Дэлхийн хавдартай тэмцэх холбооноос энэ онд "Бид хамтдаа хүчтэй" уриан дор хорт хавдартай тэмцэх олон арга хэмжээ зохион байгуулж байна. Дэлхийн аяны агуулга, зорилтын хүрээнд Хавдар судлалын үндэсний төв, "Хаан банк", МҮОНРТ-ээс хамтран Монгол орны хэмжээнд "Хавдрын эсрэг үндэсний аян-2011"-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Аяны хүрээнд нийт сэтгүүлчдийн дунд шилдэг нийтлэл бүтээлийн уралдааныг "Хаан банк", эрүүл мэндийн сэтгүүл зүйн "Оюуны дархлаа" ТББ-аас зарлажээ. Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод буй хорт хавдартай тэмцэх, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хорт хавдар үүсгэгч халдвар болон эрсдэлт зан үйлээс сэргийлэх талаар хүн амын мэдлэгийг дээшлүүлэх, "Хавдрын эсрэг үндэсний аян-2011"-ийн үйл явц, ач холбогдлыг олон нийтэд таниулахад уралдааны зорилго чиглэжээ. Уралдаанд оролцох хүсэлтэй сэтгүүлчдэд хорт хавдрын тухай мэдээлэл олгох зорилго бүхий сургалт энэ сарын 17-нд болох аж. Уралдаанд оролцогчид дээрх сэдвийн хүрээнд нийтлэл, ярилцлага, сурвалжлага зэрэг сэтгүүл зүйн бүх төрлөөр бүтээлээ ирүүлж болох юм. Ирэх сарын 25 хүртэл үргэлжлэх уг уралдаанд шалгарсан бүтээл бүр сая төгрөгийн шагналтай.
Эх сурвалж: Монголын үнэн
Сэтгэгдэл ( 0 )