Энэ долоо хоногт эдийн засгийн салбарт өрнөсөн үйл явдлуудаас тоймлон хүргэж байна. УИХ ирэх оны төсвийг баасан гарагт /2018.11.02/ батлав. “Бизнес эрхлэх нь 2019” судалгааны дүнгээр манай улс 190 орноос 74 дүгээрт орж, өмнөх жилээс 12 байр ухарсныг Дэлхийн банкнаас энэ долоо хоногт мэдээллээ. Ингээд анхаарал татсан гол үйл явдлуудыг хүргэе.
ОУВС-ИЙН ҮНЭЛГЭЭ БА БИДНИЙ ҮНЭН ТӨРХ
“ОУВС-гийн хөтөлбөр дуусна. Тэрнээс цааш бид “цэрэгт явснаа” мартаж болохгүй” гэж Б.Жавхлан гишүүний хэлснийг сануулъя. Ерэн оноос хойш ОУВС-ийн хөтөлбөрт дөрвөнтөө хамрагдаж буй манай улс нэг л ухаажиж, томоожихгүй өдийг хүрч байна. Эдийн засгийг илүү ахисан түвшинд аваачих нөөц бий ч, эрх мэдлийг хүрд эргүүлэх боломж гэж хардаг дорой хандлагатай нөхдүүд олон байх хэцүү аж. Гээд яахав. Цаг явж байна. Энэ долоо хоногт ОУВС-гийн Захирлуудын зөвлөл манайд хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тавдугаар шатны үнэлгээг хэлэлцэж, батлав. Тус сан манай улсыг төсвийн алдагдал, өрийн дарамтаа бууруулж, валютын нөөцөө шаардлагатай хэмжээнд бий болгож чадсан хэмээн дүгнэлээ хэмээн салбарын сайд сошиалд өгүүлсэн байсан. Гадныхан биднийг сайн сайхнаар харж буй нь мэдээж таатай хэрэг. Гэхдээ тэдний зүгээс бидэнд сануулаад буй эдийн засгийн зөв бодлого “хөшигний ард” хэрэгжих үү гэдэг асуудал бий. Яадаг ч байсан манай улсад 36.22 сая ам.долларын санхүүжилт нэмж олгох шийдвэр энэ долоо хоногт гарсныг эдийн засгийн тойм онцолж байна.
ӨӨРЧЛӨЛТ САНУУЛСАН ЖДҮ
Жижиг, дунд үйлдвэрлэл /ЖДҮ/-ийг хөгжүүлэх сангаас санхүүжилт хүссэн төслүүдийн 90 орчим хувьд 100 сая төгрөгөөс илүү гарахгүй хэмжээний санхүүжилт хэрэгтэй байдаг бол эрх мэдэлтнүүдийн холбоо хамаарал бүхий компаниуд тэрбум тэрбумаар тэндээс зээл авдаг. Хэчнээн сайн төсөлтэй байгаад тус сангаас зээл авч чадаагүйгээ хэлэх иргэдийн тоо нэмэгдсээр байгаа бол эсрэгээрээ жижиг, дунд ангилалд үл хамаарах олон компани зээл авсан нь илэрсээр. Тэдгээрийн ард улс төр, хууль, бизнесийн салбарын томчууд эгнэж байна. Энэ бол зөвхөн ЖДҮ-ийн асуудал биш. Системийн чанартай, бугласан зүйл юм. АН, МАН аль нь ч ялгаагүй, ЖДҮ-ийн зээлийн мөнгөөр наадаж өдийг хүрч. Бизнесийн томоохон групп “Алтай констракшн” хүртэл таван компаниараа нийт 10 тэрбумын зээлийг “жижиг”-үүдийн сангаас авсан тухай энэ долоо хоногт цацагдав. ЖДҮ гэх тодотголтой сангаас жижигүүд биш томчууд л авдаг нь нэгэнтээ ил боллоо. Тэгвэл ганц энэ сан биш Засгийн газрын бусад тусгай сангуудаас ч их “но” илэрнэ гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж буй. “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас гадна Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Инновацийг дэмжих сан, Орон нутгийн хөгжлийн тусгай сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гээд улстөрчдийн мөнгө угаадаг сангууд байна. Ардчилсан нам байна уу, Монгол Ардын Нам байна уу ялгаагүй. Аль нь ч гарч ирсэн тухайн системийг хөгжүүлээд явдаг буруу замаар бид олон жил явж ирлээ” гэж эдийн засагч Т.Доржханд хэлсэн юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тусгай сангуудад бүгдэд нь шалгалт оруулж байгаа гэсэн ч, Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Хүрэлбаатар, УЕП-ын орлогч Б.Амгаланбаатар гэхчлэн улстөрчдийн үйлдлийг хянаж, шалгаж байх ёстой нөхдүүд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авчихсан байгаа юм. Энэ тохиолдолд ТУСГАЙ САН-гийн шалгалтын үр дүнг бид хэнд, юунд найдаж хүлээх ёстой вэ?
