МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦЭВЭЭН МЭРГЭН
Монгол түмний үндэс угсаа, хэл соёл, язгуураараа бахархан бахдахын сэтгэлийг дэврээж байдаг эрийн гурван наадмын тулгын чулуу болсон хурдан морь, хүчит бөх, эрхий мэргэн харваачид бол мөн чанартаа улс үндэстнийхээ тусгаар тогтнолын торгон хилийг манагчид юм. Энх цагийн эх орны манаа, дэлхийн даяаршлаас туурга тусгаар улсынхаа өв соёлыг өмгөөлөн хамгаалж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх үйлсэд энэ биеэ зориулсан зүтгэлтнүүдийн нэг нь МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гарамгай мэргэн Аюушийн Цэвээн агсан юм. Төрийн тэргүүний хэлсэнчлэн “Нэгэн цагт тухайн улс үндэстний тэсэн үлдэх хийгээд мандан бадрахуйн түшиг тулгуур болж байсан харвааг хөгжүүлэхэд нэг насны амьдралаа зориулж төрийнхөө наадамд дөрвөнтээ түрүүлэн, найм үзүүрлэж, олон арван шавь бэлтгэн, басхүү соёлын эрхэм өв эвэр нум бүтээх үйлсийг биечлэн үлгэрлэсэн” А.Цэвээн мэргэн 90 насандаа Хөдөлмөрийн Баатар хэмээх нэр хүндтэй шагналыг гардан авч, сураас төрсөн анхны Баатар болсон билээ. Буурал мэргэний хөдөлмөр бүтээлийг төр засгийн хэмжээнд ийнхүү өндрөөр үнэлсэн нь угтаа нийт харваачдын хичээл зүтгэлийг үнэлж буй хэрэг хэмээн сурынхан талархаж байлаа. Ингээд эрхэм уншигч та бүхэндээ сураас төрсөн анхны Хөдөлмөрийн баатар МУ-ын Гарамгай мэргэн Аюушийн Цэвээний түүхэн замналыг товчлон хүргэе.
АХМАД ДАЙЧИН АЮУШИЙН ЦЭВЭЭН
Эдүгээгээс 90 жилийн тэртээ буюу 1924 оны долдугаар сарын 1-нд Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг Олон овоот хэмээх газар ард Доржийнд нэгэн хүү мэндэлсэн нь энэ цагийн бахархалт хөвгүүн Цэвээн байлаа. Ороо бусгаа цаг үед айлын гурав дахь хүү болон мэндэлсэн түүнийг ээж нь төрсөн эгчдээ өргүүлж, хожмын нэрт харваач тэр айлын өрхийн тэргүүнээр буюу Аюушийн хэмээн овоглогдох болсон гэдэг. Голомт залгах хүний ганц хүүгийн хүүхэд насны гэгээн дурсамж Баян-Уул сумын Хөхчулуу, Хужиртаан хэмээх газруудад өнгөрч, таван настайдаа Хужиртааны дацанд шавилан сууж хэдэн жил номын дуу сонсчээ. Улмаар 1944 онд цэрэгт мордож, Тамсагийн зургадугаар морьт дивизийн холбоо сумангийн ангид алба хаан, Халхголын чөлөөлөх дайнд оролцон эх орноо хамгаалж, хоёрдугаар зэргийн мэдээчин 1948 онд халагдан ирж байжээ. Тухайн үед А.Цэвээнд офицерийн курст суралцан цааш ахиж дэвших боломж байсан ч “Гэртээ заавал ирээрэй” гэсэн ээжийнхээ захиасыг даган нутагтаа ирж, багийн дарга, шинэ үсгийн багш зэрэг ажлыг хийж байв. А.Цэвээн Мэргэн гарал угсааны хувьд Хамниган буриад хүн. Буриад зон олныг хяхан хавчиж, хэлмэгдүүлж асан ороо бусгаа цагийн хар сүүдэр түүнийг ч бас тойрсонгүй. Төрсөн эцэг Дорж нь номын мөр хөөсөн бурханч лам байсан тул хэлмэгдүүлэлтийн сургаар эхнэр хүүхдээ аван Оросыг зорьжээ. Тэр цагаас хойш сураг тасарч олон жилийг үдсэн ч А.