Нийслэлийн 378 жилийн ой энэ сарын 29-нд болно. Ойн өдрийг угтсан арга хэмжээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн хувь нэмрийг оруулж, идэвхтэй оролцож байна. Тухайлбал, “Жэй Си Дэко Монголиа” компанийн залуус нийслэлийн гудамж талбайд байрлах мэдээллийн самбар болон автобусны буудлууд дахь сурталчилгааны самбараар дамжуулан нийслэлчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Уг ажлыг тэд өөрсдийн санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн юм байна. Нийслэлчүүддээ гэнэтийн бэлэг барьсан “Жэй Си Дэко Монголиа” компанийн залуус нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын баталсан зураг, төсвийн дагуу өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар сүүдрэвч, мэдээллийн байгууламж, сандал, хогийн сав бүхий 143 автобусны буудлыг олон улсын стандарт шаардлага хангасан түвшинд тохижуулж, ашиглалтад оруулж байсан билээ.
Түүнчлэн нийслэлийн ойг угтан “Их хотын хямдрал” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн уламжлалтай. Тав дахь жилдээ зохион байгуулж буй “Их хотын хямдрал-378” арга хэмжээний нээлтийн ёслол энэ сарын 18-нд Улаанбаатар их дэлгүүрт болсон билээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )