Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 14200 тонн дизель түлшний нөөц байгаа аж. Энэ нь ердийн хэрэглээгээр бол 10 орчим өдрийн хэрэгцээг хангах нөөц юм байна. Сүүлийн хагас сарын хугацаанд үргэлжлээд буй дизель түлшний хангамжийн талаар Газрын тосны газар сэтгүүлчдэд мэдээллээ. Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсангаар ахлуулсан ажлын хэсэг нийлүүлэгчидтэй хийсэн хэлэлцээрийн дагуу эхний түлш иржээ. Тухайлбал, урьд шөнө 180 мянган тонн дизель түлш “Шунхлай” компанид буусан байна. Цаашид хэлэлцээр ёсоор 40 мянган тонн дизель түлш ирэхийн 16 мянган тонн нь зургадугаар сарын эхэнд ирэхээр болжээ. Харин энэ сард багтаж 25 мянган тонн нь ирэх ба жижиглэнгийн үнэд өөрчлөлт орохгүй гэж Газрын тосны газрын орлогч дарга Ц.Амраа мэдэгдсэн юм. Мөн цаашид төмөр замын хүчин чадлынхаа хэмжээгээр өдөр бүр дизель түлш импортлохоор боллоо. Тэгэхээр ирэх долоо хоногоос эхлээд шатахууны хязгаарлалт хийхээ больж, хангамж сайжрах аж. Монгол Улсын дизель түлшний нэг сарын хэрэгцээ 35 мянган тонн байдаг ба энэ сард хэрэгцээний дизелиэ авч чадна гэж албаныхан мэдэгдлээ. Мөн тариалалтад 2.7 мянган тонн түлш хэрэглэх ба шатахууны хомсдол тариалалтад сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн юм. Дизель түлш хүрэлцээгүй байгаагаас барилга, бүтээн байгуулалтын компаниуд ажлаа эхлүүлж чадахгүй байгаа. Харин тус газрын орлогч дарга Ц.Амраа “Өчигдөр ЭБЭХЯ-нд Авто тээврийн газар, “Шарын гол”, “Шивээ-Овоо” болон “Багануур” зэрэг улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж, дизель түлшний хангамжийн асуудлаас болж ямар нэгэн ажил зогсоогүй байгаа гэсэн” хэмээн ярилаа.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )