Б.Ганболд: Таван дуугаа хөшөөнд гэрэлтүүлсэн хөгжмийн зохиолч надаас өөр байхгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 26

 Нэгэн насаар хөдөөд уран бүтээлээ туурвиж, тэр нь орон нутагт төдийгүй Монгол Улсад түгэж, тавын таван дуугаа хөшөөнд гэрэлтүүлэн залсан хөгжмийн зохиолч байхгүй гэхэд болно. Ийм л нэгэн хийж бүтээхийн төлөө шатаж яваа Соёлын тэргүүний ажилтан, Хөгжмийн зохиолч Бадамсүрэнгийн Ганболдтой хөөрөлдлөө.   

-Таны хөгжмөөр бүтсэн “Бор-Өндөрт амьдрах сайхан” дууг гэрэлт хөшөөнд мөнхжүүлэх шийдвэр гарчээ. Миний санахад сайншандчуудын шүтээн болсон “Миний Сайншанд” дуу бас гэрэлт хөшөөнд заларсан. Энэ бол уран бүтээлч хүний хувьд бахархал учраас баяр хүргэе?

-Бусад хүнд юу гэж санагдахыг хэлж мэдэхгүй юм. Миний хувьд уран бүтээлч болсны маш том аз завшаан гэж бодож явдаг. Саяхан Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдаанаар Бор-Өндөрийн ард түмний бахархал болсон "Бор-Өндөрт амьдрах сайхан" дууг сумын сүлд дуу болгож, дууны үг, нотыг гэрэлт хөшөөнд сийлэн мөнхжүүлэх шийдвэрийг гаргасан нь хамгийн сайхан мэдээ байлаа. Харин энэ дуут хөшөөний зардлыг С.Магсаржав даргатай Уулын баяжуулах үйлдвэр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн учраас үйлдвэрийн хамт олонд сонсогч түмнийхээ өмнөөс талархал хүргэж байна.

-Таны “Миний Сайншанд” дууг шандын төвийн залуус байтугай дорноговьчууд амандаа аялаж явдаг дууны нэг. Арай энэ хоёроос өөр дуу хөшөөнд гэрэлтүүлсэн юм биш биз гэж бодогдоод?

-“Миний Сайншанд” дууны үгийг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Л.Эрдэнэбат бичсэн, энэ дуунд маань 2011 онд хөшөө босгожээ. Ингээд "Бор-Өндөрт амьдрах сайхан" дуу маань миний уран бүтээлд зориулсан тав дахь хөшөө болон босох гэж байна. Үүнээс өмнө “Элгэмсэг Сайншанд” /2012/, “Сэтгэлд орших нутаг” /2014/, “Анагаахын сургууль” /2017/ дуунууд тус тус гэрэлт хөшөөнд залагдаж байв. Монгол Улсад тавын таван дуугаа хөшөөнд гэрэлтүүлсэн хөгжмийн зохиолч надаас өөр байхгүй юм билээ. Үүнийг би хөөрч, бусдаас илүү гарах гэж хэлээгүй юм шүү, ойлгоорой.

-Өнөөдөр зөвхөн дуу бүтээж олны хүртээл болгоход чамгүй хөрөнгө зардаг. Дуу нь хөшөөнд гэрэлтэж үлдэнэ гэдэг чамгүй их зардал орно. Тэгэхээр зардал мөнгийг хэрхэн яаж зохицуулж байна вэ?

-Мэдээж цалингаас цалингийн хооронд шар нар, бор хоногийг өнгөрөөж явдаг хүний хувьд мөнгөөр үнэлвэл яаж ч мөрөөдөөд биелэхээргүй зүйлийн нэг бол мөн. Тэгэхээр сайхан сэтгэлт найз нөхөд, хамт олон, дүү нар, тодорхой төсөв захиран суугаа уран бүтээлд элэгтэй хүмүүс, бизнесмэнүүд гээд олон хүний сэтгэл зүтгэлийн хүчинд л эдгээр сайхан зүйлс маань бүтдэг. Тэгэхээр тавын таван дууг минь хөшөөнд гэрэлтүүлэн мөнхжүүлж өгсөн бүхий л хүмүүст талархал илэрхийлж байна.

