А. Самбуу- Хүнсний технологи, эрүүл ахуйн тэнхимийн багш, доктор, профессор
Хүмүүний амьдрал, нийгмийн харилцаа, дэлхийн хөгжил тэр аяараа мэдлэг боловсролын үр нөлөөгөөр өөрчлөгдөж байна. Хүний оюун тархи Microsoft, Apple, түүний iphone5, ipad, мөн Facebook, Twitter, LinkedIn, Wi Fi, youtobe-г бүтээлээ. Одоо метатехнологийн эрин рүү хөл тавьж байна. Тэрхүү технологийг эзэмшсэн улс орон бусадтай өрсөлдөхийн зовлон байхгүй байх болно. Тэр бүх технологи эргээд хүний хөгжил, оюун тархины чадварыг нэмж өгөх шаардлага тавьж байна. Энэ бүхэн хүнийг хөгжүүлэх, тэгэхдээ оюунаар нь, удмаар нь, боловсролоор нь хөгжүүлэх асуудал чухал болохыг анхааруулж байна.
Монголыг хөгжүүлэх баялаг бол нефть, алт биш, харин төгс төгөлдөр хөгжсөн хүн юм. Тэрхүү үнэхээр баялаг болох хүн бол билэг оюун өндөртэй, боловсрол сургууль мэргэжил бүхий, чадвар чадамжтай, бие тэгш, шандаслаг тэнхээлэг, бэл бэнчин, оюунаараа ахих чадвартай, өнгөлөг мөнгөлөг, авъяаслаг монгол хүн юм. Хүний ерөнхий хөгжлийн үндэс бол хүний удмын чадал, нийгмээс авах мэдлэг боловсрол хэмээх эл хоёр гол зүйлээс бүрдэнэ.
Судлаачид хүний хөгжлийн хүч чадал, оюун, ур чадварын 60 хувь нь төрмөлөөс буюу удмаас заяагддаг, 40 хувь нь тарималаас буюу нийгмээс авдаг нөхцөлтэй гэсэн энэ дүгнэлтийг анхаарвал хүний амьдралд, нийгмийн хөгжилд удмын нөлөө орчныхоос илүү ач холбогдолтой гэж ойлгогдоно. Энэ нь удам угсаа сайтай хүн юмыг сурахдаа амархан, амжилт гаргахдаа давуу, гаргасан бүтээл, нээлтийн цар хүрээ нь утга чанар, ач холбогдлоор илүү өргөн байх жишээтэй, харин сул удамтан болбоос аливааг их хүч хөдөлмөр гарган байж сурдаг эзэмшдэг, тэр хэмжээгээр ажил үйлс, үр дүн болгодог онцлог байдгийг буюу өөрөөр хэлбэл, хий гэснийг л сайн гүйцэтгэхийн төдий хэмжээний дундаж хүн байна гэж хэлсэн үг юм Энэ бол хүн хүн адилгүй, хүлэг болгон жороогүй гэсэн үг гэж ойлгогдоно.
Бие хүн буюу хувь хүний хөгжлийн талаарх үзэл баримтлал бий. Бие хүний төлөвшилд нөлөөлөгч хүчин зүйл, хүний хүмүүжлийн талаар монгол үзэл ч бий. Нийгмийн шинжлэх ухаанд хүн, хувь хүн, бие хүн зэрэг ойлголтууд байдаг. Хувь хүн гэдэг нь биологийн болон сэтгэлзүйн давтагдашгүй өвөрмөц онцлог бүхий субъект. Бие хүний хөгжил, төлөвшилд нөлөөлөх гол эх суурь, эхлэл бол удамшил болно. Учир нь удамшил гэдэгт эцэг эхээс үр хүүхдэд тодорхой чанар дамжин өвлөгдөх үйл явц ба үүгээр хүн биет бодит болно. Гэхдээ мэдээж, бүх шинж удамшихгүй. Мэдрэлийн тогтолцооны хэв шинж, оюун ухааны чадвар, тусгай онцгой авьяас, зан суртахууны зарим шинж чанар удмаас заяагддаг.
Хүний хөгжлийн талаар биогенетик болон социогенетик хандлага гэж бий. Биогенетикүүд хүний хөгжлийн 10-20% нь орчиноос, 80-90% нь удамшилаас хамаатай гэж үздэг. Харин социогенетикүүд эсрэг үзэл бодлыг хэлдэг.