ТӨСӨВ БА ХЯНАЛТ
Орлого нь ч, зарлага нь яасан өндөр тоо вэ гэгдэж байсан төсөл ТӨСӨВ болон батлагдлаа. Ардчилсан намын есөн гишүүнгүйгээр, эрх баригчид 50.7 хувийн ирцтэй, хэлэлцэж батлав. Төсвийн орлогыг 9 их наяд 676 тэрбум 500 сая төгрөг, зарлагыг 11 их наяд 589 тэрбум 8 сая төгрөг байхаар тогтоож, төсвийн алдагдал 2 их наядыг шүргэлээ. Төсөлд анх тусгагдаж орж ирсэн зарлагуудаас танасан үзүүлэлтүүдийг дурдвал, Сангийн сайдын төсвийн багцад туссан гадаад зээл, тусламжийн ашиглалт, санхүүжих зардал 129,219.9 сая төгрөгөөр, агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд төлөвлөсөн санхүүжилт 80 тэрбум төгрөгөөр, Боловсролын зээлийн санд төлөвлөсөн санхүүжилт 42 тэрбум төгрөгөөр, гаалийн шинэчлэлд зориулсан хөрөнгө оруулалтын санхүүжилт 12 тэрбум төгрөгөөр тус тус танагджээ. Тэгвэл Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлд 47 тэрбум төгрөг батлав. Улстөрчдийн, эрх мэдэлтнүүдийн “угж” болж хувирсан ЖДҮ-ийг хөгжүүлэх санг цаашид тэднээс хол байлгахын тулд хэрхэх вэ гэдэг асуудал гол байгаа. Ганц ЖДҮ-ийн сан ч биш Засгийн газрын бусад тусгай сангуудын хөрөнгө мөнгөний зарцуулалт ч анхаарал татаж буй. Тэгвэл Сангийн сайд хэлэхдээ “Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын бүх тусгай сангуудад шалгалт хийж байгаа. Шалгалтын үр дүнд гарсан зөрчлүүдийг хэрхэн арилгах талаар шийдвэр гаргана. Засгийн газрын баримталж байгаа гол бодлого бол энэ сангууд олон нийтэд ил тод байх ёстой. ЖДҮ-ийг хөгжүүлэх сан зээл олголоо гэхэд жижиг, дунд бизнес эрхлэгчийн төлөөлөл оролцдог, банк, төрийн байгууллагын төлөөлөл оролцож шийдвэрлэдэг байх журмыг Засгийн газраас боловсруулж байгаа” гэж мэдэгдсэн. Төсөв жил бүр батлагддаг. Гэсэн ч төсвийн мөнгөөр санхүүжилсэн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд тавих хяналт гэж юм байхгүй нь, 2-9 жил дамнасан 32 барилга, байгууламжийн төслийг санхүүжүүлэхээр ирэх оны төсөвт оруулж ирснээс харагдаж буй юм.
ОНЦЛОХ БАЙР СУУРИУД
“Глобал орчин: Эдийн засгийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг энэ долоо хоногт Төрийн ордонд болов. Олон улсад өрнөж буй үйл явдлын талаарх мэдээ, мэдээллийг анхааралтай ажиглаж, тухайн үйл явдлаас үүдэн өөрийн улс орны эдийн засагт ямар нөлөө гарахыг урьдчилан судлах шаардлагатай байна гэж Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр илтгэв. Иран, ОХУ, БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ, АНУ болон БНХАУ хоорондын худалдааны дайн, Их Британи Европын холбооноос гарах үйл явц, газрын тосны үнийн өсөлт, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх гамшигт үзэгдэл нэмэгдэх зэрэг олон хүчин зүйлийн нөлөөлөл хамгийн энгийнээр манай улсын эдийн засагт экспорт, импортын түүхий эдийн ханшийн өөрчлөлтөөр сөрөг үр дагавар гаргах эрсдэлтэй. Тулгарч болох эрсдэлд бэлтгэлтэй байхыг олон улсын банк санхүүгийн байгууллагууд сануулж байна гэж тэр хэлсэн. Харин Ерөнхий сайд асан М.Энхсайхан “хэдий эрсдэл дагуулах ч банк, санхүүгийн тогтолцоогоо нээлттэй байлгаж, гадаадын банкны оролцоог нэмэгдүүлэх нь зүйтэй. Мөн Засгийн газар, Монголбанк хамтран санхүүгийн зах зээл, жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн бодлогыг зөв уялдуулж ажиллах нь оновчтой шийдэл” гэв. Голомт банкны Хөрөнгө оруулалтын ахлах стратегич Г.Мөнх-Эрдэнэ “Энэ жил алтны ханш 1350 ам.доллараас 1220 ам.доллар хүртэл буурлаа. Ханшийн уналтаас болж манай аж ахуйн нэгжүүд 50 орчим сая ам.долларын ашгаа алдсан. Валютын нөөц тэр чинээгээр буурсан гэсэн үг. Мөн газрын тосны ханшийн өсөлт ямар байгаа билээ. Энэ мэтчилэн бид байнга ханшийн савалгаанд өртөж байна. Түүхий эдийн экспорт, импортоос шалтгаалдаг эдийн засагтай улсын хувьд бодлогын хэмжээнд авч үзэх зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, Монгол Улс өөрийгөө бусад аж ахуйн нэгж шиг түүхий эд олборлодог, нефть худалдаж авдаг нэг компани гэж хараад сүүлийн 30-40 жилийн хугацаанд олон улсын зах зээл дээр ашиглагдаж ирсэн стандартын дагуу бүхнийг биржийн системээр үнэ, ханш бүгд тодорхой, хэн нэгэн дундаас нь завших боломжгүй хэлбэрийг ашиглах хэрэгтэй” гэсэн юм.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ НӨӨЦ НЭМЭГДЭЖ БАЙНА
“Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ, хамтын ажиллагаа 2018” форум Улаанбаатар хотноо энэ долоо хоногт боллоо. Зүүн хойд Азийн орнуудын цахилгаан эрчим хүчний хэлхээ холбоо, хил дамнасан эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд энэ чиглэлд идэвхтэй ажиллаж буй улс орнууд болон олон улсын байгууллагуудын санаачлагаар 2016 оноос тус бүсийн орнуудад олон улсын хурлыг уламжлал болгон зохион байгуулж байгаа юм. Манай улс анхдагч эрчим хүчний хувьд нөөц баялаг ихтэй орны нэг бөгөөд дэлхийд эрчим хүчний хэрэгцээгээрээ тэргүүлэгч улс орнуудтай газар зүйн байршлын хувьд зэрэгцэн оршдог. Зүүн хойд Азийн эрчим хүчний хэрэглээ 2040 оны түвшинд 2 дахин нэмэгдэхээр байгаа. Тэгвэл манай улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц тооцоолж байснаас өндөр гарсан талаар форумын үеэр яригдлаа. манай орны сэргээгдэх эрчим хүчний нөөц бусад улс орны сонирхлыг эрхгүй татаж байгааг тэрбээр онцолсон юм. Тэрчлэн манай орны сэргээгдэх эрчим хүчний нөөц бусад улс орны сонирхлыг эрхгүй татаж байна гэж мэргэжилтнүүд хэлж байв.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 0 )