Оргил гэмээ нь холдоо бараатай, бэлдээ нөмөртэй

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 08

НАМРЫН ХОНГОР ГОВЬД

Говийн дунайсан цэнхэр тэнгэрийн доор зургаан өртөө үргэлжлэх Хонгорын элсэн уул зүүн урагш ширээ ширээ атан тэмээд шиг хошууран цувж шаргалтана. Түүний ар хормойгоор нов ногоон зүлгэн дундуур Хонгорын гол гилтэлзэн урсаад, Сэрүүн булгийн ус жирэлзэн мэлтгэнэнэ. Тэртээ баруунаа Хатан Сэврэйн уул галын хөх дөл шиг цоролзон асна. Байгалийн энэ хосгүй үзэсгэлэнг биширцгээсэн зохиолч найрагчид, зочид гийчид Хонгорын элсний нар наадсан бүлээн зулай дээр суун авай. Энэ бол 1979 оны 9-р сарын 17-ны өдөр. Монголын утга зохиолын арав хоног Өмнөговь аймагт үргэлжилж байлаа. Уран зохиолын маань өрлөг ижий С.Удвал, их Явуу, Пүрэвдорж, Эрдэнэ, Пүрэвсүрэн, Дашдооров гээд уран үгийн дархчуул, хасаг Олжас, нивх В.Л.Санги, унгар Чоба Варга зэрэг харь холын зохиолчид шүлэг найргаа уншицгааж, говьчуудын сэтгэлд найргийн хур асгаж байлаа. Энэ ажиллагааг Дэндэвийн Пүрэвдорж хөтөлсөн юм. “Маргад тэнгэрийн чулуун зүмбэр Манант говийн үүлэн сүмбэр Сэгс цагаан Богд ууланд Сэтгэл байвал жаргал байна” гэсэн яруу сайхан мөрүүд дуурсана. Зохиолчийн өөрийнх нь дуу хоолойноос, нүүр царайгий нь харан сууж шүлгийг нь сонсоно гэдэг уншигчийн баяр жаргал байдаг. Намрын тэр хонгор өдөр говьчууд ийм жаргалыг эдэлж билээ. Эл бүгдийг дурсан хуучлахын учир нь эдүгээ Ардын уран зохиолчийн алтан сэнтийд залран буй Пүүжий багшийн олон шавийн нэг гэгдэж яваадаа омогшсоных юм аа. Найрагчийн сэтгэлийн аугаа их ертөнцийг найрагч хүн л илүү мэдэрдгийн учир багшийнхаа хөргийг ийнхүү урлаж суугаагаа оршил болгон хэлсү. Хориодхон насандаа “Алтан намар” хэмээх дууны шүлгээр уран бүтээлийн замаа эхэлсэн Эрээн уулнаас эрдэм, найраг хоёрын замд өдлөн ниссэн хийморилог энэ найрагч Монголын яруу найрагт, тэр дундаа найраглалын төрөлд томхон шинэчлэл хийснийг эрдэмтэн судлаачид нэгэн дуугаар зөвшөөрдөг билээ. Сүүлийн жилүүдэд “Хорин таван найраглал”-аа баринтаглан “Хөх үндэсний гал” түүврээ хэвлүүлж, “Улаан гэрийн хоригдол”, “Бор гэрийн богд” зэрэг уншсан хүний ухаарлын учиг уртасгаж, урмын гал хөгжөөх дурсамж хөрөг, эмзэглэл, эргэцүүллийн туурвилууд, “Тарчилсан сүнс” романаа монгол түмэндээ өргөн барьсан Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Дэндэвийн Пүрэвдорж найрагчийг унаган монгол төдийгүй уужим дэлхий мэддэг гэдгийг хэлмээр байна.

БОР ГЭРИЙН БОГД

Жил гаруйхны өмнө найрагч маань “Бор гэрийн богд” нэртэй бодол дурсамжийн сайхан ном бүтээж уншигч түмэндээ барьсан. Яруу найрагчийн амьдрал намтар, үзэл бодол, цаг цагийн мэдрэмжийг энэ номноос бүрнээ мэдэж болно. Эл хөрөг дурдатгалдаа “Бор гэрийн богд”-оос цөөхөн өгүүлбэрийг ишилье. Зохиолчийн ертөнц гэдэг хэлсэн үг, хийсэн бүтээлээс нь тодордог бус уу! Энэ нь бас зохиолчийн дотоод ертөнцийг нээж, хөрөг дүрийг нь тодосгож буй хэрэг. “Даяаршил нь бүдүүн тоймоор хэлбэл, “хавтгайдаа” гэсэн буюу хуучнаар бол “танай манай хамаагүй, тамхи байна таваарш аа” гэдэг шиг өнгө бий. Үүний наана нь айлсал, цаана нь үндэсний үгүйтгэлийн урхаг буйд хорвоод бас цөөнгүй хүн цэрвэж байгаа. Тиймээс бид солонго хөөсөн хүүхдүүд шиг гуяа алгадаж гүйхгүй. Даяаршил руу хоёр нүд тас аньж, хоршооны хонь шиг туулгахгүй гэж би хэгжүүрхэнэ. Бид чинь морьтон хөөдөг нохой шиг дагаж далбаганаад халширлаа шүү дээ”. “Миний мөлхөж гэтэлсэн хорьдугаар зуунд “Би”-гийн дээр тэнгэр бус нам байсан. Иргэний цорын ганц шалгуур нь намд хязгааргүй үнэнч байх, үгүй ядахдаа үнэнч юм шиг харагдах хүлцэнгүйрэл байв. Ард түмэн та нар төрийн эзэн гэж могдорлоод гэрийн тэжээмэл амьтан болгодог нь дарангуйллын башир заль мөн. Бидний “би” явах газар хүрээтэй, хэлэх үг хэмжээтэй, малгайгаа байтугай, толгойгоо өгөхдөө “мандтугай” гэж хашгирах ёстой байлаа. Олон хүн ийм лоозонтой буудуулсан”. “Цаг хугацаа улирсан ч бидний үндэстэн илааршаагүй л байна. Даргамсал, хэргэмсэл, авлига, баярхал, хувхайрал, залбирал, зэрлэгшил, тэнгэрлэг заяанд минь тэрссээр л байгаа нь аюул. ...Гэмт хэрэгтэн, авлигачин, архичны хар сүрэг Монголыг маань боорложээ. Эмс охидын энгэр мөнгөнд задгайрч, үндэсний цус булингартаж, өмдөөрөө авсан өвчин, дархлааны тахал нүүрлэлээ”. “Өнөө үеийнхэнд түүхийн үнэнийг сануулж хэлэх үүрэг бидэнд бий. Эх орон, эрх чөлөөний үнэ цэнийг тэдэнд үнэнээр нь хүргэе. Ардчиллаас юу хүртэв гэж надаас асуувал би огтхон эргэлзэхгүйгээр миний “Би”-г өгсөн гэж хариулна. Авах юм нь энэ л юм чинь”. “Бор гэрийн богд”-д найрагч маань ийн бичжээ. Өнгөрсөн үеийг мэдэхгүйгээр, өнөө үеэ цэгнэхгүйгээр улс гүрэн, хувь хүн хол явдаггүй түүхийн хатуу үнэн бий. Үүнийг бичигч би нэгэн өгүүлэлдээ, “Харийн нөлөө хэтэрвээс үндэсний аюул нүүрлэнэ” хэмээн том дуугарсан. Миний энэ дууг “Бор гэрийн Богд” улам баталсныг дээрх ишлэлүүд тодруулж байна. “Үндсэрхэж, ясархаж, цусархаж чадахгүй юм бол эх орноосоо бид алдууран, эзэнгүй тэнэмэл, эхгүй өнчин, эх оронгүй золбин болох бус уу. Эх орноо бид алдах дөхсөн түүхийн гашуун сургамжийг мартаж болохгүй! Эл бүгдийг товчлоод найрагчийн намтар түүх рүү эргэн