Английн сэтгэлзүйч Д.Шаттлеворт оюун ухааны хөгжлийн хүчин зүйлийг дараах байдлаар тодорхойлжээ. 64% нь удамшилаас, 16% нь гэр бүлийн нөхцлөөс, 17% нь орчны холимог хүчин зүйлээс, 3% нь хүмүүжилээс нөлөөтэй гэж үзсэн байдаг. Энэ нь хүний хөгжилд удамшил,орчны нөлөө хамгийн их, ач холбогдлынх нь ялгааг тус тусд харуулсан нь асуудлыг ойлгомжтой болгожээ гэж болно.
Генетик нь амьд биеийн хөгжлийн үндэс, үүсэл суурь, учир холбогдол, утгыг тайлбарладаг шинжлэх ухаан учраас хүний хөгжлийн аливаа ухагдахуун түүнд үндэслэдэг бүлгээ.
Хүний хөгжлийн хүчин зүйлд эртний сэтгэгчдээс эхлүүлсэн судалгаа дүгнэлт байдаг. Хүмүүс яагаад хөгжлийн түвшнээрээ янз бүр байдаг вэ?
Германы сэтгэлзүйч В.Штерн балчир хүүхэд мэдээж эхлээд сүүн тэжээлтэн, тэр 1.5 насандаа сармагчины хэмжээнд, 2 наснаас хүний хамгийн энгийн шатны түвшингийнх, 18 насанд хүрэхээрээ орчин үеийн соёл иргэншилд хүрдэг гэсэн өвөрмөц нэгэн санаа дэвшүүлж байжээ.
Үндэстэн угсаатан, хувь хүний хүч чадлыг нөхцөлдүүлэгч удмын сан бол түүнд багтах бүх хүний угшлын цогц нийлбэр байдлаар оршиж үе үеийнхнийг бүтээж өгөгч төгс утга бүхий бичвэр байдаг билээ. Хүн олны өсөн өнөржих үйл явц нийгмийн нөхцлөөс ихэд хамаардаг, үе үеийнхний өнгө төрх, чадал чадвар, оюун билэг нь тэр хоорондоо ялгаатай буюу янз янз байх нөхцөлтэй, үндэстний удмын сангийн үндсэн чанарыг өөд нь хөтлөх, ирээдүйгээ өргөхийн үүднээс түүний чанар чадавхийг ямагт ахиулах боломжийг эрэлхийлж байх нөхцлийг олгодог. Эндээс л удам угшлыг өөд нь хөтлөхийн түлхүүрийг эрэлхийлж түүнийг ашиглах нөхцөл бий болгох ёстой бүлгээ.
Аливаа шинж тэмдэг бүрээр нэг үндэстэн, угсаатанд багтах бүх хүний 3 орчим хувь нь тэдний удмын сангийн түвшингийн хэмжээгээр төрөлхийн сайн, 3 орчим хувь нь төрөлхийн тааруу дутуу дулим, үлдсэн нь бүгд цөм олонлог масс гэсэн хуваарилагдлаар удамлан төрдөг гэсэн тооцоо байдаг. Гэхдээ бас цөм олонлогийн цөөн нэг хэсэг нь сайн руу дөхүү болж тогтсон төрмөл буюу заяагдмал шинжтэй байх төдийгүй олдмол гэгддэг буюу өөрөөр хэлбэл, хүмүүнжил, боловсролын түвшинг илүүтэй эзэмшиж чадсанаар түүгээрээ чадалжиж чадваржин сайн бүлгийнхэнтэй эн зэрэгцэх хэмжээнд хүрэх давхрага байж болно. Ийм хүмүүс дараачийн үе удамдаа илүү удамлаг болох бүрэн магадлалтай.
Хүн амын олонхийг бүрдүүлэгч бүлэг нийтдээ 85 орчим хувийг эзэлдэг гэвэл, түүний 10-аад хувь нь саяын дурьдсанаар тодорхой чадварлаг хүмүүс байж болдог. Түүнээс гадна, дээр хэлснээр төрөлхийн чанар бүхнээр сайнд багтах тэр 3 хувь хүмүүсийн тодорхой нэг хэсэг нь бас нийгмийн янз бүрийн шалтгааны улмаас зохих түвшингийн боловсролыг олж чадаагүйн харгаагаар сайн хэсгийнхэд бус харин чадварлаг дундчуулын бүлэгт багтахаар болж өгсөх тохиолдол амьдрал дээр байдаг гэвэл үнэндээ төрөлхийн зиндаалаг хүн төрсөн тооноосоо цөөхөнөөр нийгэмд ил болж тодордог гэсэн үг. Амьдрал тойрог үүсгэж ахихын хэрээр эргэлтийн удам бүрд удмын чансааны босгыг өндөржүүлж чадвал удмын чанар, чадлын ерөнхий үзүүлэлт илүү болж ахиад байна гэсэн үг. Хэрэв санаачилбал энэ нь хүн амын удмын чадамжийг бүхэлд нь ахиулах нэгэн боломж юм.
