“АЯЛАЛ БОЛ АЗ ЖАРГАЛЫГ ХАМГИЙН ИХЭЭР ОЛБОРЛОЖ БОЛДОГ ИЛ УУРХАЙ”ГЭСЭН ҮГ БИЙ. БИД УНШИГЧДАДАА АЯЛЛЫН ХӨТӨЧ БОЛОХ МЭДЭЭЛЛИЙГ ЦУВРАЛААР ХҮРГЭХ ҮҮДНЭЭС ЭНЭХҮҮ БУЛАНГ ХӨТӨЛДӨГ БИЛЭЭ. ЭНЭ УДАА ИТГЭЛТ ХАМБА-УЛААН-ҮД ЧИГЛЭЛИЙН АЯЛЛЫН МАРШРУТ, БУСАД МЭДЭЭЛЛИЙГ ЦОГЦООР ХҮРГЭЖ БАЙНА. “
Монголын аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааны талаар уншигчдад хүргэдэг “Аялал жуулчлал” булангийн энэ дугаартаа “Монгол аялал” компанийн ИТГЭЛТ ХАМБА-УЛААН-ҮД аяллыг онцлон танилцуулж байна.
АЯЛЛЫН НИЙТ УРТ: 1200 КМ
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ: УЛААНБААТАР-ДАРХАН- СЭЛЭНГЭ-АЛТАНБУЛАГ-ХИАГТ- ГАЛУУТ НУУР-УЛААН ҮД- ИВОЛГЫН ДАЦАН ЧИГЛЭЛЭЭР АЯЛНА.
МАРШРУТ: УРЬХАН 100 КМ, БАРУУН ХАРАА 156 КМ, ДАРХАН 220 КМ , СЭЛЭНГЭ 330 КМ, АЛТАНБУЛАГ 340 КМ, ХИАГТ 345 КМ, ГАЛУУТ НУУР ХОТ 510 КМ, ИВОЛГЫН ДАЦАН /ИТГЭЛТ ХАМБЫН ӨРГӨӨ/ 570 КМ , УЛАН-ҮДЭ 600 КМ
АЯЛЛЫН ҮНЭ: Үндсэн үнэ-250,000 төгрөг ба эрт бүртгүүлвэл хугацааны урамшуулал тооцогдоно. Ерөнхий: Байгууллага хамт олноороо аялах тохиолдолд хөнгөлөлт урамшуулал олгогдоно. /9+1 буюу 10 хүн тутмын 1 нь үнэгүй аялах эрхтэй болох юм/
АХМАД НАСТНЫ УРАМШУУЛАЛ: 65-74 насны ахмад аялагчид үндсэн үнийн дүнгээс 5% хөнгөлөлт, 75-84 нас үндсэн үнийн дүнгээс 10%, 85-аас дээш үндсэн үнийн дүнгээс 20% хүртэлх хөнгөлөлт эдлэх боломжтой.
УЛААНБААТАР
Улаанбаатар хот Монгол Улсын төв хэсэгт хуучнаар Алтан тэвшийн хөндий, өнөөгийнхөөр Туул-Сэлбийн бэлчир хөндийд, далайн түвшнээс дээш 1300- 1350 метр өндөрт Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй, Баянзүрх дөрвөн уулаар хүрээлэгдэн оршдог. 1992 оны шинэ нутаг дэвсгэрийн хуваариар үндсэн 6, дагуул 3, бүгд 9 дүүрэгтэй, 4,704.4 км2 газартай. Хүн ам 1,3 сая гаруй бөгөөд Монголын цорын ганц саятан хот юм
ДАРХАН
Дархан хотын анхны суурь Бурхантын хөндийд 1961 оны 10 сарын 17- ны өдөр тавигдсан бөгөөд 1994 оны 5-р сард засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд Дархан, Шарын гол, Орхон, Хонгор гэсэн 4 сум, 24 багтайгаар өргөтгөн байгуулжээ. Дархан-Уул аймаг 3275 хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 90 гаруй мянган хүн амтай. Манай улсын барилга, барилгын материалын үйлдвэрийн томоохон төв болсон энэ аймагт барилгын материал, металл боловсруулах, нэхий эдлэлийн, хүнсний, савхины гэх мэт олон үйлдвэр, компаниуд бий.
СЭЛЭНГЭ
Сэлэнгэ аймаг нь Монгол Улсын хойд хэсэгт Орхон Сэлэнгийн савын дунд зэргийн уулс бүхий нутгийг эзлэн орших газар тариалан голлон хөгжүүлсэн аймаг юм. Улсын үр тарианы 40 орчим хувийг үйлдвэрлэдэг, 570,000 гаруй малтай. Сэлэнгэ аймагт мод боловсруулах, гурилын, хүнсний, спирт бал бурмын үйлдвэр, вагон засварын газар бий. Сүхбаатар хот нь төмөр ба авто замын гол зангилаа нутаг бөгөөд манай хилийн байнгын чухал гарцын нэг юм.
АЛТАНБУЛАГ
Монгол Улсын хойд хилд 1729 оны эхээр хилийн худалдааг зохицуулах, худалдаачдыг захирах газар байгуулснаар одоогийн Алтанбулаг сумын эх үүсвэр тавигджээ. 1921 онд жанжин Д.Сүхбаатараар удирдуулсан хувьсгалчид харийн дайсныг бут цохиж, ардын хувьсгалын анхны ялалтыг байгуулан, тэнд Ардын Түр Засгийн газар төвлөрөн хувьсгалын цаашдын өрнөлтийг хангаж байсан учир Алтанбулагийг Ардын хувьсгалын өлгий” гэж зүй ёсоор нэрлэдэг.
ХИАГТ
Кяхтинскийн район- Хиагтын аймаг. Тус хотыг 1728 онд 1-р Петр хааны зарлигаар Саввой Лукич Рагузин үндэслэн байгуулжээ. Аймгийн төв- Хиагт хот 4,684км2 газар нутагтай. 40 гаруй мянган оршин суугчтай. Тэдний тэн хагас нь Хиагт хотын уугуул, 4000 гаруй нь Наушки суурингийн иргэд эзэлж байна. Цардмал замаар тооцвол Улаан- Үдээс урагш 235 км зайтай. Урд захаараа Монгол улстай ОХУ-ыг төлөөлж хиллэнэ. Аймгийн нутгаар Сэлэнгэ мөрөн, түүний цутгал Цөх гол урсдаг. Хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж “Сүхбаатарын одон”-гоор шагнагдсан цорын ганц гадаадын хот юм.
ГАЛУУТ НУУР
1939 онд анх үүсэн байгуулагдсан бөгөөд 1953 онд Галуут хот гэж нэрлэгдэх болсон. ОХУ-ын Забайкалье нэртэй нутаг давсгэрийн Сэлэнгэ орон нутгийн газрын Гусиноозёрскийн хөндийд байрлах Галуут нуурын зүүн хойд хэсэгт байрлах хот юм. Хотын нийт талбай: 13 хавтгай дөрвөлжин км. Далайн тувшнээс дээш 630м өргөгдсөн, Улаан-Үд хотоос 110 км зайтай. Хүн амын тоо: 30 гаруй мянган хүн амтай. Эмнэлэг, сургууль, жижиг дунд үйлдвэр, барилгын материал, хүнс, радио аппарат, оёдлын үйлдвэр, амралт болон сувиллын газрууд байдаг
УЛААН-ҮД
Улаан-Үд хотын аяллаар 18-р зууны үед байгуулагдсан хотын төв талбайд дурсгалын зургаа татуулан, эргэн тойрны түүхэн дурсгалт байгууламжуудтай танилцдаг билээ. Энэхүү талбайд Улаан-Үд хотын нэрийн хуудас болсон 7.7метр өндөр В.И.Лениний аварга том толгойн хүрэл хөшөө, ханхүү Николайд зориулсан Нуман хаалга, Буриадын улсын дуурь бүжгийн театр зэрэг барилга байгууламжууд байдаг. Уг театр 1952 онд баригдсан бөгөөд Дорнод Сибирь Алс Дорнодод цорын ганцхан ховор театр юм. Үүний дараа тухайн үеийн Зөвлөлтийн талбайд Лениний хөшөөг босгосон байдаг. Хожим нь уг хөшөө «дэлхийн хамгийн том толгой» хэмээн тоологдож, “Гиннесийн амжилт” номонд орсон. Уг толгойн хөшөөний жижиг хувилбарууд нь Герман, Чех, Якутад байдаг. 1990 онд Улаан-Үд хот «Оросын Холбооны Улсын түүхт суурины жагсаалтанд» бүртгэгдсэн. Одоо тус хотын 180 орчим түүхэн дурсгалт байгууламжуудыг улс хамгаалж байна.