-Та бол хөдөөд амьдарч, тэндээ туурвидаг цөөхөн уран бүтээлчийн нэг гэхэд болно. Хөдөөд уран бүтээл туурвихын нууц, давуу тал гэж бий юу?

-Одоо цаг үе өөрчлөгдөж, олон нийтийн бүхий л сүлжээ хөгжсөн учраас хөдөө орон нутгаас уран бүтээлээ нийтэд хүргэхэд амар болсон гэх хүн байж болох юм. Гэтэл нөхцөл байдал тийм биш, туйлын хүнд болжээ. “Хөдөлвөл хөлс, зогсвол зоос” болсон энэ цагт хэрэв уран бүтээлээрээ дагнан ажиллахад хүрвэл хот хүрээ бараадаж хэн нэгэнд ая тал засах тийм л цаг үе иржээ гэдгийг мэдэрдэг. Ганцхан жишээ татая. Манай аймгийн нэрт хөгжмийн зохиолч Д.Пунцагбал агсны “Ээжээ дурсана” гэдэг дууг 1950-иад оны үед Сүхбаатарын талбай дээр симфони оркестортой дуулаад ард иргэдэд зааж байсан гэж зохиогч маань өөрөө хуучилдаг байлаа. Тэр үед одоогийнх шиг FМ радио, зурагт, цахим орчин энэ тэр байсан биш, тэгээд ч бас өнөөдрийнх шиг хэдэн зуугаараа хөгжмийн зохиолч, ая зохиогч гэж байсангүй. Тийм болохоор хэн мөнгөтэй, хэн ая тал засаж чадна тэр хүний уран бүтээл хүссэн хүсээгүй олны хүртээл болж байна. Өөрөөр хэлбэл, мөнгөөр зодож хүчээр тулган хүргэж байна гэсэн үг. Харамсалтай нь тэдгээр бүтээлүүд нь нас богино байх юм даа. Өнөөдөр урт насгүй, удаан жаргалгүй ийм уран бүтээл олноор төрж, түмэн олныг төөрөгдүүлж байгаа нь жинхэнэ уран бүтээлийн мөн чанарыг үгүй хийх хандлага ч харагддаг. Гэхдээ настай, чанартай уран бүтээлийг үгүй хийж байна гэхэд өрөөсгөл хэдий ч төөрөгдүүлж чадаж байна.

-Миний бодоход таны хэмжээний авьяаслаг хөгжмийн зохиолч хүрээнд амьдарч “Морин хуур”-аас эхлээд хөгжмийн наадмуудад шуугиан тарьж баймаар санагддаг үе байдаг шүү?

-Санал нэг байна. Ардын уран зохиолч Б.Догмид ах нэгэнтээ “түрийний бөөс толгойд гарах нь” гээд хот шилжиж байсан дурсамж санаанд орлоо. Тэр аугаа их зохиолчтой хамтарч уран бүтээл хийх азтай үе таарсанд билгэшээж явдаг. Үнэн хэрэгтээ Б.Догмид ах маань наяад онд Улаанбаатар руу шилжиж очсон цагаас хойш Төрийн шагнал, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч гээд төрөөс авч болох бүх өндөр дээд шагналыг гуйж биш гуядаж авлаа. Энэ хугацаанд монголын үргэлжилсэн үгийн мастеруудын хүчээ үздэг “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд гурван удаа тэргүүлжээ. Монголын зохиолчдоос “Утгын чимэг” наадмыг гурван удаа хүртсэн хүн хараахан төрөөгүй л байна. Тэгэхээр бүх зүйлийг дунд нь байж мэдрээд, хотод зохион байгуулагдаж буй бүх зүйлд оролцох нь бас өөр хэрэг байх. Нөгөө талаар хөдөө орон нутагт туурвиж буй уран бүтээлчид аливаа зүйлээс хоцрох гээд байгаа нь ажиглагддаг. Зарим тал дээр тэднийг хэргээр "мартах" тал байдаг тухай манай нэг орон нутагт амьдардаг уран бүтээлч ярьж байсныг санаж байна. Миний хувьд хөдөөдөө туурвиж, эндээ жаргалтай сайхан амьдардаг хүмүүсийн нэг.   

