Сонгуулийн тухай хуулийг хойшлуулав

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 18

Д.Лүндээжанцан, Л.Болд нарын санаачилсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг ойрын үед хуралдаж амжаагүй гэнэ. Учир нь ажлын хэсгийн зарим гишүүн гадаад дотоодод томилолттой байгаа болохоор хуралдаагүй байна. Иймд ажлын хэсэг сонгуулийн тухай хуулийн талаар саналын томъёоллуудыг нэгтгэж эцэслээгүй байгаа аж. Улс төрийн бусад нам, төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөнөөс сонгуулийн хуультай холбогдуулж ажлын хэсэгт ирүүлсэн саналыг нэгтгэх юм байна. Ингээд нэг мөр болгоод үлдсэн саналуудыг Төрийн байгуулалтын байнгын хорооны долоо хоногийн хуралдаанд хэлэлцүүлэхээр хойшлуулав. Өмнө нь 28 саналаар санал хураалт явуулсан. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Энхболдын хэлж байгаагаар 200 орчим саналаар санал хураах учиртай. Үлдсэн 170 орчим саналыг дараагийн хуралдаанд нэг мөр болгох аж. Өмнөх хуралдааны үеэр сонгуулийн тогтолцоог холимог болгон өөрчлөхийг дэмжсэн байгаа. Ажлын хэсэг саналын томъёоллуудаа холимог хувилбарт тохируулж бэлдсэн байна.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top