Хятадтай удаан хугацаанд өрсөлдөх нь АНУ-ын түүхэнд тохиолдож байгаагүй хамгийн ноцтой сорилт болох магадлалтай бөгөөд Америкийн дараагийн удирдагч Доналд Трампын засаг захиргаа үүнд гол анхаарлаа хандуулах шаардлагатай болно гэж АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Жо Байдены үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Жейк Салливан мэдэгджээ. “Хойшлуулшгүй хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх явцдаа бид БНХАУ-тай удаан хугацааны стратегийн өрсөлдөөн өрнүүлж байгаагаа огт мартахгүй байх нь онцгой чухал юм. Хятад нь бидэнтэй бүх салбарт өрсөлдөх амбицтай бөгөөд боломж бололцоотой цорын ганц улс юм. Удаан хугацааны ийм төрлийн сорилттой бид тулгараагүй уджээ. Магадгүй хэзээ ч тулгарч байгаагүй байх, учир нь Зөвлөлт Холбоот Улсад одоо Хятадад байгаа шиг эдийн засгийн болон бусад зарим чадавх байгаагүй юм” гэж Салливан онцолсон байна.
“Улс орондоо хөрөнгө оруулах, холбоотнуудтайгаа нэгдэл нягтралаа бэхжүүлэх, эдийн засгийн хүрээнд Хятадын хэрэглэж байгаа шударга бус арга барил болон цэргийн түрэмгий тактик зэрэгт няцаалт өгөхөд бид анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй” гэж тэр хэлжээ. АНУ-ын Батлан хамгаалах яамнаас тус улсын Конгрессоор хэлэлцүүлэхээр оруулсан БНХАУ-ын цэргийн хүчин чадлын тухай жил бүрийн илтгэлийг 2024 оны арванхоёрдугаар сард нийтэлсэн байна. Уг илтгэлд тэмдэглэснээр, Хятадын эрх баригчид цэргийн зардалдаа олон нийтэд зарласнаасаа 40-90%-иар илүү их хөрөнгө мөнгө зарцуулж байгаа бөгөөд дуунаас нэн хурдан зэвсэглэлийн дэлхийд тэргүүлэх нөөц бүрдүүлээд байгаа ажээ. 2030 он гэхэд Хятад улс 1 мянга гаруй цөмийн цэнэгт хошуу тараан байрлуулах чадвартай болох гэнэ. Хятадын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Жан Сяоган уг илтгэлийг тайлбарлахдаа, АНУ-ын эрх баригчдын цэргийн стратеги улам л түрэмгий болж байгаа бөгөөд АНУ өөрөө дэлхийн аюулгүй байдалд нүүрлэсэн хамгийн том аюул болоод байна гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын засаг захиргаа Хятадтай мөргөлдөөн үүсгэхээс зайлсхийж чадна гэдэгт тус улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трамп бүрэн итгэлтэй байгаа гэнэ. АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч Доналд Трампын Үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх болох гэж байгаа Майк Уолтцын мэдээлснээр, АНУ болон БНХАУ-ын хоорондын харилцаанд хүндрэлтэй асуудал маш их байгаа хэдий ч Хятадад Америкийн зах зээл хэрэгтэй урчаас Хятадын коммунист намтай сөргөлдөхөөс зайлсхийх боломжтой гэдэгт Трамп бат итгэлтэй байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Амёрикууд манай тэнэгүүдийг сүрдүүлж үг хэлэхгүй байхдаа