Ерөнхийлөгчөө, 2 сая амь тасрахад бэлэн боллоо шүү!

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 16

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар улсын хэмжээнд мод тарих үндэсний өдөртэй боллоо. Цөлжилт, агаарын бохирдолт нүүрлээд байгаа энэ үед үүнээс илүү ач тустай ажил гэж юу байхав. Хаврын дунд сар бүхэнд цаашдаа энэ өдрийг үр өгөөжтэй өнгөрүүлж хэвшвэл тун сайнсан. Өнгөрөгч бямба, ням гаригт 2 сая гаруй мод шинээр суулгасан нь бага зүйл биш ээ. Энэ ажилд хот хөдөөгийн 400 мянга гаруй хүн оролцсон байна.
Социализмын үед хавартаа мод тарьдаг л байсан. Гэхдээ ийм их мод нэг өдөрт багтаан газрын хөрсөнд суулгаж байгаагүй. Мод тарихдаа бас уулын модноос суга татаж авчраад суулгадаг байлаа. Ийм гажиг ажил саяхан, бүр тодруулбал өнгөрсөн онд ч хийж байсан юм. Энэ нь хамгийн буруу арга бөгөөд нэг ёсны ой сүйтгэлт болж байв. Жилдээ ийнхүү хичнээн хэмжээний ой модыг урстгасан талаар бодитой тооцоогүй л тууж яваа юм, эрхэм дарга нар. Харин үрээр нь тарьж ургуулсан 2-3 настай модны суулгацыг ашиглах нь хаа хаанаа илүү үр дүнтэйг энэ жилээс ухаарчээ.
Гэхдээ нэг айх аюул одоо үлдлээ. Юу гэвэл, монголчууд маань тарьсан модоо усалж арчлахгүй байсаар үхүүлчихдэг. Тэгээд дахиад л баахан мөнгө зарцуулдаг. Хэдхэн жилийн өмнө хотын захирагч асан Ц.Батбаяр, дүүргүүдийн засаг дарга нартаа үүрэг өгч Сэлэнгийн хөвч ойгоос их хэмжээний мод ухаж авчраад нийслэлийн гудамжуудаар суулгаад цөмийг
нь үхүүлсэн юмдаг. Зөвхөн Баянзүрх дүүрэгт гэхэд 20 гаруй сая төгрөг ингээд будаа болсон гэдэг. Энэ жилийн хувьд үрээр ургуулсан нэг суулгацыг дунджаар 2000 төгрөгөөр авч тарьжээ. Тэгвэл цөмийг нь үхүүлчихвэл хичнээн хэмжээний хохирол амсах нь тодорхой байгаа биз дээ. Тиймээс мод тарих үндэсний өдөртэй болсон нь сайшаалтай боловч тарьсан модоо үхүүлчихвэл “мод устгах муу өдөр” болж хувирна. Бас өнөө жилийн 2 сая амь дараа жил үгүй болсон байна. Иймд Ерөнхийлөгч өө, одоо тарьсан модыг нь сайн усалж, арчлах талаар сайтар хэлж, болохгүй бол ташуурдаад өгөөрэй. Наад хотын дарга нар чинь залхуу шүү дээ. Тэгээд ч тарьсан мод болгоныг арчлаад өгөх зохион байгуулалттай ажиллах хүч бас байхгүй байгаа нь хуурай ажил болчих вий гэсэн эмзэглэл төрүүлээд байна.

Х.Тулга. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top