Завхан: Хүүхдийн тасгийн ачаалал хүнд байгаагаас ЭМЧ, СУВИЛАГЧ нар ХАНИАД хүрч байна

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 31

Завхан аймгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч, их эмч Ц.Цэндсүрэнгээс хүүхдийн томуу, томуу төст өвчний дэгдэлт, нөхцөл байдлын талаарх тодруулга авлаа.

-Аймгийн хэмжээнд томуугийн  дэгдэлт ихэсч,  хүүхдийн өвчлөл их байгаа гэж дууллаа.  Хүндрэл хэр байна даа?

-Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотой томуугийн  дэгдэлт ихэсч байна. Ид үедээ явж байгаа гэж хэлж болно. Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдээс томуу, томуу төст өвчнөөр өвдөөд хүндэрчихсэн, хатгаатай, цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэлтэй хүүхдүүд ихэнх хувийг эзэлж байна.

Манай тасаг 40 ортой. Үүн дээрээ нэмээд 10 ор тавигдсан байгаа. Өдөрт 45-60 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өдөртөө 10 хүүхэд эмнэлгээс гарлаа гэхэд буцаад тэр хэмжээний хүүхэд хэвтэх жишээтэй.

-Хэдээс хэдэн насны хүүхдийн өвчлөл дийлэнх хувийг эзэлж байна вэ?

-Хоёр сараас гурван нас хүртэлх хүүхдийн өвчлөл дийлэнх хувийг эзэлж байна. Ихэнхи нь томуу томуу төст амьсгалын замын өвчлөл. Нярай хүүхэд өвчилж байгаа боловч харьцангуй бага.

-Ханиад томуутай холбоотойгоор хүүхдийн эндэгдэл  гарсан тохиолдол байгаа юу?

-Одоогоор тийм тохиолдол гараагүй байна. Тасгийн бүх эмч, сувилагч, ажилчид ачаалал ихтэй ажиллаж байгаа. Үүнтэй холбогдуулаад тасагт хэвтэж байгаа хүүхдүүдэд эмнэлгийн удирдлага болон бусад байгууллагуудын зүгээс тусламж үзүүлж витаминлаг, чанартай хоол хүнсээр хангаж байна. 

-Өвчин нь хүндэрсэн хүүхэд байгаа юу?

-Хүнд хүүхэд 4-5 байна. Зарим нь одоогоор  сэхээнд ороод сайжирч байгаа.

-Хүүхдийн тасагт уурын аппарат,  эм тарианы хангалт хэр байгаа вэ?

-Уурын аппарат гурав бий. Өрхийн эмнэлгүүдэд ч уурын аппарат бий. Эмчилгээг сайжруулахад гуурсан хоолойг тусгай уусмал эмээр утдаг. Энэ эмчилгээ их үр дүнтэй байдаг. Ер нь эм тарианы хангалт сайн байгаа. Гол нь манай эцэг эхчүүд хүүхдийнхээ өвчлөлийг хүндрүүлэх, цаг алдсан байдалтай хандаж байгаа нь өвчлөлийг даамжруулахад, эмчлэхэд хүндрэлтэй болгож байна.

-0-5 насны хүүхдэд эм үнэгүй олгохоор болсон. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ асуудлыг өрхийн эмнэлгүүд хариуцаж байгаа. Манай тасгийн хувьд бичдэггүй. Өөрөөр хэлбэл өрхийн эмч нар жороор эм олгоно гэсэн үг. Манайх амбулаториор үзэж байгаа бөгөөд гарч байгаа хүүхдүүддээ шаардлагатай эмийг нь картан дээр нь бичээд өгдөг. Өрхийн эмч дээрээ очоод эмээ бичүүлээд хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.

-Ачаалал их байгаатай холбоотойгоор эмнэлгийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ авч байгаа юу?

-Ачаалал ихтэй үед ор хүрэлцэхгүй асуудал их байна. Манайх 40 ортой атал хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн тоо 45-60 хүрч байгаа учраас нөөцөөсөө 10 ор нэмж тавьсан байгаа. Ханиад томуу ахиад нэмэгдэх хандлагатай болбол өөр тасагт нөөц орноосоо нэмж тавин үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөж байна. Манай тасагт хүүхдийн үндсэн гурван эмч ажилладаг. Үүн дээр нэмэгдээд хоёр эмч ажиллаж байна.

