө, би ийм хууль баталсан юм уу” гэж гайхах жишээний ч юм гардаг.

Энэ бүхэн чинь УИХ-д цаас нухдаг, үзэг цаас нийлүүлдэг, орж ирсэн хуулийн төслүүд дээр ажилладаг сайн хуульч цөөхөн байгаатай ч холбоотой юм болов уу гэж хардаг.  Монгол Улс үнэхээр парламентын ардчилалтай байя гэвэл, цаашдаа хуулийн засаглалтай, дарга засагладаг биш, хууль  засагладаг орон байя гэвэл ялангуяа парламентад хуульчдын оролцоо өргөн байх нь чухал гэж харж байна.

-Ямар хуулийн төсөл өргөн барилцсанаа ч мэдэхгүй явж байгаад гарсан хууль нь шүүмжлэлд өртөөд ирэхээр яаран сандран мэдэгдэл хийж нэрээ татаж байсан гишүүний бодит жишээ ч бий...

-Үнэн, үнэн. Өнгөрсөн дөрвөн жилд юу хийснээ УИХ-ын гишүүд одоо ид сайхан тайлагнаж байна л даа. Тэр тайлан дотор юу байна гээч. Зүгээр л цагаан сараар тойрогтоо очиж бэлэг тараасан, хүүхдийн баяраар хүүхдүүдтэй зураг авахуулсан, ганц нэг тоглоомын талбай байгуулсан гэсэн зүйл байгаа болохоос биш, яг нөгөө үндсэн ажлаа хийсэн зүйл бараг харагдахгүй байна. Зарим нэг нь би тэдэн хууль дээр ажилласан гээд баахан тоо яриад байгаа боловч яг ямар ямар хууль дээр ажилласнаа бичдэггүй. Уг нь иргэдийн өмнө тулгамдаад байгаа татварын хуулиудад орсон татварыг бууруулах тухай ч юм уу, хөрөнгө оруулалтыг татахын тулд бизнесийн таатай орчинг бүрдүүлэх талаар, иргэдийн, сэтгүүлчдийн зөрчигдөөд байгаа эрхийг хамгаалахын төлөө яг ямар бодитой алхам хийх юм гэх зэрэг улс оронд, иргэдэд тулгамдаад байгаа асуудлыг шийдэхэд чиглэсэн хуулиудыг хийсэн үү гээд харахаар тайлан дээр нь байхгүй. Энэ чинь л үндсэн ажил нь болохгүй байгааг харуулаад байгаа юм.

Тэгвэл сайн хууль гарахгүй бол ямар зүйл болох вэ гээд харъя л даа. Хэрэгтэй сайн хууль гарахгүй байгаад л байвал даргын хүсэл зориг л амилаад байна гэсэн үг. Тэр хоосон орон зайг нэг сайд өөрийнхөө хүсэл, дур зоригоор нөхдөг. Өөрийнхөө тушаал шийдвэрээр нөхдөг. Сайд тушаал гаргаад асуудлыг шийддэг. Журам батлаад асуудлыг шийддэг. Ийм маягаар хуулийн эзгүй орон зайг ашиглаад сайд, дарга нар өөрийнхөө үзэмжээр тушаал шийдвэр гаргаж маш олон будилаан тарьдаг. Нөгөө л иргэдээс нуудаг төрийн худалдан авалт, хүний нөөцийн янз бүрийн хууль бус томилгоонууд, дандаа болохгүй бүтэхгүйг ийм замаар шийддэг. Хууль байвал энэ асуудал парламентаар нээлттэй хэлэлцэгдэнэ. Сэтгүүлчдийн анхааралд өртөнө. Сөрөг хүчний анхааралд орно. Тийм болохоор болж өгвөл шийдэх ёстой асуудлуудыг хуулиар шийдэж явах хэрэгтэй юм.

-УИХ-аар хэлэлцэх асуудлаа эрэмбэлж чадахгүй байдал ч харагдах боллоо. Чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй атлаа эрх мэдэлтнүүдэд хэрэгтэй хуулийн төсөл гэнэт орж ирээд хэлэлцэгдэх жишээтэй. Тэр хууль өнгөн дээрээ хүнд таалагдах маягтай боловч яг иргэдийн амьдралд наалдаж байна уу гэвэл үгүй байдаг л даа?

-Намайг урьд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байхад бид нар Иргэний улс төрийн эрхийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байсан. Тэнд юу байсан бэ гэхээр УИХ бол ард түмний төлөөллийн байгууллага. Тэгвэл УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг яагаад УИХ-ын даргын зөвлөл нэртэй 12 хүн суугаад шийддэг юм бэ. Ингэж болохгүй. Түүний оронд аль нэг тойргийн 5000 сонгогч гарын үсгээ зураад яг тулгамдаж буй сэдвээр өөрийн тойргоос сонгогдсон гишүүнд хандах юм бол тэр асуудлыг хэлэлцэх дараалалгүйгээр парламентаар хэлэлцдэг байя. Тэгэх юм бол Монгол Улсын асуудал, иргэдийн асуудал УИХ дээр бодитой яригддаг болно. Тэгэхгүй дарга нар тойрч суугаад “За, энэ хаврын чуулганаар ийм ийм асуудал жагсаалтад багтаая” гээд дураараа нэмж хасдаг байж таарахгүй. Тэгснээ хамгийн сүүлд “Бусад” гээд нэг их том “уут” нээдэг. Тэр дотроо дуртай дургүй асуудлаа яасан ч яах вэ гэсэн байдлаар оруулдаг байхаа больё гэсэн санааг тэр хуулийн төсөлд оруулаад байсан юм.

-Тэр төслөө дэлгэрүүлж ярих уу, их хэрэгтэй хууль гарах байсан санагддаг?

-Иргэд улс төрийн эрхээ шууд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлье гэж үзэж байсан. Иргэний танхимуудыг Төрийн ордноос эхлээд аймаг, хот, хороо, дүүрэг, баг бүрд анхлан байгуулж, гаргаж буй төрийн шийдвэрийн төслийг иргэдэд сонсгож хэлэлцүүлдэг болж эхлээд байсан. Гэм нь Иргэний улс төрийн эрхийн тухай хуулийн төслийг УИХ дээр унагачихсан юм. Яагаад гэвэл тэдний тойрч сууж байгаад хуйвалдаанаар УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалт гаргадаг эрх мэдлийг байхгүй болгоод, тэр эрхийг иргэдэд өгье гэсэн учраас гишүүдэд таалагдаагүй юм шиг байгаа юм. Нийслэл дээр ч ялгаагүй. Нийслэлийн Хурлаар хэлэлцэх асуудлыг Нийслэлийн Хурлын тэргүүлэгч нэртэй цөөхөн хүн шийдэх биш, хотын иргэд тулгамдаж буй асуудлаа гаргаад, гарын үсэг зураад төлөөлөгчдөдөө уламжилдаг байх юм бол сонгогдсон төлөөлөгчид тэр асуудлыг оруулаад хэлэлцдэг байх нь зөв. Ингэж байж сая УИХ, Нийслэл, аймаг, дүүргийн Хурал иргэдийн индэр болох юм. Уг нь Иргэдийн төлөөлөгчдийн Хурал гэдэг байгууллага биз дээ. Иргэдийг төлөөлдөг хурал шүү дээ. УИХ бол улсын хэмжээнд иргэдийг төлөөлдөг хурал. Түүгээрээ явбал үндсэн зөв зарчим руугаа орно гэсэн үг. Тийм хуультай болох шаардлага бол байсан. Харамсалтай нь тэр хуулийн төсөл 2015 онд шиг санаж байна, УИХ дээр унасан. Одоо ч өргөн барьсан, ач холбогдол нь хэвээрээ байгаа хууль.

-Тухайн үед та Ерөнхийлөгчийн зүгээс санаачилсан олон чухал хуулийн төслийг УИХ-ын босго давуулж танилцуулж батлуулж чадаж байсан. Тэр тусмаа онцлог нь гэвэл МАН-ын олонхтой парламентаар шүү дээ. Нийтийн сонсголын тухай хууль байна. Одоо сонсголоор нүүрс, Хөгжлийн банк, ногоон автобус гээд олон асуудал хэлэлцэж байна шүү дээ?

-Нийтийн сонсголын тухай хуулийн анхны зорилго нь УИХ дахь цөөнх нь иргэд, чөлөөт хэвлэл мэдээлэлтэйгээ нийлээд олонхийг хянадаг байя гэсэн зорилготой хууль л даа. Сүүлдээ хуулийн зорилго гажаад сөрөг хүчнээ нухчин дардаг, харлуулдаг хэрэгсэл болгочихсон. Цөөнх нь олонхио хянадаг биш, олонх нь цөөнхөө хянадаг болчихсон. Жаахан буруу яваад байгаа юм. Уг нь энэ хуулийн ач холбогдол өндөр. УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөгч. Ард түмний төлөөлөгч хүн олны ам дамжсан, сошиалд явж байгаа мэдээллээр шийдвэр гаргадаг байж болохгүй. Бодитой мэдээллээр шийдвэр гаргахын тулд бүх талуудын үгийг сонсдог байя. Тэр дунд эрх мэдэлтэй дарга нь ч байж байг. Хяналт тавьдаг чөлөөт хэвлэлийнхэн ч байж байг. Сөрөг хүчин ч, тухайн асуудлаар дуугардаг идэвхтэй мэргэжлийн хүмүүс, жирийн иргэд нь ч байж байг. Тэднээр нээлттэй мэдээлэл хийлгэж дүгнэлтийг нь гаргуулж байгаад УИХ-ын бүлэг, байнгын хороо, чуулган дээр хэлэлцэж оновчтой шийдвэр гаргадаг байя гэсэн санаагаар Нийтийн сонсголын тухай хуулийг хийсэн юм. Маш сайн хууль батлагдсан. Гэхдээ бүрэн хүссэн хэмжээгээр хэрэгжүүлж чадахгүй байгаа.

Томилгооны сонсгол хаа очиж сайн хэрэгждэг. Өнөөдөр ХЭҮК-ын гишүүн, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, УИХ-аар томилдог төрийн албан хаагчийн томилгоог хийхдээ ямар нэгэн байдлаар сонсгол хийдэг болчихлоо. Ямар сургууль төгссөн, ямар боловсролтой, асуудалд орж байсан уу, үгүй юу, ажлын туршлага нь ямар гээд бүгдийг ярьдаг болсон. Энэ чинь болж байна. Хуучин бол хэн хаанаас томилсон нь мэдэхгүй нэг хүнийг томилоод, ийм хүн томилогдсон юм гэнэ гэдэг байсныг бодвол дэвшил гарсан.

Би Нийтийн сонсголын тухай хуулийг Монголын ардчилалд маш тустай хууль болсон гэж үздэг.

Төрийн нууцын тэмдэг нь шилэн дансны тухай хуулийг тойруулах гэсэн бохир арга болж хувирсан

-Шилэн дансны хуулийг та оруулж танилцуулж батлуулж байсан. Одоо ч хэрэгжээд явж байна. Эхлээд гишүүд ойлгож өгөхгүй байсан, тийм үү?

-Түүх нь гэвэл төсөл дээр манай Л.Дашдорж зөвлөх ажиллаж, УИХ руу оруулаад парламент дээр эхний удаа унасан. Яагаад гэвэл “Шилэн данс гэж юу байдаг юм. Тийм нэртэй хууль гэж юу байсан юм” гээд л нэрээс нь эхэлж гоочлоод. Ерөнхийлөгч дахин өргөн барихад нь би УИХ руу авч орсон. Л.Дашдорж зөвлөх энэ хуулийн эдийн засгийн тооцоолол, төсвийн ил тод байдлыг хангах, татвар төлөгчдийн мөнгөний зарцуулалтыг ил болгох зэргийг маш сайн хийж өгсөн. Би бол хуулийн талаасаа дараа нь хүнд өөчлөгдөж унахгүй байх талаас нь ажиллаж, УИХ руу авч орж батлуулж байсан. Анхны төслөөсөө бас жаахан өөрчлөгдөж батлагдсан л даа. Анх нэг сая төгрөгөөс дээш гүйлгээг шилэн дансанд тавихаар төсөл оруулж байсан. Тэгсэн УИХ таван сая төгрөг болгоод л баталсан. Тэгэхээр шилэн данснаас гадуур 4 сая 999 мянган төгрөгөөр гүйлгээ хийгээд байж болох юм байна ч гэдэг юм уу. Манай дарга нар, улстөрчид юмыг тойруулах арга сүрхий бодож олдог юм хойно. Тэгэхдээ яах вэ, хууль батлагдсан. Хуучны мэдээллийн ил тод байдлын хуульд төсвийн ил тод байдал байдаг ч хэн хариуцах нь тодорхойгүй, ил тод байлгах албан тушаалтан нь ойлгомжгүй байсан. Шилэн дансны тухай хуулиар энэ бүхэн ил тод болсон. Манай хуулиар төсвийн ерөнхийлөн захирагч менежер гэдэг хүн л төсвийн ил тод байдлыг шат шатандаа хариуцна. Хэрэв энэ хүн хуулийн хугацаанд багтааж төсвийн зарлага, гүйлгээ, гаргасан мөнгөө олон нийтэд гаргаж тайлагнахгүй байх юм бол түүнтэй ажлын хариуцлага тооцож огцруулдаг байя. Халдаг байя гэсэн агуулгатай хууль хийсэн.  Харьцангуй сайн хууль болсон. Одоо хүчин төгөлдөр хэвээрээ. Харамсалтай нь сүүлийн үед үнэмлэхүй олонх эрх баригчидтай болсноос хойш энэ хуулийг тойрч гарах, хэрэгжүүлэхгүй байх талын юм гарах болсон. Гэхдээ арай хүчингүй болгож чадахгүй байгаа. Хүчингүй болгочихвол Шилэн дансны тухай хуулийг хүчингүй болгосон гэдэг муу нэрийг түүхэндээ үлдээчихнэ гээд арай зүрхлэхгүй байх шиг байгаа юм. Гэхдээ олны анхаарлаас хол, чимээгүй байлгах сонирхол харагддаг. Шилэн дансны тухай хуулийг тойруулахын тулд янз бүрээр шалтаглана л даа. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалж онц байдал гарлаа ч гэдэг юм уу. Ногоон автобус худалдаж авахад хүртэл улсын нууцын тэмдэг дараад л Шилэн дансны тухай хуулийг тойруулж л байсан. Сүүлдээ төрийн нууцын тэмдэг гэдэг нь Шилэн дансны тухай хуулийг тойруулах гэсэн бохир арга болж хувирсан шүү дээ. Энэ бол эрээ цээргүй зүйл л дээ.

-Таныг Ерөнхийлөгчийн зөвлөх байх үед шүүхийн талд нэлээд дэвшил гаргасан хуулиуд батлагдсан санагддаг?

-Ялангуяа шүүхийн эвлэрүүлэн зуучлах гэж байна. Шүүх чинь өөрөө маш их цаг хугацаа авдаг өртөг ихтэй систем. Иргэний маргаан дээр гурван шатаар явах гэж бараг хоёр гурван жил болно. Тэрийг дагаад тэмдэгтийн хураамж төлдөг. Заавал тэгж цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарахгүйгээр болж өгвөл маргалдаж байгаа талууд шүүхийн өмнө эвлэрдэг байя. Ойлголцож шийддэг байя гэсэн. Энэ сайн зүйл болсон. Шүүгчийн хараат бус байдлын мэдүүлэг бөглөдөг болсон. Шүүгчид хэн нэгэн албан тушаалтан нөлөөлсөн бол мэдүүлэг бөглөнө. Шүүгчид жирийн иргэн мэдээж нөлөөлөхгүй. Ерөөсөө төрийн өндөр албан тушаалтан л шүүгчид нөлөөлдөг. Түүнийг Үндсэн хуульд тов тодорхой биччихсэн шүү дээ. “Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд, Засгийн газрын гишүүд тэргүүтэй том албан тушаалтнууд шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гээд биччихсэн. Гэтэл одоо бараг эсрэгээрээ, тэр хориглосон албан тушаалтнууд шүүх рүү нөлөөлөх юм хийгээд байна шүү дээ. Ард түмний бий болгосон ардчилсан Үндсэн хуулиа хүндэтгэхгүй, дээдлэхгүй байгаа төрийн өндөр албан тушаалтан иргэдийнхээ эрхийг дээдлэх үү гэдэг бас сонин асуулт. Шүүхийн шинэтгэлийн хууль дээр томоохон ололтууд гарсан. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч нь ерөнхий зөвлөлийн дарга хийгээд давхар дээл өмсдөг байсныг болиулсан. Шүүн таслах ажиллагааг шүүх нь хариуцдаг байя. Шүүхийн захиргаа, шагнал урамшуулал, шүүгчийн зэрэг дэв, гадагш дотогш явдаг цэвэр мэргэжлийн асуудлыг хариуцдаг бие даасан байгууллага байх ёстой гэдэг зүйл рүү шилжсэн. Төгс төгөлдөр зүйл гэж байхгүй. Гэхдээ саараасаа илүү ололт амжилттай зүйл их байсан.

Энэ бүгдээс миний ойлгосон зүйл гэвэл сайн хууль бичнэ гэдэг бол нэг хэрэг. Сайн хуульчид, сайн ажлын хэсэг гараад хийж болдог. Түүнийг гишүүдэд ойлгуулаад УИХ-аар батлуулна гэдэг том зовлон. Тэр төсөл дундаас хамгийн амин чухал хэсгүүдийг нь улстөрчид хасаад хаячихдаг. Босго давуулаад, анх хүсэж санаж байсныхаа талыг батлуулаад гардаг. Яг хэрэгжих дээрээ дахиад зарим нь алга болдог, бүдгэрдэг, зарим хүн ойлгодоггүй, ойлгохыг хүсдэггүй ч юм уу. Үүнээс болоод хууль батлуулсан хүмүүс рүү хар ПиАр явчих гээд байдаг зүй тогтол байдгийг эргээд бодоод байхад анзаарсан. Энэ хуулиудыг цаашид улам чамбайруулаад дараа дараагийн УИХ-ын гишүүд ажил хэрэг болгоод явах ёстой. Манайхан нэг хууль хийгээд батлаад мартчихдаг. Түүнийг эргэж харж сайжруулах талаар юм хийдэггүй. Эсвэл хэрэгтэй болохоор гэнэт санаж “Тийм хуультай байсан юм уу. Яагаад үүнийг мэддэгүй байсан юм бол оо” гэж гайхдаг. Нэг бол өөрсдөө юу ч анзаарахгүй, хуулийн төслөө уншихгүй байж кноп дарж баталчихаад, ард түмэн шүүмжлээд эхлэнгүүт “Үгүй, энэ хуулийг яагаад баталчихсан юм бэ. Би мэдээгүй шүү дээ” гэдэг, ийм л юм заримдаа болчихоод байгаа юм. Энэ нэг талаасаа инээдтэй юм шиг боловч нөгөө талаасаа Монголын төрийн нэг том эмгэнэл юм.

-“Оюутан цэрэг” хөтөлбөрийг бас тэр үед гаргасан. Одоо Засгийн газрын нэр дээр үргэлжилж байгаа. Маш чухал хөтөлбөр болсон шүү дээ?

-Энэ үнэхээр чухал хөтөлбөр. Нэгд, оюутнууд цэрэгт явж цаг алдалгүй мэргэжлийн боловсролоо тууштай эзэмшинэ. Залуус орчин үед дэлхийтэй хөл нийлүүлэхгүй бол цааш явахгүй болсон. Тэгвэл хоёрт, зуны гурван сарын амралтын хугацаандаа “Оюутан цэрэг” хөтөлбөртөө хамрагдах нь цэргийн албаа ёс төртэй хаагаад бие бялдар, сэтгэл зүйн хувьд ч, Монголоо гэх эх оронч төлөвшлийн талаасаа ч гэсэн маш хэрэгтэй зүйл болдог. Ингэснээр цэргийн боловсрол, мэргэжлийн боловсрол гэсэн хоёр боловсролыг зэрэг олж авна. Одоо ч гэсэн “Оюутан цэрэг” хөтөлбөрт орох гэсэн маш олон залуус байдаг юм билээ.

Нэг жилийн цэрэг бол эсрэгээрээ хуарангийн системтэй. Олон залуус цэрэгт яваад амь насаа алдлаа. Эцэг эх хүртэл үр хүүхдээ цэрэгт явуулаад үхүүлчих юм бол яах юм гэдэг. Бид цаашид “Оюутан цэрэг” хөтөлбөрөө бүр өргөжүүлэх ёстой юм байна. Олон оюутан хамруулах боломжийг бүрдүүлэх ёстой. Заавал нэг жил хүнийг хуаранд хорьж алба хаалгахдаа биш, гурван сарын хугацаанд үр дүнтэй сургаад цэргийн боловсрол олгож болох юм байна гэсэн ийм л хөтөлбөр болсон гэж боддог.

-Гурван сар болоод тангараг өргөхөд огт өөр болчихсон байдаг?

-Тэгэлгүй яах вэ. Бие бялдрын хөгжил, үзэл төлөвшил ч өөр болдог.

-Парламентын дархлаа сулраад байх шиг. Бодлого ярих бус,хэн нэгэнтэй сөргөлдөх шалтгаанаар огт судлаагүй тойрогт нэр дэвшиж гарч ирсэн хүн сэтгэлээсээ төрийн түшээ болж чадах уу?

-Хүнтэй тэрсэлдэж төрд орж ирнэ гэдэг бол маш жижигхэн бодол шүү дээ. Би ийм бодлого барина. Би Монгол төрийн түшээ болбол ийм ажил хийнэ гэж орж ирэх юм бол энэ эрүүл зөв улс төр. Нөгөө талаас хийсэн амласан ажилдаа яг эзэн болох ёстой. Би төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийг батлуулна л гэсэн бол батуулахын төлөө эцсээ хүртэл явах ёстой. Үнэхээр хүчин мөхөсдөөд батлуулж чадалгүй цөөнх болдог юм бол чадаагүй үндэслэлээ тайлбарладаг ч юм уу. Тэгэлгүй хэн нэгэнтэй барьцаж, ноцолдож гишүүн болж орж ирэх юм бол маш жижигхэн зүйл, Монгол төрд байж болох зүйл биш. 

Монгол бол эртнээсээ төрийн баялаг намтар түүх, цадигтай улс. Алсын хараатай, аливааг холоор бодож хардаг. Монголыг хүчирхэг байлгахын тулд, монгол хүнийг дэлхийн хүн байлгахын төлөө ямар бодлого байх вэ гэдэг дээр ухаанаа уралдуулдаг болохоос биш, тодорхой хүн дээр бөхийн ам авч байгаа юм шиг, би үүнтэй л ноцолдож орж ирнэ гэдэг бол Монголын төрийг жижиглээд байна л даа. Хор уршиг ч их. Орж ирсэн хойноо хувь хүнтэй ноцолддог, хүний хувийн юм руу дайрдаг, улс орныг өөд татах тухай бодлого ярьдаггүй, ажил хэрэгч зүйл байдаггүй л гишүүн болно шүү дээ.

Бүсчилсэн хөгжлийн бодлого сонгуулийн тойрогтой нэг байх албагүй

-УИХ-ын сонгууль 2012 оноос хойш хоёр дахь удаагаа холимог тогтолцоогоор, гэхдээ бүсчилсэн том тойрогтой явахаар боллоо. Бүсчилсэн тойргийн сайн, муу тал нь юу вэ?

-Монгол Улсыг хөгжүүлэх бүсчилсэн бодлого байх ёстой. Гэхдээ энэ нь сонгуулийн тойрогтой нэг байх албагүй. УИХ-ын гишүүд хаанаас яаж сонгогдсоноос үл хамааран Монгол Улсын эрх ашгийн төлөө л ажиллах зарчимтай. Улсаа эдийн засгийн хувьд зөв, оновчтой хөгжүүлье гэвэл жишээ нь, төвийн бүсийг аж үйлдвэрийн, энэ бүсийг хөдөө аж ахуйн, тэрийг нь мал аж ахуйн бүс болгоё гэж улсын бодлого гаргаж болно шүү дээ. Ийм бодлого байж болохоос биш, үүнийг сонгуулийнхаа тогтолцоотой шууд уяна гэдэг инээдэмтэй зүйл. Дэлхийд ийм зүйл байдаггүй. Сонгуулийн тогтолцоо, эдийн засгийн бүсчлэлээ уядаггүй. Би тэрийг нь гайхдаг. Эрх баригчид найман жил юм хийгээгүй. Ард түмэн түүнийг мэдэж байгаа болохоор бүсчилсэн хөгжил гэж гоё юм ярьж байгаад тэр далбаан дор сонгуулийн тойргоо өөрт ашигтайгаар өөрчлөх юм хийж байгаа юм болов уу л гэж харж байгаа.

-Нэр дэвшигчдийн ижил тэгш гарааны нөхцөл ч алдагдаж байх шиг. Баян-Өлгий аймаг дангаараа байтал Ховд, Увс, Завхан, Говь-Алтайг нийлүүлсэн тэр том талбар дээр нэг хэсэг нь ижилхэн хоногт сурталчилгаа хийх жишээтэй...

-Энэ бол хуучин, УИХ-д гурваас дээш удаа сонгогдсон, мөнгөтэй хүмүүст л ашигтай болчихож байгаа юм. Шинэ залуу хүмүүст ашиггүй. Тийм учраас би хэлээд байна шүү дээ. Улсад бүсчилсэн хөгжлийн бодлого байж болно оо. Гэхдээ энэ нь заавал сонгуулийн тогтолцоотой уялддаг байж таарахгүй. Энэ буруу. Нийслэл дээр ч гайхаад байгаа юм. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийг нэгтгэчихэж байгаа юм. Гэтэл Баянгол, Хан-Уул дүүрэг дангаараа үлдчихсэн. Сонгинохайрхан, Баянзүрх бол хүн амын тоогоороо дангаараа үлдэж болно. Ямар ухаанаар Баянгол, Хан-Уулыг дангаар нь үлдээгээд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийг нийлүүлж байгаа юм. Юманд үндэслэл байх ёстой. Тэгээд үзэхээр улсаа хөгжүүлэх бодлого цаана нь харагдахгүй л байгаа юм. Өөр л зорилго харагдаад байгаа.

Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцдог хууль монгол улсад ерөөсөө байхгүй

-Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх тухай хууль бил үү, тэр төсөл УИХ дээр унасан байх аа?

-Санаа нь бол ийм байсан юм. Манайд хариуцлага гэдэг зүйл тал болчихоод байгаа юм. Еэвэнгийн тал гэдэг шиг. Зөрчлийн хуулиар хариуцлага тооцох болохоор иргэнээ бол торгодог. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ болохоор бас торгодог. Тусгай зөвшөөрлийг нь хураачихдаг. Төрийн албаны хуулиар болохоор төрийн жинхэнэ албан хаагчдыг халдаг, сольдог. Зэрэг дэвийг нь бууруулдаг. Цалинг нь хасдаг. Яг төрийн өндөр албан тушаалтан буюу улс төрийн албан тушаалтнууд, төрийн том байгууллагын дарга нар, жишээ нь, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны ерөнхийлөгч, Үндсэн хуулийн Цэцийн дарга ч гэдэг юм уу, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга зэрэг төрийн өндөр гэдэг ангилалд багтдаг 200 гаруй албан тушаалтан байдаг. Тэдэнтэй хариуцлага тооцдог хууль Монгол Улсад ерөөсөө байхгүй. Тэдэнд хариуцлага тооцдог бие даасан хуультай болгоё гэдэг санаагаар тэр хуулийн төслийг өргөн бариад байсан юм. Харамсалтай нь түүнийг хоёр шалтгаанаар унагасан. Өөрсөдтэй нь хариуцлага тооцох тухай хууль гэж хэлэхгүй байгаа юм. Нэг хэсэг нь “Монгол төрөө самрах гэлээ” гэж баахан шалтаг тоочдог. Нөгөө хэсэг нь “Чимээгүй кнопоор унагачихъя. Шүүмжлэх гэхээр ард түмэн наадхыг чинь дэмжчихнэ” гэдэг ч юм уу, дандаа нэг тийм амин хувийн жижиг шалтгаар унагачихдаг юм билээ. Энэ хууль батлагдсан бол үнэхээр улстөрчид дунд  ЖДҮ-гийн хэрэг гарах байсан уу, УИХ-ын гишүүдийн тал нь нүүрсний хэрэгт орох байсан уу. Ийм хэрэг гарахгүй л байсан байх. Монголд нэг бол сөрөг хүчнийхнийгээ шоронд хийдэг, нэг бол нам доторх өрсөлдөгчдөө зайлуулдаг, нэг бол гэмт хэрэг гэж Эрүүгийн хууль ашигладаг, эсвэл огт хариуцлага хүлээлгэдэггүй ийм л хоёр туйл руу явдаг улс болчихоод байгаа юм. Энэ хууль гарсан бол хэрэв төрийн өндөр албан тушаалтан гэмт хэрэг үйлдсэн, авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ. Гэмт хэрэг үйлдээгүй, гэхдээ хууль зөрчсөн үйлдэл гаргасан бол албан тушаалаасаа огцордог, ард түмнээсээ уучлал гуйдаг гэх зэрэг ёс зүйн хариуцлагаа хүлээдэг байя. Улс төрийн өндөр албан тушаал хаших эрхийг нь хязгаарладаг байя ч гэдэг юм уу, ийм тов тодорхой заалттай хууль байсан. Харамсалтай нь тухайн үед УИХ-аар унагасан. Гэхдээ ач холбогдол, үнэ цэнээ энэ хууль одоо ч алдаагүй л гэж харж байгаа.

-Улс төрийн намуудын тухай хуулийн төсөл ороод бас батлагдалгүй үлдсэн бил үү?

-Тэгсэн. Харин Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч тэр хуулийг сүүлд шинэчилж батлуулсан. Бидний өргөн барьсан хуультай концепц нь 70 хувь нийлж байгаа. Гол санаа нь бол улс төрийн намууд том байшин саваараа өрсөлдөхөө больё. Дэлхий дээр том байшинтай, түүнийгээ түрээсэлдэг намтай улс бараг байдаггүй юм шиг байна лээ. Намууд Монголыг хөгжүүлэх шийдэл, бодлогоороо л өрсөлддөг байя. Сум болгонд улс төрийн намын салбар байх хэрэггүй. Монгол Улс бүх шатандаа улстөрждөг, намчирхдаг улс боллоо. Тэгэхээр ядаж 3000-аас дээш хүн амтай сум улс төрийн намын салбартай байж болно. Тэгвэл ядаж 220 сумын намын салбар байхгүй болж цэгцрэх юм билээ. Бас намын дэргэдэх залуучуудын, эмэгтэйчүүдийн, ахмадын гэх зэрэг байгууллагуудыг цэгцлэхгүй бол болохгүй. Тэрний оронд намуудын дэргэд сангууд байдаг юм байна. Сангууд нь төрөөс санхүүждэг. Тэр сангууд намынхаа үзэл баримтлалыг таниулдаг, иргэний улс төрийн боловсролыг түгээдэг учиртай юм байна. Тэгээд тайлангаа төрд өгдөг. Төр түүнд аудит, хяналт хийдэг. Төрөөс авсан мөнгөө улс төрийн нам хувийн зорилгоор ашиглаж болохгүй. Улс төрийн намууд төрөөс авсан мөнгөнийхөө тодорхой хэсгийг судалгаанд, залуучууд, нийгэм рүү чиглэсэн бодлого руугаа чиглүүлдэг байх ёстой. Гэтэл нам дэргэдээ ТББ-тай байхаар тэд нь тусдаа данстай. Намын данс бас тусдаа. ТББ-ынхаа дансаар улс төрийн бохир мөнгө явуулдаг, албан тушаалын наймаа хийдэг асуудлууд гардаг. Эдгээрийг цэгцлэх чухал хууль байсан. Одоогийн Улс төрийн намуудын тухай хууль дээр үүний 70 хувь тусгагдсан.

Ирээдүйн өв санд ан 2016 онд засаг өгөх үед бараг зургаан их наяд төгрөг үлдсэн

-Таныг зөвлөх байхад өргөн баригдсан Ирээдүйн өв сангийн тухай хууль өнөөгийн Баялгийн сангийн тухай хууль хоёр хэр ялгаатай бол?

-Ирээдүйн өв сангийн тухай хуулийг 2015 онд УИХ-аар батлуулсан. Л.Дашдорж зөвлөх маань хууль боловсруулахад үнэхээр их оролцоотой ажилласан. Уул уурхайгаас олсон мөнгийг энэ цаг үедээ бүгдээрээ идэж уугаад дуусгахаа больё. Халамж болгож тараахаа  больё. Дараа үедээ өр биш, өв үлдээдэг байя гэсэн агуулгатай. Засгийн газар ирээдүйн өв санг тусгай дансанд төвлөрүүлээд, гар хүрэлгүйгээр жил бүр нэмэгдүүлж явах учиртай. Бид хуримтлал үүсгэсэн. Ардчилсан нам 2016 онд засаг өгөх үед би андуураагүй бол бараг зургаан их наяд төгрөг байх аа, тухайн үеийн ханшаар гурван тэрбум орчим ам.доллар санд үлдэж байсан. Түүнд хуулиараа ямар ч том албан тушаалтан 2030 он хүртэл гар хүрэх эрхгүй байсан. Мөнгө нэмэгдээд л яваад байх учиртай. Гэтэл ковидын үед, цар тахлаар далимдуулаад “Хүнд байдал үүслээ” гээд зах замбараагүй ашиглачихсан юм билээ. Түүний зарцуулалт ойлгомжгүй, ил тод биш, аудитын тайлан ч өнөөг хүртэл хангалттай сайн гарч чадаагүй байгаа. Ирээдүйдээ үлдээж байсан мөнгийг ингэж үрэн таран хийнэ гэдэг бол үнэхээр хариуцлагагүй хандсан хэрэг. Хууль нь одоо хүчин төгөлдөр хэвээрээ. Маш сайн хууль. Баялгийн сангийн хуулийн нэг хэсэг гэж тооцогдож яваа юм билээ.

Би нэг юм гайхаад байгаа. Засгийн газар заавал Баялгийн сангийн хууль гэж тусдаа гаргах шаардлагагүй. Шаардлагатай бол Ирээдүйн өв сангийн тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад явж болох байсан. Тухайн үедээ бид Норвегийн өв сангийн тухай хууль, Сингапурын загвар зэрэг олон зүйлийг судалж хийсэн хууль. Манайхан өмнөхийнхөө хийсэн сайн зүйлийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Уг нь Монголд л тустай юм хийж байх юм бол хэний үед хэн санаачлаад, хэн баталсан нь хамаагүй, цааш нь улам сайжруулаад, чамбайруулаад аваад явдаг зарчмыг тогтоох ёстой гэж боддог.

Энэ жил Монгол Улс 70 сая тонн нүүрс гаргасан гэж байгаа. Хуучин бол 20 сая орчим тонн гаргадаг байсан. Гаргасан нүүрс ингэж нэмэгдэж байхад Ирээдүйн өв санд орох мөнгө бас нэлээд нэмэгдэнэ ээ дээ. Энэ хуулиар уг санд нэлээд  их мөнгө төвлөрүүлэх боломжийг бүрдүүлээд байсан юм.

Үндсэн хуулиа тогтвортой мөрдөж явахгүй бол алсдаа хортой

-Хөдөлмөрийн баатар, хуульч Б.Чимид багш Үндсэн хуульд нэмэлт, өрчлөлт оруулах журам гаргасан байдаг. УИХ Үндсэн хуульдаа хэд хэд гар хүрлээ. Ингэж ойр ойр гар хүрэх зөв үү?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий. Үндсэн хуульд ойр ойр гар хүрэх нь огтоосоо сайн зүйл биш. Б.Чимид багш “Үндсэн хууль гэдэг бол алганд багтсан Монгол Улс” гэж хэлсэн нь их утга учир бүхий үг. Энэ дотор Монгол Улсын хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол, Монгол төр ямар байх гэдэг бүгд суусан байдаг. Үүнийг ойр ойрхон тонгочуулаад өөрчлөөд байдаг буруу. Улстөрчид өөрсдийнхөө бурууг хэн нэгэн рүү чихэх учиртай болоод ирэхээрээ нэг өө хайдаг. Сөрөг хүчин рүү чихэх гэхээр тэд нь гудамжинд найман жил болчихсон. Тэгж тэгж ер нь бол Үндсэн хууль буруутай юм байна. Үндсэн хуульд алдаа байгаа учраас системийн алдаа, бусад алдаа байна гэдэг. Үндсэн хуулийг өөрсдийнхөө хариуцлагагүй, ажил хийгээгүй байдлын, ёс зүйгүй байдлын, бүх юмны муу муухайн үүр, хогийн сав болгоод байдагт харамсдаг.  Улстөрчид дурынхаа муу муухайг Үндсэн хууль руу чихдэг болж хувирсан. Энэ бол буруу жишиг. Цаашид ийм байж ерөөсөө болохгүй. Үндсэн хууль бол Монголын тусгаар тогтнолын дархлаа. Ардчилсан Үндсэн хуулиа бид хүндэтгэн дээдэлж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгож, зарчим болгоод явах ёстой. Үндсэн хуулиа тогтвортой мөрдөж явахгүй бол алсдаа хортой. Гадна дотнын явуулгаар Үндсэн хуулиа өөрчлөөд байдаг болчих юм бол яваандаа тогтворгүй байдал үүсээд, нэг харахад ардчилсан тогтолцоо хэрэггүй юм байна. Парламентын засаглал дэмий юм байна. Үндсэн хуулиа бүхэлд нь өөрчлөе гэсэн зүйл рүү ч явж мэднэ. Бид холыг харж явахгүй бол болохгүй. Ойрхон хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан нь цаагуураа буруу. Дахиад ингэж ойрхон хөдөлгөөд байж болохгүй байх аа. Үндсэн хуулийнхаа тогтвортой байдлыг хангаад, үнэхээр зайлшгүй цаг хугацаа нь болсон нөхцөл үүсвэл өөрчлөлгүй л яахав. Гэхдээ Үндсэн хуульд өөрчилж болох, огт өөрчилж болохгүй хэсэг гэж бий. Үүнийг мартаж болохгүй.