Цэвээн сэтгэл дотроо төрсөн эцэг эхээ үгүйлсээр байж. Харин 1959 оны нэгэн нарлаг өдөр А.Цэвээн хэсэг нөхдийн хамт Онон голын хөвөөгөөр давхиж явтал нөгөө эргээр буриад морин тэрэг хөлөглөсөн хоёр хүн явж байх нь тэр. Битүүхэндээ төрсөн эцэг эхийнхээ сургийг гаргачих юмсан хэмээн бодож явсан тэрээр нөгөө хүмүүсийг дуудсан ч сонссонгүй. Харин тэгтэл цагаан морьтой орос эр гарч ирээд хэрэг зоригийг нь лавлан нөгөөх тэрэгтэй хүмүүст хэл дамжуулж тусалжээ.Ингээд санаандгүй таарсан хоёр бууралтай голын наана цаанаас мэнд мэдэн, амрыг айлтгавал “хэний хүү хэн гээч” болохыг нь асууж, Мэргэн ч нэр усаа хэлж. Тэгтэл эмэгтэй нь “Би чиний төрсөн ээж чинь байна” хэмээн гэнэтийн баярт мэдээг дуулгажээ. Тэр даруй А.Цэвээн Онон голыг завиар гаталж хилийн бүсэд хадлан хадаж байсан төрсөн ээжтэйгээ уулзан бүтэн өдрийн турш хууч дэлгэн хөөрөлдсөн гэдэг. Энэ бол А.Цэвээн мэргэний хүмүүн биеийг нь цогцлоосон ээжийгээ эхний бөгөөд эцсийн удаа харсан мартагдашгүй өдөр байсан юм. Тэрхүү үйл явдлаас хойш хоёр жилийн дараа Орост урилгаар очиход нь ээж нь бурхны орноо одож, харин аав нь хадлангаа хадаж байсан гэдэг.
ӨНӨР БҮЛИЙН ТЭРГҮҮН, ИХ ХОТЫН ИРГЭН
Буриадад эхнэр болох бүсгүйгээ гэрээс нь оргуулдаг эртний ёсон бий. Тэр заншлын дагуу цэргээс халагдаж ирээд удаагүй байхдаа нэг нутгийн Батмөнхийн Балам хэмээх бүсгүйд сэтгэл алдарсан А.Цэвээн эртний заншлын дагуу оргуулан гэргийгээ болгожээ. Эднийх гурван охин, гурван хүүтэй өнөр бүл. Гэхдээ тэдний хүссэнчлэн амьдрал нь дардан шулуун байсангүй. Тоонот гэрт толгой холбон, тостой тогоонд хошуу дүрж 13 жилийг үдсэн ч үрийн заяа хайрласангүй. Арга ядсан гэргий нь Сандуй хэмээх бурханы номыг үүрэн Баргын хийд хүртэл явж мөргөл үйлдэж байж 1961 онд ууган охиноо өлгийдөн авч, удалгүй гурван хүү нь төрж гэр дүүрэн гэгээтэй болсон гэнэ лээ. Тийнхүү олон жил үр хүүхэдгүй байхдаа А.Цэвээн өөрийн хамаатны хоёр охиныг өргөж авсан бөгөөд гурван охин, гурван хүүгийн үр хүүхэд, ач гуч гээд өдгөө өнөр бүлийн хүндэт тэргүүн болжээ. А.Цэвээн 1948-1951 оныг хүртэл багийн дарга, шинэ үсгийн багш хийж байгаад 1951-1955 он хүртэл Эрээний тэрэгний үйлдвэрт Хөдөлмөрийн баатар Батаа болон Нямсүрэн Мэргэний аав Цэрэндоржийн Дондог нартай хамтран ажиллаж байгаад 1955 онд эгчийгээ эмчлүүлэхээр хотод ирж улмаар энд суурьшсан байна. Төд удалгүй төмөр замд ажилд орж 1969 он хүртэл Толгойт өртөөний
жижүүрээр ажиллаж байгаад 1977- 1978 онуудад нефть хангамжийн төв баазад автобусны жолооч, 1978 оноос такси баазад том тэрэгний жолоочоор ажилд орж зуслангийн чиглэлд хүн тээвэрлэдэг болсон байна.
“ХАМУУР” ЦЭВЭЭН
А.Цэвээн Мэргэнийг сурын спортод хөтлөн оруулсан хүн бол МУ-ын Мэргэн Цэрэндоржийн Пүрэв юм.Нэг нутаг усны эртний танилууд олон жилийн дараа /1972 оны/ нэгэн амралтын өдөр санаандгүй таарч. Нутаг ус амьдрал ахуй ярилцан хэсэг хөөрөлдсөний эцэст Ц.Пүрэв нь “Хагас бүтэн сайнд юу хийж байна“ хэмээж А.Цэвээн ч “Туул голоос тул барьдаг” хэмээн үнэнээ өчжээ. Үүнийг сонссон Пүрэв “Тэгвэл энд ирж харваж бай” хэмээн нэг талын урилга, нөгөө талын даалгавар өгч, “сур” гэх өнөр бүлд хөл тавих тийзийг нь атгуулсан гэдэг. Ийнхүү урилгаа авахдаа А.Цэвээн хэдийнэ 48 нас хүрсэн байлаа. Гэсэн ч ухарч буцсангүй. 1972 оны тавдугаар сарын нэгэнд анх сурын талбай дээр очиж, хасаанд дөрвөн сум харвахдаа гурвыг нь онож, ихэд урамшсан гэдэг. Хожим энэ тухайгаа дурсахдаа “Нутагтаа байхдаа буриад сур харвадаг байсан нь” тийнхүү дөхөм болсон байх” хэмээн хуучилдаг билээ. Ийнхүү сурын спортоор хичээллэж эхэлснээс хойш нэг жилийн дараа буюу 1973 оны улсын баяр наадамд анх түрүүлж Мэргэн цолыг хүртэн өнөөдрийн их амжилтынхаа үүдийг нээсэн тэрээр 1976, 1984, 1988 онуудад дахин түрүүлж, МУ-ын Гарамгай мэргэн хэмээн эрхэм цолны эзэн болсон байдаг. Гэхдээ сайн ажиглавал аливаа юмны учрал тохиол бас л сонин. 1976 оны баяр наадамд хоёр дахиа түрүүлж хошой Мэргэн болоход нь отгон хүү Ц.Батчулуун нь өсвөрийн харваанд манлайлж, аав хүү хоёр төрийн наадмын түрүүг хамт хүртэж байжээ. Харин 1984 онд гурав дахиа түрүүлэхдээ тэрээр 60, 1988 онд дөрөв дэхээ түрүүлэхдээ 64 настай байлаа. Жаргаж суух жар гаруй насандаа төрийн наадмын түрүүг хоёронтоо хүртэж Гарамгай мэргэн цол хүртсэн харваач А.Цэвээн Мэргэнээс өөр байхгүй. Гарамгай мэргэн улсын баяр наадамд дөрөв түрүүлсэнээс гадна найман удаа аман хүзүүдэж, 4-5 товх харвасан байдаг нь түүнийг ямархан чансаатай харваач болохыг давхар илтгэх бизээ. Бас нэгэн сонирхолтой түүхийг энд нэмж өгүүлэхэд 60- аас дээш настай харваачдын дунд 2004 онд анх удаа улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад 80 настай Гарамгай мэргэн түрүүлж Улсын аварга болж байлаа. Түүгээр ч тогтохгүй нэг жилийн тэмцээн уралдааныг хамчихаад “хамуур” Цэвээн хэмээн гочлуулж байхав. Хамуур Цэвээний хөдөлмөр зүтгэлийг төр үнэлж 1989 онд Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, 2003 онд МУ-ын Гавьяат тамирчин цол хүртээж байжээ. Мөн түүнчлэн Халхголын чөлөөлөх дайнд оролцсон гавьяаг нь үнэлэн “Бид ялав” одонгоор шагнасан нь эрхэм хүндтэй шагналуудынх нь нэгэнд тооцогддог гэнэ лээ. Дашрамд сонирхуулахад төрөлх сумтайгаа чацуу А.Цэвээн агсан зөвхөн сураар хичээллээд зогсохгүй шатар, дугуйн спортоор хичээллэж, шатрын спортын нэгдүгээр зэргийн тамирчин байжээ.
1984 ОНД ГУРАВ ДАХИА ТҮРҮҮЛЭХДЭЭ ТЭРЭЭР 60, 1988 ОНД ДӨРӨВ ДЭХЭЭ ТҮРҮҮЛЭХДЭЭ 64 НАСТАЙ БАЙЛАА. ЖАРГАЖ СУУХ ЖАР ГАРУЙ НАСАНДАА ТӨРИЙН НААДМЫН ТҮРҮҮГ ХОЁРОНТОО ХҮРТСЭН ХАРВААЧ ӨӨР БАЙХГҮЙ.
