Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын анхааралд

Автор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 16

Монгол Улс аялал жуулчлалыг дэмжин жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, гадаадын 99 орны иргэдэд 30 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах цахим виз олгож эхэлсэн. 2024 оны эхний таван сарын байдлаар 21,156 цахим виз олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.8 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Цахим визийн олголт ийнхүү өссөн хэдий ч сүүлийн үед зарим улсын иргэд аялал жуулчлалын зориулалттай цахим визийг зорилгоосоо өөрөөр буюу бизнесийн болон хөдөлмөр эрхлэх зорилгоор ашиглах, уригч аж ахуйн нэгж байгууллагууд цахим визээр орж ирсэн гадаадын иргэнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, хууль бусаар ажиллуулах зөрчил нэмэгдэж байна.

Тухайлбал, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их даваа уул” ХХК, “Хайрхан авто сервис” ХХК, “Чайна Жео-инженеринг корпораци” ХХК-д нэр бүхий 14 иргэн, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт “Билэгт баялаг” ХХК, “Тайшиншан юань” ХХК, “МДМУ” ХХК-д нэр бүхий 11 иргэн хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсныг хяналт шалгалтаар илрүүлж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр энэ сарын 16-ны өдөр Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон, албадан гаргалаа.

Гадаадын иргэн аялал жуулчлалын визээр орж ирсэн тохиолдолд аяллын маршрут, байрлах зочид буудал, аяллын хөтөлбөр тодорхой байх шаардлагатай бөгөөд визийг зөвхөн аялж амрах зорилгын дагуу ашиглах ёстой. Гэвч уг визийг хууль бусаар хөдөлмөр эрхлэх, ажлын байрны төлбөрөөс зайлсхийх зорилгоор ашиглаж байгаа нь Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Иймд гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэн биелүүлэх, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах, гадаадын иргэн болон өөрийн аж ахуйн нэгж, байгууллагыг эрсдэлд оруулахгүй байх чиглэлд онцгойлон анхаарах шаардлагатайг зөвлөж байна. Мөн цаашид хууль тогтоомж зөрчиж, хууль бус үйлдэл гаргасан гадаадын иргэд, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(195.88.142.26) 2024 оны 05 сарын 17

зѳв

0  |  0
Top