Ч.Ганзориг: “Тунаж начин болох чинь сайхан шүү дээ. Гараад л сайхан давчих” гэсэн

2017 оны 04 сарын 25

Хангарьдын дэвэлтээр хотол олноо баясгасан Харьшгүй хүчит бөхчүүдээрээ бахархахгүй байхын аргагүй ээ. “Зиндаа” сэтгүүлийн хоёр дахь дугаарын “Гарьд магнай” булангийн хойморт Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх билэгт” дэвжээний бөх Монгол Улсын начин Чагнаадоржийн Ганзориг заларч байна. Түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг Таалан болгооно уу.

-“Тунаж үлдээд, тун чиг уран сайхан барилддаг бөх дөө “ гэж таныг бөх сонирхогчид ярьж байхыг олонтоо сонсож байлаа. Монгол түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн ийм сайхан бөхтэй уулзаж байгаадаа баяртай байна?

- Баярлалаа. “Зиндаа” сэтгүүлийнхээ зочноор урьсанд талархаж байна.

- Ярилцлагаа төрж өссөн нутаг, төрүүлж өсгөсөн аав ээж болон үндэсний бөхөөр хичээллэх болсон тэр үеийн дурсамжаас тань эхэлье?

- Би Архангай аймгийн Булган суманд төрж өссөн. Миний аав аймгийн начин Чагнаадорж гэдэг хүн байсан. Бөхийн өлгий нутагт мэндэлж, бөх аавын хүү болж төрсөн миний хувьд уугуул нутаг, удам судраасаа эхлээд яалт ч үгүй бөхтэй холбоотой юм л даа. Яг бөхөөр хичээллэж эхэлсэн тухайд гэвэл 14 настай байхад аавын маань найз манайд ирээд “Архангай аймагт чөлөөт бөхийн багш хотоос ирсэн гэнэ. Тэнд манай хүү бэлтгэл хийх гэж байгаа. Хамт бэлтгэл хийх үү” гэж хэлдэг юм байна. Тэдний хүүг бас Ганзориг гэдэг юм. Тэгээд бид хоёр аймаг орж, бөхийн секцэнд явж эхэлсэн. Тэндээс л анх бөхийн гараагаа эхэлсэн дээ..

- Улаанбаатарт хэзээ ирж байв. Улсын цолонд хүрэх шат өндөр. Төдийгөөс өдий хүртэлх бөхийн замналаасаа хуваалцвал...

- Би маш олон сайхан багштай хувь зохиолоор таарч, тэдний эрдэм ухаанаас суралцсандаа баярлаж явдаг. Анхны багш аймагт ирсэн, спортын мастер Б.Болдбаатар багш маань байсан юм. Багштайгаа гурван жил бэлтгэл хийж, 2000 онд хотод орж ирээд Х.Намшир /Гавьяат дасгалжуулагч/, С.Ганзориг багш нарынхаа удирдлага дор бэлтгэл хийж, Улсын харцага М.Батжаргал, Улсын начин М.Бат-Отгон ах нарыгаа дагаж, хамтдаа бэлтгэл хийж, бөх болох замдаа орсон доо.

- Та аймгийн цолонд их удаан, харин улсын цолонд харьцангуй богино хугацаанд хүрсэн санагддаг юм...

- Тэгж хэлж болно. Миний хувьд аймгийн наадамд найман удаа шөвгөрсөн байдаг. Ингэж шөвгөрч барилдахдаа ганцхан аймагтаа барилдаад байсангүй. Завхан, Дархан-Уул, Эрдэнэт, Дундговь, Баянхонгор зэрэг аймгаар явж барилдаж байлаа. Олон сайхан багшийн ачаар овоо барилддаг болж, 2003 онд Баянхонгор аймагт очиж барилдаад аймгийн начин цол хүртэж байлаа. Тэр барилдаанд хоёрын даваанаас эхлээд хүчтэй өрсөлдөгчтэй таарч, тавын даваанд Баянхонгорын Улсын начин Б.Баянжаргалтай тунаж барилдан давж байлаа.


-  Улсын начин цолоо ч гэсэн тунаж үлдээд авч байсан. Тунаж үлдэнэ гэдэг тухайн бөхийн чадал чансааг тодорхойлох зүйл шүү дээ?