Мөн нэмэгдэл сувилагч нар ажиллаж байгаа. Ажлын ачаалал их байгаа учраас тасгийн эмч, сувилагч нар өөрсдөө ч өвчлөх хандлагатай байна. Тиймээс эмнэлгийн захиргаанаас эмч ажилчдадаа сармистай шөл, аарц, чацарганы шүүс өгч байгаа. Удахгүй витаминаар хангана гэсэн.

-Эцэг эхчүүд дур мэдэн эм, эмчилгээ хийгээд байдаг. Энэ талаар зөвлөвөл?

-Эцэг эхчүүд эмчид үзүүлэлгүйгээр хүүхдэд өөрсдөө дур мэдэн антибиотик өгөх, эмчлэх хандлагатай байдаг. Энэ ханиад вирусын гаралтай учраас хүндэрсэн үед хоёрдогчоор бактери идэвхждэг. Тийм үед буюу хоёрдогчоор халдвар авсан үед антибиотик хэрэглэхээс биш дөнгөж эхэлж байгаа үед нь антибиотик  хэрэглэх шаардлагагүй.

Дөнгөж ханиалгаж эхэлж байгаа хүүхдэд антибиотик өгчихөөр өвчний явц хүндрээд эмчлэхэд  бэрхшээлтэй болчихдог.

Тийм учраас эцэг эхчүүд хүүхдэдээ ханиад томууны анхны шинж тэмдэг болох нус гоожих, халуурах, ханиах, найтаах шинж тэмдэг илэрвэл антибиотик өгөх гэж яаралгүй эмчид үзүүлж байж шаардлагатай эм, эмчилгээг хийлгэх хэрэгтэй байна.

-Урд жилүүдэд гарч байсан ханиад томуунаас ялгарах шинж тэмдэг байгаа юу?

-Өмнө нь гарч байсан ханиад томуунаас үүсгэгчийн хувьд ялгараад байх зүйл байхгүй боловч хамрах хүрээ ихтэй буюу арай илүү тархацтай байна. Улс орон даяараа л томуу, томуу төст өвчний үечлэл их байгаа  учраас.

-Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ, эцэг эхчүүдэд хандан зөвлөгөө өгвөл?

-Томуу,  томуу төст өвчин ихэсч байгаатай холбоотойгоор эцэг эхчүүдэд зөвлөхөд хүүхдээ аль болох дааруулахгүй дулаан хувцаслан халуурч, ханиалгаж, найтаалгах шинж тэмдэг илэрвэл цэцэрлэг, сургуульд нь явуулалгүй гэртээ дулаан байлгах, өрхийн эмчид үзүүлж  зөвлөмж авсны дагуу эмчилгээг нь хийлгэх ёстой. Шаардлагатай тохиолдолд хүүхдийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй.

Эмч үзээд  шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хэвтэн эмчлүүлж байгаа. 

Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ сайн асарч хамгаалж, дааруулахгүйгээр дулаан хувцаслаж байх  буюу ханиад томууны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гэрт нь сайн асарч байх хэрэгтэй. Мөн ханиад томуу нь эдгэхээр цэцэрлэг, сургуульд нь явуулахдаа амны хаалт зүүлгэж занших, гарын ариун цэврийг маш сайн сахих, ханиаж найтаах үедээ хамрын  алчуур буюу тохой, суга руугаа ханиаж найтаахыг хүүхдүүддээ зөвлөх хэрэгтэй. Ханиаж найтаасныхаа дараа гараа сайн угаана. Түүнчлэн биеийн эсэргүүцэл сайжруулах хоол хүнсийг сайн хэрэглүүлэх шаардлагатай.

Үүнд  чацаргана болон  аньсны шүүс, саримстай шөл зэрэг орно. Хоолой өвдөж торж байгаа үед давс, содын уусмал, сармисны хандаар хоолой амыг нь сайтар зайлуулж байх  хэрэгтэй.

Гэртээ байнга чийгтэй цэвэрлэгээ хийж агаарын сэлгэлтийг хийж байх, хүүхдийг халуун бүлээн орчинд сэлгээд байхгүйгээр нэг жигд температурт байлгах хэрэгтэй.

Эх сурвалж: “Завхан” сонин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top