оръё. 1960-аад онд Москвад Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцаж, Сэнгээ багшийнхаа туурайг хатаан, эрдмийн аянаас “Жигүүрт цагаан гэртээ” эргэн ирсэн найрагч тэр л үеэс цагийг эзэлсэн шүлэгчийн зиндаанд орж ирээд зогсоогүй олон залуусыг уран бүтээлийн замд хөтлөн, яруу найрагчдын бүхэл бүтэн армийг командлан Монголын уран зохиолын асар цагаан өргөөний ам бүлийг өнөржүүлэхэд ач буянаа хайрласан буурлуудын нэг нь Пүүжий багш юм аа. Цагаан морин жилийг өөрийн гэсэн “Голомт”- ныхоо хойморт их эзэн Чингис богдоо сүлдлэн тахиж, “Тусгаар тогтнол”-оо зарлах эрх чөлөөтэй болсны учир тийнхүү найрагч маань өөрийгөө “Улаан гэрийн хоригдол”-оос “Бор гэрийн богд”-д өргөмжилсөн нь тодорхой. Хоригдлоос богд хүрэх замыг миний ард түмэн бор гэртээ богд, хар гэртээ хаан гэж хэлэлцдэг. Эрх чөлөөтэй, өөрийн мэдэлтэй байх нь хэн хүний жаргал болой. Бичгийн хүнд энэ бол үгээ хэлэх, үзлээ илэрхийлэх эрх чөлөө бүрэн дүүрэн болсныг хэлэх бус уу. Бидэнд богд байх, хаан байх боломж огтхон ч байгаагүй гэдгийг мартаж хэзээ ч болохгүй! Хэдэн зуун шүлэг, дуу, 50 гаруй найраглал, дууль, дуурийн цомнол, дурсамж эргэцүүллийн олон бүтээл туурвисан бичгийн их авьяастны тухай товчхон бичиглэв. “Бидний монголчууд” цувралын нэгэн боть болж гарсан “Бор гэрийн богд” номын төгсгөлд Орхунт Ц.Гомбосүрэн гуай “...Ахуй амьдралын энэхэн тэрхэнээс авахуулаад учир хөврөл урттай, учир начир нарийнтай элдэв хэрэг зоригийг эх түүх, энгүй хорвоогийн эрээн бараантай шүтэлцүүлэн, нөгөө л уран тансаг, амт шүлт төгөлдөр монгол хэл юугаа агсамнуулан тэлмүүлж, алиа хошин шог, адат ёгтоор шигтгээлэн тоноглоод, номын ариун ширээнээ залж буй нь энэ ажээ” гэж бичсэн бий. Нэрт дипломат, орчуулагчийн энэ үг найрагчийн ур чадвар хийгээд ухаан билгийг машид онож хэлжээ хэмээн өчүүхэн бичээч би урамшин баярланам. Баярлахын учир гэвэл анхны хэнз балчир шүлгээс минь аваад ууган номыг нь өлгийдөн, гэрэлт харгуйд намайг өдий болтол хөтөлж, түшиж яваа энэ ардын уран зохиолчийн олон арван шавийн нэг гэгдэж байгаад орших бус уу! Монголын яруу найраг өөдлөн хөгжиж, өрнөн бадрахад Дэндэвийн Пүрэвдоржийн сэтгэлийн гал, зүтгэлийн хүч үлэмжхэн орсон юм шүү гэдгийг онцлон хэлэх учиртай. Найрагч маань амь нас, сүр сүлд, андгай тангараг, шүлэг зохиолоо эх оронтойгоо насан үүрд холбож, түүнийгээ ч чин шударгаар мөрдөн баримталж, хардлага сэрдлэг, хавчлага мөрдлөг, үгийн хог, үзлийн бугийг үнэний гэрлээр ялан дийлэхийн үлгэрийг үзүүлж чадсан нэгэн бөгөөд тэрээр Монголын яруу найргийн сүмбэр цагаан оргилын нэг бүлгээ. Оргил гэмээ нь холдоо бараатайгаас гадна бэлдээ нөмөртэй, бас түшигтэй байдаг билээ л.

