Хүүхдийн хаяг тогтоох төвд өдөрт 50 орчим тэнэмэл хүүхэд ирдэг

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 16

 

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал өчигдөр Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвд ажиллалаа. Өдөртөө 50 орчим тэнэмэл хүүхэд ирдэг энэ төвд бэрхшээлтэй олон асуудал байдаг аж.

Тус төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа У.Аюурзанын хэлж буйгаар энд ирж буй хүүхдүүдийн 95 хувийг эцэг, эхэд нь хүлээлгэн өгч, гэр бүл нь тодорхойгүй таван хувийг нь холбогдох байгууллагад шилжүүлдэг байна. Хоёр настайдаа уг төвд ирж хоёр жил болж байгаа хүүхэд ч энд байдаг аж. Өчигдрийн байдлаар уг төвд 28 хүүхэд ирээд байлаа. Энэ төвд ирж байгаа хүүхдүүдийн олонх нь хоёроос 11 жил тэнэмэл амьдралаар амьдарч байгаа гэсэн судалгаа ч хийсэн байна.

Голчлон гэр бүл дэх ажилгүйдэл, ядуурал, архидалт, эцэг, эхийн салалт, дээр нь РС тоглоомонд донтолтоос болж тэнэмэл амьдралыг хүүхдүүд сонгосон байна. Анх 1996 онд нийслэлийн Цагдаагийн газрын дэргэд Хүүхэд хамгаалап, хаяг тогтоох төвийг байгуулж байхад жилдээ 1700 орчим хүүхэд ирдэг байжээ. Харин өнгөрсөн жил 865 хүүхэд хаяг тогтоох төвөөр “үйлчлүүлж”, эцэг, эхдээ очсон байна. Хэдийгээр статистик мэдээ нааштай гарч байгаа ч энд тайвширч болохгүй гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал онцлов.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэх үед холбогдох хуулийн зохицуулалтыг ч тусгаж өгөхөөр ажиллаж буйгаа дуулгасан. Жилдээ 118 сая төгрөгийн төсөвтэй энэ төвд эм, тарианы зардалд ердөө л 300 мянган төгрөг төсөвлөж өгсөн байдаг аж.

Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвд ирж байгаа бүх хүүхдийн эрүүл мэндэд зориулж жилд төсөвлөж өгсөн 300 мянган төгрөг хаанаа ч хүрдэггүй юм байна. Дэд сайд В.Удвалын хувьд энэ бүх асуудлыг анхаарапдаа авахаа мэдэгдээд, хаяг тогтоох төвд буй хүүхдүүдтэй амьдралынх нь, мөрөөдлийнх нь талаар ярилцаж, тэдэнд ном бэлэглэсэн юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top