УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа.
-Монголбанкнаас УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд мэдээлэл хийсэн. Ер нь эдийн засагт эерэг зүйл харагдаж байна уу?
-Бид намынхаа Бүлэг дээр ч Ерөнхий сайдаас эдийн засгийн одоогийн нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл сонссон. Мөн Эдийн засгийн байнгын хороон дээр Монголбанкны ерөнхийлөгч 2016 онд хийсэн ажлынхаа тайлан болоод 2017 онд төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогынхоо төлөвлөгөөг танилцууллаа. Миний хувьд УИХ, Засгийн газар, Монголбанк болон Ерөнхийлөгчийн хаалттай мэдээлэл зэргийг хараад эдийн засгийн нөхцөл байдал одоохондоо амаргүй хэвээр байна гэсэн дүгнэлт хийж байна л даа. Би өөрөө эдийн засагч, сэтгүүлч хүний хувьд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны эдийн засагчид болон банкуудын холбоо, бизнес эрхлэгчид гээд төрөл бүрийн хүмүүстэй уулзаж санал бодлыг нь сонсдог. Ингээд харж байхад өнөөдрийн байдлаар эдийн засаг хүнд хэвээрээ байна.
-Та эдийн засаг хүндэрсэн хэвээр байгаа шалтгааныг хаана нь байна гэж харж байгаа вэ?
-Банк санхүүгийн салбарт эрсдэл хэвээрээ байгаад байна. 2016 онд зээлийн эргэн төлөлт доголдсон, банкуудын эрсдэл даах чадвар алдагдсан, санхүүгийн зуучлал тасалдсан гэх мэт. Банк санхүүгийн салбарт эрсдэл хэвээр байгаа нь бодит секторыг дэмжсэн тодорхой ажил бараг хийгдэхгүй байна гэсэн үг шүү дээ. Бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдээ зээлийн бодлогоор дэмжсэнээр эргээд ажлын байр бий болгоно. Энэ цусны эргэлт явагдах ёстой. Одоо бол энэ цусны эргэлт бүр зогсчихлоо. Хавар болохоор эдийн засаг цэцэглэж эхэлдэг шүү дээ. Уул уурхай, барилга, хөдөө аж ахуй гээд бүх бизнес эхэлдэг. Үүнтэй зэрэгцээд банкуудаас мөнгө зээлэх шаардлага үүсдэг. Гэтэл банкуудын зээл өндөр хүүтэй, богино хугацаатай байдаг. Дээр нь нөгөө аж ахуйн нэгж өмнө нь зээл авчихсан байх нь бий. Зээлээ эргүүлж төлөөгүй учраас арилжааны банкууд тэдэнд зээл өгөхгүй байгаад байдаг. Банкууд бүтээгдэхүүн үйлдвэрлээд эргүүлээд ашгаараа зээлээ төлөх боломж харагдахгүй байгаа учраас зээл олгохгүй гэдэг. Ингээд банкууд эрсдлээс болгоомжилж мөнгөө гаргахгүй байгаагаас эдийн засгийн цусны эргэлт зогсчихоод байгаа юм. Дээрээс нь уул уурхайн салбар маш хүнд байдалтай байна. Ер нь хөдөлж, явж байгаа салбар бага ажиглагдаад байна шүү дээ. Тийм учраас өнөөдөр эдийн засаг маань дөнгөж нэг хувийн өсөлттэй байна. Засгийн газрын хувьд 2017 онд гурван хувьтай байх болов уу гэж тооцоолсон байсан. Харин Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2017 онд долоон хувьтай байх болов уу гэж нэлээд өөдрөгөөр төсөөлж байгаа юм байна лээ. Бид энэ дундаас яг бодитыг нь л олох ёстой.
Эдийн засгийн өсөлтийг наад зах нь Засгийн газрын тооцоолсноор гурван хувьд хүргэхийн тулд бид хурдхан шиг томоохон төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй байна. Мөн одоо бидэнд яг бодит мөнгө хэрэгтэй байна шүү дээ.
