ZINDAA.MN сайт энэ буландаа нийгэмд болон хувь хүмүүст хэрэгтэй мэдээлэл бүхий ярилцлага нийтлэхээр төрөл бүрийн салбараас зочин урин оролцуулдаг. Энэ удаад, гадаадад суралцаж буй монгол оюутнуудын нэгэн төлөөлөлтэй ярилцсанаа толилуулж байна.
- Одоо суралцаж буй сургууль болон өөрийнхөө тухай манай уншигчдад товчхон танилцуулна уу.
- Юуны өмнө энэхүү ярилцлагыг маань сонирхож буй бүх уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Мөнхзул гэдэг. 2015 онд Унгар улсын Stipendium Hungaricum засгийн газрын тэтгэлэгт тэнцэж, одоо Унгар улсын Сэгэд хотод Бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр суралцаж байна. Манай сургуулийн тухайд, Унгарын шилдэг их сургуулиудын жагсаалтад гуравдугаарт ордог, маш үзэсгэлэнтэй хотод байрладаг сургууль (University of Szeged).
- Унгарт анх очиход ямархуу байв, шантрах үе гарч байсан уу?
- Миний хувьд анх Унгарт ирээд шантарч байсан үе чамгүй олон бий (инээв ). Ганц би гэлтгүй ихэнх оюутнууд анх гадаадад сурахаар ирээд шантарч байсан удаатай байх. Гадаадад сурахад маш олон асуудлуудтай нүүр тулдаг. Жишээлбэл: Гэрээ санах, ус, хоол нь таарахгүй байх, цаг агаар нь сэтгэл зүйд нөлөөлөх, соёлын ялгааг хэт их мэдрэх, олон төрлийн ааш араншинтай хүмүүстэй харилцах, хэлний бэрхшээл гэх мэт. Нэг жилийн өмнө Унгар улсад суугаа Монголын элчин сайдын яамнаас "Унгар дахь миний амьдрал" нэртэй эссэ бичлэгийн уралдаан зарлаж байсан юм. Энэ уралдаанд өөрийнхөө "Гэрэлт өглөө" гэдэг эссэгээрээ тэргүүн байр эзэлсэн. Хэрвээ энэ эссэг маань уншиж үзвэл, ганцхан Унгарт ч гэлтгүй, гадаадад сурдаг бидний сэтгэлийг бага ч гэсэн ойлгож магадгүй.
- Хэлний бэрхшээлээ хэрхэн даван туулсан бэ?
- Миний хувьд эхний нэг сар “чих онгойж” өгөхгүй, багшийн хэлж байгаа бүх үгс чихний хажуугаар жирэлзээд л өнгөрдөг байсан. Манай ангийнхан бүгд олон орноос ирсэн гадаад оюутнууд байсан учраас тэд нарын доор орохгүйг хичээгээд л, сайн ойлгохгүй байсан ч хамгийн урд суугаад л, багшийн ярьж байгааг “барьж авах” гэж хичээдэг байсан. Тэгээд л нэг мэдэхэд юунд ч түүртэлгүй ойлгодог болчихсон байсан даа. Ер нь хэлний мэдлэг муу бол сайжруулахаас нааш гадаад орныг зорих хэрэггүй санагддаг. Зарим эцэг эхчүүдийн хандлагыг харахад, “за яахав, манай хүүхэд орчинд нь очоод сурчихна” гээд юу юугүй л их сургуульд нь оруулчихдаг. Нэг талаасаа хүүхэд ч өөртөө итгэлгүй болдог, нөгөө талаасаа гадаадад бид нарыг МОНГОЛ гэж харна уу гэхээс хувь хүн гэдэг өнцгөөс огт хардаггүй.
- Унгарт суралцаж буй Монгол оюутнуудын хичээл номондоо шамдах хандлага ерөнхийдөө ямархуу байдаг бол?
- Миний өнцгөөс харвал, монгол оюутнууд их мундаг гэж боддог. Манай сургуулийн төгсөгчдөөс иш татвал, маш мэрийлттэй, үргэлж л ангидаа дээгүүр жагсаж Монголынхоо нэрийг гаргаж байдаг. Мөн манай хотын оюутнууд хоорондоо их нөхөрсөг, мэдэхгүй чадахгүй зүйлсийг нь чадаж байгаа нэг нь бусдадаа цаг гаргаж зааж өгдөг. Огт төвөгшөөсөн байдал харагддаггүй.
- Гадаад хэл суралцах үедээ ямархуу арга барилаар хичээллэвэл илүү үр дүнд хүрэх бол, өөрийн тань бодлоор?
- Миний бодлоор, гадаад хэл сурах арга барил гэхээсээ илүүтэй, ямар ч зүйлийг хийе бүтээе гэсэн чин эрмэлзлэлтэй, түүндээ тодорхой цаг хугацааг үргэлж гаргаж чаддаг байвал бүтэхгүй зүйл гэж байхгүй. Саяхан манай найз Малколм Гладвэл гэх зохиолчийн бичсэн Оутлэйрс номны талаар сонирхуулж байхдаа 10000 цагийн дүрмийн талаар надад ярьж өгсөн юм. Үндсэн утга санаа нь маш энгийн. Хүн 6000 цагийг ямар нэгэн зүйлд зарцуулвал түүндээ гаршдаг. Харин 10000 цагийг зарцуулсны дараа тухайн хүн түүгээрээ амжилтанд хүрдэг гэнэ. Энэ онол надад маш их таалагдсан.
- Олон хүүхэд, залуучууд хилийн чанадад явж эрдэм боловсрол эзэмшихийг хүсдэг. Тэднийг мөрөөдлөө биелүүлэхэд нь юу хамгийн ихээр тусалдаг вэ?
- Тууштай байдал, хүсэл эрмэлзлэл. Энэ 2 зүйл хэрвээ чамд байвал хэзээ нэгэн цагт хилийн чанадад ирэх л болно. Гэхдээ хамгийн чухал зүйл нь, ирснийхээ дараа яах вэ гэдэг асуудал. Хүн өөрийнхөө зорилго, эцсийн цэгийг “гадаадад суралцах” гээд тавьчихаж болохгүй. Түүнээс цаашихыг нь бас л төлөвлөчихсөн ирэх хэрэгтэй. “Яаж сурах вэ, хэн байх вэ, юунд үгүй гэж хэлэх үү, юунд үнэнч байх уу” гэх мэтчилэн. Хүсч хүсч ирчихээд, тэр сайхан боломжоо зүгээр л салхинд хийсгэчихдэг хүмүүс байдаг шүү дээ.
- Унгарын тэтгэлэгтэй сургалтанд хэрхэн хамрагдаж болох бол? Ер нь, тус улсад суралцахыг хүсвэл юунд илүүтэй анхаарах шаардлагатай вэ?
- Унгарын тэтгэлэгт хамрагдахын тулд ямар алхмууд хийх, юу юуг бэлдэх тухай Studyinhungary.hu гэсэн сайт дээр бүх мэдээллүүд байдаг. Миний хувиас зөвлөгөө өгвөл, хэлний мэдлэгээ юун түрүүнд сайжруулах шаардлагатай. Мөн хувь хүний хөгжил талаасаа өөрийгөө хөгжүүлсэн байвал тэтгэлэг авахад илүү дөхөм болдог юм шиг санагдсан.
- Гадаад оронд суралцаж буй Монгол оюутнуудын хувьд нийтлэг ямархуу дутагдал ажиглагдаж байна вэ?
- Миний олж харсан хамгийн нийтлэг алдаа бол оюутнууд гадаадад ирэхээ хамгийн чухал гэж боддог. Гэтэл ирээд яах вэ гэдэг талаас нь огт хардаггүй санагдсан. Хүний газар ирээд өмнө нь харж байгаагүй сайхан зүйлсийг хараад, мөн маш их эрх чөлөөг мэдрээд сайхан л байлгүй яахав. Гэхдээ зарим оюутнууд эхний жилээ бүхэлд нь тэр зүйлсэд зориулчихдаг. Ингээд явж явж байгаад нэг эргээд харахад хайран цаг хугацаагаа дэмий зүйлд зарцуулсан байдаг. Ийм учраас анхнаасаа ирэхдээ төлөвлөгөөтэй, өөртөө цэнзүртэй байх хэрэгтэй.
- Залууст хандаж аминчлан хэлчихээр ямар нэгэн зөвлөгөө ч юм уу, байгаа юу, үүнийг л хэлчих юмсан хэмээн дотроо бодож явдаг?
- Ер нь хараад байхад манай монгол оюутнууд их ичимхий бүрэг. Багшийн ярьж байгаа зүйлсийг мэддэг хэрнээ огт дуугардаггүй зантай. Тиймээс өөрийгөө нээж задалж өгвөл их өндөрт үнэлэгдэхээр санагддаг. Бүхий л талаар өөрийгөө хөгжүүлж, өөрийнхөө хамгийн шилдэг хувилбар байхын төлөө тэмцдэг байх хэрэгтэй л гэж бодож байна даа.
- Гадаадад суралцахыг хүсэгчдэд санаа авууштай ойлголт өгсөнд их баярлалаа. Эрдэм номынх нь гэгээн мөр ариун, дардан байх болтугай.
Ярилцсан Д.Мягмарсүрэн
www.Zindaa.mn
Гэрэлт өглөө /эссе/
Гэнэт нүдэндээ нулимстай сэрэв. Зүрхний гүнд нуугдсан тэр их санасан сэтгэлээ, сэрүүндээ бөмбөрүүлж чадаагүй нөгөө хэдэн нулимсаа унтаж байхдаа л ил гаргасан хэрэг. Би зорилготой, шийдэмгий, нугаршгүй байхын тулд өөрийнхөө жинхэнэ мэдрэмжээ нууж далдлахыг хэт их хичээсэн байлаа. Хүмүүсийн егөөддөгөөр, чигчийхэн чинээ би чинь ердөө л сэтгэл мэдрэхүйг агуулсан мах бодь болох нь батлагдав.
Сар өдрүүд хөвөрсөөр гэр бүл, найз нөхдөө санах минь ч багасав. Тийм дээ, “би энд насаараа амьдрах биш, гүйгээд очиход тосоод авах эх орон, эцэг эх минь байхад” гэсэн дулаан бодол толгойд эргэлдэхтэй зэрэг нэгэн гарчиг миний нүдэнд тодоос тод тусах нь тэр "Соно бялзуухай".
Цэцэгнээс цэцэг дамжин тоос хүртээх үүрэгтэй, цэцгийн бал шүүсээр хооллодог хамгийн жижигхэн энэ шувуу яг над шиг санагдав. Үгүй ээ, ямар ч эргэлзээгүй би байв. Би гэдэг хүн очиж чадахаасаа чадахгүй газар хүртлээ явж, хамгийн өгөөжтэй,хамгийн тустайг нь шунан сураад буцаагаад бүгдэд хүртээхийг хүсдэг нэгэн төрлийн бялзуухай л даа. Энэ зорилготойгоо нуугдаж тоглож, чоно туулайдсаар эцэст нь үүргэвчээ үүрээд гэрээсээ гарсан аавын охин Монголоо зүрхнийхээ гүнд тээсээр Унгарт түр саатаж буй нь энэ. Надад энд саатах дахиад 2 жилийн хугацаа үлджээ. Харин өнгөрсөн 2 жилийн хугацаанд би юу сурав, юу мэдэв? Дүгнэлт хийхэд арай эрт боловч би боломж олж харсан. Миний нутагт хэрэгтэй тэр л зүйлийг би эндээс олж харсан, би Англи, Америк руу шууд зүтгээгүйдээ өөртөө талархсан. Хэт өндөр хөгжсөн ардчиллын хаант улсын бодлого, стратеги манай хөрсөнд шууд нийцэж буух нь цөөн. Тиймээс би өнөөдөртөө энд амьдрахаар шийдсэн, хөгжиж буй энэ орны бодлого стратеги манай оронд яг нийцтэй сууж өгөх юм шиг санагдаж, үүний дараа л өндөр түвшний зүйлс бидний эдийн засаг болон бусад салбарт тохирч эхлэхгүй гэж үү гэж бодлоо. Маргааш Унгар шиг, нөгөөдөр Герман шиг, нөгөөдрийн маргааш Англи, Америк шиг хөгжицгөөе. Бүгдийг шат дарааллаар нь хийвэл илүү бодит, гарт баригдахуйц байна биш гэж үү дээ.
Нүүрэндээ инээмсэглэлтэй сэрэв. Буцаж очоод сурсан зүйлсээ ашиглахаас, өнөөдөр ахиад л бидэнд, бас надад хэрэгтэй зүйлсийг сурахаас тэсэн ядаж, шөнө нь бодоод, өглөө нь санаад сэрж байгаа минь энэ бололтой. Бяцхан зүрх минь догдолж, хурдхан шиг бүгдийг өвөртлөөд хүний нутгаас элгэн садан руугаа гүйгээгээрээ буцах тэр өдрийг мөрөөдөн сууна.
Өнөөдөр бид Монголын ирээдүй бол маргааш бидний үр хүүхэд Монголын ирээдүй! Өнөөдөр бид эцэг эхийнхээ бахархал нь бол маргааш тэд бидний бахархал юм шүү.
Энхтөгсийн Мөнхзул /Сэгэдийн Их сургуулийн Бизнесийн удирдлага менежментийн сургуулийн 2-р дамжааны оюутан/
Унгар. Сэгэд хот
Сэтгэгдэл ( 6 )
Aaw eejiin mundag uhaantai ohindni surlagiin ondor amjilt husiy.
mundag egchdee amjilt husey egcheeree mash iheer baharhaj bna
үнэхээр сайхан эсээ болжээ. таниар маш их бахархаж байна.
Mundag ohin bn amjilt husie.. hunii nutagt ih zuiliig surch eh ornihoo hogjil dewshild unetei huwi nemriig oruularai amjilt.
Estoi myndag bna.
Iim setgel, zutgeltei baih yostoi yum shuu .Amijilt husey