Өмнөговьд Улаанбурханы 3 тохиолдол батлагдаж, халдвартай хүүхдийн тоо 18 боллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 03 сарын 14

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.03.14/ мэдээлэл өглөө. 

Менингококкт халдвар буюу “Цахилгаан менингит”-ийн нэг сэжигтэй тохиолдол ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлүүлж, шинжлүүлж байсан нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. 

Улаанбурхан өвчний тухайд өчигдрийн байдлаар улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 14 байсан бол тархалт хөдөө орон нутагт нэмж илрэн, 18 хүрээд байна. Тухайлбал, өнгөрсөн шөнө Өмнөговь аймгаас 12 сорьц авчран шинжилснээс гурав нь батлагджээ. 

Цагаан сарын золголтын дараагаас Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дундаас улаанбурхан өвчний хавьтлын тохиолдол олноор нэмж бүртгэгдэж байгаа ба нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль,  "Эхлэл" сургуулиас ирсэн сорьцуудын шинжилгээний хариу түрүүчээсээ батлагдсаныг анхааруулав. 

Иймд Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс гаргаж байгаа зөвлөмжүүдийг дагах, хүүхдүүддээ дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг нягтлах, ямар нэгэн шалтгаанаар хоцорсон бол нөхөн дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөлөө. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top