ИВОЛГЫН ДАЦАН
Иволгын дацан нь Улаан- Үд хотод байх бөгөөд тэнд Итгэлт хамба Дашдоржийн шарилыг ил гаргаад тавьчихсан байдаг. Энэ хүн амьддаа эрдэм мэдлэг төгс гэгээрсэн, алдартай хамба байсан юм. Нэг удаа түүнийг эзгүйд цэргүүд дацанд нь дайран орж, архи дарс уун ихэд танхайрчээ. Цагааннуурт явсан Итгэлт хамба үүнийг сонсоод даруй дацан руугаа яарсан аж. Нутагтаа очих замд Галуут хэмээх том нуур байдаг учир тvvнийг тойрч их хугацаа алдах байжээ. Гэтэл хамба Галуут нуурын усыг ярж замаа товчлон гарсан гэдэг. Жудаггvй цэргүүдийг явуулсныхаа дараа Галуут нуурын усыг дээш хөөргөж дацангаа ариутгасан түүхтэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.facebook.com/ mongoliantravel www.mongolayalal.mn
ИВОЛГЫН ДАЦАН
ОХУ-ын буддизмын түүхэнд чухал байр суурь эзэлдэг, Оросын Буддын шашны төв болсон энэ дацанг дэлхийн өнцөг булан бүрээс зорьж ирэх зон олны тоо сүүлийн хэдхэн жилийн дотор хоёр сая хол давжээ. Тэдний дотроос бидний сайн мэдэх зарим эрхмүүдийг дурьдвал, ОХУ- ын ерөнхийлөгч В.Путин, ОХУ-ын төрийн тэргүүн асан Д.Медведев, Халимаг улсын ерөнхийлөгч асан, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч К.Илюмжинов болон бусад олон орны төлөөлөгчид, бизнесийн хүрээнийхэн, соёл урлагийн одод очиж байжээ. Иволгын дацан 1946 онд сэргээн босгогдсон бөгөөд Пандит Хамба ламын гурав дахь орд харш аж. Оросын нутагт буддын шашин анх XYI-XYII зуунд дэлгэрч тархсан түүхтэй ба гол төлөв монгол туургатан буриад, халимаг, тувачуудын дотор үүсэн хөгжиж, 1741 онд II Елизавета хатан хааны зарлигаар “Оросын уламжлалт шашны нэг мөн” хэмээн хүлээн зөвшөөрөгджээ. Энэ үеэс Хаант Оросод бурханы шашин дэлгэрч, сүм хийдүүд эрчимтэй бүрэлдэн тогтсоны нэг нь энэхүү Иволгын дацан юм. Иволгын дацан Улаан-Үд хотоос 30 км зайд оршино. Эхлээд Верхняя Иволга суурин хүрээд, тэндээс дацангийн цогцолбор руу явна.