-Тэгвэл одоо эдийн засгийг тэтгэх мөнгийг хаанаас босгох боломж байна?
-Эхний ээлжинд мөнгө олох салбаруудыг УИХ, Засгийн газрын зүгээс яаж ийгээд дэмжиж ажиллах хэрэгтэй байна л даа. Жишээлбэл, алт олборлолтоос мөнгө олох гарц харагдаж байгаа. Монголбанкны бидэнд өгсөн мэдээллээр жилд 18 тонн алт худалдан авдаг юм байна. Уг нь Монгол Улс жилд 40 тонн алт олборлодог. Үүний дөнгөж 18 тонныг нь Монголбанкинд татан төвлөрүүлж чадаж байна. Тэгвэл үлдсэн 20 гаруй тонныг нь бид далд эдийн засагт биш ил болгох, өөрөөр хэлбэл Монголбанк руугаа татан төвлөрүүлэх хэрэгтэй. Бидэнд өгсөн мэдээллээр бол аж ахуйн нэгжүүдээсээ илүү хувь хүмүүс жижгээр нь алт худалддаг гэж байгаа. Тэр хүмүүсээс Монголбанк арай өндөр үнээр худалдаж авах зэргээр ил болгох эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Гадагшаа хууль бусаар гарч байгаа алтны худалдааг зогсоож дотооддоо үлдээхийг дэмжсэн бодлого Монголбанк явуулаад түүнийг Засгийн газар, УИХ дэмжээд өгвөл нэг талаас валютын урсгалыг нөхөх гарц харагдаад байгаа. Өөр яг мөнгө олчих газар алга. Зөвхөн гадаадаас л хямд эх үүсвэртэй зээл авах тухай бид яриад байна. Гэтэл манай улсын зээлжих зэрэглэл муу байгаагаас боломжийн хугацаа, хүүтэй зээл олдохгүй байна шүү дээ. Засгийн газар, Монголбанкны тухайд БНСУ, Япон улстай хэлэлцээ хийж байна гээд байна. Яг өнөөдрийн байдлаар гарын үсэг зурчихсан бодитой орж ирэх таатай нөхцөлтэй зээл алга. Тэгэхээр бид тодорхой арга хэмжээг богино хугацаанд авах хэрэгтэй байна л даа.
-Ирэх сард Хөгжлийн банкны бондын 580 сая ам.долларын эргэн төлөлтийг хийх ёстой. Энэ мөнгийг яг хэрхэн төлөх талаар Засгийн газар мэдээлэл хийхгүй байна гэсэн шүүмжлэл гарч байна л даа. Зарим гишүүдийн хувьд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж байж л энэ мөнгийг төлнө гэсэн байр суурь илэрхийлж байсан?
-ОУВС-тай хэлэлцээ хийж байна. Гэхдээ цаад талаасаа тавьж байгаа шаардлагаар бол бараг “Стэнд бай”-гийн хамгийн хэцүү, өндөр хатуу шаардлагатай тэр хөтөлбөрт хамрагдах тухай яриад байна шүү дээ. Тэгэхээр энэ богино хугацаанд шийдэгдчих асуудал биш. Миний бодлоор гуравдугаар сарын дунд хүртэл энэ хэлэлцээ үргэлжлэх болов уу гэж би хараад байгаа юм.
-Тэгвэл нөгөө 580 сая ам.долларын өрийг хэрхэн төлөх болж байна вэ?