Хүмүүн гэгч нь биологийн хуульд захирагддаг болохоор улсын хэмжээний хүн амын генетик бүтэц, сод генийн хуримтлал, хуваарилагдал, цаашилбал, хүмүүс салаа шугамаар үржиж өнөржихдөө удмын чанараар ялгарах, харилцаа үйлчлэлд орох, удмын сөрөг дарамт гарах явц байдлыг үүсгэх зэрэг олон үзэгдлийн нөлөөлөлтэй сөргөлдөж байдаг учир энэ бүхнийг тооцоолж чухамхүү одоогийн монголчуудын удам угшлын чанар, хүн амын нөхөн үржлийг нийгэмшлийн хүчин зүйлүүд, цагийн аястай холбож учир утгатай болгох цаг болсон гэдгийг үндэстний түүхийн явц, нийгэм хөгжиж буй зам мөр, бидний өнөөгийн нөхцөл байдал цаанаас сануулсаар байгаа билээ. Чадалтай, чадамжтай хүнийг төрүүлэх удмын гентэй байх, тийм болох нь үнэндээ чухал.
Аливаа улсын хувь заяаг сайн удмын ген буюу чадалтай удамтангууд авч явдаг нь үнэн. Аугаа хүнийг аугаа удмын сантай ард түмэн л төрүүлж чадна Чадвартай хүнийг буй болгож төрүүлэх, нийт хүмүүсээ удамжуулах санаа номлол нэг ёсондоо үндэстний далд нэгэн судар байх ёстой. Ялангуяа хүн ам цөөтэй хөгжил буурай байх тусам энэ номлол чухаг бөгөөд энэ талын ямарваа нэгэн бодлого зохих хэмжээ, орон зайд байж үйлчлэх ёстой. Зах зээлийн нийгэмд удам угсаа муутай, хөгжөөгүй, хөгжилгүй үндэстэн ястан төдийгүй хувь хүний амьдрал хүнд хэцүү байдгийг хэлэх нь илүүц юм. Хүний хөгжил гэдэг эцсийн эцэст үндэсний аюулгүй байдалтай шууд холбогддог.
Английн Францис Гальтон гэдэг хүн, хүмүүнийг удамжуулан хөгжүүлэх талаар тодорхой үндэслэл зөвлөмж гаргаж байлаа. Хүний удмын шинжүүдээс чухам юуг сайжруулах шаардлагатай, хүний тодорхой шинж чанарууд хэрхэн удамшдаг явцыг харуулах, эл чанарыг сайжруулах схем зураг гаргах гэж оролдож байлаа. Тэрбээр хүнийг оюуны чадамжаар нь илүү болгох гэсэн эрмэлзэл тавьж байв. Энэ хүн хүмүүний оюуны чадамж олонт генээр нөхцөлддөг, тэгэхдээ тэдгээр нь орчны нөхцөл, нөлөөнөөс ихээхэн хамааралтай, ялангуяа хүүхдийн өсвөр насанд энэ нь илүү их тусдаг гэж үзэж байлаа. Тэрбээр хүний язгуур оюунлаг чанар нь удмаар тодорхойлогддог болохыг баталсан юм.
Хүн ам, хүмүүн олны доторхи шинж тэмдгийн бүтэц, харьцаа Харди-Вейнбергийн хуулийн дагуу явагдаж байдаг, нэг популяцийн хүн ам үе залгал бүрд генийн сангийн хослол хоршлоор эгэлгүй суутан, эрхэм дээд чадалтан, жирийн эгэл олон, энгийн бор харчуул, эрэмдэг татуу хүмүүс гэсэн ялгаатай ангилалаар хүн хүмүүн болж хуваарилагдан төрж гардаг магадлал байдаг гэнэм. Харин үүнийг удирдаж зохицуулах жолоо нь хувь хүн бүрд өөрт нь бий гэж үздэг билээ. Өөрөөр хэлбэл бүгдээрээ суутан болж болно. Сайн хүн төрүүлэхийг сонирхох дэмжих, эрэмдэгүүд төрөхийг хязгаарлаж хазаарлах эрмэлзэл хэнд ч байдаг нь ойлгомжтой.
Хүнийг удмаар хөгжүүлэх санааг монголчууд эртнээс хөндөж тавьж байсан байдаг. Энэ бол хүнийг эерэг талаар нь хөгжүүлж удамжуулсан түүхтэй холбоотой гэж болно. Иргэн хүч чадалтай бол үндэстэн хүч чадалтай гэдгийг ойлгож, хүний нийгмийн ул суурь болох нэгэн асуудал тухайлбал хүмүүний үе үеийнхний залгамж залгаа, өнө мөнхийн амьдралын үргэлжлэл хэлхээг тээгч удам угсааны талаархи нарийн тогтолцоо, зүй тогтлыг монголчууд ойлгож амьдралыг өнөржүүлэх асуудлыг шийдэж байсан нь илт харагддаг юм. Тийм учраас агуу түүхтэй монгол үндэстэн, алдар хүчтэй боржигин овогтон, асар зиндаалаг, их суу заль билэгт алтан ургийнхан, аугаа их эзэн Чингис хааныгаа гаргаж уг удам, ургийн түүхийг нь бичиж үлдээсэн юм.
Хүмүүний асар олон шинж тэмдэг, чанараар төгс төгөлдөр хүнийг, тухайлбал, алтан ураг, Чингис эзнийг удмаар нь төрүүлэх үнэнхүү бэрх асуудлыг монголчууд хийж чадсан байдаг. Монголчуудын угийн бичиг гэхэд л садан төрлийн хүмүүсийн үе удмын тоог илэрхийлээд зогсохгүй, нэг шугамын хүмүүсийн удмын онцлог, бүтэц бүрдэл, авъяас чадвар, гадаад өнгө, дүр төрх, төлжүү чанар, хүнд байх эрхэм шинжүүд болох бие бялдрын хөгжил, зан харьцааны тал, зиндаа дэвийн хэмжээ зэрэг тэр бүхний дотоод чанарыг тодотгох, агуулга хэлбэрийг харуулах нэн олон зүйлийн мэдээллийг агуулагч төдийгүй эцсийн эцэст энэ нь овог, отгийн удам угсааг хэрхэн дээшлүүлж ахиулж болохыг заагч луужин болдог гол зүйл билээ. Угшил генийн өөрийн угийн хүчин чадлаас гадна тэд хоорондоо хоршин нийлэхдээ гаргадаг хүчин чадлын боломжийг тодорхойлж өгөх нөхцөлтэй.
Төрт нийгэм, засаг захиргаа, хот суурин амьдралд орохлоор нийгмийн хүчин зүйлүүд нь хүний уг удмыг өөд нь татах нэгэн залуур буюу шалгарал үүсгэх үндэс болж ирдэг тал буй. Энэ нь урьдынхаас илүү дээд хувилбар бүхий удмын бичвэрийг хуримтлуулсаар, эцсийн эцэст тэр удам дээшлэн дэвжих, эсвэл ямар нэгэн талаараа бусдаас онцгойрон илүүрхэж болох үндэс тавигддаг. Хүний удам, генийн санг үе бүхэн, үр удам бүрт бага багаар ч болов байнга сайжруулах, удмын бичвэрт олонлиг үндэс бүхий бүрдлийн шинэ шинэ хувилбарыг өсгөн чанаржуулах үйл явц болж байдаг. Нийгэм хүнд тодорхой шаардлага тавьж түүгээрээ шигшилт хийдэг нарийн механизмтай болохыг түүх гэрчилдэг. Ийнхүү монголчууд нэгэн үед удмаараа хөгжиж шигшигдсэн үндэстэн байжээ гэж ойлгогддог.