ШАВИЙН ЭРДЭМ БАГШААС...
Хөдөлмөрийн баатарын шавь гэдгээрээ бахархах олон харваач бий. Тэднээс МУ-ын Гарамгай мэргэн нэг, Мэргэн гурав, спортын мастер 20 гаруй төрөөд байна. Ардын хувьсгал ялснаас хойшхи Монгол төрийн наадамд дөрвөнтөө төрүүлсэн зургаан эрэгтэй харваач байдгийн хоёр нь А.Цэвээн, түүний хүү Ц.Хүдэрчулуун нар юм. Дунд хүү Ц.Хүдэрчулуун нь 1987 онд анх түрүүлж Мэргэн,1994 онд хоёр дахиа түрүүлж Хошой мэргэн, 2002 онд гурав дахиа түрүүлж Гоц мэргэн, 2012 онд дөрөв дэхээ түрүүлж Гарамгай мэргэн цол хүртэн Монгол сурын харвааны түүхэн дэх цорын ганц аав хүү Гарамгай мэргэчүүд болсон юм. Сурын түүхэнд шинэ амжилт тогтоосон 2012 оны улсын наадмын шийдвэрлэх мөч. Сүүлийн дөрвөн сум тавих тэр мөчид А.Цэвээн мэргэн сэтгэл хөдлөлөө дарж ядан “Миний хүү сайн барьж харваарай” хэмээн зөвлөсөн гэдэг. Ц.Хүдэрчулуун мэргэн ч аавынхаа захиасыг даган тайван харваснаар төрийн наадамд дөрөв дэхээ түрүүлж, насан өндөр аавынхаа магнайг тэнийлгэн шинэ амжилтын эзэд болцгоосон билээ. Түүнчлэн А.Цэвээн Мэргэний үр хүүхдүүд нь сураар хичээллэж отгон хүү Ц.Батчулуун, зээ хүү Ганбаатар, Энхчулуун нар нь спортын мастер цолтой болоод байгаа бол Ц.Хүдэрчулуун мэргэний гурав дахь хүү Х.Хүчитчулуун мөн сүүлийн үед харваж байгаа билээ. Дашрамд сонирхуулахад 1975 онд ууган хүү Идэрчулуун нь өсвөрийн аварга шалгаруулах харваанд түрүүлснээс хойш энэ бүлийн залуус 14 удаагийн түрүү хүртсэнийг дуулгахад таатай байна.
ЭРХЭМ ӨВ ЭВЭР НУМ
МУ-ын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамирчин А.Цэвээн өөрөө харваж амжилт гаргахаас гадна үр хойчдоо өвлүүлэн үлдээхэд ихээн хувь нэмрээ оруулсан эрхэм хүн юм. Тэрээр 1980-аад оны үеэс эхлэн нагац ах Санжаагийн Зундуй, Цэрэндоржийн Пүрэв нараар заалган нум урласнаас хойш барагцаагаар мянган нум бүтээжээ. Харваачид “Нум, сум, хүн гурав нийлж байж сая онодог” хэмээдэг. Харваач амжилт гаргах гурван гол үндсийн хоёрыг бүтээдэг А.Цэвээний урласан нумаар олон харваач амжилтад хүрч, алдар нэрээ дуудуулсан билээ. Жишээлбэл МУ-ын Гоц Мэргэн Баттөмөр, Хошой мэргэн Баасанхүү, Мэргэн Сүлдболд, Норжмаа гээд дурдаад байвал олон. Өдгөө буурал харваачийн нум урлах эрдмийг зээ хүү Энхчулуун нь өвлөн авч үндэсний сурын харвааны хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж бол хүү Ц.Хүдэрчулуун нь “Хавт Хасар-111” нэртэй клуб нээн ирээдүйн харваачдыг бэлтгэж байна. Ийнхүү МУ-ын Хөдөлмөрийн Баатар А.Цэвээн агсны тэртээ 40 гаруй жилийн өмнөөс үндэсний сурд тарьсан мод цэцэглэн ургаж, үр жимсээ харамгүй хайрласаар байна.
А.Эрдэнэтуяа
2017-12 сар. “Зиндаа” сэтгүүл №1 /501/
Сэтгэгдэл ( 0 )