-Хөгжлийн банкны бондын 580 сая ам.долларыг хэрхэн төлөх талаар бид Ерөнхий сайдаас асуусан. Ерөнхий сайд “Бид яаж ийгээд энэ 580 сая ам.долларыг төлөх ёстой гэсэн байр суурь дээр бат зогсож байгаа. Хэрвээ төлж чадахгүй бол Монгол Улсын гадаад дахь зээлжих зэрэглэл, нэр хүнд, итгэл бүгд үнэлгээ нь буурна” гэж хэлж байгаа. Ингэхдээ 160-аад сая ам.долларыг нь Монголын арилжааны банкуудын арилжаанд ордоггүй валютаас нь Монголбанкинд худалдах замаар тэдэнтэй гэрээ хэлцлүүд хийх нэг гарцыг ярьж байгаа юм билээ. Нөгөө талаасаа Солонгос, Япон зэрэг улсуудтай 200, 300-гаад сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн асуудлуудыг ярьж байгаа юм байна лээ. Би энэ талаар Монголбанкны ерөнхийлөгчөөс тодруулга авсан. Монголбанкны ерөнхийлөгч арилжааны банкууд бас эх оронч санаачилга гаргаж 160-аад сая ам.долларыг Монголбанкинд худалдах тэр боломжуудыг судалж байгаа. Энэ талаар Монголбанк арилжааны банкуудтай хэлцэл хийгээд явж байгаа гэсэн. Тэгэхээр 580 сая ам.долларын 160-аад саяыг нь дотоодоос шийдэх боломж харагдаж байгаа юм. Үлдсэнийг нь одоогийн эх сурвалжуудын мэдээллээс харж байхад гадаадаас л авах болж байна. 400-гаад сая ам.долларыг гадаадаас татан төвлөрүүлж байж л бид ирэх гуравдугаар сард энэ Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг төлөх болно.
-Зарим иргэдийн зүгээс ард нийтээсээ хандив цуглуулж улсынхаа гадаад өрийг төлье гэсэн санаачилга өрнүүлээд байгаа?
-Эх оронч санаачилгуудыг бид дэмжих ёстой. Гэхдээ ингэж болохгүй л дээ. Өмнөх төр засгийн толгойг барьж байсан хүмүүс замбараагүй загнаж, улс орноо өрөнд тавьсан. Үүнийг ард иргэд хандив өгч төлөх байж болохгүй гэж харж байгаа. Миний хувьд нэг зүйлийг хатуу тавьж байгаа. Одоо бол ирэх сард төлөх 580 сая ам.долларын асуудал л яригдаж байна. Цаашдаа он дараалаад шат дараатай асар их өрийн эргэн төлөлтийн асуудал бий. Тийм болохоор Хөгжлийн банкны бондын 580 сая ам.долларыг төлөхөд бас Монголбанкнаас хэдэн зуун тэрбум төгрөг гарсан хууль бус үйлдэлд хяналт тавьж тэр мөнгийг буцааж татан төвлөрүүлэх хэрэгтэй. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсантай холбоотойгоор Хууль зүйн байнгын хорооноос гарсан ажлын хэсгийн дүгнэлтээс харахад Монголбанкнаас хоёр удаа 100 тэрбумаар мөнгө гаргаад авчихсан байна. Сүүлд нь гэхэд бас 176 тэрбум төгрөг гарсан байсан. Нийтдээ 376 тэрбум төгрөгийн асуудал байна гэж байгаа шүү дээ. Тэгвэл үүнийг өмнөх Монголбанкны ерөнхийлөгч, тэр Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс корпораци”-тай яриад буцаж татан төвлөрүүлэх арга хэмжээ яагаад авч болохгүй гэж. Ард түмэн хүртэл өрнөөс гарахын тулд эх оронч санаачилга гаргаж байна шүү дээ. Иймэрхүү мэтээр ажиллах юмнууд байна л даа.
-ОУВС-гийн хөтөлбөрт орвол эдийн засгийн хүндрэлтэй байдалд ер нь хэр нөлөөгөө үзүүлж чадах бол?