- Тийм ээ. Улсын начин авдаг жил миний бэлтгэл сайн байсан. “Улсын цол авчихна” гэсэн бүрэн итгэлтэй байлаа. Бэлтгэл сайн байхаар аяндаа тийм бодол төрдөг юм билээ. Аймгийн арслан болоод л хоёр дахь жилдээ улсын цол авсан шүү дээ. Чөлөөтөөр барилддаг байсан болохоор жин нэлээн бага. Аймагт очоод түрүүлчих болов уу гэхээр тав, зургаа даваад ойччихдог байсан. Аймгийн арслан болдгийн өмнөх жил нь улсын наадамд барилдаад хоёрын даваанд ойчсон юм. Ингээд дараа жил бэлтгэлээ сайн хийж байгаад заавал улсын цол авна гэсэн бодол тээсэн. Түүндээ ч хүрч, бэлтгэл ч сайн байсан, өөртөө ч итгэлтэй байж, улсын цолонд хүрсэн. Хоёрын даваанаас л хүчтэй өрсөлдөгч нарыг давсан. Тавын даваанд О.Хангай арслантай туначихаад тайван байсан. Өөртөө итгэлтэй байлаа. Нутгийн ах нар ирээд “Давна аа давна. Олон жил хүч, хөлсөө урсгасан чамайг монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ чинь үнэлж, ивээх болно. Тунаж начин болох чинь сайхан шүү дээ. Гараад л сайхан давчих.” гэсэн. Ингээд л сайхан давсан даа.

- Бөх сонирхогчид тухайн үед таныг начин байтугай л цолд хүрэх шинжтэй байсан. Гэвч сэтгэл ханасан уу гэлтэй зургаагийн даваанд нэг их барилдалгүй унасан гэж битүүхэн шүүмжилдэг?

- Тийм шүүмжийг сонсож байсан..Тухайн үед нутгийн ах нар маань, найз нөхөд хэн, хэн нь баярласан л даа. Тав даваад сууж байхад чөлөөтийнхэн маань ирчихсэн уйлж орилолдоод л байсан. Би тухайн үедээ “Боллоо, боллоо” гэж бодож байсан. Тэгээд зургаагийн даваанд яадаг юм бол. Ямартай ч тав даваад улсын цол авсандаа баярлаж байсан. Тэгсэн чинь зургаагийн даваанд дахиад л тунаж үлдлээ гэсэн. Тэрийг сонсоод “За нэг нь л авах байлгүй дээ” гэж бодож байлаа. Гэхдээ зургаагийн даваанд нээх барилдаан гаргаж чадаагүй унасан. Тэгээд л “Чи тавын даваанд ханачихлаа. Тав даваад хэт их баярлачихлаа даа” гэсэн шүүмжийг надад хэлж байсан. Ямар ч байсан улсын цол авна гэснээрээ авсандаа баяртай байдаг.

-Чөлөөтийнхөн маань ирээд уйлж байсан гэлээ. Таны хувьд чөлөөтөөр маш олон жил барилдаж, тив, дэлхийн хэмжээнд эх орныхоо нэрийг гаргаж явсан хүн. Их спортоор хичээллэдэг хүн үндэсний бөхөөр барилдахад давуу тал бий биз?

-Байлгүй яахав. Ер нь жүдо, чөлөөт ч юмуу их спортоор хичээллэж байгаа хүн бол үндэсний бөхөөр хослуулаад барилдахад их дөхөм. Чөлөөт, жүдогоор барилдаж байгаад үндэсний бөхөөр барилдахад, манай үндэсний бөхийн бөхчүүд их биерхүү, бяртай хүмүүс л санагдана. Харин манай чөлөөтийнхөн бол бие хөнгөн, олон мэхийн хийцтэй хүмүүс байдаг. Спорт гэдэг ур ухаан шаардана. Мэхээ хэзээ, хаана хийх вэ, угсруулж хийх үү, энэ бөхийг яаж унагах вэ гээд л нарийн ухаан шүү дээ.

- Та Чөлөөт бөхийн Ази тивийн аварга хүн. Мөн олимпод эх орноо төлөөлж оролцож байсан. Энэ талаараа?

