Владивосток хотноо гурван өдөр үргэлжилсэн Дорнын эдийн засгийн форумын сүрийг бараг л дарж харагдсан үйл явдал бол Монгол, Орос, Хятад гурван улсын хамтарсан Восток-18 нэртэй цэргийн хээрийн сургууль байв. Ши Жиньпин Дорнын эдийн засгийн чуулганыг анх удаа зорин ирсэнтэй зэрэгцэн гурван улс 300 мянган хүнийг хамарсан цэргийн сургуулилт хийж, дэлхий дахины анхаарлыг татлаа. II дугаар дайнаас хойш ярьвал дэлхийн цэргийн түүхэн дэх хамгийн том хээрийн сургууль боллоо гэж харах аналистууд ч таарч байна. “Улсын хүч цэрэгтээ” гэж үг дэмий хоосон үг биш ээ. Хэдийгээр дэлхийн тэргүүлэгч гүрнүүд эдийн засгийн нөөц боломжоороо эрэмбэлэгдэн жагсдаг ч, цэрэг стратегийн бодлого бол “мөнх”-д том сэдэв байсаар ирсэн. Хоёр хөршийн харилцаа хүйтрээд ирэхийн цагт “жийргэвч” маягаар тогтнож ирсэн манай улс тэдэнтэй хамтдаа хээрийн сургууль хийсэн нь гуравдагч хөршийн бодлого талаас дэлхийд хэрхэн харагдсаныг шинжээчид дүгнэж ярьцгаах биз ээ. Орос, Хятадын төрийн тэргүүнүүд Владивостокт уулзаж буйтай зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятад Улсыг зөвшөөрвөл Худалдааны хэлэлцээрийг дахин эхлүүлэх сонирхолтой байна гэдгээ илэрхийлсэн юм.
Эдийн засгийн чуулганы хүрээнд 175 гэрээ, хэлэлцээр үзэглэсэн нь мөнгөн дүнгээр 2.9 их наяд рублиэр хэмжигдэнэ гэсэн тооцооллыг Оросын хэвлэлүүд бичиж байна. Мөн чуулганд очсон удирдагчид Солонгосын хойг, бүс нутгийн эв найрамдал, Курилийн арлуудын маргаан гэхчлэн асуудлуудын талаар хөндсөн юм. Харин манай улсад ашигтай ямар зүйлс яригдав гэдэгт анхаарал хандуулъя.
В.Путинтай хийсэн уулзалтаар...
Манай Ерөнхийлөгч хоёр хөршийнхөө удирдагчидтай дахин тулж уулзлаа. Х.Баттулга, В.Путин хоёр Владивостокт хоёр дахь удаагаа уулзаж, жилийн өмнөх сэдвээ ч ярилаа, шинэ асуудал ч хөндлөө. Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай 1993 оны гэрээг шинэчлэн хугацаагүйгээр байгуулах тухай өмнө тавьсан саналаа дурдаж, ОХУ-аас олгох 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг УБТЗ нийгэмлэгийн шинэчлэл болон эрчим хүчний салбарт зориулах, хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны шинэчилсэн төлөвлөгөө гаргаж ажиллах талаар ярив. Мөн Алс дорнодод далайн боомт ашиглах асуудлыг судалж буйгаа дурдаж, гурван улсын эдийн засгийн коридорын ажлыг эрчимжүүлэх хамтарсан ажлын хэсэг байгуулах болон Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулахад хамтарч ажиллах асуудлаар саналаа илэрхийлж, санал, төслүүдтэй холбоотой эдийн засгийн тооцоо судалгааг В.Путинд гардууллаа. В.В.Путины хувьд ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнө тавьсан саналыг дэмжиж буйгаа баталгаажуулав. Мөн ОХУ-аас Монгол Улсад олгохоор ярилцаж байгаа 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг УБТЗ-ын болон Дулааны цахилгаан станцын шинэчлэлд зарцуулах боломжтой гэдгийг хэллээ.
Ши Жиньпин манай Ерөнхийлөгчийг урив
Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх оны эхээр өмнөд хөршид айлчлах талаар албаны хүрээнд яригдаж буй. Гэхдээ албан айлчлалаас өмнө Хятадын удирдагч Ши Жиньпинтэй Чиндао хотноо бас Алс дорнодод уулзаад авлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах болон хийн хоолойг Монголоор дамжуулах, гурван улсын эдийн засгийн коридорын төслүүдийг эрэмбэлэх талаар хамтарч ажиллахыг хүслээ. Мөн хөдөө аж ахуйн гаралтай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох зэрэг асуудлыг дэмжиж ажиллахыг, Замын-Үүд-Алтанбулагийн хурдны зам байгуулах хамтарсан ажлын хэсэг байгуулах зэрэг хэд хэдэн саналыг тавьж ярилцав. Харин Ши Жиньпин дарга хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг иж бүрэн утгаар шинэчилж, худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх, төмөр зам барих, боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх, бүс нутгийн энх тайван аюулгүй байдал гэх мэт олон чиглэлээр хамтран ажиллахдаа бэлэн байна гэсэн байр суурийг илэрхийллээ. Манай Ерөнхийлөгчийн тавьсан саналуудыг хэрэгжүүлэхэд дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2019 оны эхний улиралд БНХАУ-д төрийн айлчлал хийж, Бүс ба зам санаачилгын дээд хэмжээний хоёр дахь удаагийн уулзалтад оролцохыг дахин урив. Хоёр улсын тэргүүн өнгөрсөн зургадугаар сард Чиндао хотноо уулзах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тус улсад экспортлох саналыг тавьж байсан. Тэгвэл саналыг хүлээн авч дэмжиж ажиллахаар болсноо Хятадын талаас мэдэгдсэн юм.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 2 )
ОХУ АНУ тэргүүттэй Европын холбооныхонд иймэрхүү Сануулга өгөх цаг нь болсон ОХУ--руу Дайрж давшилж Гүтгэх элдэв шалтгаанаар Хориг тавих гэх АНУ Европын холбоо байж боломгүй үйлдэл гаргаж байгаа учир ОХУ-ын Хятад Монгол улстай хамтарсан Цэргийн сургууль цагаа олсон Арга хэмжээ болж байна
бодитажилболох болтугай