 

-Хөгжмийн зохиолч Б.Ганболд гэдэг хүний олон дууг дорноговьчууд төдийгүй монголчууд мэднэ. Тэгэхээр та урын сандаа хэдэн дуутай болсон байна?

-Томоохон хэлбэрийн бүтээлүүдээс бусад дууны олон төрлөөр хүчээ сорьдог доо. Одоогоор хүүхдийн, нийтийн, эстрадын, хошин, жүжгийн, бүжгийн, дан хөгжмийн гээд 500 гаруй бүтээл туурвижээ.  

-Уран бүтээлч хүнд уран бүтээлийн шунал гэж тэртээ тэргүй байдаг учраас туйлын зорилго гэж асуугаад яахав. Гэхдээ би нэг ийм бүтээл хийнэ дээ гэж зорьж яваа ямар зүйл байдаг вэ?

-Хамгийн ханадаггүй шунал гэж тэрийг л хэлэх байх. Том хэлбэрийн бүтээл ялангуяа өөрийн сонирхдог джаз концерт хийх юмсан гэж мөрөөддөг хүн дээ би. Энэ мөрөөдөлдөө хүрэхийн тулд өөртөө байгаа авьяас билгээ дайчилан хөдөлмөрлөж байна.

-Монголын хөгжмийн зохиолчдоос сонсдог, шүтдэг хүн байж таарна. Тэр нь ямар эрхмүүд байна?

-Өө бараг бүгдийг нь шүтнэ шүү дээ. Би ч бас том том багш нараар хичээл заалгаж байсан хүн шүү. “Зулай цагаан Алтай”-н аялгууг тааруулсан Ч.Сангидорж, вальсын хаан н.Түмэнжаргал, “Миний ээжий”, “Хар ус нуурын шагшуурга”, “Дэлгэрхэн дэлхий”, “Амартүвшин” гээд олон сайхан дууг бүтээсэн Ж.Шараа, Дорнод талын Цэндорж, нэрт дуучин Х.Галхүү, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн, нэрт хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр гээд дурдаад байвал олон байдаг.

-Ямар ч уран бүтээлч хүн Москвагийн “Большой” театр ч юм уу дэлхийн томоохон театрын тайзан дээр бүтээлээ тоглуулах хүсэл байдаг. Танд ийм бодол байдаг байх?

-Мөрөөдөл бүхэн сайхан ч өөртөө тохирсон зүйлийг мөрөөддөг насандаа хүрчихсэн хүн учраас хамаагүй ам гараад яахав, үүнийг өөртөө үлдээе. Миний хувьд улсын Филармоны алтан тайзан дээр өөрийн уран бүтээлээ тоглуулснаа их хувь заяа гэж боддог шүү.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(67.176.232.13) 2018 оны 10 сарын 27

Orkuud uraldaj duu zohiogood hoshoo bolgood bj dee oyunii yaduural orovdmoor ium

0  |  0
Zochin(67.176.232.13) 2018 оны 10 сарын 27

Orkuud uraldaj duu zohiogood hoshoo bolgood bj dee oyunii yaduural orovdmoor ium

0  |  0
zochin(59.153.112.39) 2018 оны 10 сарын 27

KOD UZEL SURTAL HOER NEG

0  |  0
Суук(103.212.117.200) 2018 оны 10 сарын 27

Сонсоогүй бол азгүй нөхөр байна чи.103.26.193.143

0  |  0
Зочин(103.26.193.143) 2018 оны 10 сарын 26

Огт мэдэхгүй дуунууд байна. Ядаж саа мөнгөн хэрлэн эсвэл саальчин бүсгүй гээд байдагдаа

0  |  0
Зочин(103.26.193.143) 2018 оны 10 сарын 26

Огт мэдэхгүй дуунууд байна. Ядаж саа мөнгөн хэрлэн эсвэл саальчин бүсгүй гээд байдагдаа

0  |  0
Зочин(103.26.193.143) 2018 оны 10 сарын 26

Огт мэдэхгүй дуунууд байна. Ядаж саа мөнгөн хэрлэн эсвэл саальчин бүсгүй гээд байдагдаа

0  |  0
АА(202.9.42.30) 2018 оны 10 сарын 26

БОЛЬШАЯ БИШ БОЛЬШОЙ ГЭЖ БИЧНЭ

0  |  0
Top