-Түрүүн цухас ярьсан шүү дээ.  УИХ-аар хуулийн төсөл хэлэлцүүлэхээр авч ороход ямар бэрхшээл учирдаг бол?

-Гишүүд УИХ-д сонгогдохоороо хэт их ухаантай болчихдог. Хууль оруулахад өөрсдийнхөө хүсэл зоригийг их тулгадаг. Яг үүнийг л авчих, тэгвэл батлая гэж тулгадаг. Энэ заалтыг хасчихвал дэмжмээр байна ч гэдэг юм уу. Явж явж яг тэр нь тэр хуулийн гол амин сүнс байдаг. Тэр зүйл байж байж даргын эрх мэдлийг хязгаарлаж, иргэндээ ээлтэй болох гээд байдаг. Иймэрхүү зүйл тохиолддог. Хуулиа авч гарахын тулд заримыг нь хаяхаас аргагүй. Эсвэл үүнийг хасуулсанд орвол хуулиа тэр чигээр нь буцаагаад татсан нь дээр гэх тохиолдол ч гардаг. Бодит байдал дээр тийм л байдаг даа.

-Хуульч мэргэжлийнхээ тухай яриад ярилцлагаа өндөрлөе. Та хууль зүйн ухааны доктор цол хэзээ хамгаалав. Ямар сургууль төгссөн бэ?

-Би 2004 онд Үндсэн хуулийн чиглэлээр магистр хамгаалсан. Сэдвээ өргөжүүлээд яг 10 жилийн дараа МУИС-ийн Хууль зүйн сургуульд 2014 онд доктор хамгаалсан. Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажил хийхийнхээ хажуугаар доктороо хамгаалсан. Арван жил судалгааны ажлаас хөндийрөөгүй л дээ. Олон улсын болоод үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл тавьдаг, гадна дотнын сэтгүүлүүдэд мэргэжлийн чиглэлээр өгүүллүүд нийтлүүлээд явж байсан. Доктор хамгаалсан сэдвээрээ 2018 онд Английн Оксфордын их сургуульд зочин судлаачаар ажиллаад ирсэн. Яг Үндсэн хууль судлаач. Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн. Үндсэн хууль өөрөө улс төртэй их ойрхон. Монгол Улсынхаа замын том зургийг харахад Үндсэн хууль судлал надад их хэрэг болсон. Одоо ч гэсэн тус болдог. Ерөнхий зөв чиг баримжаагаа алдахгүй байхад нэмэр болдог. Доктор нэрийг  гангарах гэж аваагүй. Хууль зүйн ухааны доктор гэдэг нэрэнд хүндэтгэлтэй хандахын төлөө хичээж ирсэн. Энэ нэрийг дааж, авч явах гэдэг бас их чухал. Чадлаараа гайгүй чанартай бүтээлүүд бичих гэж оролддог. Хууль зүйн салбарт чадлын хэрээр юм хийх гэж дэлхийн алдартай сургуулиудад үздэг ном бүтээлүүдийг албан ёсны зөвшөөрлийг нь аваад, баг гаргаад монгол хэл дээр орчуулж гаргах ажлыг 2014 оноос хойш хийж, 30 гаруй төрлийн ном гаргасан. Дэлхийн алдартай Харвард, Оксфорд, Кембрижийн их сургуульд үздэг ном бүтээлүүд бий. Монголын залуучууд эх хэл дээрээ дэлхийн том сургуулиудын номыг унших боломж бололцоог хангая гэдэг санаагаар хийдэг. Манай өвөг дээдэс “Ном эрдэм хөөсөн хүний амьдрал ахуй өөдөө” гэдэг. Тэр зарчмыг бас мөрдлөг болгодог. Номтой нөхөрлөсөн хүн юмыг зөвөөр хардаг. Номоос суралцдаг. Ном бичдэг хүн маш их бодож, тунгааж, эргэцүүлж, оюун ухаанаа шавхаж бичдэг. Ном бичнэ гэдэг амар ажил биш. Тархиныхаа бүх охь шимийг шингээсэн зүйлийг уншина гэдэг хүнд маш их өгөөж өгдөг. Тэр зарчмаар хууль зүйн ухааны доктор болсноосоо хойш ном бүтээлийн ажлууд хийгээд явж байна. Цаашдаа ч тасралтгүй хийсээр байх бодолтой явдаг.

Сэтгэгдэл ( 30 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нам(103.212.119.99) 2024 оны 05 сарын 28

Хүзүүгүй новшын салтааны үс бүх луйварыг нь хууль талаас нь гардаж хиисэн луйварчин

0  |  0
1(202.9.40.226) 2024 оны 05 сарын 28

Iim buzar buus turd heregui

0  |  0
зочин(103.145.234.121) 2024 оны 05 сарын 27

Хэт туйлшрагч, Ийм хүний үгэнд итгэх аргагүй

0  |  0
Од(122.201.31.249) 2024 оны 05 сарын 27

Хуц чи зайл аа чамаар төр дутна гэж юу бдгийм Энхбаярыг тамалсан тамд унаасай чи

1  |  0
фак(172.56.153.104) 2024 оны 05 сарын 25

гомодиан амартүвшин элбэгдоржийн даалгавараар худал хуурмаг мэдээлэл цацахаа болио энэ гичии царайлсан нөхөр бас

0  |  0
фак(172.56.153.104) 2024 оны 05 сарын 25

гомодиан амартүвшин элбэгдоржийн даалгавараар худал хуурмаг мэдээлэл цацахаа болио энэ гичии царайлсан нөхөр бас

0  |  0
фак(172.56.153.104) 2024 оны 05 сарын 25

гомодиан амартүвшин элбэгдоржийн даалгавараар худал хуурмаг мэдээлэл цацахаа болио энэ гичии царайлсан нөхөр бас

0  |  0
Шүр(122.201.31.249) 2024 оны 05 сарын 25

Зайл чи чамд боломж алга лаазаа өшиглө

0  |  0
Зочин(110.70.47.220) 2024 оны 05 сарын 24

Олны нүднээс холдмоор юм цаг үеэ мэдрээчээ яасан тэнэг юм бэ дээ\n\n

0  |  0
Зочин(59.153.114.22) 2024 оны 05 сарын 25

Харагдаж байгаа шигээ, ярьж байгаа шигээ хүн биш Элбэгдоржийн ойрын хүрээллийн хүн

1  |  0
иргэн(66.181.191.66) 2024 оны 05 сарын 20

Муу хүн.

0  |  0
сонгогч (202.9.47.51) 2024 оны 05 сарын 20

элбэгдоржийн угаадас долоогч гөлөг тонил цаашаа

0  |  0
фак(76.138.253.21) 2024 оны 05 сарын 19

Elbegdorjiin tejeever gomodian amartuvshin ta nar hol yavahguiee unend guitsegdene

0  |  0
зочид(86.111.136.203) 2024 оны 05 сарын 19

Ээвээгийнхэээ 476 шүүгчийг сольж АН ийг дэмждэг 396 шүүгчидыг сольж тавьсан нь та нарын гэмт хэргийг хааж торгуулиар хаадаг биздээ тэдгээр шүүгчидээ төрд гаргах уу?

1  |  0
1(202.9.40.165) 2024 оны 05 сарын 18

Gomo gomo gomo gomo gomo banid

0  |  0
Зочин(202.126.91.162) 2024 оны 05 сарын 19

Өөрөөсөө таг хол худлаа юм яриад байх. Тэжээвэр байх ч хэцүү юмдаа.

2  |  0
Алуурчин элбэгдоржий(213.55.243.172) 2024 оны 05 сарын 19

Алуурчин элбэгдоржийн боол гөлөг өмхий шаамийг Алуурчин элбэгдорж угаадас ялгадас шавхрууг нь сайтар нэмээд, сайн гээчийн ташуурдаад ажилд нь гаргажээ\nӨмхий шаамий ээлжит улин хуцалтаа хийж эхэлжээ

1  |  0
Зочин(202.126.90.133) 2024 оны 05 сарын 19

ӨНӨРБАЯР ХЭРЭГГҮЙ ШҮҮ АЙДАС

2  |  0
Зочин(49.0.138.250) 2024 оны 05 сарын 19

Хуц чи! Элбэгдорж шиг хуульчдыг хөдөлгөдөг болгох нь!

3  |  0
Зочин(59.153.113.10) 2024 оны 05 сарын 20

Энэ хүнийг тойргийх нь хүмүүст л сонгох, сонгохгүй бх эрх нь бий. Зөвлөж бсан хүннь зөв зүйл хийгээгү болоод л зугатаад яваа байлгүй. Та ер нь тэр хүнд юу гээд зөвлөцөн болоод эх орондоо ч ирж үнэн худлаа олохгүй бдаг болоо. Хуульч хүн ИХ суух нь зөв ч хуульч хүн нь өөрөө хүн шиг хүн бх .

2  |  0
иргэн(59.153.114.133) 2024 оны 05 сарын 18

Энэ муу бэтэг их том хуцах болжээ. маш туйлбаргүй этгээд шүүдээ

2  |  0
сонгогч (202.9.47.62) 2024 оны 05 сарын 20

элбэгдорж хүний амь бүрэлгэхээс эхлээд төрийн өмчийг хулгайлах, дээрэмдэх, иргэдийг хэлмэгдүүлэх гээд маш олон хүнд гэмт хэрэг үйлдээд АНУ- руу оргонзайлсан. тэгвэл ийм хүнийг өмгөөлж, хамгаалж байгаа нам хүмүүс бол гэмт хэргийн хамтрагчид болж таараа. ийм хүнийг УИХ-д нэр дэвшүүлж болох уу?

6  |  0
Эхорон(103.57.92.60) 2024 оны 05 сарын 23

Энэ гомо үйл.н үр ээ эдэлнээ эдлэх эдлэхлээ гэр бүлээрээ эдлэж тамын амьдарлаар амьдрах цаг чамд чиний гэр бүлд ирнээ.

2  |  0
7(66.181.160.38) 2024 оны 05 сарын 16

Ишш

1  |  0
ХХХ(202.126.89.155) 2024 оны 05 сарын 19

ДАНДАА ХИЙДЭГ БСНЫХАА ЯААГ ЭСРЭГ ЯРЬЖ БН. АРГАГҮЙ Л ЭЛБЭГДОРЖИЙН ТЭЖЭЭВЭР ЮМ БН

6  |  0
zochin(202.9.46.73) 2024 оны 05 сарын 16

Chinii darga yaaj blaa. Chi ter yed yaaj blaa. Ene xuuliig ingej oilgono shy geed ix xurliin gishyydiig dooglood ineej bsan daa. Xorvoo delxii daanch aguu tuldaa ene met ni amidraad bx yum daa. Ee xorvoo gej...

0  |  0
zochin(49.97.20.129) 2024 оны 05 сарын 19

chi hen be hun hog

2  |  0
zochin(76.157.240.254) 2024 оны 05 сарын 18

Suganii үс yaj ch jujeed odoo humuus huurtahaa ungursun.

2  |  0
zochin(59.153.115.174) 2024 оны 05 сарын 16

khutsaad bultreed buu popreood baigaarai , ta nar l yag chinii yarisan shig baidag shuu , orkoo , ter zagalmailsan etseg , khulgaich , khogiin nowshoo gadaadaas olj irchikheed khutsaarai ,

2  |  0
АРД(202.9.40.2) 2024 оны 05 сарын 18

Би худалч хүн гээд нүүрэндээрээ бичсэн хүнийг тэгээд сонгох болж байна уу??? Ээбийгээс юу сурсан худлаа ярьж хулгай хийхийг сурсан хүн

6  |  0
Top