Визуви галт уулын “аллага”: Хүний тархи буцалж, гавал задарч байжээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их анхаарал татсан Визуви галт уулын дэлбэрэлт олон улсын судлаачдын сонирхлыг татсан хэвээр. Хэдэн мянган хүний амийг авч одсон тэрхүү гамшгийн дүр зургийг тодруулах шинэ олдворууд олдож, нээлт хийгдсээр байна.

Везуви галт уул 79 оны наймдугаар сарын 24-нд дэлбэрсэн гэж үздэг. Саяхан Италийн археологчид нэгэн бичээсийг нээж олсон нь тэрхүү гамшиг болсон хугацааг хоёр сараар хойшлуулж, аравдугаар сарын дунд үед болсон гэх таамаг дэвшүүлсэн билээ.

Визуви галт уулын дэлбэрэлтээс үүссэн үнс нурам, утаа, чулуунаас бүрдсэн 33 метр өндөр галт хуй Визуви уулын бэл дэх Помпеи, Геркуланум, Стабии хотуудыг нөмөрчээ. Галт уул дэлбэрэх үеийн дулааны эрчим хүч Хирошима хотод хаясан атомын бөмбөг дэлбэрэх үеийнхээс 500 дахин их байсан гэж тооцдог. 700 км/цагийн хурдтай, 800°C температур бүхий галт уулын хий, үнс, чулуу холилдсон пирокластик түрлэг хэдэн мянган хүний үхлийн шалтгаан болсон гэж үздэг. Саяхан италийн эрдэмтдийн хийсэн судалгаа ромчуудын үхлийг илүү бодитоор дүрсэлж, ямар аймшигтай үхэл тэднийг авч одсоныг ойлгох бололцоо олголоо.

Геркуланум хотын туурьд олдсон ихэнх араг ясанд нэгэн төрлийн улаан, хар өнгийн эрдэс илэрсэн нь II Фридрихийн нэрэмжит Неополитаны их сургуулийн эрдэмтдийн анхаарлыг татжээ.  Микроспектроскопын аргаар хийсэн судалгааны дүнд тэрхүү бодис нь өндөр температурт “буцалсан” цуснаас үлдсэн төмөр гэсэн таамаг дэвшүүлжээ. Хорин метр зузаан галт уулын үнс нурамны доороос 140 хүний араг ясыг гаргаж авсан бөгөөд археологчид 1980-аад оныг хүртэл уг олдворыг судлаагүй аж.

Эдгээр араг ясыг лабораторын шинжилгээнд ашигладаг бөгөөд, өдгөө жуулчдад үзүүлдэг яснууд бол хуванцраар хийсэн хуулбарууд гэнэ. Өмнөх үеийн судалгаагаар эрдэмтэд тэр үеийн ромчууд юу идэж, ямар өвчин тусч, ууж байсан усных нь химийн найрлагыг тогтоох боломжтой байж.


Эдгээр хүмүүсийн биеийнх нь байрлал нь дулааны цохилтыг гэрчилнэ гэсэн таамгыг эрдэмтэд дэвшүүлжээ. Олон жилийн туршид тэдний үхлийн шалтгааныг хорт хий, үнс нурамны нөлөөнөөс амьсгал нь боогдсон гэж тайлбарлаж иржээ. Эрдэмтдийн бичсэнээр хүний зөөлөн эд эс хайлж, “боксчны байрлал” хэмээгддэг атирсан байрлалд орсон аж.

Илүү олон материал, араг ясыг шинжилсэн уг шинэ судалгаагаар эрдэмтэд дулааны үр нөлөө ялангуяа тэнгисийн эрэг дээр байсан хүмүүсийг үхэлд хүргэсэн аж. Тэрхүү нууцлаг улаан, хар өнгийн өнгөрийг эрдэмтэд малтлага хийж байх үед анзаарчээ. Эхэндээ энэхүү толбо гол төлөв зоос зэрэг төмөр эдлэлийн ойролцоо олдог байсан бөгөөд Неополитаны их сургуулийн эрдэмтэд уг бодисыг хүний гавлын ясан дотор, бусад яснаас олсон байна.


Нэг зуун гурван сорьцыг шинжлэхэд ихэнх яс цуурсан байсан нь өндөр температур ясны  бүтцийг устгасантай холбоотой гэнэ. Олдворуудад хийсэн шинжилгээгээр төмөр буй нь тогтоогдсон. Төмрийн өндөр агууламж нурам зэрэг галт уулаас ялгардаг ямар ч зүйлд байдаггүй бөгөөд энэ нь зөвхөн хүний биен дэх шингэнээс үлдсэн зүйл юм. Өөр аргаар хийсэн шинжилгээ уг дүгнэлтийг баталсан байна.

Нарийвчилсан шинжилгээгээр галт уулын дэлбэрэлтэд амь үрэгдсэн хүмүүсийн гавлын яс устаж, задарсан нь тогтоогдсон бөгөөд гавлын ясны дотор, гадна хальс харласан байна. Энэ нь температурын шууд нөлөөгөөр тархи буцалж, ууршсанаас гавлын яс дотор даралт үүсч, гавлын яс задарсныг илтгэж байна гэж эрдэмтэд үзжээ.
Эртний Ромын Геркуланум хот 79 оны Везуви галт уулын дэлбэрэлтийн улмаас газрын хөрснөөс арчигдсан гурван хотын нэг юм. Дүрэлзэн асч буй галт лавын урсгалд автсан Помпеи хотыг бодвол Геркуланум хотыг аз дайрчээ. Галт нурам, хийнээс үүссэн зузаан давхарга дор олон тооны байшин барилга, эд өлгийн зүйлс  өнөөг хүртэл хадгалагдан үлджээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ум мани бад мэ хум(94.30.168.62) 2018 оны 10 сарын 21

um mani badme hum

0  |  0
zochin(150.129.141.119) 2018 оны 10 сарын 18

geolog gej iim yum sudaldag

0  |  0
Зочин(103.212.116.66) 2018 оны 10 сарын 18

Нүгэл хилэнц садар самуунд автсан помпейг ариусгах хүч галаас өөр байгаагүй тул ийнхүү устаж газрын хөрснөөс арчигдсан болой.

0  |  0
Top