Б.Очирхуяг: Монгол улсад зайлшгүй хөгжүүлэх ёстой цөөн чухал салбаруудыг манай сургууль авч явах үүрэгтэй

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 01

"Зиндаа" сэтгүүлийн "Стандарт" буланд МУИС-ийн Сургалтын систем, сургалт эрхэлсэн дэд захирал Б.Очирхуяг уригдлаа.

-Өдгөө 75 жилийн өмнө Монгол Улсад анх удаа дээд боловсролын үрийг тарьж боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Их сургуулийн ойн босгон дээр тантай ярилцаж байгаадаа баяртай байна. Өнө зузаан туршлага, түүхийг бүтээсэн МУИС-ийн сургалтын стандартыг сонирхмоор байна?

-Сургалтын стандарт гэж хэлэхээс илүүтэй сургалтад тавигдах нийтлэг шаардлага гэж ойлгох нь зөв болов уу. Хуучин бол Боловсролын яамнаас их дээд сургуулиудын сургалтын стандарт, мэргэжлийн хөтөлбөрийн агуулга, заах хичээл бүрийг нь баталж өгдөг байсан. Тэгвэл 2014 оноос энэхүү журмаа өөрчилж, дээд боловсролд баримтлах сургалтын нийтлэг шаардлагыг баталсан. Энэхүү шаардлага дээр үндэслэн ямар түвшинд, ямар агуулгын хүрээнд хичээлээ заах вэ? гэдэг нь тухайн сургуульд илүү нээлттэй болсон юм. Өөрөөр хэлбэл илүү либералчлагдсан гэсэн үг. МУИС-д энэ жил 16 мянга орчим бакалаврын оюутан, 3 мянга гаруй магистр, докторын оюутан суралцаж байна. Бид 2013 оноос эхлэн сургуулийнхаа дотоод бүтэц болон сургалтын хөтөлбөрт шинэчлэлийг эхлүүлсэн. Дэлхийн тэргүүлэх их сургуулиудын нэгэн адил өрсөлдөөнд суурилсан, илүү нээлттэй, оюутны сонголтыг дээдэлсэн либерал арт сургалтын системийг нэвтрүүлж эхлээд байна.

-Либерал арт сургалтын системийн онцлог нь чухамхүү юу вэ?

-Тухайн суралцагч өөрийн чадамжид нийцүүлэн, чадварлаг багшийг сонгож, сонирхсон мэргэжлээрээ суралцах боломжийг олгосон чөлөөт систем гэж ойлгож болно. Сүүлийн жилүүдэд хийгдсэн дээд боловсролын шинэчлэл нь бакалаврын түвшинд нарийн мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх гэхээсээ илүүтэйгээр боловсролтой иргэн бэлдэх нь зүйтэй гэсэн чиглэл рүү шилжиж байгаа. МУИС-ийн хувьд либерал арт буюу чөлөөт мэдлэгт суурилан сургуулийнхаа ерөнхий суурь боловсролыг дэлхийн тэргүүлэх их сургуулийн түвшинд хүргэж чанаржуулахыг хичээж байна. Энэ систем Монголд анх удаа зөвхөн МУИС-д сүүлийн гурван жил хэрэгжиж байна. Либерал арт систем рүү орохын тулд бид нэлээд ажлуудыг хийж хэрэгжүүллээ. Аливаа шинэчлэлд алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй. Цаашид улам сайжруулж төгөлдөржүүлэхийг зорьж байна даа.

-Либерал арт системд шилжсэнээр ЭЕШ өгсөн төгсөгчдийн хувьд МУИС-ийн босго оноог хангалаа гэхэд суралцах ангиа сонгохгүй нь гэж ойлголоо.

-Тийм ээ. Анги сонгохгүй, зөвхөн бүрэлдэхүүн, салбар сургуулиудын аль нэгээс сонгоно. МУИС нь Улаанбаатар хотод Шинжлэх ухааны сургуулийн Байгаль, Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны салбарууд, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэл, Хууль зүй, Бизнес, Олон улсын харилцаа, нийтийн удирдлага гэсэн бүрэлдэхүүн сургуулиудад, орон нутагт Орхон, Завхан гэсэн салбар хоёр сургууль буюу нийт 7 сургуульдаа элсэлт авдаг. Жишээлбэл, орон нутагт Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн 10 хуваарь, Хууль зүйн сургуулийн хоёр хуваарь гэх байдлаар аймаг тус бүрт хуваарилдаг. Сүүлийн гурван жилийн хугацаанд энэ жишгээр дээрх бүрэлдэхүүн сургуулиудаас сонголт хийдэг болсон. Өөрөөр хэлбэл, та Шинжлэх ухааны салбар сургуулийг сонгох уу эсвэл Хуульзүйн сургуулийг сонгох уу гэдэг зөвхөн салбар сургуулийг сонгох тухай л асуудал юм. Оюутан сонгосон салбар сургуульдаа нэг жил суралцан, тодорхой багц цагийг амжилттай судалсны дараа дүнгээрээ жагсаж, цааш суралцах мэргэжлээ сонгоно. Өөрөөр хэлбэл, тухайн элсэгч нэг жилийн хугацаанд ерөнхий эрдмийн суурь хичээл үзэж, чиглэл, зорилгоо илүүтэй тодорхой болгосны дараа нь мэргэжил сонгох бололцоог олгоё гэсэн ийм л систем юм. Их сургуулиуд шинэ анги, шинэ мэргэжлүүд нээх байдлаар оюутнуудыг сургуульдаа урин дууддаг хэлбэрээр амьдарч байсан үе бий. Тэр хэрээр хэрэгтэй, хэрэггүй мэргэжлүүд олноор бий болсон. Үүнийг боловсролын яамнаас дээд боловсролын шинэчлэлээр эмхлэн цэгцэлсэн. Үндсэндээ бакалаврын түвшинд суралцагчид нарийн мэргэшихээ больсон гэсэн үг. Цаашид нарийн мэргэших, илүү судлаачийн түвшинд очъё гэвэл магистр, докторын буюу ахисан түвшинд суралцана.

-Либерал арт системийг нэвтрүүлэх шалтгаан юу байв?

-Нэг талаас дэлхийд боловсролын чанараар тэргүүлдэг улс орнуудын их сургуулиудын сургалтын хөтөлбөрийн чиг хандлага нь кредит систем, дээрх чөлөөт сонголтод тулгуурладаг. Нөгөө талаар оюутан нарийн мэргэшсэн хөтөлбөр рүү шууд орох нь эрсдэлтэй юм. Мэргэжлээ зөв сонгосон эсэх нь ч тодорхой бус байдаг. Эдгээр эрсдэлийг гаргахгүйн тулд оюутан тодорхой хугацаанд бэлтгэгдэх хэрэгтэй. Ингээд чиглэлээ нарийн тодорхойлсоны дараа дараагийн алхмаа тодорхойлно. Энэ хүрээнд ерөнхий суурь хичээлүүдийг нэлээд өргөтгөсөн. Тухайн суралцагч 1-1,5 жилийн хугацаанд суурь мэдлэг буюу боловсролын суурь ойлголтын хүрээнд ямар хичээлүүдийг үзсэн байх шаардлагатай вэ гэдгийг судалж, үндсэн найман чиглэлээр 90 гаруй хичээлийг оюутнуудад санал болгоод байна.

-Либерал арт системийн хүрээд хичнээн хөтөлбөр хэрэгжиж байна вэ?

-Уг системд шилжихээс өмнө манайд 150 гаруй сургалтын хөтөлбөр хэрэгждэг байсан бол үүнийгээ 98 болгож багцалсан. Өөрөөр хэлбэл, хөтөлбөрүүд маань илүү сууриараа нийлж, бүлэг хэлбэрээр төрөлжсөн гэсэн үг л дээ.

-Магистр болон докторын сургалтын систем ч гэсэн мөн адил либералчлагдсан уу?

-Тиймээ. Магистрийн сургалт мэргэжлийн болон судалгааны гэсэн үндсэн хоёр чиглэлд хуваагдсан. Хуучин бол магистрийн нэг л төрлийн хөтөлбөр байсан бол одоо тухайн суралцагчийг илүүтэй мэргэшүүлэх ур чадварыг нь хөгжүүлэх, хүсэл сонирхолд нь нийцсэн чөлөөт сонголт бий болгосон. Мэргэжлийн эсвэл судалгааны чиглэлээр мэргэших үү гэдэг хоёр чиглэлээс сонголтоо хийнэ гэсэн үг. Энэ ч утгаараа магистрийн сургалтанд судалгааны 100, мэргэжлийн 50 гаруй хөтөлбөр хэрэгжиж байна. Докторын тухайд 44 хөтөлбөр хэрэгжиж байна.

-Либерал арт системийг Монголын хөрсөнд буулгахад хүндрэлтэй талууд юу байв. Мэдээж аливаа шинэчлэл голдирлоо олохын тулд багагүй цаг хугацаа, бэрхшээлийг туулдаг шүү дээ.

-Тэгэлгүй яахав. Хүндрэлүүд мэдээж гарсан. Тухайлбал, зарим тохиолдолд багш нар маань энэ системээ бүрэн дүүрэн ойлгож, хичээлийн агуулгадаа өөрчлөлт оруулаагүй байх зэрэг тал байсан. Мөн оюутны сонголтыг ямар хүрээнд, хэрхэн хийвэл зөв зүйтэй болох тухайд эргэж засварлах шаардлага байгаа. Ерөнхий сууриас гадна, хөтөлбөрийн суурийг оновчтой болгох талд зарим хөтөлбөрүүдээ эргэж харах шаардлага бий. Үүнийгээ илүү сайжруулж дараагийн алхам руугаа орно.

-Оюутнуудын зүгээс хэрхэн хүлээж авч байна вэ?

-Мэдээж оюутнуудын зүгээс энэ шинэчлэлд талархалтай хандаж байгаа ч гэсэн шүүмжлэлтэй хандсан зүйл бас бий. Хөтөлбөрийн агуулгыг бүрэн ойлгуулаагүй, хичээл, хөтөлбөр сонголтын процессыг жигд шуурхай явуулж чадаагүй зэргээс шалтгаалан эхэн үед хүндрэл үүсч байсан. Бүх оюутан хуульч болох боломжгүй. Эсвэл бүгд эдийн засагч байх боломжгүй. Эдийн засагч, хуульч мэргэжлийг сонгоход нь бид тодорхой тооны квот барьж байгаа. Магадгүй сурлагын дүнгийн үзүүлэлтээс шалтгаалаад хүссэн ангидаа орж чадахгүйгээс өөр мэргэжил сонгох тохиолдлууд гарч байгаа. Тиймээс квотын асуудлыг эргэн харах шаардлагатай байгаа юм. Гэхдээ хүссэн мэргэжил нь гээд тэднийг хүссэн ангид нь бүгдийг оруулах боломжгүй. Тодорхой шалгуур, бодлого энд үйлчлэх ёстой.

-Квотыг хэрхэн тогтоодог вэ?

-Квотыг тогтоохын тулд хичээлийн жилийн туршид нийтдээ гурван удаа тандалт хийдэг. Тухайн суралцагч ямар мэргэжлийг сонгох хандлагатай байна вэ гэдгийг тодорхойлдог гэсэн үг. Эдгээр сонголтын үр дүн, тухайн мэргэжлийн багш нарын сургалтын ачаалал, сургалтын орчны хүрэлцээ, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх сургуулийн бодлого гэх мэт олон шалгуурыг тооцож тухайн ангид тийм тооны хүүхэд элсүүлнэ гэдгээ тооцоолдог. Ингээд нэгдүгээр түвшин төгсөх хавраа оюутнууд маань дүнгээрээ жагсаж, квотын дагуу мэргэжлээ сонгодог.

ЖИЛД 20-30 ХҮҮХЭД ОЛИМПИАДЫН НӨХЦӨЛӨӨР МУИС-Д ШУУД ЭЛСЭН ОРДОГ

-Хоёрдугаар түвшнээсээ мэргэжлээ судална гэж ойлголоо. Хуучин бол мэргэжлийн хичээлээ 4 жил судалдаг байсан бол шинэ системээр 3 жил судлах юм байна. Цаг хугацааны хувьд багагүй өөрчлөлт оржээ. Магадгүй ажлын байранд гарсны дараа энэ зөрүүтэй байдал нөлөөлөх болов уу?

-Зөв асуулт байна. Өмнөх болон шинэ системийн зөрүү ажлын байран дээр ажиглагдах тал байна. Хуучин системээр нэгдүгээр түвшнээс нь эхлээд мэргэшүүлэх сургалтыг явуулдаг байсан бол шинэ систем хоёрдугаар түвшнээс нь мэргэжлийн хичээл орохоор төлөвлөгдсөн тул төгсөгчдийн дунд мэргэшлийн зөрүү гарч байна л даа. Энэ зөрүүг ажил олгогчид маань ойлгох хэрэгтэй. Шинэ системээр суралцсан төгсөгч маань харин ч илүү суурь боловсролын мэдлэг сайтай, хөрвөх чадвар, чадамжтай боловсон хүчин болж төгсдөг гэдгийг аль аль талдаа ойлголцох шаардлагатай байгаа юм. Мэдээж илүү мэргэшье гэвэл магистрт суралцана. Манай сургуулийн хэтийн бодлого бакалаврын түвшний оюутны тоог багасгаж магистр, доктор буюу ахисан түвшний тоог нэмэхэд чиглэгдэж байгаа. Ингэснээр ахисан түвшинд судалгааны, нарийн мэргэжлийн сургалт руу орохыг зорьж байгаа юм л даа.

-МУИС хөгжлийн явцад МУБИС, ХААИС, АШУҮИС, ШУТИС, Ховд ИС, ХИС-ийг төрүүлсэн. Одоогийн дээд боловсролын өнгийг тодорхойлж, тэргүүлж байгаагийн хувьд МУИС-ын бусдаас ялгарах гол онцлог нь чухамхүү юу вэ?

-МУИС-д бусад их, дээд сургуулиудаас ялгаатай хэд хэдэн өвөрмөц тал бий. Таны хэлсэнчлэн, манай сургуулиас төрж гарсан ШУТИС, АШУҮИС, ХААИС зэрэг сургуулиуд тодорхой нэг чиглэлээр төрөлжсөн сургуулиуд гэж хэлж болно. Харин МУИС бол бүх төрлийн салбар сургуулиудтай. Мөн дээрх их, дээд сургуулиудад бэлтгэдэггүй боловч зайлшгүй нийгмийн шаардлагаар бэлтгэдэг мэргэжил гэж байна. Жишээлбэл, манай ШУС-ийн Байгалийн ухааны салбар сургууль шиг суурь судалгааны чиглэлээр аль ч сургууль мэргэжилтэн бэлтгэдэггүй. Байгалийн ухаан буюу шинжлэх ухааны суурийг бэлтгэдэг энэ сургууль маань МУИС-ийн брэнд салбар. Үүнтэй адил антропологи, археологи, ой судлал, урлаг судлал гэх мэт зарим мэргэжлүүдийг бусад сургуулиуд бэлтгэдэггүй. Яагаад гэвэл бусад их, дээд сургуулиуд зах зээлийн зарчмын дагуу эрэлт ихтэй, сургалтын ашиг, алдагдал багатай мэргэжлийг бэлтгээд явж байна.Гэтэл улсын хувьд эдгээр мэргэжил нь зайлшгүй хэрэгтэй. Бусад сургууль хөгжүүлэхийг сонирхохгүй. Энэ мэтчилэн улсын захиалгаар зайлшгүй Монгол Улсад хэрэгцээтэй хөгжүүлэх ёстой цөөн салбаруудыг манай сургууль авч явах үүрэгтэй. Энэ үүрэг нь бидний брэнд. Ялангуяа манай Байгалийн ухааны салбар сургууль шинжлэх ухааны цөмийг нь авч явдаг суурь судлаачдыг бэлтгэдэг. Тийм ч учраас дээрх чиглэлээр суралцаж байгаа оюутнуудаа дэмжих бодлогыг бид баримталдаг. Жишээ болгоход, ШУС- ийн Байгалийн ухааны салбарын математик, физик, хими, биологийн хөтөлбөрийг сонгосон оюутнуудын нийт суралцах хугацааны төлбөрийг голч дүнгээс нь хамааран 50 хүртэлх хувиар хөнгөлдөг. Мөн ЭЕШ нь 750- аас дээш оноотой Байгалийн ухааны салбар, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд элссэн эхний 50 элсэгчдийн сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлдөг. Бусад хөтөлбөрүүдийн тухайд ч гэсэн улсын болон олон улсын олимпиадад I - III байр эзэлсэн бол элсэлтийн шалгалтаас чөлөөлж, сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлөх дэмжлэгийн бодлого хэрэгжүүлдэг.

-Дээрх нөхцлийг хангаж хэр олон хүүхэд элсдэг вэ?

-Жилд 20-30 хүүхэд олимпиадын нөхцөлөөр МУИС-д шууд элсэн ордог. Энэ жил дээрх болзлоор 22 хүүхэд элссэн. Мөн элсэлттэй холбоотой ярихад, амжилттай сайн суралцаж байгаа оюутнуудад хос болон хавсарга мэргэжлээр суралцах эрхийг олгодог. Тухайлбал, хуулийн ангийн оюутан эдийн засгийн ангид давхар суралцах боломжтой. Чухамхүү тухайн оюутны өөрийн чадвараас нь шалтгаална. Байгалийн ухаан болон инженерчлэлийн чиглэлээр суралцаж буй оюутан үндсэн мэргэжлийн зэрэгцээ гүнзгийрүүлсэн (honors) хөтөлбөрөөр суралцах боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ нь бусад суралцагчаас илүү түвшний оюутанд зориулсан тусгайлсан хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрөөрөө тухайн оюутанд өндөр түвшний мэдлэг олгох, улам чадваржуулах боломжоор хангадаг.

ДЭЛХИЙН БОЛОВСРОЛЫН ЧИГ ХАНДЛАГЫГ МОНГОЛДОО АВЧРАХ, БУСАД ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДДАА ҮЛГЭРЛЭХ ҮҮРЭГ БИДЭНД БИЙ

-Оюутнуудыг дэмжсэн бусад дэмжлэгүүдийн талаар дурдахгүй юу?

-Амжилттай суралцаж байгаа оюутнууд маань их сургуулийн нэрэмжит болон гадаад, дотоодын байгууллага, Засгийн газрын гэх мэт нийт 14-15 төрлийн сургалтын тэтгэлэгт хамрагдах боломжтой. Өнгөрсөн жил нийтдээ 225 оюутан дээрх хөтөлбөрүүдэд хамрагдсан. Үүнээс МУИС-ийн нэрэмжит буюу өөрийн санхүүжилтээр 87 оюутанд сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн тэтгэлэг олгосон. Энэ жил энэ тоог нэмэгдүүлэх бодлогыг барьж байна. Бид гаднаас харах гэхээс илүүтэй өөрсдийн дотоод нөөц боломжид тулгуурлан оюутнуудаа дэмждэг. Хувь оюутан өөрөө идэвх санаачлагатай байж чадах юм бол сургуулийн зүгээс бүхий л талаар нь дэмжлэг үзүүлэхэд бэлэн байдаг. Сургууль гэдэг нэг талаараа боловсролын үйлчилгээний байгууллага. Тухайн хүүхдэд шаардлагатай боловсролыг олгохын зэрэгцээ хувь хүн, иргэн болж төлөвшихөд нь анхаардаг байх үүрэгтэй. Энэ үүрэг сүүлийн жилүүдэд их сургуулиудад орхигдсон. Тиймээс энэ асуудалд бид оюутны холбоотойгоо хамтраад илүүтэй төвлөрч ажиллахаар зорьж байна.

-Сургалтын хөтөлбөрийн тухайд цаашид юун дээр төвлөрч ажиллах вэ?

-Либерал арт системийг хэрэгжүүлэх суурь, үйл ажиллагааны зохицуулалтыг хийж дууссан. Цаашид хөтөлбөрийн дотоод руу, өөрөөр хэлбэл чанар луу илүү анхаарна. Хөтөлбөр бүр бидний яриад байгаа шиг олон улсын жишигт нийцэж байна уу, мөн бидний цаашдын зорилттой хэрхэн уялдаж байна, юуг нь засаж сайжруулахаар байна гэдгийг илүү нарийн тодорхойлно. Олон улсын болон үндэсний магадлан итгэмжлэлээр хөтөлбөрүүдээ үнэлүүлж байж бид чанарын баталгаагаа хангана. Энэ жилийн хувьд бакалаврын түвшний 11 хөтөлбөрийг үндэсний, хоёр хөтөлбөрийг (програмчилал, хими) олон улсын магадлан итгэмжлэлд оруулахаар бэлтгэж байна. Химийн хөтөлбөрийн тухайд байгалийн ухааны салбараас Монгол улсын хэмжээнд анх удаа олон улсын магадланд орж байгаа хөтөлбөр. Цаашид үндэсний магадлан итгэмжлэлд сургалтын бүх хөтөлбөрөө оруулах зорилго тавьж байна. Манай сургуулийн 2024 он хүртэлх хөгжлийн стратеги төлөвлөгөөнд ч энэ талаар тусгагдсан байдаг.

-Өнгөрсөн хугацаанд танай сургуулийн гадаад хамтын ажиллагаа хэр үр дүнтэй байв?

-Манай сургууль дэлхийн 200 гаруй их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээтэй. Ялангуяа сүүлийн жилүүдэд сургалт, оюутан солилцооны талаарх гадаад харилцаа илүүтэй өргөжиж байна. Бакалаврын түвшний оюутан солилцоогоор жилдээ 30 гаруй оюутан бусад гадны сургуулийн сургалтанд хамрагддаг. Мөн зарим улсаас их сургуулийнхаа салбар сургалтын төвийг нээгээч гэдэг хүсэлт ирж байна. Тухайлбал, Өвөрмонголын зарим аймгуудаас их сургуулийн салбар сургалтыг нээж ажиллуулах хүсэлт тавьсан байгаа.

-Жилд гадны хичнээн оюутан МУИС-д суралцаж байна вэ?

-Жилд 180-200 гаруй гадаадын оюутан суралцдаг. Энэ тоог цаашид нэмэгдүүлэхийн тулд тэдэнд зориулсан хөтөлбөрөө өргөжүүлэхийг зорьж байна. Гадаад оюутнууд нийгэм, хүмүүнлэг, бизнесийн чиглэлийг илүүтэй сонирхдог. Нийт гадаад оюутны 50 гаруй хувь магистр докторын түвшинд суралцдаг. Үүнд хууль, олон улсын харилцаа, монгол судлал, бизнесийн чиглэлээр ихэвчлэн суралцаж байна.

-МУИС “Иргэний хөтөлбөр”- тэй болсон талаар сонссон. Тус хөтөлбөрийн ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Нийтэд зориулсан боловсролыг олгохын тулд “Иргэн” хөтөлбөрийг хэрэгжүүлээд хоёр жил болж байна. Ямар ч насны иргэнд мэдлэгээ нэмэх, боловсролын түвшнээ ахиулах боломжийг олгосон сургалт гэж ойлгож болно. Иргэн гэдэг статустай сургалт юм. Нөгөө талаар бүх шатны, бүх насны иргэдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тасралтгүй боловсрол олгох “иргэний боловсролын төв” байх зорилго тавьж байгаа. Зөвхөн МУИС-д элссэн суралцагчдад бус мэдлэг, боловсрол шаардлагатай ямар ч иргэнд МУИС-ийн боловсролыг олгох боломж бүрдүүлж байна гэсэн үг. Мөн бид лицей, төрөлжсөн сургуулиудтай хамтарсан багц цаг тооцох хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, МУИС-ийн харьяа “Байгаль-Эх” лицей ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид МУИС- ийн суурь хичээлүүдээс судалж амжилттай суралцсан тохиолдолд тухайн хичээлийн кредитийг МУИС-д оюутан болоход нь дүйцүүлэн тооцдог. Дахин тухайн хичээлийг судалж мөнгө зарахгүй гэсэн үг. Яг үүн шиг сургалт бүр нээлттэй, бусдад хүртээмжтэй байх тэр систем рүү л бид шилжиж байна. Боловсролыг заавал танхимын сургалтаар биш технологийн дэвшилд суурилсан сургалтын шинэ аргыг хэрэглэж нээлттэй болон онлайн эхүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар явуулах боломжтой. Иймээс бид цаашид сургалтыг цахимжуулах систем рүү шилжүүлнэ.

-Жилд их, дээд сургуулийг хэдэн мянган боловсон хүчин төгсдөг ч ажлын байр асуудал дагуулсаар байна. Танай сургуулийн төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байраар хангагдаж байна вэ? Ер нь зах зээлийн шаардлагад нийцсэн боловсон хүчин бэлтгэж чадаж байна уу?

-Их сургуулийн чанарыг тодорхойлдог зүйл нь төгсөж буй мэргэжилтэн хаана ажиллаж, юу хийж байгаагаас харагддаг. Манай сургуулийн төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдал ер нь боломжийн. Статистик тоо тогтмол хөдөлж байдаг болохоор шууд хэлэх боломжгүй. Бакалаврийн төгсөгчдийн 10 орчим хувь нь магистраар мэргэшин суралцдаг. Төгсөгчдийн ажил эрхлэлтийн мөчлөгийн судалгааг жил бүр манай албанаас хийдэг. Мөн төгсөгчид маань ажлын байранд хэр шаардлага хангаж байна гэдгийг ажил олгогчдын дунд санал асуулга явуулдаг. Их сургуулийн нэр хүндийг төгсөгчид маань хадгална. Мөн “Сайн багшаас сайн шавь төрдөг” гэдэгчлэн бид багшлах боловсон хүчиндээ маш анхаардаг. Чадварлаг боловсон хүчин дээр их сургуулийн өнөөгийн байр суурь хадгалагдана. Сайн хүүхэд муу багштай хөгжихгүй. Тэр ч үүднээс энэ жил “Багшийг дэмжих хөгжлийн жил” болгон нэрлэсэн. Сайн багшийг ажиллуулах, мэргэшүүлэх тэднийгээ дэмжих бодлогыг тогтмол явуулж байж сургалтын чанар нэмэгдэнэ.

Төрийн өмчийн бусад сургуулиуд МУИС ямар чигээр хэрхэн ажиллаж байна вэ гэдгийг байнга ажиглаж, суралцаж байдаг. Бид ийм жишгийг бий болгосон шигээ боловсролын бүх төрлийн шинэ хандлагуудыг олж хардаг түүчээ нь болж явах ёстой.

-МУИС-ийн сургалтын онцлог онол давамгай, практик талаа орхигдуулдаг гэх яриа нийгэмд байдаг. Үүнтэй та санал нийлэх үү? Ер нь практик талдаа хэрхэн ажилладаг вэ?

-ШУТИС, ХААИС, МУБИС гээд л их сургууль бүр өөрийн онцлогтой байдаг. Манай сургууль шинжлэх ухааны суурийг оюутанд эзэмшүүлдэг. Тэгэхээр практик гэхээс илүү тухайн шинжлэх ухааны онолын үндсэн мэдлэг, мөн чанар, зарчмыг эзэмшүүлэхийг зорьдог. Цаашид боловсролын систем практик руугаа ойртож байж илүү нарийн мэргэшинэ гэж ярьдаг нь үнэн. Гэхдээ практик гэж яг юу хэлээд байгаа юм гэдэг нь чухал. Гараараа хийх, эсвэл газар дээр нь очиж ажиллахыг хэлж байгаа юмуу эсвэл тухайн оюутан аливаад сэтгэн бодох чадвартай, дүгнэлт анализ хийх боломжтой тэр чадамжийг суулгах практик юмуу гээд яривал өргөн хүрээг хамарна л даа. Их сургуулийн сургалт, заах арга барилын хувьд оюутан төвтэй, түүнийг дэмжсэн хэлбэр рүү шилжээд удаж байна. Их сургуулийн багш өөрийнхөө мэддэг чаддагаа самбарын өмнө гараад заах тухай ойлголт нь сургалт биш юм. Их сургуулийн багш хүүхдийн сурсан мэдлэгийг сэдэлжүүлж, мэдлэг, чадамжийг нь тэлэх сургалтыг л явуулах ёстой. Түүнээс биш “За бич” гэдэг системээс аль хэдийн салах ёстой. Өөрөөр хэлбэл, мэдээллийг дамжуулах үүргийг багш гүйцэтгэхгүй. Харин тэр мэдээллээс өөр мэдээлэл гаргах чадварыг оюутанд олгох нь багшийн үүрэг. Үүнийг л би практик гэж хэлнэ. Тиймээс онолоос илүү семинарт суурилсан сургалтыг түлхүү явуулах хэрэгтэй. Энэхүү семинарын сургалтаар тухайн оюутанд дээрх чадамжийг суулгах нь чухал гэж бодож байна.

-Монгол Улсад дээд боловсролтой мэргэжилтинг бэлтгэж эхэлсэн энэ түүхэн ой та бүхний бахархал. “Өчигдөр байгаагүй бол өнөөдөр байхгүй” гэдэг шиг, МУИС үгүй байсан бол өнөөдөр дээд боловсрол ямар байх байсныг хэлж мэдэхгүй байна. Ярилцлагынхаа сүүлчийн асуултыг танд нээлттэй үлдээе.

-Баярлалаа. Тэртээ 75 жилийн өмнө бидний ахмад үе өнөөдрийн МУИС- ийн баганыг босгосон. Тэдний босгосон энэ баганыг улам өнгөлж, сайжруулж явах хариуцлагыг бид хүлээсэн. Тэдний тарьсан дээд боловсролын үр өнөөдөр хэдийнээ боловсорч гүйцсэн жимс болжээ. Бидэнд үзэж туулсан арвин туршлага бий. Өмнөх ахмад үеийнхэн маань заах аргын болон шинжлэх ухааны, сургалтын зэрэг маш олон түвшинг бидэнд өвлүүлсэн. Энэ түвшинг л бид дараа дараагийн үед алдагдуулалгүй авч явах ёстой. Их сургууль ямар түвшинд байсан, нийгмийн ямар асуудлыг шийддэг байсан, манай төгсөгчид хаана ажиллаж чаддаг байсан энэ бүгдийг бид гол чигээ болгон барьж ажиллаж байна. Өмнөх дэвшлээ улам сайжруулж шинэчилж байх нь чухал. Ингэхийн тулд дэлхийн боловсролын чиг хандлагыг Монголдоо авчрах, бусад их, дээд сургуулиуддаа үлгэрлэх энэ үүрэг 75 жилийн турш уламжлагдан хадгалагдаж байна. Төрийн өмчийн бусад сургуулиуд МУИС ямар чигээр хэрхэн ажиллаж байна вэ гэдгийг байнга ажиглаж, суралцаж байдаг. Бид ийм жишгийг бий болгосон шигээ боловсролын бүх төрлийн шинэ хандлагуудыг олж хардаг түүчээ нь болж явах ёстой. Энэ нь бидний эрхэм зорилго.

Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч Ш.Адъяамаа

2017 он 10 сар "Зиндаа" сэтгүүл ТУСГАЙ ДУГААР №01/506

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ДМНД(157.15.7.113) 2024 оны 11 сарын 21

АМРАГ БУМДАРЬ НЬ ХЯЗГААРГҮЙ ДЭЭШИЛСЭН. АРДЫН НАМЫН ТАВИУЛУУД МУИС-ИЙГ САМАРЧ ДУУСЛАА\n

0  |  0
lonjin nom(64.119.24.98) 2018 оны 03 сарын 14

molor erdeniin muisiig hadaasaar hadaad haa gedeg unen ner n eronhii bolohoos bish

0  |  0
Top