-Бид ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийн хамгийн амаргүйд нь хамрагдах тухай ярьж байна шүү дээ. Өмнө нь ч Монгол Улс эдийн засаг, санхүүгийн хувьд үнэхээр амаргүй байх үед ОУВС-тай хийсэн хөгжлийн хөтөлбөрүүд үр дүнгээ өгч байсан. Өнөөдөр манай улс эдийн засаг, санхүүгийн хувьд үнэхээр хүнд байдалтай байна. Хүнээр жишвэл сэхээнд хэвтчихсэн ухаангүй байна гэж дүгнээд байгаа шүү дээ. Хүчтэй тариа, эмчилгээ хийж байж хүнд өвчин илааршдаг. Тэгэхээр бид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж төсвөө сайн цэгцэлж авах хэрэгтэй байна. Төсвөөс гадуурх элдэв санхүүжилтийг зогсоох хэрэгтэй байгаа. Бас энэ популист амлалтуудыг цэгцлэх хэрэгцээ бий. ОУВС-гийн талаас тодорхой хэмжээгээр татвар нэмэх шаардлагыг ч яриад байгаа. Тэгэхээр бид харж байгаад зарим салбарыг татварын бодлогоор дэмжээд, нөгөө хэсгийнх татварыг түр хугацаанд тодорхой хэмжээгээр нэмэх зохицуулалт хийгээд эдийн засаг сэргэсэн үед эргээд татвараар дэмжээд явчихад болохгүй юм байхгүй.
-Гэхдээ татвар нэмэхгүй гэсэн амлалттай зөрчилдөх юм биш үү?
-Бид сонгуулийн үед татвар нэмэхгүй гэсэн амлалт өгсөн. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилд төр засгийг барьж байсан хүмүүс улс орныг дэндүү хүнд байдалд оруулжээ. Төсөөлж байснаас ч аймаар байдалтай байна. Өвчтэй хүнтэй зүйрлэвэл бүр сэхээнд оруулсан байна гэж дээр хэлсэн шүү дээ. Өвдөж, хүчтэй эмчилгээ хийлгэх тийм нөхцөлд оруулчихсан. Тэгэхээр бид ямар нэгэн хатуу гараар зангидаж байж л үүнээс гарч чадна. Бидэнд туршлага бий. Жишээлбэл, 2008-2012 онд эдийн засаг хасах нэг болчихсон байх үеийн Засгийн газарт би Хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Бас амаргүй үе байсан. Гэхдээ зөв бодлого богино хугацаанд явуулж, хурдтай, мэдрэмжтэй, сайн ажиллаж чадсаны үр дүнд хоёр жил хагасын дотор эдийн засгийн өсөлтийг нэмэх 17 хувьд хүргэж чадсан туршлага бидэнд байна. Тэгэхээр би энэ Засгийн газарт өмнөх өөрсдийнхөө туршлагаас хурдан суралц, мэдээллээ тодорхой сайн өг, бодитоор тооцоолж, төлөвлөж асуудлаа хурдан оруулж ир, гэхдээ хуулийн дагуу шударга, хуваарилалтын дагуу оруулж ир. Тэгвэл ажил чинь хурдан явна гэж хэлмээр байна даа. Тэгж байж л бид урагшлана. Тийм болохоор би ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй гэж үздэг. Хэрвээ бид хөтөлбөрт хамрагдаж чадвал Солонгос, Япон гэх мэт орнуудаас хөнгөлөлттэй, таатай нөхцөлтэй зээлүүд орж ирэх боломжууд байгаа нь бидэнд өгсөн мэдээллээс харагдаж байгаа.
-Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцүүлгийн шатанд явж байна. Та ажлын хэсэгт орж ажилласан байна лээ. Энэ хуулиар хэрхэн өөрчлөгдөж байгаа юм бэ?
-Би Хөгжлийн банкийг яг сонгодог утгаар нь үйл ажиллагааг нь явуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байдаг. Сая би 2008-2012 оны үед хасах нэгээс нэмэх 17 хувь хүрсэн эдийн засгийн өсөлтийн тухай ярилаа шүү дээ. Эдийн засаг 17 хувь хүртэл өсөхөд Хөгжлийн банк тодорхой үүргийг тэр үед гүйцэтгэсэн юм. Нэг үгээр Хөгжлийн банк яг сонгодог утгаараа ажиллаж чадаж байсан. Тэр үеийн Хөгжлийн банк төсвөөс гаднах төсөвтэй, замбараагүй зарцуулалттай өмнөх дөрвөн жилийнх шиг байгаагүй. Яг эдийн засгийн үр өгөөжөө өгөх, томоохон төслүүдийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас хийж байлаа. Тийм учраас Оюутолгой, Тавантолгой ч явсан. Орон сууцны зээлүүд ч хөдөлж байсан. Дэд бүтцийн томоохон төслүүд урагшилж чадсан. Хөгжлийн банкны шинэчилсэн найруулгын төсөлд улс төрөөс хараат бус байх, хөгжлийн томоохон чухал төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхдээ тодорхой шалгуур, стандартуудыг хангасан эсэхэд сайн хяналт тавьж чаддаг байхаар оруулж ирсэн. Бас Хөгжлийн банкны үйл ажиллагаа зөв явж байгаа эсэхэд нь Төв банк хяналт тавьж чаддаг байх гэх мэт өнгөрсөн дөрвөн жилд гаргасан алдааг зассан бүх заалтуудыг оруулсан.
-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар энэ хуулийн төслийг хэлэлцэх үеэр та хяналт шалгалтын асуудлуудыг бүдгэрүүллээ гээд шүүмжилж байсан. Тэр яг ямар асуудал байв?
-Хэлэлцэх явцад Эдийн засгийн байнгын хорооны тэр хурал дээр Хөгжлийн банкны хяналттай холбоотой бас нэг чухал заалт авагдчихаж байгаа юм. Өмнөх дөрвөн жил шиг Хөгжлийн банкнаас зээл авсан хүн мөнгөө төлөхгүй эсвэл зээлээ өөр зүйлд зарцуулсан зэрэг зүйл ажиглагдвал тухайн албан газар, компанид ороод хяналт шалгалт хийх заалт байсан. Тэрийг санал хураалтаар хасуулчихлаа л даа. Тэгэхээр одоо “Та нар мэдээллээ гаргаж өг” гэж шаардах нөхцөл байдалд л орчихож байгаа юм. Уг нь тэр заалт байсан бол хэрвээ мэдээллээ үнэн зөвөөр өгөхгүй байгаа тохиолдолд Хөгжлийн банкны хяналт шалгалтынхан тухайн аж ахуйн нэгж дээр очоод шаардлагаа тавих боломжтой байх байсан. Гэхдээ эцсийн хэлэлцүүлгийн үеэр ямар нэг хяналтын тогтолцоо нь өөр заалтуудаар орж ирнэ гэж бодож байгаа. Би өөрөө ч гэсэн түүний төлөө ажиллана.
-Яагаад хяналт шалгалттай холбоотой заалт нь санал хураалтаар унаад байгаа юм бэ?
-Өөрийн компанитай зарим гишүүд байдаг. Тэдний зарим нь өөрсдийнхөө нөхцөл байдлыг ургуулж, өөр дээрээ тулгаж бодоод байна уу даа. Хяналт шалгалтыг аль болох хөнгөвчлөх, зөөллөх юм оруулж ирээд байна. Би бол үүнийг буруу гэж харж байгаа. Нэгэнт л Хөгжлийн банкийг жинхэнэ утгаар нь ажиллуулъя, томоохон төсөл хөтөлбөрүүдийг Япон, Солонгос, Сингапур мэтийн хөгжсөн орнууд шиг санхүүжүүлье гэвэл хяналт шалгалтыг яг тийм стандартад аваачих ёстой. Тиймээс үүн дээр гишүүдийг их ухаалаг хандаасай гэж би бодож байгаа. Мөн торгууль их өндөр байна гээд нэг заалт нь хасагдлаа шүү дээ. Мэдээж 150-200 сая төгрөг ч гэдэг юм уу жаахан өндөр байсан. Гэхдээ торгууль өндөр байж л тэр хүмүүс хариуцлагатай байна. Үүний сонгодог жишээ Сингапур улс байна. Хүмүүс халаас, түрийвчтэй нь ярихаар хуулиа баримтлаад явчихдгийн сонгодог жишээ Сингапур улс шүү дээ. Тэр систем өөрөө улсыг нь ч хөгжүүлсэн хүнээ ч мөнгөтэй хөрөнгөтэй болгосон. Үүнийг бид Монголд хэрэгжүүлэх цаг нь болсон гэж бодоод байгаа юм. Би Монгол-Сингапурын парламентын бүлгийн дарга гэдгээр Сингапурын энэ туршлагыг нэлээд судалсан. Өмнө нь эдийн засгийн сэтгүүлч байхдаа ч Сингапурын туршлагаар хэд хэдэн цуврал нэвтрүүлэг хийж байлаа.
-Хөгжлийн банк гадаад зах зээлээс хөрөнгө босгодог. Харин хуулийн шинэчилсэн найруулгаар Засгийн газар баталгаа өгөхгүй болж байгаа юм билээ. Тэгэхээр Хөгжлийн банк гадаадаас мөнгө босгох амаргүй нэг үгээр бэлгэ тэмдгийн төдий байгууллага болчихгүй юу?
-Хөгжлийн банкны өөрийнх нь рейтинг өндөр байвал асуудалгүй. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банк яг тодорхой эдийн засгийн үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлээд явчихвал тэр нь баталгаа болчихдог юм. Ийм жишээнүүд бий. Тийм учраас бид Хөгжлийн банкныхаа хуулиа хурдхан шиг хэрэгжүүлээд, нэр хүндийг нь өсгөх хэрэгтэй. Хөгжлийн банкны санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүд эдийн засгийн үр ашигтай бол ямар ч хөрөнгө оруулагч сонирхоод орно шүү дээ. Түүнээс биш баталгаа гаргаж өгөхгүй юм чинь би зээл өгөхгүй гэхгүй л дээ. Тухайн төсөл хөтөлбөрөөсөө их шалтгаална гэсэн үг. Тийм учраас яг сонгодог жишгээрээ явчих л хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жил Засгийн газар баталгаа өгч байна гэдгээрээ юу болоод хувирав. Эргээд Хөгжлийн банкаа ч Монгол Улсын төсвийг ч өрөнд оруулаад туучихлаа шүү дээ. ОУВС-тай хийж байгаа гэрээгээр ч нэгдүгээрт төсвөө нэг болго, хоёрдугаарт, Хөгжлийн банк, төсөв хоёрынхоо төсөл хөтөлбөрүүд, мөнгө төгрөг, орлого зарлагаа салга гэсэн чиглэл өгөөд байгаа шүү дээ. Тийм учраас бид үүн дээр хуулийн дагуу л явах ёстой гэж бодож байна. Хөгжлийн банкны хуулийн шинэчилсэн найруулгын онцлог гэвэл өмнөх алдаануудыг залруулсан нь л юм.
Ж.Баярсайхан
Сэтгэгдэл ( 10 )
Ene setguulch ediin zasgiin talaar yugaa medhev dee, asuuh hunee mun olov oo
Asuuh hunee ch mun olj dee. Huushuuraa ideed zah deeree baraagaa zarval barav. Esvel yadamsuten guaigaas yumaa asuugaad eleg hataaj hoshin shogchidiig ajilgui bolgoson chin deer dee oyunchimeg min. Yun ikh hural, yun ediin zasag, yun ur, yun hugjliin bank. Yaj tolgoi chin hurdiin. 10 jild too geheer us chin arzaidag bsan bizde
Битгий худлаа ярь, 17 хувтйн өсөлт зүгээр л уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлт түүнээс биш МАН сайн ажилласных биш. Харин 350 сая доллар чинь 5 жил болоход төлөгдөж дуусаагүй байна
MAN-ii bor xalzan xoni.
ter zeel avsan humuuseer ni tuluuleeech yagaad ogt ter tuhai yarihgui bn be.dandaa MAH-iinhan bn gesen sh dee zeel avsan garuud ni
энэний эдийн засаг мэднэ гэж юу байхав дээ.боовны амталгаа хийвэл таарна.
es zuigui balai awgai bn bilee 1 dugeer angiin xuuxdees dor ichix niirgui sheren nuurelsen awgai bn lee
ene shal balai huuhen . hudlaa yariad idemhii, bas tsarai muutai huuramch bag zuusen erguu tolgoi. sandliin bogloos.