Монголын ирээдүйг заналхийлж байгаа маш ноцтой нэгэн зүйл!!!

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 12

“Эмийн үндэсний бодлого нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах нэгдмэл бодлогын салшгүй хэсэг”

Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль... 

Тиймээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал өдгөө алдагдаад байна. Эмийн зохисгүй хэрэглээ хийгээд хуурамч эмийн худалдаа Монголын ирээдүйг заналхийлж байна. Өдгөө борооны дараах мөөг шиг олширсон эмийн сангууд, түүгээр худалдаалж буй эм, бэлдмэлийн чанар стандарт, хэрэглээнд хэн, хэрхэн хяналт тавьж байна вэ. Эмийн сангаар худалдаалж буй эмийн 2,4 хувийг эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм эзэлж байгаа гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагаас гаргаад байна. Ингээд бодохоор манай улсын энэ төрлийн худалдаа үйлчилгээний чанар стандарт хэр төвшинд байгаа нь ойлгомжтой юм. Баримт түшье.

Амоксициллинийг 95 янзаар эмийн бүртгэлд бүртгүүлжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас  "Эмийн зохистой хэрэглээ"   аяны хүрээнд хяналт шинжилгээ, тандалт судалгаа, урьдчилан сэргийлэх хяналт, төлөвлөгөөт хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ зэрэг хяналтын бүхий л төрлөөр эмийн чанар, аюулгүй байдлыг хангуулах ажлыг зохион байгуулсан байна.

Монгол Улсын эмийн бүртгэлд нийт 4000 орчим эм бүртгэгдсэнээс 597 нь нянгийн эсрэг үйлчилгээтэй /антибиотик/ эм байна. Эдгээр антибиотикуудаас  амоксициллин 95, ципрофлоксацин 52, ампициллин 40, метранидазол 27, бензилбензоат пенициллин 24,цефтриаксон 23, азитромицин 16, цефатаксим14, цефазолин 10, доксициклин найман янзаар тус тус бүртгэгдсэн байх жишээтэй. Ялангуяа амоксициллин, ампициллин, ципрофлоксацин нь нийт бүртгэгдсэн антибиотикуудын 35,3 хувийг эзэлж байна. Нэг эмийг ийнхүү олон янзаар бүртгэсэн нь эмчийг жор бичихэд төөрөгдөлд хүргэдэг ажээ.

 Түүнчлэн иргэдийн хэрэглэж байгаа эмийн эмчилгээний  идэвх нь ямар түвшинд байгааг тодруулахын тулд “Антибиотикийн идэвхи тодорхойлох” хяналт шинжилгээг хийлээ.  Монгол Улсын зах зээлд худалдаалагдаж байсан  дотоодын долоон эмийн үйлдвэр /Тунфарм, Армон, Дэгдфарм, Моносфарм, Нахиа, Шинэбат, Шинэ нахиа/, 35 улсын импортын 75 үйлдвэрийн 82 нэрийн эмээс дээж авч МХЕГ-ын Эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн байна. Шинжилгээнд хамрагдсан эмүүд фармакопейн шаардлага хангаж байгаа боловч үйлдвэрлэгчдийн эмийн идэвх нь зөвшөөрөгдсөн интервалийн хүрээнд харилцан адилгүй байсан зөрчил илрэв..

Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмэнд импортын зөвшөөрөл олгожээ

Иргэдийг хуурамч болон улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, лабораторийн шинжилгээний үзүүлэлтээс бусад үзүүлэлтээр чанар, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн хэрэглэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор МХЕГ-аас шалгалт хийсэн байна. Тиймээс Эрүүгийн цагдаагийн газартай хамтран урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд таван өдрийн турш хийв. Уг хяналт шалгалтаар нийт 194 эмийн сан, 50 эм ханган нийлүүлэх байгууллага, 40 эмнэлэг, худалдааны төвийг хамрууллаа. Энэ удаа хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 198 нэрийн 1030 ширхэг, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 82 нэрийн 4098 ширхэг, хаяг шошгын зөрчилтэй 160 нэрийн 5254 ширхэг эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлж, хоёр асуудлыг ЭЦГ-т шилжүүлж, нийт 440 нэрийн эм бүтээгдэхүүнд улсын байцаагчийн 47 акт үйлдэн хураан авав.

Түүнчлэн Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмэнд “Эм, эмнэлгийн хэрэгслийн импортын зөвшөөрөл”-ийг олгосон ноцтой зөрчлийг илрүүллээ.  Тодруулбал,  "Нурофен" 200мг N20 шахмал эмэнд 2015 оны 12 сарын 24 өдрийн 001.003/15/3523 дугаартай “Эм, эмнэлгийн хэрэгслийн импортын зөвшөөрөл” бичиж, Өргөө фарм импекс ХХК-д олгосон  байжээ.

Эмийн зааврыг монгол хэл дээр хөрвүүлэх хуулийн заалт бүрэн хэрэгжсэнгүй

Монголд эмчийн зааврын дагуу эмийг хэрэглэх, жорыг стандартын дагуу бичих,эмийг жороор олгох байдал хэдийнэ алдагджээ. Өөрөөр хэлбэл, иргэд эмчид үзүүлэхээсээ урьтаад эмийн санчид өвчний зовиураа хэлж, эм авдаг нь ердийн үзэгдэл болсон.  Үүний тод жишээ гэвэл МХЕГ-аас өнгөрсөн сард хийсэн хяналт шалгалтад хамрагдсан эмийн сангуудын  жор олголтын байдалд судлагаа хийхэд 65 хувь нь жороор олгох эмийг жоргүйгээр олгож байсан явдал.

Түүнчлэн эмийн санд хүлээн авсан жорын 92 хувь нь “Эмийн жорын маягт, жор бичилт MNS 5376:2014 стандарт”-ын шаардлага хангаагүй байна. Ийнхүү эмийн санд хүлээн авсан стандартын шаардлага хангаагүй 15210 эмийн жоронд судалгаа хийхэд 60 хувь нь эмийн хэрэглэх аргыг бүрэн бичээгүй, 46 хувь нь эмийн тун буруу бичсэн, 48 хувь нь стандартын бус маягт, өвчтөний карт болон цаасан дээр эмийн жор бичсэн, 44 хувь нь эмийг олон улсын нэршлээр бичээгүй, 30 хувь нь эмнэлэг, эмчийн нэр, тэмдэггүй, 24 хувь нь өвчтөний нэр, нас бичээгүй зэрэг эмчийн мэдлэг, ажлын хариуцлагатай холбоотой зөрчил байжээ. Харин эмийн сангуудын хувьд хүлээн авсан жоронд эм олгосон тухай тэмдэглэл хийн баталгаажуулаагүй, зөрчилтэй буюу буруу бичсэн төдийгүй хугацаа дууссан жороор эм олгосон байна.  Түүнчлэн "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь заалтад эмийн хэрэглэх зааврыг монгол хэл дээр хөрвүүлэх ёстой хэмээн заасан байдаг. Гэвч бодит байдал дээр  энэхүү заалт бүрэн хэрэгжиж чадахгүй хэвээр. Тухайлбал, 2015 онд эмийн хэрэглэх зааварт  тандалт судалгаа явуулан  72 эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагын нийт 3584 нэрийн импортын эмэнд дүн шинжилгээ хийхэд, 78 хувь нь хэрэглэх зааврыг  Монгол хэл дээр орчуулаагүй нийтлэг зөрчил байсан. Иймд МХЕГ-аас тухайн байгууллагуудад эмийн хэрэглэх зааврыг Монгол хэл дээр болгох асуудлаар хугацаатай үүрэг даалгаврыг өгсөн удаатай. Гэтэл өнгөрсөн гурав дугаар сарын туршид Улаанбаатар хотын гүний гаалийн талбайгаар импортлогдсон 287 нэрийн эмийн хэрэглэх зааварт судалгаа хийхэд 91,8% нь Монгол хэл дээр хөрвүүлээгүй зөрчил давтагдсаар...

Эмэнд дасалтай, харшилтай иргэдийн тоо өссөөр ...

Эмийн хэрэглээ зохисгүй байдалд хүрэхэд нөлөөлж байгаа шалтгаануудын нэг нь иргэдийн эрүүл мэндийн боловсролын түвшин доогуур байгаатай холбоотой байдаг. Тиймээс өнөөдөр иргэд зохисгүй хэрэглэсэн эмнээс үүдэлтэй, өвчин эмгэгүүдэд өртөж байна. Тухайлбал, эмэнд хамааралтай,  дасалтай болохын зэрэгцээ антибиотикийн зохисгүй хэрэглэснээс болж нянгийн тэсвэржилттэй болж байна. 2015 онд маш олон эмэнд дасалтай хүн 50-д  хүрсэн байгаагаас харахад энэ тоо өнөөдөр хэд болж өссөнийг хэлэхэд бэрх болжээ.

Түүнчлэн  антибиотик их хэрэглэснээр  мөөгөнцөр үүсэх, олон антибиотикийн тэсвэржилттэй болж  байгаагаас гадна сул идэвхтэй антибиотикоос болж өвчин хүндэрч,

архагшиж байна. Үүгээр ч зогсохгүй эмийн харшил, хордлогод өртөх иргэдийн тоо өссөн төдийгүй шинэ өвчин үүсэх нөхцлийг бүрдүүлж эхэллээ. Тухайлбал, эмийг удаан хугацаагаар ууснаар ходоод шархлах, цөс, бөөр чулуужих эрсдэлийг нэмэгдүүлж байна. Хамгийн аюултай нь эмийн замбараагүй хэрэглээ, олон эмийн дасал нь  эргээд өвчний оношилгоо эмчилгээний стандарт болон клиник удирдамж хэрэглэх боломжгүйд хүргэж, эмнэлэгт эмчилгээний зардал өсч байна. АНУ-д гэхэд ганцхан эмийн дасалтай болсон өвчтөнг эмчлэхэд  эмчилгээний зардал нь 5000 ам. долларт хүрчээ. Харин монголд эмнэлгийн эдийн засагчид ийм эмчилгээний зардлыг гаргаагүй байна.

Монгол Улсад жортой олгох  эмийг жоргүйгээр олгох явдал энгийн үзэгдэл мэт болсон нь эм худалдан авч байгаа иргэд, жоргүй эм олгож байгаа эмийн сан-эм зүйчдийн хариуцлагатай шууд холбоотой.

Иргэд нь  эмийн сангаас жоргүй авдаг нь  эмийн хор хөнөөлийн талаар тодорхой мэдлэг мэдээллээр дутмаг байгаагийн илрэл. Эмч нар нь жор бичдэггүй, бичсэн жор нь шаардлага хангахгүй байдгийн зэрэгцээ эмийн сан нь жороор олгох эмийг жоргүйгээр олгож ашгийн хойноос хэт хөөцөлдөж байна. Энэ бүхэн эргээд эмийн замбараагүй хэрэглээг үүсгэж хамгийн гол нь Монгол хүний бие болоод ген, Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх нөхцлийг бүрдүүлж байна.

Сэтгүүлчийн дүгнэлт

Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах эм, эмнэлэгийн хэрэгслийн чанар аюулгүй байдалд хяналт тавих үүрэгтэй Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрынхан эмийн сангуудад шалгалт хийж, зөрчил илрүүлдэг нь үнэн. Харин эмийн сан, эмнэлэг, хувь хүн, худалдааны захын лангуун дээр зарагдах хуурамч эмэнд хяналтаа бүрэн төгс тавьдаггүй. Боломж ч үгүй.  Тэдэнд хэн, хаана гар дээрээс, хуурамч, эрүүл мэнд амь насанд хортой эм зарж байгааг шалгана гэдэг бүтэшгүй санагдаж байгаа нь лав. Хаана, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүйгээс гадна хаяг шошго нь оригналаасаа шал ондоо эмийг эмийн сангууд худалдах нь элбэг байна.

Гурван сая гаруйхан хүн амтай Монгол Улсад 1891 нэр төрлийн эм бэлдмэлийг хэрэглэхийг зөвшөөрч албан ёсоор бүртгэжээ. Үүнээс 170 нэр төрлийн эмийг түгээмэл хэрэглэдэг гэх судалгаа бий. Түүнчлэн 34 эмийн үйлдвэр, 190 гаруй эм ханган нийлүүлэх байгууллага, 1200 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулдаг байна. Харин тэдгээр эмийн сан, үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагын бүтээгдэхүүн эрүүл ахуй, чанар стандартын шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй.

Учир нь эм хийх бүтээгдэхүүнээ их хэмжээгээр оруулж ирэн савлаж зарах, эмийн сангууд хувь хүнээс юм уу захаас эмээ худалдаж авах зэргээр хадгалалтын горимоо алдаж, чанар нь мууддаг тухай мэргэжлийн байгууллагууд дүгнэжээ. Гэтэл иргэд чанараа алдсан, хугацаа нь дууссан, хэрэглэхийг хориглосон, химийн хортой найрлагатай эмийг хоол шигээ идсээр, бас хордсоор байна.

Өвчнөө эмчлэх нэрийдлээр дахин өвчин хурааж буй иргэдээ эмийн зохистой хэрэглээнд сургах цаг болжээ. Нөгөө талаар Эмийн худалдаанд тавих хяналтыг ганц Мэргэжлийн хяналтынханд үүрүүлэх бус салбар хариуцсан яам, хэрэгжүүлэгч агентлагууд анхааралдаа аваасай. Үнэхээр л “Эмийн үндэсний бодлого нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах нэгдмэл бодлогын салшгүй хэсэг” юм бол ЭМЯ-аас эхлээд хяналт шалгалтын байгууллага, хувь хүмүүс хүртэл хариуцлага ухамсраа өндөрсгөж, эмийн зохисгүй хэрэглээнээс татгалзах цаг болжээ.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
лл(119.40.103.188) 2018 оны 02 сарын 12

Хаа газар авилга байгаа тул иим байгаа

0  |  0
ока(61.85.5.160) 2018 оны 02 сарын 12

Эм импортлогч болрн үйлдвэрлэгч компаниуд эмийн үнийг дур мэдэн өндөр тогтоодог учраас тэртэй тэргүй ядуу ард түмэн өвдсөн үедээ эмээ авч ууж чадахгүй өвчнөө хүндрүүлдэг нь ҮНЭН шүү.Эмийн үнэ ханшид төр хяналтаа яаралтай тогтоох хэрэгтэй байна.

0  |  0
Top