Таван толгойгоос хувьцаа тараах тухай яриад удаж байна. Иргэн бүрд 536 ширхэг хувьцаа өгөх болж баярлуулсан. Гэвч бас бодох юм байна шүү. Нийт хувьцааны 10 хувь нь иргэдэд, 10 хувь нь үндэсний компаниудад оногдохоор болсон ч эргэлзээ их байгаа юм. Нийтдээ 53 мянган аж ахуйн нэгж энэ хувьцаа руу хандлаа. Төр, засгийнхан маань ч боломжтой юм байна гэлээ. Тэгтэл УИХ-ын зарим гишүүд ам уралдуулан “Үгүй ээ, яавч болохгүй нь” гэв. Батж.Батбаяр гишүүн ч энэ тухай ярив. Түүнээс өрсөөд Я.Батсуурь бас хүмүүсээс оноо авах гэсэн шиг ийм үгийг давтан сануулж байна. Харамсалтай тэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан шинэ хувилбарыг л хуулж аваад яриад байжээ. Батж. Батбаяр харин үүнийгээ нуусангүй. Ерөнхийлөгч хувьцааны талаар санал гаргахдаа аж ахуйн нэгжүүдэд 10 хувийг өгөхгүйгээр 10+10 гээд нийт 20 хувийг нь хувьцаа хэлбэрээр нийт иргэддээ өгв гэсэн байв. Учрыг ойлгоход тийм ч төвөгтэй хуьтлбар биш ажээ. Тэдгээр 53 мянган аж ахуйн нэгжийн маань 65 хувь нь буюу 30 гаруй мянга нь жилийн 10-хан сая төгрөгийн борлуулалтын орлготой байдаг юм байна. Энэ нь тэд 28 мянган хувьцаа авч чадахгүй гэсэн үг. Үлдсэн 20-иод мянган аж ахуй л Таван толгойн хувьцаа авч таарах нь ээ. Тэгвэл эдгээр компаний цаана үндэсний гэсэн халхавчтай хэдэн гадаадын нөхөр гараад ирэхийг таахад бэрх юм. Үндэсний аж ахуйн нэгжүүдэд хувьцааг бүрэн гүйцэд жигд хүрээж чадах уу гэсэн асуудал ч ихээхэн ээдрээтэй болж байна. Үндэсний аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалт одоо ямар хэмжээтэй байгаа болон цаашид хэдий хэр өсөх магадлалтайг тогтоох аргагүй. Яагаад гэвэл улсын хэмжээнд үүнийг нууцалсан байдаг. Таван толгойн хувьцаа эзэмшсэн аж ахуйн нэгжийн гадны хөрөнгө оруулалтын хэмжээ 30 хувиас давсан байвал буцаагаад татаж авч болдоггүй. Хувьцаа өгсөн л бол нөгөө компани нь хэний гарт шилжүүлэх нь хамаагүй болно. Өөрөөр хэлбэл үндэсний гэх компаниудын маань ард нуугдаж байдаг гадны хөрөнгө оруулагчид хувьцааг бөөндөөд авах бүрэн боломжтой болно. Ерөнхийдөө манай улс дахь гадны хөрөнгө оруулалтын хэмжээг аваад үзэхэд хятад хол тасархай түрүүлээд байна. Нийт хөрөнгө оруулалтын бараг 60 гаруй хувийг эзэлж байгаа. Түүний дараа Канад орж байна. Канадчууд 6,6 хувьтай, Солонгос 5,7, Япон 4,3 хувь гэх мэтээр үргэлжилнэ. Энэ нь үнэдсний гээд байгаа компаниуд яваандаа гадны, ялангуяа Хятадын хөрөнгө оруулалтын мэдэлд шилжих магадлал маш өндөр байгааг харуулж байна. Тиймээс иргэн бүрдээ тэдгээр аж ахуйн нэгжүүдэд өгнө гээд байгаа 10 хувийг хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэх нь илүү ашигтай ажээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүний нөхдийн гаргасан саналыг дэмжихээс аргагүй юм. Үндэсний копаниуд маань үүнд огт гомдох хэрэггүй. Зарим хүмүүс хувьцаа тараах сургаар баахан цаасан дээр байгуулаад хаячихсан компани нэртэй үхмэл хөрөнгө худалдан авсан гэнэ лээ. Яая гэхэв нэг удаа гэнэдэж шатсан хэрэг болно биз. Зөөлөн хоол олох гэсэн тэдний санааг буруутгаад ч яах билээ. Гэхдээ уул үзээгүй байж хормой шуун давхисандаа сургамж авах байлгүй. Нэг хүн 30 компанитай болсон дуулдана лээ. Хүний сувьдаг сэтгэлд жолоо гэж байх биш. Харин УИХ-ын гишүүн Я.Батсуурь мэтийн хүмүүс хүний санаагаар хүүдэгнэсэн ч гэсэн иргэн бүрдээ 10+10 хувийн хувьцаа өгүүлэх дээр чуулганы санал хураалтын кнопоо дарна гэдэгт найдаж байгаа шүү дээ. Ц.Элбэгдржийн санаачлагыг дэмжсэн бүх хүнд иргэд маань баярлалаа гэж чанга дуугаар хэлцгээх байх аа.
Я.Ымербек. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )