Нийслэлийн 555 ээж “Алдарт эх”-ийн одон гардан авлаа

2018 оны 06 сарын 04

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НИТХ-аас санаачилж, Ерөнхийлөгчийн зарлигаар нийслэлийн 555 ээжийг алдарт эхийн одон медалийг гардуулан өгөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнгөрсөн баасан гарагт/06.01/ Соёлын төв өргөөнд боллоо.

Алдарт эхийн одон гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү, Нийслэлийн засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа, НИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид болон НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар оролцож “Алдарт эх”-ийн одонгоор шагнагдсан ээжүүдэд одонг нь гардуулан өглөө.

Уламжлал болгон зохион байгуулагддаг энэ арга хэмжээ нь энэ жил анх удаа 555 ээжид одон гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээний түвшинд зохион хүлээн авч байгаа гэдгээрээ онцлог юм. Нийт 550 ээж “Алдарт эх”-ийн хоёрдугаар одонгоор, 5 ээж “Алдарт эх”-ийн нэгдүгээр одонгоор энгэрээ мялаалаа.

Алдарт эхийн одон гардуулах нээлтийн үйл ажиллагааг нээж НИТХ-ын дарга С.Амарсайхан үг хэллээ. Тэрээр “Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, зөв иргэн болгон төлөвшүүлэх нэр хүндтэй ачааны хүндийг эрчүүд биднээс илүү ээжүүд үүрч явдаг. Улс орны хөгжил, албан байгууллагын ажил үйлс, айл өрхийн сайн сайхны төлөө зүтгэж байгаа Монголын нийт ээжүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол улсын ирээдүй болсон үрсийг эрүүл саруул, эрдэм боловсролтой, сэтгэлтэй иргэн болгон өсгөн хүмүүжүүлж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж өрсөлдөхүйц иргэнийг та бүхэн чухал үүрэг гүйцэтгэж байгаа билээ. НИТХ-аас хотын бүтээн байгуулалттай холбоотой дэд бүтэц болон бусад ахуйн шинжтэй асуудлуудыг шийдэхээр ажиллаж байна. Өндөр барилга, өргөн гудамж бий болгох нь бидэнд хэрэгтэй ч үүгээр хөгжил дэвшлийг хэмжих боломжгүй юм. Харин өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй, зөв хүмүүжилтэй, нийгэмд эрүүл өрсөлдөж чаддаг иргэн хүнийг бий болох нь манай улсын хөгжлийн үнэ цэнэ байх болно.
Хүүхэд бүр аз жаргалтай, эрүүл аюулгүй орчинд өсөж торниж, сурч боловсрох ёстой. Энэ хүрээнд нийслэлд сургууль цэцэрлэгийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Амжилттай яваа эр хүн бүрийн ард амжилтыг нь тэтгэж байдаг эмэгтэйчүүд байдаг. Тэр хүмүүсийн төлөөлөл нь та бүхэн билээ. Та бүхний амьдрал аз жаргалаар бялхаж, ажил нь амжилт бүтээлээр үргэлж дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ. Үүний дараа НИТХ-ын дарга С.Амарсайхан “Алдарт эх”-ийн эхний одонг 84 настай буурай Н.Энэбиш гуайд өөрийн биеэр гардуулан өгөв.

Энэ үеэр НИТХ-ын тогтоолоор Нийслэлийн дээд шагнал болох “Хангарьд” одонгоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрыг шагналаа. Энэ жил “Өргөө” амаржих газрын 90 жил тохиож буй юм. Монголын мянга мянган иргэнийг өлгийдөн авсан энэ газарт улсын хэмжээнд найман хүн тутмын нэг нь, нийслэлийн хэмжээнд гурван хүн тутмын нэг нь төрсөн гэх сонирхолтой баримт байдаг байна.

Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны иргэн, Алдарт эх Т.Гаравхүү: Би 23 насандаа анхны хүүгээ өлгийдөн авч байлаа. Монголын гэрэлт ирээдүй болсон үрсийг би төрүүлж өсгөж байгаа гэдгээрээ маш их бахархдаг. Энэ ариун хөдөлмөрийг минь төрөөс үнэлж алдарт эхийн хоёрдугаар одонгоор шагнасанд маш их баяртай байна. Одоо би 34 настай. Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөхдөө нэг ч удаа хүүхэд асрах амралт авч авч гэртээ сууж байгаагүй. Үргэлж хүүхдээ асрангаа ажлаа хийдэг байсан. Монголын бүх ээжүүд маш хүчирхэг, дайчин. Тиймээс алдарт эхийн одон гэдэг энэ шагнал дэлхийн өөр хаана ч байхгүй, зөвхөн манай улсад байдаг байх. Энэ өдөр миний амьдралын баяр баясгалантай мөчүүд тохиож байна.

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэн, Алдарт эх Т.Түвшингэрэл: Би 23 насандаа анхны хүүхдээ өлгийдөн авч байлаа. Одоо 27 настай дөрвөн охины ээж. Манай дунд хоёр маань ихэр охидууд. Өглөө цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөөд, өдөр нь гэрийн ажлаа хийгээд, орой буцааж аваад л болоод байдаг юм. Хүн олон хүүхэдтэй байх тусмаа их ажил амжуулдаг байх. Ээж болохын сайханыг өнөөдөр улам их мэдэрлээ. Өмнө нь хороон дээрээсээ л очиж авдаг гэж боддог байсан. Гэтэл үнэхээр ийм хэмжээнд сайхан зохион байгуулж байгаад сэтгэл өндөр байна.

Сонгино-Хайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн, Алдарт эх Б.Болормаа: Би анхны хүүхдээ 26 насандаа төрүүлж байсан. Одоо дөрвөн хүүтэй. Хамгийн бага хоёр хүүхэд минь ихэрлэж 34 насанд минь намайг алдарт эх болголоо. Энэ шагналыг авсандаа маш их баяртай байна. Миний ээж 11 хүү, миний эмээ 10 хүү төрүүлж өсгөсөн 93 настай буурай бий. Энэ дашрамд ээж, эмээ хоёртоо хайртай шүү гэж хэлмээр байна.

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн, Алдарт эх Т.Лхагва-Дулам: Би анх 22 насандаа анхны охиноо төрүүлж байлаа. Түүнээс хойш дараалан гурван хүү төрүүлж энэ жил 38 насандаа “Дархан бэр” болсон. Мөн дахиад СТА гэх нэр хүндтэй шагналыг аваад удаагүй байхад “Алдарт эхийн одон”-оор шагнууллаа. Энэ жил шагналын хур буусан сайхан жил болж байна. Өнөөдөр миний дүү Т.Даваадулам надтай хамт одонгоор шагнуулсан. Надтай ижилхэн гурван хүү, нэг охинтой. НИТХ-ын зохион байгуулсан энэ үйл ажиллагаа үнэхээр сайхан болж байна. Үүдээр орж ирэнгүүт цэнхэр дээлтэй, хадаг мөнгөн аягатай идээ барьсан одонтой ээж нар угтсан. Түүнийг хараад маш их догдолж, сэтгэл хөдөлсөн.

Ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчдийн урлаг соёлын тоглолтоор үргэлжилж, “Алдарт эх”-ийн одонгоор энгэрээ мялаасан 55 ээж НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй хурлын тэргүүлэгч, төлөөлөгчидтэй хамтдаа зургаа татуулснаар өндөрлөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top