ИВОЛГЫН ДАЦАНТАЙ ОЙРОЛЦОО БАЙРЛАХ ЗОЧИД БУУДАЛ, БУУРЧИЙН ГАЗРУУД:
“Алтаргана” guest house Иволгын дацантай хамгийн ойр байрлах буудал. Улаан-Үдийн төвөөс 9,2 км, Поселье сууринд. Хаяг: Полевая улица-2, Улаан-Үд. Тус зочид буудалд гэрийн тэжээвэр амьтадтай хамт байрлах боломжтой. Машины зогсоол хангалттай. ОЙРОЛЦООХ НИСЭХ БУУДАЛ: Аэропорт Байкал /4,1 км/ Үнэ: Нэг хоног – 64686 төгрөг. Захиалгын хугацаанаас үнийн дүнгийн хэмжээ өөрчлөгдөнө. Үнэгүй интернетээр үйлчилнэ. Ойролцоох зочид буудлууд /Улаан- Үдийн төвөөс/: Hotel Abramovich na Kabanskoy (5,7 км. Нэг хоног-1499 рубль), Мини-отель Милан (6,3 км. Нэг хоногийн үнэ харьцангуй хямд- 30163 төгрөг), Отель Крона (5,6 км), Гостиница Южная (5,1 км. Нэг хоног-34479 төгрөг).
ИТГЭЛТ ХАМБЫГ СУДЛААЧДЫН ДҮГНЭЛТ:
Буддын ламын занданшуулсан цогцсын талаарх шинжилгээний үр дүнг Москвад толилуулсан бөгөөд олны гайхашралыг төрүүлсэн юм. 1911-1927 онд Оросын буддистуудын тэргүүн байсан Даша- Доржо Итигелов шашны алдартай зүтгэлтэн байсан бөгөөд тэрээр жанч халахын өмнөхөн өөрийн цогцосыг 30 жилийн дараа газар дороос гаргаж авахыг гэрээсэлсэн аж. 1927 оноос хойш 75 жилийн дараа буюу 2002 оны намрын эхэн сарын 15-нд хамбын шарилыг газрын хөрснөөс гаргаж ирэхэд бие нь огт муудаж ялзраагүй арьс нь зөөлөн чийглэг, анхилуун үнэр ханхалж байсан төдийгүй түүнийг агуулж байсан мод эд зүйлс нь муудаж өмхрөөгүй байсан байна. Оросын эрдэмтэд Итгэлт хамбын тэргүүнээс дөрвөн ширхэг үс, биеэс нь гуужсан дөрвөн грамм арьс, баруун хөлийнх нь хоёр дахь хурууны хумснаас дөрвөн хэлтэрхий авч эд эсийн шинжилгээ хийжээ. Шинжилгээний үр дүнд тархинд нь пульс мэдрэгдэж, үс, хумс, гуужсан арьс зэрэг эдүүд нь амьд хүний эд эстэй адил хэвийн байсан нь эрдэмтдийг гайхашруулж, шашингүй үзэлтнүүдийг хүртэл нэгийг бодоход хүргэсэн ажээ. Энэхүү гайхамшиг нь өнөөг хүртэл тайлагдаагүй байна. РГГУ-ын профессор Галина Ершова: “Нас барснаас хойш 75 жилийн дараа авсан цогцсын дээжийг судлан шинжлэхэд, энэхүү талийгаач болсон хүний арьс, үс, хумсны органик бүтэц одоо амьд байгаа хүнийхээс ялгагдахгүй байна. Түүний ясны үеүд уян хатан, зөөлөн эдүүд яг л амьд хүнийх шиг байсан бөгөөд ламын 75 жил нойрссон өлгийг задлахад тэндээс таатай үнэр сэнгэнэж байсан. Энэ нь таалал төгсөөд 75 жил болсон хүний тухай төсөөлөлтэй эрс зөрчилдөж байгаа юм. Иймэрхүү ганц ч баримт өнөөг хүртэл буддизмын түүхэнд, тэр ч байтугай, хүн төрөлхтний түүхэнд тохиолдож байсангүй”
Бэлтгэсэн: Д.Мягмарсүрэн
2017-02 сар. “Зиндаа” сэтгүүл №3 /503/
Сэтгэгдэл ( 0 )