Н.Оюундарь: Оффшорын хууль гаргаад зогсохгүй татварын зохицуулалт хийх ёстой

2017 оны 01 сарын 25

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.

-Оффшорын хууль гэгдээд байгаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Нийтийн ажил алба эрхэлж байгаа улсууд ямар нэгэн хэлбэрээр ажил албан тушаалаа урвуулан ашиглаж мөнгө олоод оффшор бүсэд нууж байгаа бол түүнийг хязгаарлах зохицуулалт хэрэгтэй. Үүн дээр гишүүд янз бүрийн байр суурьтай байна л даа. Зарим нь бие даасан хуулиар зохицуулах ёстой ч гэж байна. Гэхдээ бие даасан хууль байх эсвэл өөр бусад хуулиудаар зохицуулах хэрэгтэй эсэхийг бодолцох л хэрэгтэй. Өнөөдөр (өчигдөр) бол­сон Оффшорын хуулийн хэ­лэл­цүүлэг дээр Хууль зүй, дотоод хэргийн яамны газрын дарга П.Сайнзориг ОХУ, Хятадад л үүнийг хуульчилсан байдаг талаар хэлж байна. Ер нь оффшор гээд аль нэгэн данс эсвэл ямар нэгэн газарзүйн асуудал яриад байгаа юм биш л дээ. Угтаа энэ асуудал нь өөрөө эрүүгийн гэмт хэргийн шинж чанартай болчихсон гэдгээр л ярьж байгаа. Дэлхий нийт ч тэгж ойлгодог болсон. Монголд үүнийг зохицуулаагүйгээс за­рим хүмүүс манай улсад ийм хуу­лийн зохицуулалт нь байх­­гүй юм чинь бид дуртай газ­раа дансаа эзэмшиж болно гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр зо­хи­цуулалт хийх ёстой. Гэхдээ яаж хийх вэ гэдгийг бодох ёстой.

-Тухайлбал?

-АНУ-аас эхлээд өндөр хөгжилтэй орнуудад үүнийг татварын зохицуулалтаар л шийддэг. Гэтэл манай улсын татварын хувьд мэдээллийн тогтолцоо дутмаг байна л даа. Бид татварын орлогоо бүрэн цуглуулж чадаж байна уу гэдгээс л эхлэх ёстой. Ер нь бол оффшорт байрлуулж байгаа мөнгө гэдэг татвараас зугтаалгасан мөнгийг хэлээд байгаа шүү дээ. Төрийн албан хаагчдын хувьд буруу замаар орсон мөнгийг л оффшорт байрлуулаад байгаа. Тэгэхээр татварын мэдээллийг маш сайн болгох хэрэгтэй байна. Улсын бүртгэлд бүртгэлтэй 80 гаруй мянган аж ахуйн нэгж бий. Түүнээс 30-аад хувь нь л татвараа төлдөг. Тэр 30 хувийг 100 хувь гэж үзвэл дахиад 30 хувь нь икс баланс өгдөг болчихоод байгаа. Тэгвэл 80 гаруй мянган аж ахуйн нэгжүүдийг бүгдийг нь татвараа төлдөг байх зохицуулалтыг нь зөв хийх хэрэгтэй.

-Оффшорын хуулиар төрийн албан хаагч гадаадад данс эзэмшихийг хориглохоос гадна гэр бүлийн гишүүдийн дансыг мэдээлдэг болж байгаа. Зарим гишүүд гэр бүлийн гишүүдийг нь бүр хориглох хэрэгтэй гэсэн байр сууриа ч илэрхийлж байна?

-Олон улсын жишгээс харахад тухайн төрийн албан хаагч өөрийнхөө нэр дээр дансаа эзэмшихээс илүү гэр бүлийн буюу эхнэр, нөхрийнхөө эсвэл ах, дүү нарынхаа нэр дээр данс эзэмшиж байгаа зүйл харагдаж байгаа юм. Мон­голын жишээнд ч ийм зүйл бий. Энэ хуулийн ажлын хэсгийн хуралдаан дээр тухайл­бал, зарим гишүүд “Цагаан сараар л уулздаг ах, дүү нар бий. Тэднийхээ дансыг мэдээ­лэх болж байна” гэж хэлж байсан л даа. Миний хувьд гэр бүлийнх­нийг нь оруулах нь зүйтэй болов уу гэж бодож байна.

-Хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат оффшорын хууль баталсан ч аль нэг төрийн албан хаагчийг оффшортой эсэхийг батлах боломжгүй талаар хэлж байсан?

-Эрхзүйн талаар харилцан туслалцах гэрээ байгуулаагүй улс орнууд бол мэдээллээ хэр барагтай өгдөггүй. Дээрээс нь бид хэн нэгнийг оффшор бүсэд данс эзэмшиж байна уу, үгүй юу гэдгийг эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээс л мэддэг шүү дээ. Гэтэл төрийн байгууллагууд буюу жишээ нь АТГ нөгөө улс орныхоо хамтран ажиллаж байгаа тэр байгууллагаасаа төдийлөн мэдээлэл авч чадахгүй болчихоод байгаа юм. Тэгэхээр бид оффшорын сүрхий хуультай болсон ч яг бодит амьдрал дээр түүнийгээ илрүүлж чадахгүй байх вий гэсэн болгоомжлол байгаад байгаа юм.

