Хоорондоо маргаснаас гурван хүн рүү хүчил цацжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 16

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Хан-Уул дүүргийн Арьс ширний “Булны шир” үйлдвэрт  хоорондоо маргалдсаны улмаас гурван хүн рүү  хүчил цацсан хэрэг гарлаа. Цагдаа нарыг хэргийн газарт очиход хүчилд түлэгдсэн гурван залуу шоконд ороод, мэдүүлэг өгөх чадваргүй байдалтай байжээ. Тус үйлдвэрт ажилладаг 24 настай Ц, 38 настай Г нар 32 настай Ц-тэй маргалдах үеэр хохирогч болсон гурван  хүн Ц-г өмөөрөхөд уурласан залуус тэдэн рүү ламаз гэдэг хүчил цацсанаас  Г.С нарын гарын шуу, хуруу түлэгдэж, харин Б-гийн үс зулгарч унасан байна.   Ламаз гэдэг нь идэмхий бодис бөгөөд, арьс шир боловсруулахад хэрэглэдэг гэнэ. Хохирогчид ” хүчил цацангуут гар хөл таталдаад, маш их өвдсөн. Гар түлэгдэхэд тийм байгаа юм чинь дагзны нь орчим түлэгдэж, үс нь зулгарч унасан хүнд бүр хэцүү байгаа байх.  Ямар азаар нүд рүү орчихоогүй юм. Тэгвэл шууд хараагүй болох байсан. Уг нь бие биеэ гэмтээх хэмжээнд асуудал үүсээгүй, маргалдаад ганц хоёр үг хэлсэн чинь шууд ламаз цацчихсан.” хэмээн ярьжээ. Эл хэргийг үйлдэж  хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан Ц.Б нарыг цагдаагийн байгууллага албадан саатуулж  шалгаж байгаа ажээ.

М.Гэрэлгуа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top