“Өвс, тэжээл, улаанбуудай оруулж ирэх компаниудад боломжийг тэгш олго”

2017 оны 11 сарын 30

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ийнхүү шийдсэнээр хилээр оруулж ирэх улаанбуудай, өвс, малын тэжээлийг  ирэх арванхоёрдугаар сарын 04-нөөс татваргүйгээр оруулж ирэх бүрэн боломжтой болж байгаа юм.

Уг асуудлыг чуулганаар хэлэлцэх үеэр улаанбуудай, өвс, тэжээлийг оруулж ирэх компаниудыг квотоор тогтоож, гэрээг урьдчилан хийсэн нь компаниудыг ялгаварлаж, аль нэг компанид давуу эрх олгож улмаар өрсөлдөөн бий болж үнэ хямдрах боломжийг хааж байгаа тухай асуудлыг хөндсөн юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Өвс тэжээл улаанбуудайг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгаа энэ үед оруулж  ирэх компаниудад боломжийг тэгш эрх олгох ёстой. Зөвхөн эдгээр компаниуд л өвс, тэжээл оруулж ирнэ гэж зааж, ялгаварлаж байгаа нь зөв юм уу. Аль чанартай, хурдан, хямд үнээр оруулж ирж байгаа бусад компаниудад нь яагаад болохгүй байгаа юм. Өрсөлдөөн бий болж байж л үнэ буурна шүү дээ. Заавал тогтоож өгөхөө болих хэрэгтэй” гэсэн юм. Нөгөөтэйгүүр Ховд аймагт өвөлжилт хүндрэх шинжтэй байна. Өнгөрсөн есдүгээр сард УИХ-ын гишүүн О.Батнасантай хамтран Ховд аймгийн бүх сум, багийн малчин, удирдах ажилтнуудыг оролцуулсан “Малчин удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг зохион байгуулсан. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэн боодол өвсгийг 2500 төгрөгөөр Цагаануурын боомтоор оруулж ирнэ гэж мэдэгдсэн. Ховд аймгийн малчид 2500 төгрөгийн боодол өвс ирэхийг хүлээж байна. Тухайн үед 3500 төгрөг гэж байсан боодол өвсийг 2500 төгрөгөөр зарагдана гээд авалгүй хүлээсээр одоо боодол өвс 7000 төгрөгт хүрээд байна. Татвараас нь чөлөөлж байгаа энэ үед 2500 төгрөгөөс ч хямдаар зарах боломжтой шүү. Ховд аймгийн малчид маань хямд өвсөө хүлээсээр байна. Ярьсан бол хийх хэрэгтэй, төрийн залгамж чанар гэж байх ёстой” гэж хатуухан анхаарууллаа.  

Мөн тэрээр хилээр гурил, улаанбуудай оруулж ирэхийг хориглосноос шалтгаалан алслагдсан аймгууд тэр дундаа Ховд аймгийн иргэд гурилыг өндөр үнээр худалдан авч, хохирсоор байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт хөндөж, асуудлыг шийдэх гарцыг хэлсэн юм. Тэрээр “Баруун аймгуудын хилээр гурил оруулж ирэхийг яагаад орхигдуулав аа. Баруун аймгуудад гурилын үйлдвэр байхгүй тул гурил үйлдвэрлэх боломжгүй. Улаанбаатарт үйлдвэрлэсэн гурилыг 1500 км зайд зөөвөрлөх тээврийн хөлсөөс хамаараад үнэ багагүй нэмэгдэж иргэдэд очиж байна. Улаанбаатарт 1 кг гурил 1000 төгрөг байхад Ховд Баян-Өлгий зэрэг аймгуудад гурил 1300 төгрөг байна. Өнөөдөр улаанбуудайг хилээр оруулж ирэхэд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөллөө. Энэ үед бусад газруудад улаанбуудай, баруун аймгуудад Цагаануурын боомтоор гурилыг татваргүй оруулж ирнэ гээд зохицуулах боломж байна шүү дээ. Иргэд маань хохирч байна” гэсэн юм.

Энэ асуудалд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой, эх орныхоо гурилын хэрэгцээг хангана гээд энэ асуудлыг тань ажлын хэсэг хуралдах үеэр дэмжээгүй” гэж хариуллаа.

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top