Хятад хүнийг жаахан магтаад орхивол толгойг минь хэн нэг нь хага цохих байх аа. Гэхдээ яахав, дүүрсэн хэрэг. Тэднийг магтахаас аргагүй нэг зүйл байна. Монголчууд бид хөрш орныхоо иргэдээс суралцаасай гэсэндээ ийнхүү зориг гарган өгүүлэх гээд байгаа хэрэг шүү дээ. Түүнээс биш нэг муу бичээчийн толгой хагарах бүү хэл, тасарч унасан ч яахав. Юу вэ гэхээр хятадууд дотооддоо нүрснийхээ 600-гаад орд газрыг хаачихжээ. Нөөцгүй болоод ингэв үү гэвэл үгүй юм байна. Нүүрс нь газрын нэлээд гүн хэсэгт байдаг тул хөрөнгө их шаардах болсон юм гэнэ. Тэгээд Монголоос зөөгөөд хэрэгцээгээ хангана гэж тооцоолсон бололтой. Гэвч манайхаас авч байгаа нүүрс нь тэдний нийт хэрэгцээний хаана нь ч хүрэхгүй. Гэхдээ л ухаан зарж буй хэрэг. Хятадын нүүрсний хэрэглээ улам өссөөр байна. Нүүрс олборлогч, нийлүүлэгч нар Хятадуудад баярлаж байгаа. Эрчим хүчний гол хэрэглээ нь нүүрс болохоор арагүй биз . Цаашид эрчим хүчний хэрэглээ нь 10 гаруй хувиар өсөх төлөвтэй байна. Өнөөдөр дэлхийн нүүрсний нийт хэрэглээний бараг тал хувь нь Хятадад ноогддог хэвээрээ. Энэ онд хятадууд 19,2 тэрбум тонн нүүрс хэрэглэнэ гэнэ. Үүнийг дагаад тэрүү, дэлхийн нүүрсний зах зээлийн үнэ өсч байна. Өнгөрсөн долоо хоногт 5,5 хувиар өслөө. Энэ нь сүүлийн саруудын оргил өсөлт болжээ. Үнэ өссөн өөр шалтгаан ч бий. Японы газар хөдлөлттэй холбоотойгоор тэнд нүүрсний хэрэглээ өссөн. Мөн Австралид үер болж нүүрсний нийлүүлэлт саатсан зэрэг нь үнэд нөлөөлжээ. Ийм нөхцөлд манайхаас Хятадад нийлүүлж байгаа нүүрсний үнэ өсөхгүй, харин ч хямд байгаа юм. Барагцаалбал, нэг тонн нүүрсээ 30 доллараар өгч байна. Дотоодын хэрэглэгч нартаа өгч байгаагаас энэ нь бас үнэтэй байгаа юм. Хятадууд тэгэхээр ухаантай байгаа биз дээ. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсөх тусам манайхаас хямд нүүрс авч чадаж байна. Тэд дотооддоо хаачихаад байгаа нүүрсний орд газраа хожим ядрахын цагтаа хэрэглэнэ гээд нөөцөлж байна. Хойч үеийнхэндээ улс орноо өөд нь татаад аваад явахад нь зориулан хадгалах гэж байж ч болох юм. Түүгээрээ эрчим хүч, гангийн болон бусад үйлдвэрлэлээ дэмжихээ мэдэлгүй яахав. Хятад санаа гэж үнэндээ ийм энгийн атлаа агуу юм л даа. Монголчууд бид харин юу байгаагаа дэлгэж тавиад зөөж л байдаг. Хэзээ нэгэн цагт дуусдаг баялаг шүү дээ.
Х.Тулга. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )