Д.Баяраа: Аав минь олонтойгоо хүн байсан

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 08

Монголын Эрэгтэйчүүдийн холбооны санаачлагаар наймдугаар сарын 08-ны өдрийг гэр бүлийн ноён нуруу, өмөг түшиг, хайрт аавыгаа энэрэн хайрлаж, хүндлэн бахархаж, тэдний нэр хүнд, үүрэг хариуцлага үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор “Аавуудын өдөр” болгон 2005 оноос эхлэн  жил бүр тэмдэглэдэг болсон билээ. Ингээд энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан "Дэлхийд аав хэрэгтэй" олон улсын хөдөлгөөний сургагч багш  Д.Баяраатай “ААВ” хэмээх эрхэм хүний талаар хөөрөлдлөө.

-Танд Аавуудын өдрийн мэнд  дэвшүүлье!Аав хэмээх эрхэм хүндтэй хүний талаар энэхүү баярын өдөр та юу хэлэхсэн бол?

-Аавтайгаа байгаа нь баярлуулаарай,  аавгүй болсон нэг нь сайхан дурсамжаар сэтгэлээ хөглөж уйлаарай л гэх байна  даа. Ямар ухаантай нь энэ баярыг санаачлаваа гэж баярлаж байна. Аав бол Бурханы энэ дэлхий дээрх элч шүү дээ.

-Жишээ нь, танд гэхэд, аавын сайхан дурсамж зөндөө байгаа байлгүй. Аавынхаа талаар товчхон дурсаж болохсон болов уу

-Айлын өргөмөл хүү учраас төрсөн аав, өргөж авсан аав, за тэгээд дүү нарын маань аав, хадам аав, Бурхан Аав гээд ааваар баян хүн дээ.Олон жилийн хүслэн болж, хүлээн хүлээн байж намайг өргөж авсан, энэ дэлхий дээр 18 жил хамт амьдарсан Содномпилийн Дамбажамц аавыгаа сургалт хийж, лекц уншин, Монголоо тойрч явахдаа их ч ярьж явсан даа, зургийг нь үзүүлээд л. Сургалтанд оролцогчидтойгоо хамт уйлж дуулаад  л...

 “Аавтайгаа хамт үдсэн тэр намар аа ай хө

Намар намраас сайхан намар аа” гээд л Жавхаагийн дуулсан дууны мөртүүд ороод ирэхэд өөрийн эрхгүй сэтгэл хөдлөөд “нэрж” өгнө шүү дээ.  Яасан ч дуусдаггүй санаашрал вэ гэж бодогддог доо. Бурханлаг хайрыг үлдээгээд явсан аавынхаа дурсамжаар хүчийг авч урам зоригтой амьдарч байна даа. Аав маань явахдаа Бурхан Аавд хүүгээ даатгаад, үрчлүүлээд явсан байх даа гэж итгэж баярлаж суудаг даа.  Хамгийн сүүлчийн удаа аавтайгаа хамт өвөлжөө барих гээд ууланд өнгөрүүлсэн өдрүүд нүдэнд харагдах шиг болдог. Тэр намар бол аавынхаа сургаалийг сонссон, захиа даалгаврыг нь авсан сүүлчийн өдрүүд байсныг яахин мэдэх билээ дээ.

Оюутны анхны намрын ажилд ирээд,  1-р курсийн юугаа ч мэдэхгүй хөдөөний нусгай бацаан гэрээ санаж байгаа гэж жигтэйхэн, ойрхон ажиллаж байсан болохоор хаа холоос оргож хариад аавдаа тусалж,  "Дахиад битгий оргож байгаарай, миний хүү" гэсэн гуйх зэмлэхийн хооронд хэлсэн үг нь миний хувьд аавын минь сүүлчийн захиас байж билээ. "Оргодол" хүүгээ багш нарт нь хүргэж өгч, нутгийн жимс, намрын сайхан нуугисан айргаар "аргалаад" буцсан тэр л сүүлчийн уулзалт бас сэтгэлээс хэзээ ч гардаггүй юм.“Оргодол” оюутан хэдхэн хоноод  "Аав нь маш муу байна, гэнэтийн осолд орлоо"  гэсэн муу мэдээг аваад харьж явахдаа "Ямар нэг үг надад хэлэх боломж байгаасай даа” гэж бодож очсон ч хүлээлт талаар болж,  аав хүү 2 үүрд хагацаж билээ.

Багадаа сахилгагүйтэж,төмсний хатсан ишээр гөвүүлж байсан тэр намар бас л сайхан.Хэдхээн удаа хүүдээ “алган боовны” амт үзүүлж, түүнээс хойш дандаа Үггүй зэмлэсэн харцаар "удирддаг" болсон доо.  Аавын минь хайр "алган боовноос нүдэнд шилжсэн" нь яах аргагүй ухаант эцгийн зөв сурган хүмүүжүүлэх арга байж дээ гэж одоо санадаг. Эцэг хүний “хайр нь дотроо хал нь гаднаа” гэдэг энэ дээ.

Манай гэр тэр аяараа "зочид буудал" байж билээ. Амьтан ах дүүс, таньдаг таньдаггүй хамаагүй нутгийнхан манайхаар байнга ирж очиж аавын минь нөмөр нөөлгөнд явдагсан.  Ер нь аав минь олонтойгоо хүн байсан. Надтай наалдаж,нялуурч эрхлүүлдэггүй байсан хэдий ч өнгөрсөн олон жилийн хугацаанд аавын минь дүр төрх, хамт байсан он жилүүдийн дурсамж сэтгэлээс огтхон ч гардаггүйн нууц нь хүүгээ гэсэн хязгааргүй их хайр нь сэтгэлд минь гүн шингэснийх юм байлгүй дээ гэж одоо боддог. 

Хайр дүүрэн хүн л бусдыг хайрладаг жамтай даа. Манай авга ах С.Пүрэвсүрэн: “Жачин маань /манай аавыг ах дүүс нь тэгж авгайлдаг/  хүнд бэрх дайны жилүүдэд 5 жил цэргийн алба хаагаад ирэхэд аав маань тэврээд л уйлаад байж билээ, бусад ах нар маань ялгаагүй цэрэгт явж л байсан, гэхдээ тэгж тэрэн шиг их уйлаан болж байгаагүй дээ” гэж дурсан ярьж байсан.  Аавыг маань аав нь хэр их хайрлаж байсан тэр л агуу хайраараа хүүгээ хайрлаж байж дээ гэж санагддаг. Аавд  маань аавынх нь зураг хөрөг үлдээгүй болохоор дүрийг нь мөнхлөхийн тулд өөрөө сэтгэлдээ байгаагаа гартаа шингээж, хэдийгээр мэргэжлийн уран бүтээлч биш ч гэсэн цээж  баримлыг нь барьж  түүнээсээ буулган мэргэжлийн  зураачаар зуруулж бүтээсэн юм. Одоо энэ зураг нь фото зураг болон манай ах дүүсийн  альбом жаазанд  харагддаг болсон.  Аавынхаа ах дүүсийн хамт “Тэргүүн овог”-ийн ургийн баярыг санаачлан тэмдэглэж, 520-иод хүн цугласан том баяр наадам хийн,  аавынхаа тухай сайхан дурсамжуудаар сэтгэлээ хөглөж их эрч хүч авсан даа.  "Миний хүү дахин битгий оргоорой" – Хамгийн сүүлд захиас болгон хэлсэн энэ үг миний амьдралын мөрдлөг болсон доо.  Буруу зөрүү гишгэх, алдаж онох бүртээ аавынхаа энэ үгийг байнга санаж сэрж сэргэж явна даа.

-Таны аавын тухай энэ сайхан дурсамж миний сэтгэлийн утсыг бас их хөндөж, аавыг минь санагдуулж байна. Ирээдүйд аав болох залуусдаа хандаж юуг чухалчилж захивал тустай бол?

-Бурханы ивээл ерөөл урам зоригийн үг, зэмлэл сануулгын аль аль нь аавын тань үгээр, үйлсээр бидэнд хүрч байдаг юм шүү гэж хүүхэд залуустаа учирлан хэлье.  Мөн айл гэрийн ноён нуруу болсон ачлалт аавууддаа баярын мэнд хүргээрэй, баярлуулах ямар нэг зүйлийг санаж үйлдээрэй гэж хэлэх байна.

-Ингэхэд, өөрийн тань хамгийн анх аав болсон мэдрэмж үнэхээр онцгой байсан байх, тийм үү?

-Орост сурч байх үедээ аав болсон мэдээ анх сонсч, оюутны байрны коридорт "Би охинтой боллоо" гэж  чадал мэдэн хашгирч, хамт амьдарч сурч байсан монгол орос найзуудтайгаа баяраа тэмдэглэж байсан ца гсаяхан мэт санагдаж байна. Үгээр зүйрлэхийн аргагүй, хэзээ ч давтагдашгүй тйим нэг сайхан мэдрэмж одоо ч сэтгэлд сэргэж байна...

-Манай зохиолчдын ном, бүтээлд аавын тухай сэдэв өргөнөөр орсон байдаг. Таны уншсан бүтээлүүдээс аав хэмээх эрхэм хүмүүнийг сэтгэлд илүүтэй хоногштол дүрсэлсэн ямар зохиол байгаа бол?

-Тэртээ дээр цагт мартагдах шахсан, сэтгэлийн гүн дэх хамгийн нандин дурсамжуудын маань чавхдас хөг аялгууг нь хөндөн байж сэргээсэн нэг бүтээл бол авьяаслаг уран бүтээлч Л.Өлзийтөгсийн "Үзэхийн хязгаар" хэмээх эссений түүвэр шилдэг ном.  Энэ номонд эгэлхэн, энгийн зүйлсийг үнэхээр сэтгэлд хоногштол үгийн урлагаар өгүүлэн, зохиогч аавынхаа талаарх дурсамжийг хүний сэтгэлийн утсыг хөндөхөөр дүрсэлсэн байдаг:   “...Тас хар долгиотсон үстэй, цав цагаан шүдтэй, Адарсүрэнгийн дуунуудад  дуртай, өндөр, бор, миний аав.  Дандаа л юм бичиж суудаг, ганцхан би л өвөрт нь унтдаг, ганган гаансаар тамхи татах дуртай, гурван хурууных нь хумс тамхины утаанд шарласан нь хачин гоё зохисон, суганд нь шургаад хэвтэхэд л өглөө болчихдог… (Аавыгаа өнгөрснөөс хойш ахиж нэг ч удаа тийн нам унтаагүй мэт санагддаг юм). Өөрөө тэнгэр болоод, охиныхоо асуултын хариу болоод яваад өгсөн миний аав. Аавынхаа хөлсний үнэрийг харин одоо дүрслэн бичиж чадахгүй нь ээ.Яагаад гэвэл, тэр үнэр одоо ч миний зүрхний хавьд үнэртдэг болохоор… тэр л үнэр нь надад аавын минь царай төрх, дуу хоолойноос ч илүүтэй үгүйлэгддэг болохоор… би тэр үнэрийг зангиртлаа санаж, хэн хүнээс хайж явдаг болохоор… Тэгээд хэн ч тийм сайхан үнэргүйг нь мэдсэн болохоор...” гэх мэт үнэхээр сэтгэл шимширтэл зураглан өгүүлсэн байдаг.

- Охин хүүхэд аавдаа илүү хайртай гэлцдэг хэр үнэний ортой бол?

-Тэгэлгүй яахав, ирээдүйн ханиа ааваараа төсөөлж,  аав шигээ л сайхан хүнтэй сууна гэж боддогийнх байхгүй юу.

Аавын нэр

Хэний хэн гэдэг вэ гэж багш надаас асуулаа

Хэдэн настай билээ гэж бас дахин лавлалаа

Аавынхаа нэрийг хэлэхэд айх зүйл байсангүй

Эцгийнхээ нэрийг хэлдэггүй юм гэсэн

Эмээгийн үгэнд эргэлзлээ

Нэрний маань өмнө аавын нэр

Нэг л учиртай бичигддэг байна

Аавын маань нэрээр хүмүүс

Андахгүй намайг таньдаг юмаа гэсэн хайртай зээ охиныхоо унших дуртай шүлгийн мөртөөр залуустаа “Аавынхаа нэрийг өндөрт өргөж яваарай!” гэж ерөөе дөө.

-Ярилцсанд баярлалаа. Монголын сайхан аавуудын нэг танд аз жаргал, амжилт хүсье!

 

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top