Барилгын үйлдвэрлэлийг дэмжихийн тулд татварын уян хатан бодлого чухал гэж Засгийн газраас үзэж байна.
“Зуун мянган айл” орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлыг зохион байгуулах үндэсний хороог шадар сайдаар ахлуулан байгуулсан. Сар гаруй хугацаанд үндэсний хороо ажиллаж, нийт 18 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатайг онцолжээ. Энэ онд Засгийн газар “Хөгжлийн банк”-аар дамжуулан 800 тэрбум төгрөгийн бонд гаргах юм. Энэ бондоос 2011 онд 350 тэрбум орчим төгрөгийг нь орон сууцны барилга байгууламжийг барьж байгуулахад зориулахаар шийдвэрлэжээ. Үүнээс 166,6 тэрбум төгрөгөөр 5-7 орчим мянган айлын орон сууцыг барьж, иргэдэд олгох асуудлыг хэлэлцсэн байна. Уг хөтөлбөрт анх орон сууцанд орохоор өргөдөл хүсэлтээ гаргасан иргэд, мөн 50 метр квадратаас доош талбайтай бага хэмжээний орон сууц шаардлагатай байгаа, амьжиргааны хувьд дунд буюу дундаас доош орлоготой иргэдийг анхаарч үзэх ёстой гэсэн чиглэлийг баримтлан, холбогдох шийдвэрийг ч гаргажээ. Мөн 170 орчим тэрбум төгрөгөөр орон сууцны барилга байгууламж барих, дэд бүтцийг бүрдүүлэх ажлыг хийж эхэлснээр 75 мянган айлын орон сууц барих, Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд шинээр дэд бүтэц бий болох аж. Ингэснээр орон сууцны үнэ төлбөр ч хямдрах боломж бүрдэж байгаа юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )