Монголдоо ”Цэвэр агаар” үйлдвэрлэгчтэй болъё

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 26

Дээхнэ үед "Гадаадад ус савлаж зардаг" тухай ярьсан нэгнээ монголчууд "Тйим юм гэж байх вэ" хэмээн доог тохуу хийдэг байлаа. Харин одоо нөгөөх хүн шоолж байсан нөхдүүд "Цэвэр ус"-ыг өдөр тутмынхаа хэрэглээ болгочихсон байж байна. Тэгвэл цаана чинь "Цэвэр агаар" лаазлаад зарж байна гэвэл та нар итгэх үү. Мэдээж эргэлзэх л байх. Гэхдээ энэ төрлийн бизнес дэлхий нийтэд түгэн дэлгэрч, тэр ч байтугай хамгийн ашигтай бизнесийн жагсаалтуудын тэргүүн эгнээнд цохиж явна.

Тухайлбал, Швейцарьчууд Альпийн нурууны цэвэр агаарыг савлаад экспортонд 21 $ зарж эхэлсэн байна. Нэг лааз "Цэвэр агаар"-аар 120 удаа амьсгалж болох гэнэ. Энэ төрлийн бизнес Канадад хүчээ авч байгаа бөгөөд гол экспортоо Хятад руу хийдэг талаар эх сурвалжууд мэдээлж байна. 

Image result for “Vitality Air”

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын агаарын бохирдол сүүлийн хоёр жилд дээд хязгаартаа хүрчээ. Тус хотын удирдлагууд иргэдээ утаанаас сэргийлэхийн тулд  хилийн чанадаас "Цэвэр агаар" худалдан авч эхэлсэн гэнэ. Канадын “Vitality Air” компани өнгөрсөн аравдугаар сараас эхлэн Бээжин хотноо "Цэвэр агаар" худалдах болжээ. Тус компаний ажилчид цэвэр агаараа тусгай баллон дотор ууталж, Хятад руу түгээх болсон байна. 

Харин Бээжин хотноо агаарын бохирдлоос хамгаалах хүнсний бүтээгдэхүүн, эм зэрэг нь дээрх "Цэвэр агаар"-аас 50 дахин хямдаар зарагдаж байгаа ч иргэд энэхүү цэвэр агаарыг худалдан авахын тулд урт дараалал үүсгэх болжээ.

“Vitality Air” компанийн зүгээс “Биднийг анх цэвэр агаар зарна гэхэд хүмүүс дооглож, тохуурхаж байлаа. Бид үйл ажиллагаагаа эхлүүлээд л сар хагасын дараа Азийн хамгийн хүчирхэг гүрнээс борлуулалт хийх санал авсан. Бид дөрөвхөн хоногийн дотор 500 баллон цэвэр агаар зарсан. Бид хэрэглэгчийнхээ итгэлийг хэзээ ч алдахгүй. Бидний баллонд шахсан цэвэр агаарыг компаний ажилчид Канадын хамгийн өндөр уул, өргөн гол мөрөнтэй онгон дагшин байгалийн цогцолбортой бүс нутгаас савладаг. Бид цэвэр агаарыг хэрэглэгчдэд хүргэхээсээ өмнө сайтар судалгаа шинжилгээ явуулдаг. Баллон дотор цэвэр агаар ууталдаг ажилчдынхаа эрүүл мэндийг байнга шалгаж, судалгаа явуулдаг” гэж тайлбарлажээ.

Баллонтой цэвэр агаарын хэрэглэх зааврыг тус компани өөрийн твиттер хуудастаа нийтэлж, 28 цагийн дотор дагагчийнхаа тоог нэг саяар нэмэгдүүлсэн байна. Цэвэр агаарыг тусгайлан савласан учир үнэртэй үс эсвэл агааржуулагч шиг гэртээ цацах боломжтой аж. Та 7.7 литр баллонтой цэвэр агаарыг хамгийн багадаа 10 хоног хэрэглэнэ. Цэвэр агаарыг цацсан орчинд Канадын үзэсгэлэнт байгалийн үнэр тархах гэнэ.  

"Цэвэр агаар" савлаж зарах санаа төрсөн нь...

"Цэвэр агаар"-ын борлуулалтаараа дэлхийд тэргүүлж буй “Vitality Air” компанийг үүсгэн байгуулагч Мосес Лаам “Сүүлийн хоёр гурван жилд дэлхий нийтийн агаарын бохирдол эрчимжих хандлагатай болсноос үүдэн хүмүүсийн эрүүл мэнд доройтох болсон талаар багын найз Троё Пакетт хэлжээ. Энэ асуудлыг шийдвэрлэхэд чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулахыг хичээсэн учраас Троё Пакеттитай хамтраад хэсэгхэн хугацаанд туршилт хийсэн. Өөрөөр хэлбэл, эрэлт хэр байгааг судалсан гэх үү дээ. Гялгар уутанд савласан цэвэр агаар савлаж зарна гэж бичээд олон улсын худалдааны Ebay сайтад байршуулсны дараахан худалдан авах хүсэлт маш их ирсэн. Чухам эндээс л цэвэр агаар савлаж худалдаалах бизнесийн санаагаа бодит ажил болгох шийдэлд хүрсэн. Байгуулагдсанаасаа хойш жил хүрэхгүй хугацааны дотор өдөрт 500 гаруй ширхэг савласан цэвэр агаар борлуулдаг болсон” хэмээн хариулжээ.

Тус бүр нь 7.7 литр хэмжээтэй савласан цэвэр агаар 100 юань буюу 30 мянган төгрөгийн үнэтэй. Ихэвчлэн хөрөнгө чинээтэй айлын гэрийн эзэгтэйчүүд өөртөө болон гэр бүлийнхэндээ хэрэглүүлэх гэж цэвэр агаар худалдан авдаг. Ойр дотнынхондоо бэлэглэх нь ч элбэг. Хятадад цэвэр агаар худалдан авах бол яах аргагүй тансаг хэрэглээ. Энэ өвөл ойролцоогоор дөрвөн мянга гаруй ширхэг савласан цэвэр агаар борлуулах гэрээг Хятадын Засгийн газартай хийсэн байна. Мэдээж Хятадын Засгийн газраас нэмж авах хүсэлтээ илэрхийлбэл бид нийлүүлэхэд бэлэн” гэж “Vitality Air” компанийн Хятад дахь худалдааны төлөөлөгч Харрисон Ванг хэлжээ. Тус бүтээгдэхүүний хэрэглэгчид дан ганц Бээжин хотоор зогсохгүй, Хятадын зүүн хойд хэсэг дэх агаарын бохирдолт ихтэй том хотуудын оршин суугчид, Хойд Америк, Энэтхэгт хүртэл байдаг аж. 

Дашрамд дуулгахад, Японы аялал жуулчлалын Фүжисан бүсийн компаниуд цэвэр агаарыг бэлэг дурсгалын зориулалтаар анхлан савлаж байжээ. Хятадууд өөрснөө агаар савлан худалдах хэд хэдэн оролдлого хийж байжээ. Тухайлбал, 2012 оны есдүгээр сард хувиараа аж ахуй эрхлэгч Чэн Гуанбяо гэгч анх агаарыг лаазлан худалдаалж байгаагаа хэвлэлээр зарласан бөгөөд 100 мянган ширхэг лаазтай агаар үйлдвэрлэж, ширхгийг нь дөрвөөс таван юаниар заржээ. 2014 оны гуравдугаар сард Хэнань мужийн Лаү Жүньшаний аялал жуулчлалын цогцолбор интернэт хуудсаараа дамжуулан лаазалсан агаарыг бэлэг дурсгал болгон үйлдвэрлэнэ гэдгээ илэрхийлээд байгаа юм.

Монголдоо "Цэвэр агаар" савлаж заръя

Бидний амьдарч буй Улаанбаатар хот маань ойрын хэдэн арван жилдээ утаатай хэвээр байх нь тодорхой гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй. Мэдээж бодит байдал үүний том нотолгоо. Утаагүй зуух тарааж, гэр хорооллыг орон сууцжуулах, утаагүй түлш үйлдвэрлэх төсөл боловсруулж, “Цэвэр агаар сан” гэсэн тусдаа байгууллага байгуулж хүртэл үзлээ. Аль аль нь төдийлөн амжилттай болоогүй. Үр дүн одоогоор харагдахгүй л байна. Зарим нь бүр төсвийн мөнгөнөөс хумслах гэсэн бодлого боловсруулагчдын заль байсан болохыг цаг хугацаа харуулсан. Үүссэн асуудлыг шийдвэрлэж, агаарын бохирдлыг бууруулах хүртэл “Vitality Air” шиг цэвэр агаар савлаж, зардаг компани байгуулбал хамгийн нүдээ олсон хөрөнгө оруулалт болно”, “10 гаруй тэрбум төгрөгөөр утаагүй түлшний үйлдвэр барихаар төсөвлөн, хаана ч туршигдаагүй, бодит ажил хэрэг болоогүй технологийг “нэвтрүүлэхээр” ажилладаг, манайхан мөн чиг хачин улс шүү. Энэ хөрөнгөөр нэг биш нэлээд хэдэн энэ мэт цэвэр агаар савлан, худалдаалдаг үйлдвэр байгуулж болох байсан байх даа. Улаанбаатар хотоос арав гаруйхан км-т гарчихад л цэвэр агаараар цээж тэнийтэл амьсгалж болно. Тэр утгаараа цэвэр агаар үйлдвэрлэлийн “түүхий эд”-ийг нөөцлөхийн тулд хотоос арав гаруйхан км холдоход л хангалттай.  Өөрөөр хэлбэл Хятад шиг харь орны цэцэрлэгт хүрээлэнгээс агаар худалдан авах шаардлагагүй гэсэн үг”, Агаарын бохирдлыг бууруулах ийм ч хөтөлбөр, тийм ч төсөл гэсээр ард түмэн амьсгалын замын өвчнөөр үхээд дууслаа. Утаагаа багасгаж чадахгүй байгаа бодит байдалтайгаа эвлэрээд "Цэвэр агаар" савлаж зардаг үйлдвэртэй болчихож яагаад болохгүй гэж. Явж, явж утаатай тэмцэх хамгийн ухаалаг арга одоохондоо энэ л болж таарах нь.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өвгөн(66.181.160.118) 2025 оны 03 сарын 13

Энэ ч бас болох л бизнес байна.Тэгэхдээ утаатай тэмцэх ажлаа зогсоож болохгүй.Баригдаад байгаа тэр олон эзэнгүй байшингууддаа гэр хорооллынхныг оруулж баймаар байна ш дээ.Төр баталгаа гаргаж өгөөд иргэд уртынсзээлээр авч болохгүй юу.

1  |  0
khe(202.9.40.65) 2025 оны 03 сарын 13

bas filtertei utaani mask.

1  |  0
Top