Хомо сапиенс буюу ухаант хүний уураг тархины хөгжил өндөр, хүн хүн оюуны чадал, чадавхиар ойролцоо, хүнийг ялгаварлан үзэж болохгүй, удамжуулж сайжруулна гэдэг нь утгагүй гэж үздэг хүмүүс бий. Гэхдээ оюуны хөгжлийн олон үзүүлэлт бүхий төрөлхийн чадвар нь хүн хүн дотроо өндөр, нам, өргөн нарийн байдагчлан энэ шинжийн үүсгэлээрээ гарцаагүй хоорондоо ялгаатай үзүүлэлт бүхий байх бүлгээ. Өөрөөр хэлбэл, олон чиглэл, салбараар гэхэд л тэр бүхнийг дагасан төрөлхийн авъяас нь хүнд, хүмүүст өөр өөрөөр удамлаж гардаг, тийм учраас хүмүүсийн оюун, суу билэг ялгаа бүхий гардаг гэсэн үг юм. Тухайлбал, нэг нь дуу хоолойн, эсвэл уран зургийн онцгой авъяастай, эсвэл бөх болж төрдөг байхад, нөгөөдөх нь тааруу байх жишээтэй.
Хүн хүн адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг энэхүү үнэн үг оюун тархины бүтэц, чадавхитай холбоотой. Толгой авьяастан, өндөр чадвартан, аугаа оюунтан гаргах нь агуу зүйл. Яг одоогийн манай хүн амын дотор тээгдэж яваа удам угшил дотор генээрээ ижилсэн нийлэх ялгарал хараахан гараагүй эхлэлийн л шатандаа байгаа. Энэ нь хүмүүс дотроо зэрэг зиндаа, том жижгээрээ төдийлөн илт ялгараагүй байгаа гэсэн үг. Нийгэм төлөвшиж төгөлдөржөөгүй, хүмүүсийн амьдрал ахуйн мэдлэг зохих өндөр хэмжээнд хүрээгүй, ядуу тарчиг амьдралтай байгаагаас нийгмийн нөлөөллийн чиг хандлагаар хүний нөхөн үржлийн үр дүн мэдрэгдэж үнэлэгдэх цаг хараахан болоогүй байгаа. Энэ нь уг асуудлыг ягчлан ойлгож оролцох арга ухаан арай болоогүй байна гэсэн үг. Одоо бол энэ нь тохиолдлын байдлаар л явж байгаа гэсэн үг. Тухайлбал, хүний онцлог, авъяас билэг, ухаалаг чанарын ген хүний удамд тохиолдлын байдлаар тээгдэж тохиолдлын байдлаар л хуваарилагдаж яваа гэсэн үг, Бас онцлог сод шинжтэй, авъяас билэгтэй, цэцэн цэлмэг оюунтай хүмүүс тохиолдлын байдлаар л төрж гарч байна гэсэн үг. Ийм нөхцөлд удмын чадлыг хөгжүүлэх ахиц аажуу удаашралтай явагддаг.
Хүний хөгжилд орчны нөлөө багагүй үүрэгтэй. Хүн нийгэмшиж байж бие хүн болно. Хүний нийгмээс гадуур оюун ухаан, нийгмийн, сэтгэлгээний хөгжил явагдахгүй. Орчин олон янз байна. Газарзүйн, нийгмийн, сургуулийн, гэр бүлийн г.м. Сурган хүмүүжүүлэгчид гэр бүлийн болон нийгмийн орчинг чухалчилдаг. Хүний “төрмөлд” үндэслэж “таримлыг” бий болгох, хөтлөн залуурдах амьдралын арга ухаанд сурах шаардлагатай байгаа. Улс үндэстэнд оюунлаг удамтан, үр садыг ыий ыолгох шаардлага бий. Үүнийг амьдралд гүйцэлдүүлж байх учиртай. Хувь хүнийг дээдлэн үзэх ёс суртахууныг хүндэлж төр засаг өнөржих үржихийн үйл явц, гэр бүлийн асуудалд төдийлөн оролцохгүй. Ийм учраас энэ нь улс орон, нийгмийнхээ төлөө хийж буй хувь хүний өөрийн нэгэн чухал хариуцлагатай үүрэг бүхий асуудал гэж ойлгох хэрэгтэй.Хүний “таримал буюу олдмолыг” буй болгох нь олон зүйлтэй холбоотой. Тухайлбал, хүн амын удмын сан, хүний биеийг бүтээгч, хүний аугаа нарийн нандин эд эрхтэн, эс эдийн анхлан бүрэлдэх ураг, хүүхэд биеийн зөв бүтэц бүрдэл чухал. Энд тэр бүхнийг биежүүлэгч материаллаг зүйлийн үүрэг гүйцэтгэдэг чанартай тэжээллэг идээ хүнс, өөрөөр хэлбэл, монгол хүнд тохиромжтой уураг, эрдэс, амин дэм, шүвтэн хүчил, нүүрс усыг зохих хэмжээ, харьцаагаар агуулсан хоол хүнс чухал үүрэгтэй болно. Хүмүүс ажил төрөлтэй, гэр орондоо үр хүүхдүүдтэйгээ ая тохитой эвсэг эрхэмсгээр аж төрж тэнгэрлэг амьдрах нөхцөлтэй болгож удам генээ гадагш нь алдахааргүй байлгах нь чухал хэрэг. Хүүхэд залуучуудыг гүнээ нийгэмшүүлэх, хүмүүнжүүлэх агуу сурганы ид чадлаар шинэ үеийг өндөр боловсролтой сор хүмүүс болгож өгөх нь монголчуудын мөнхийн амьдралын баталгаа, угсаа орчин, үндэсний аюулгүй байдлыг хангах, хамгаалах том асуудал бүлгээ. Аливаа нийгэм боловсронгуйжих тусмаа хүн хүнээс оюунлиг бодь хөгжил, хүний давуу чанарыг илүүтэйд үнэлж буй. Төрөлхийн хүчтэй чадалтай удамлаг, түүний зэрэгцээ оюун билэг, боловсролыг арвитай хослуулсан хүн л нийгэм иргэншил дотор илүү өндөрт явах учиртай.