- Би 2003 оны хавраас Ч.Дамдиншарав багшийнхаа удирдлаган дор Чөлөөт бөхийн шигшээ багийн бэлтгэлд бэлтгэл хангагчаар гарч эхэлсэн. Ингээд Түмэндэмбэрэлийн Сүхбаатар, З.Дүвчин багш гээд олон сайхан багшийн удирдлага дор хичээллэж, их спортод хөл тавьсан. 2005 онд улсын аварга болж, тэр жилдээ Азийн аваргын тэмцээнд явлаа. Очоод зооны аварга дээр Японд хожигдоод, хүрэл медалийн төлөө Энэтхэгтэй барилдлаа. Би гарангуутаа л өмсөөд цэвэр дарчихаад алдчихсан. Тэгээд барилдсаар байгаад сүүлдээ хожигддог юм. Дараа нь хүмүүс “Чи тэгээд дарчихгүй яав аа” гэнэ биз дээ. Би хариуд нь “Дарвал дарчих л байлаа. Дараа нь та нар муу Энэтхэгийг гарангуутаа дарчихсан гэх байлгүй дээ. Тэгээд л тавьчихсан шүү дээ” гэж хэлсэн /инээв/. Ингэж хожигдчихоод багш нартаа загнуулахдаа “Багшаа, би тэр Японыг, Энэтхэгийг ч ялах боломж байсан. Дараа ирж Азийн аварга болно” гэж хэлээд тэмцээнээсээ бууж байлаа. Ингээд бэлтгэлээ сайн ч хийсэн. Дараа жил нь “Азийн аварга” ч болсон доо.

- Таныг чөлөөт бөхийн барилдааныг хамгийн сайн ойлгох болов уу гэдэг үүднээс үүнийг асууж байгаа юм шүү. Риогийн олимпод манай чөлөөтийнхөн нэлээн дуулиан шуугиан тарилаа. Болж өнгөрсөн үйл явдлын тухай та юу хэлэх вэ?

- 2008 онд олимпийн эрх авах гээд Ж.Чулуунбат, Т.Энх-Амгалан, Д.Гомбодорж, Г.Мандахнаран бид тав Щвейцар явсан юм. Тэнд Г.Мандахнаран сайн барилдсан. Гэвч олимп, дэлхийн аварга Кубын бөхөд ялагдсанаар олимпийн эрх авдгийн даваан дээр Г.Мандахнаран ялагдчихсан. Би Швейцараас олимпийн эрх авсан. Тэгээд бид цаашаа яваад Польш улсад очиж сар гаруй бэлтгэл хийсэн юм. Тэндээ дахиж олимпийн эрхийн төлөө нөгөө дөрөв маань эхний тэмцээндээ ороод эрхээ авч чадаагүй. Ингээд Лондонгийн буюу 2012 оны олимпийн эрхээ Г.Мандахнаран авч амжаагүй байдаг. Ингэхээр Г.Мандахнаран хоёр ч олимпийг өнжчихөж байгаа юм. Ингэж явсаар 2016 онд Г.Мандахнаран олимпийн эрх авсан. Олимпод орох гэж найман жил хөлс хүчээ гаргачихсан, дэлхийгээс хоёр ч медальтай түүнийг эх орондоо олимпийн медальтай хүрээд ирээсэй гэж бодож байлаа. Гэвч ийм явдал болсон нь үнэхээр харамсалтай. Тэр олон жил хүсч хүлээсэн учраас тэгж их баярлав уу. Тухайн үед цагаа л дуусгачихсан бол гэж бодсон. Хоёр дасгалжуулагч тэрнээс илүүтэй өөр яаж ч чадахгүй шүү дээ. Чадаж байгаагаараа тэмцэж байгаа нь тэр. Дасгалжуулагчдад буруу өгөх хэцүү байна. Дөрвөн жилийн үр шимээ олимпоос үзэх гэж дасгалжуулагчид ажилласан байгаа шүү дээ. Гучин зургаан жил тасарсан эрэгтэй чөлөөт бөхийн олимпийн медаль бид авлаа гээд баярлаж байтал алдчихаар яах юм бэ. Тэмцэхээс өөр аргагүй болж байгаа шүү дээ. Би ч гэсэн тэнд байсан бол чадахаараа л тэмцэх байсан.