-Мөн дээр нь төрийн албан хаагчийн гэр бүлийн гишүүдийг гадаадад данс эзэмшихийг нь бүр хориглохгүй зөвхөн мэдээлдэг байдлаар үлдээвэл үндсэн зорилгоо гүйцэлдүүлж чадахгүй мохоо хууль болно гэж шүүмжлэх хүмүүс ч бий?

-Гэр бүлийн гишүүдийг хамруулсан ч Г.Эрдэнэбат прокурорын хэлж буй шиг тэр болгон илрүүлж чадахгүй мохоо хууль болчихно шүү дээ. Гэр бүлийн гишүүдийг оруулснаас үл хамаарна. Ер нь оффшор дансанд буруу гарын мөнгө байршуулдаг гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрч байна шүү дээ. Гэтэл бид гэмт хэрэг биш ёс зүйн асуудал маягийн юм гэж ойлгоод байж бас болохгүй л болчихоод байна л даа. Миний хувьд зөвхөн энэ хуулийг гаргаад зогсохгүй давхар татварын зохицуулалт хийх ёстой гэж боддог.

-Тэгэхээр таны санал бол оффшорын хуулиас гадна татварын орчиндоо өөрчлөлт хийх хэрэгтэй юм байна гэж ойлголоо?

-Би татварын хуульд зайлшгүй өөрчлөлт хийх ёстой гэж би боддог. Манай татвар төлөгчдөд бүгдэд нь ижилхэн хууль үйлчлэх ёстой. Бид Үндсэн хуулиараа хүн бүр эрх тэгш эрхтэй, үүрэгтэй. Гэтэл татварын хуульд 250 гаруй хөнгөлөлт, чөлөөлөлт байна. Мэдээж гарцаагүй улс оронд зайлшгүй байдаг сургууль, эмнэлэг, нийтийн халамжийн газар зэрэг нь татвар төлөхгүй байж болно. Тэрнээс нийтлэгээрээ ашиг, орлого орж байгаа бол үүнээсээ татвар төлөх ёстой.

-Оффшорын хуульд төрийн бүх албан хаагчдыг хамруулах нь зөв эсэх дээр санал зөрөлдөөнтэй байгаа юм билээ?

-Одоо төрийн албан ажиллаж байгаа 39 мянга гаруй хүнээс бүгдээс нь мэдүүлэг аваад байх нь зөв үү гэсэн асуулт гарч байгаа л даа. Ямар нэгэн байдлаар ажил, албан тушаалаа буруу замаар ашиглах боломжтой 17 мянган хүнийг оруулах нь зүйтэй юу эсвэл яам, тамгын газрын дарга нараас дээд албан тушаалын 301 хүнийг оруулах хэрэгтэй юу гэдгийг бас бодмоор л байгаа юм.

-Хуульд гадаадын улс орнууд гэхийн оронд шууд оффшор бүсээ зарлах хэрэгтэй гэсэн байр суурьтай гишүүн бий. Таны хувьд алийг нь дэмжиж байгаа бол?

-Хавтгайгаар нь гадаад улс орон гэдэг нь буруу байх гэж бодож байна. Тэртэй тэргүй олон улсын байгууллагууд оффшор бүсийг зарлачихдаг шүү дээ. Тийм болохоор тэдгээр хэсэгт орж байгаа орнуудын жагсаалтыг хоёр, гурван жил тутамд ч юм уу Засгийн газраас баталдаг байх ёстой болов уу.

Ж.Баярсайхан

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
равдан(103.229.120.113) 2017 оны 01 сарын 28

Оюундариа, ар тумэн тэнэг биш, эхлээд та нарын хулгайлсаныг хурааж авна. Дараа нь хуулиа ярина.

0  |  0
зочин(202.21.106.135) 2017 оны 01 сарын 28

Юм юм руу үсчсэн хүн байх юм. Нэг бол супер эсвэл хоосон мэдлэгтэнгүүдийн нэг байх. Энэ насанд хийсэн нүгэл их шүү. Сайн залбираарай.

0  |  0
erka(202.179.26.94) 2017 оны 01 сарын 26

Turiin alban haagch gej hawtgairuulah hereggui turd garsan deeguur alban tushaaltanuud ter tusmaa ih hural zasgiin gazariin gishuud ed nariin ger bvl geltgui gadaadad danstai baihiig horigloh heregtei Iim ih mungutei baij yagaad ih hurald garah gej ulaaraad baina vvnii tsaana ashig sonirhol bna esvel heregt orohgui hamgaalalt turuus avaad baina

0  |  0
zochin(202.21.115.35) 2017 оны 01 сарын 25

uurinhuu dansiig ... ?

0  |  0
Top