НАСА Ангараг дээрх хатсан голын сайрын зургийг олон нийтэд дэлгэлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 04

АНУ-ын Сансрын уудмыг шинжлэн судлах төв НАСА-ийн Ангараг гарагийн тойрог замд оруулсан MRO (Mars Reconnaissance Orbiter) автомат станц гариг дээр хатсан голын сайр байгааг илрүүлжээ. Тус гариг дээр ус байсны хөдөлшгүй баримт болсон уг гэрэл зургийг НАСА олон нийтийн хүртээл болгосон байна.

Зургийг автомат станцад суурилуулсан HiRISE (High Resolution Imaging Science Experiment) аппаратаар авчээ. Одоо эрдэмтэд энэхүү зураг дээрээ үндэслээд “Улаан нүдэн” гаригийн гол мөрний системийг тогтоох ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тэдний үзэж байгаагаар, Сахеки гэж нэрлэгдсэн зураг дээрх голын сайр бол Ангараг дээр хамгийн сайн хадгалагдсан голуудын нэг гэнэ.  

НАСА Ангараг дээр гол илрүүлсэн тухайгаа анх 2015 оны есдүгээр сарын 28-ны өдөр зарласан юм. Улирлын чанартай урсдаг тэдгээр гол нь найрлага дахь зарим нэг төрлийн давсны ачаар (тухайлбал перхлорат) -70 хэмийн хүйтэнд шингэн байдлаа алддаггүй аж. Эрдэмтэд өмнө нь Ангараг дээр перхлорат байдгийг мэдэж байсан ч шингэн төлөвт байдгийг нь тэр үе хүртэл олж мэдээгүй байсан юм.  

Одоогийн байдлаар Ангарагийн тойрог замд таван автомат станц байгаагийн гурав нь (2001 онд хөөргөсөн Mars Odyssey, 2006 онд хөөргөсөн MRO, 2014 онд хөөргөсөн MAVEN) АНУ-ын байна. Түүнчлэн америкчуудын хөөргөсөн Opportunity, Curiosity гэсэн хоёр төхөөрөмж Улаан нүдэн гариг дээр ажиллаж байгаа юм. АНУ-аас гадна ОХУ, Европ хамтран энэ оны аравдугаар сар гэхэд өөрсдийн автомат төхөөрөмжийг Анграгийн тойрог замд оруулахаар ажиллаж байгаа аж.  

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top