Хамгийн гол нь шударга барилдах хэрэгтэй

- Та саяхан Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Даян аварга Ч.Чимэд-Очир аваргын 100 жилийн ойн барилдаанд урамтай сайхан барилдаж түрүүллээ. Сүүлийн үед үндэсний бөхөөрөө ямар амжилт гаргаж байна?

- Мичин жилд олон сайхан барилдаанууд боллоо. Олон ч алдар цуутай хүмүүсийн 100 жилийн ой тохиолоо. Увс аймаг Ю.Цэдэнбал агсны ойг, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул, Улсын аварга Ш.Батсуурийн 100 жилийн ой гээд барилдаанууд зохион байгуулахад нь шөвгийн дөрөвт үлдсэн. Сүүлд нутгийн Даян аварга Ч.Чимэд-Очирын 100 жилийн ойн барилдаанд барилдаж түрүүлсэндээ баяртай байна.

- Бөхчүүд жин нэмж, бүдүүрээд байгаагийн цаад учир нь дүрэмтэйгээ холбоотой. Барьц сонгодог болсноос хойш уран барилдаан багассан гэх яриа бий. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

- Одоо бөхчүүд дүрэмдээ захирагдаад жин их нэмдэг болсон. Хаялцахгүй гурван минут боллоо гэхэд элэг бүс сэнжиг авна. Тэр нь задарвал бас золгож, барьц авна. Ийм нөхцөлд аль болох том биетэй, хүнд жинтэй, хүмүүс сайн барилдана. Тэгэхээр залуу бөхчүүд жингээ нэмж байна. Дээр үед барьц сонгох гэж байгаагүй. Хэдэн цагаар ч барилдаж болдог байсан. Хөнгөн жинтэй, хурдтай хүмүүс сайн барилддаг байлаа. Одоо бол хөнгөн жинтэй хүмүүс барилдахад хэцүү. Цаг боллоо гээд золгуулчихвал хэцүүднэ шүү дээ /инээв/.

- Таны төрсөн нутаг Архангай аймгийн Булган сум хүчтэнүүдээрээ алдартай. Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Улсын гарьд Д.Рагчаа, Улсын харцага М.Батжаргал тэргүүтэй олон сайхан бөхчүүд энэ л нутгаас төрсөн байдаг. Энэ сайхан бөхчүүд чухам Булган сумаас төрөн гарсан нь учиртай. “Бөх мод”-той нь холбоотой гэх юм билээ. Та “Бөх мод”-ныхоо домгоос ярьж өгөхгүй юу? /Инээв/.

- Баянхонгорын Эрдэнэцогт сум, манай Булган сум хоёрын зааг дээр байдаг модны тухай домог бий. Тэр модыг эрт дээр үеэс “Бөх мод” гэж нэрлэдэг байж. Уг мод хоёр аймгийн аль руу нь харж унана тэр нутгаас харьшгүй хүчтэй бөхчүүд төрнө гэж ярьдаг байж. Гэтэл “Бөх мод” наашаа буюу манай сум руу хазайж, уначихсан юм гэнэ лээ. Тэгсэн чинь тэр модыг нь Баянхонгорын жолооч нар ачаад аймгийнхаа нутагт тавьчихдаг, тэгэхээр нь зөрүүлээд Архангайн жолооч нар авчраад нутагтаа тавьчихдаг байсан гэсэн хөгжилтэй яриа бий. Ямар ч байсан тэр мод манай суманд унасан юм гэдэг.

- Бөх болгонд “Тийм л цолонд хүрэх юмсан” гэсэн хүсэл буй нь мэдээж. Таны хувьд?

- Надад “Заан” цол сайхан санагддаг юм. Ер нь би багш нарыгаа маш ихээр биширч, багш шигээ л болох мөрөөдөлтэй явдаг хүн. Манай З.Дүвчин багш улсын заан цолтой, Ч.Гочоосүрэн багш маань мөн улсын заан цолтой. “Заан аа” гэхээр цаанаа л сайхан санагддаг юм. Мэдээж миний хувьд төрийнхөө наадамд олон жил барилдаж, цолоо ахиулахыг хичээж явдаг.

- “Цолны найраа” гэж их ярьж байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

- Бөхчүүд маань эрт дээр үеэс нутаг усныхаа бага залуу бөхчүүдээ дэмжиж, даваа ахиулдаг ёс жудагтай л байсан. Үүнийг “найраа”-наас ялгаж салган ойлгох хэрэгтэй болов уу. Гэхдээ хамгийн гол нь шударга барилдах л хэрэгтэй гэсэн байр суурьтай явдаг хүн дээ би.


- Бөхчүүдийг алдар цол, нутаг ус, ивээн тэтгэдэг компаниар нь дууддаг. Таныг “Сүмт- Өргөө” ХХК, “Оюут-Хясаа” группын бөх гэдэг. Нууц биш бол компанийн нэрийг дуудуулаад цалин, мөнгө авдаг уу?

- Надад тусалж дэмждэг олон сайхан хүмүүс байдаг. Энэ дашрамд Б.Лхагвадорж захиралтай “Сүмт-Өргөө” компанийн хамт олондоо болон Б.Мөнхзул захиралтай “Оюут-Хясаа” группынхэндээ баярлаж явдгаа хэлье. Мөн “Бөх билэгт” дэвжээний захирал Н.Алтаншагай ахдаа талархаж явдгаа танай сэтгүүлээр уламжилъя.

- Бидний ярилцлага өндөрлөх дөхөж байна. Сайн бөхийн ард сайхан гэр бүл байдаг гэдэг. Та гэр бүлийнхээ талаар ярихгүй юу?

- Би эхнэр, хоёр хүүгийн хамт амьдардаг. Эхнэр маань Л.Шинэжаргал гэдэг бүсгүй бий. Баянхонгор аймгаас анхны цолоо ч авлаа, эхнэртэйгээ ч танилцаж байлаа /инээв/. Би чинь бэлтгэл гээд алга болоод өгнө. Анхны хүүгээ төрөөд гурван сар болж байхад гэртээ долоо л хоносон байдаг хүн шүү дээ би.. Тэр жил буюу 2008 онд олимп болох гээд Туркэд тэмцээнтэй, Болгарт хамтарсан бэлтгэлтэй байхад анхны хүү минь төрсөн юм. Харах гэж ирээд бөөн баяр болоод дөрөв хоночихоод эргээд бэлтгэлдээ яваад өгч байв. Сарын дараа ирэхэд их том болсон байсан. Тэгээд л хоёр хоноод дахиад байрлаж бэлтгэл хийнэ гээд яваад өгнө. Бүтэн жилд гэртээ цөөхөн ирсэн үе бий шүү дээ. Олимптой жилд гэрлүүгээ бараг нь явахгүй. /инээв/. Ийм үед эхнэр маань үр хүүхдээ өсгөж, ар гэрээ авч явна. Бөхийн эхнэр байх амаргүй л байдаг байх даа. Одоо бол манайх хоёр сайхан хүүтэй болсон. Манай хоёр хоорондоо ноцолдоод л... Том нь одоо сургууль амарчихсан болохоор намайг дагаад л бэлтгэл дээр өнжинө шүү дээ.

- Бөх төрөх нь дээ?

 - Өөрсдийнхөө л сонирхлоор явна байлгүй дээ /инээв/.

Эгэл даруухан энгийн ярих, тэгснээ хааяахан инээх... Гуниггүй, гүндүүгүй зан нь ярианаас нь яруу тодоор танигдах... Аанай л нэг аажуу, тайвныг мэдрүүлэх... Тиймээ, Чагнаадоржийн Ганзориг хэмээх эл эрхмээс бөх хүний тэр л сайхан шинж төрх мэдрэгдсэнийг нуух юун...

С.Өлзийбаяр


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.190.116) 2017 оны 04 сарын 25

Ih zuv tuluvshsun hun chanartai zaluu haragddag um.hicheegeerei.Amjilt,sain saihan buhniig husie.

0  |  0
зочин(111.127.40.160) 2017 оны 04 сарын 25

Ард түмний хайр хүндэтгэлийг сайнаар дааж явах хэрэгтэй шүү. Зарим бөхчүүд бааранд ороод согтож эхлэхээрээ өөрийг нь дийлэх амьтан байхгүйг мэдсээр байж цээжээ хөдөлгөөд эргэн тойрноо муухай хараад, зөрж өнгөрөхөд ч хэцүү болдог шүү. Ийм мунхаг байж болохгүй.

0  |  0
Top