С.ПҮРЭВДОРЖ, Б.ЯВУУХУЛАН, С.ЭРДЭНЭ 1960-аад он

“ТУСГААР ТОГТНОЛЫГ” ТУНХАГЛАН БИЧИГЧ

Энэхүү хөргийг би 2007 онд бичжээ. Би 2000 оноос хойш “Хийморь”, “Зиндаа” сонинуудад уран сайхны редактор, сэтгүүлчийн алба арваад жил хашихдаа уран зохиолын нүүр 100 орчмыг гаргахын хамт гучаад зохиолчийн тухай хөрөг дурсамж нийтлүүлжээ. Энэ жилүүдэд Пүүжий багш “Монголын нууц товчоо” утга зохиолын дээд сургуулийн захирал хийж байлаа. Олон авьяаслаг залуус энэ сургуулиас төрсөн бөгөөд тэдний нэлээдийнх нь бүтээлийг би сониндоо тавьдаг байлаа. “За шуудан хүргэгч Цэрмаа ирлээ” гэх юм уу, эсвэл “Мэдээ хүргэгч Дампил ирлээ” гээд инээмсэглэн угтах, тэгээд бас тамхилах. Цагий нь хороогоод яахав дээ гэж бодоод би хориод минут ярьж байгаад гарна. Яг энэ жилүүдэд надад “Бор гэрийн Богд”, “Улаан гэрийн хоригдол”, “Улаан зүүд”, “Тарчилсан сүнс”, “Хөх үндэсний гал”, “Хорин таван найраглал”, “Нарны жавар” зэрэг бүтээлээ гарын үсгээ зураад дурсгасан байдаг. Номон дээрээ олон үг бичихгүй, ердөө л “Э.Хархүүдээ” гээд л доор нь гарын үсгээ зурчихна. Нэгэнтээ “Улаан зүүд”-ээ өгөхөд нь “Роман уу, Пүүжий багш аа” гэв. Роман гээд л тавьчихлаа хө гэж билээ. Энэ гурван роман бол түүхийн хамгийн эгзэгтэй хурц үеийг харуулж чадсанаараа Монголын баримтат романы төрөлд онцгой байрыг эзэлнэ гэж боддог. Найрагчийн “Тусгаар тогтнолын дуулал” бол Д.Нацагдоржийн “Миний нутаг”, Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ” хоёрын дараа гарсан эх орны тухай гурав дахь том дуулал юм. Үгийн цэц, уянгын цээлээр хосгүй энэ бүтээл Монголын яруу найргийн нэгэн гайхамшигт оргил болсныг ард түмэн хотлоороо мэдэх бөгөөд алив нэгэн ой, баяр ёслолын үед цэнхэр дэлгэцээр сонсогч олны сонорыг мялаасаар байдаг нь жирийн хэрэг биш билээ. Монгол хүн бүрийн зүрхний үгийг айзам хэмнэл сайтай, аялгуу төгс хэлээр илэрхийлж чадсанд энэ бүтээлийн ид шид, ур чадвар орших бүлгээ. Ардчилсан хувьсгалын дараахан энэ туурвил хаагдаж боогдсон дарангуйллын хүлээснээс гарч, “Чингис” шүлгийнхээ хамт эзэн богдын одонгоор шагнуулсныг дурдалтай. Цагаан сарын шинийн гурванд шиг санана. Өрөөндөө идээ будаа засчихаад найз нөхөд, шавь нараа хүлээж авдаг байсан. Би хоёр удаа очиж золгосон юмдаг. Нэг удаа би дүү Цэрэнгээ дагуулж очив. Их л элэгсгээр золгоод, “Энэ дүү чинь шүлэг бичдэг үү” гэж билээ. “Бичихгүй ээ, уншдаг” гэж хариулсан юмдаг. “Чи л сайн дагуулсангүй дээ, бас нэг цаас гарздагч болох ч байсан юм билүү” гээд тас тас хөхөрсөн санагдана. Анхны хоёр номыг минь редакторлож, МЗЭ-д элсүүлсэн энэ ачтаны тухай элгэн дотноор эгээрэн дурсаж сууна. Хамгийн сүүлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар алдар цолыг хүртэхэд нь баяр хүргэсэн. Хэдхэн сарын дараа Монголын энэ сонгодог зохиолч тэнгэрийн орноо одож билээ. Найрагчийн шарилыг Дуурийн театраас гаргахад тун олон хүн цугларсан байж билээ. Орон хотлоороо, монгол түмнээрээ энэ тэнгэрлэг найрагчийг Алтан өлгийд сүүлчийн замд нь үдэхэд би оролцсон. Том саарал гантиг дээр: Эрээн уулнаас уулс эхэлнэ Эргэн шанднаас ус эхэлнэ Энэ хоёроо би эхэлнэ Эх орон минь эндээс эхэлнэ гэж сийлэн бичсэн дурсгалын хөшөөг тэргүүнд нь залсан харагдаж билээ. Эрээн уулнаас элин ниссэн энэ аугаа их хүн эзэн Чингисээ дээдлэн, “Тусгаар тогтнол”-оо тунхаглан бичээд мөнх хөх тэнгэртээ заларсан. Дэндэвийн Пүрэвдоржийн тухай эрдэмтэн, судлаач, зохиолчид үлэмж ихийг өгүүлсэн тул энд би уран бүтээлийнх нь талаар бичсэнгүй. Цэцэн билэг, авьяас ухааны тэнгэр түүний зохиол туурвил дэлхийн дэвжээнд мөнхөд дуурсагдсаар байх болно.

Э.Хархүү

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gorkii(66.181.180.151) 2017 оны 12 сарын 09

gegeeruulegch bol zohiolchid

0  |  0
Muilaa(66.181.180.140) 2017 оны 12 сарын 09

Donjiig ni oljee. Saihan sanagdlaa. Govid ochnoo

0  |  0
hgfrdd(41.85.161.135) 2017 оны 12 сарын 08

БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Зээлээ зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 ayudaentreparticular@gmail.com ayudaentreparticular@gmail.com

0  |  0
Top