Нийгмийн гол зүтгэгч хүч бол цөм олонлог масс түмэн гэвэл харин нийгмийг хөтлөгч хүч бол угийн чадалтай элитүүд юм. Тэд шинэ бүхнийг сэдэж, бүтээж, удирдаж хөтлөх, нийгмийг залуурдан урагшлуулах хөшүүрэг бологч билэг оюунлаг, оюуны өндөр бүтээмжтэй хүмүүс. Жинхэнэ элит удамтныг гаргах, гарсныг нь тодруулах нөхцөл, тухайлбал, боловсрол олгох, далай олны дотроос тэднийг тодруулж илрүүлж олох нөхцлийг тавихад нийгмийн системийн ач холбогдол үнэхээр их.Монголчуудад бөхийн удам ч бий, мэргэний удам ч буй, дуу хуур, хөгжмийн авъяас ч бий, урлах эрдэм, ур ухааны угшил ч буй бөгөөд үе үеийнхэн үнэндээ өөр өөрийн үе цагийн авъяастан алдартнаараа дутаагүй нь үнэн боловч яг хэлэхэд, тэд бүхэн нь тохиосон тохиосноороо л өөрөө шахам төрж гараад ирсэн билээ. Хэрэвзээ тохиолдлын байдлаар бус, санасан санаагаар хөтлөгдөн гардаг болбол үе үеийнхний авъяас чадлын чансаа, зиндаа нь урьдахиа үл давтах чанараар, нэгэн хэмийн хэмжээнд бус, үе удам хойшлох тусам өгсөж хөгжих, зайлшгүй ахиц гаргах дүнтэй байх билээ. Хүн өөрийн удам угсааны бичвэрийн дагуу бодьгал болж биежин хүнжих, дараа нь хүмүүнжих, гэгээрэх сэхээрэх, үүнийг л ойлгож, түүнийг эрхэмлэн бодох нэгэн тэнгэрлэг оюуныг бид бүгд нийтээр мэдэх ёстой, үндэстнээ хүн төрөлхтний манлай хэсэгт оруулах хэрэгтэй гэсэн санаа байх ёстой. Эцэст нь товч дүгнэхэд, боловсролын сургуулиуд яаж хөгжиж чадсан, боловсролын ямар түвшинтэй хүнийг бэлтгэн гаргах чиглэлтэйгээ зохицуулж сургуулийн элсэлтийн сонголтыг гаргаж болно. Нийгмийн хөгжлийн ямар үе мөчид төрсөн хүүхэд, аль нутаг орноос элсэгчдийг илүү олж авах зэргийг анхаарах хэрэгтэй. Элит, лидер болох хүнийг бэлтгэн гаргана гэвэл удам угсаатай холбоотой сонголт хийх нь зөв юм. /үргэлжлэл буй/
Сэтгэгдэл ( 1 )
Нэн чухал асуудал хөндөж бичжээ Самбуу ахаа. Алтан ургийнхан одоо байна уу, хядуулаад дууссан уу. Монгол үндэстэн угсаатны нэн чухал зорилт бол дахин Чингис хаан шиг хүнийг төрүүлэх. Та энэ мэтчилэн хэвлэл сошиалаар үгээ хэлж байгаарай.