Хүний эрхэд суурилсан сэтгүүл зүйг хөгжүүлэхэд зөв ойлгож, мэдээлэх чухал

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
7 цагийн өмнө

Хүмүүнлэгийн их сургуулийн (ХИС)-ийн багш, доктор, дэд профессор Л.Ариун хэвлэл, мэдээллээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээлж буй байдалд судалгаа хийжээ. Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах, хориглох, нийгмийн харилцаанд бусдын адил тэгш эрхтэйгээр оролцох боломжийг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх, салбар дундын бодлого зохицуулалтыг сайжруулах зэрэг чиглэлээр ажиллах нь зөвхөн төр, засаг болоод хөгжлийн бэрхшээлийн иргэд, тэдний эрх ашгийг хамгаалдаг байгууллагуудын үйл ажиллагаа биш хэвлэл, мэдээллийнхэн бидний ч бас үүрэг  юм. “Хүний эрхийн хандлагаар хөгжлийн бэрхшээл гэдэг нь хүний ялгаатай байдлын нэг хэлбэр бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь сул дорой, эсвэл хэн нэгний буруутай үйлдлийн золиос биш” гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч конвенцийг баталж, хууль гаргасан. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн онцлог хэрэгцээг бодолцохгүйгээр хийсэн аливаа зүйл хожим нь эдийн засгийн ихээхэн хохиролтойг онцолсон байдаг. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл олон талт байдлыг тусгаж, нийгэмд зөв ойлголцол эерэг хандлагыг түгээснээрээ уншигч, сонсогч, үзэгчийнхээ итгэлийг олж, хэрэглэгчдээ татах илүү олон хэрэглэгчтэй болох эерэг үр нөлөө ирдэг хэмээн судлаачид тэмдэглэж байна" гэв. Энэ чиглэлд сэтгүүлч, хэвлэл, мэдээллийнхэн юу анхаарах талаар ярилцлаа.

-Таны сүүлийн үед хийсэн судалгаа юунд чиглэв?

-Энэ намар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээлж буй байдалд судалгаа хийсэн. Найман жилийн өмнө яг энэ сэдвээр мөн судалгаа хийж байсан. Өмнө нь өдөр тутмын сонинууд дээр хийж байсан бол энэ жил мэдээллийн сайтууд дээр судалгаа хийсэн.

-Яг энэ сэдвээр судалгаа хийхийн зорилго, ач холбогдол нь юу вэ?

-Хэвлэл, мэдээлэл нь нийгмийн олон талт харилцааг зөв тайлбарлаж хэн нэгний санаатай, санамсаргүй хийсэн үг, үйлдлээс болж зовлон шаналалд автах хүний эрх ашгийг хамгаалж, эрх тэгш, шударга байдлыг сурталчилж ялгаварлан гадуурхалт, үзэн ядалт, гүтгэлэг доромжлолыг дэвэргэхээс сэргийлэн өрөөсгөл хандлагыг бууруулахад хамгийн их хүч нөлөөтэй нийгмийн институт билээ. Энэ үүднээс авч үзвэл мэдээлэл түгээж байгаа үйл ажиллагаандаа тогтмол анализ хийж юуг анхаарах, юунд алдаж байгаагаа эргэн харж нийгэм олон нийтээ тогтмол зөв сайханд уриалж, эерэг хандлага, хүлээн зөвшөөрөл, хүлцэл тэвчил, ойлголцолд дадуулж байх хэрэгтэй юм. Нийгэмд буруу тогтсон хэвшмэл ойлголт маш түгээмэл бий. Тодруулбал жендэр, нийгмийн цөөнх, гэмт хэргийг хохирогч, хөгжлийн бэрхшээлийн тухай хэвшмэлжин тогтсон буруу ойлголтын талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл залруулж зөв ойлголт өнцгөөр мэдээлэх нь нийгэмд тэгш байдал, шударга ёсыг тогтооход хувь нэмрээ оруулж хохирсон, ялгаварлагдсан, гадуурхагдсан талыг бусдад ойлгогдох, хүлээн зөвшөөрөгдөх, эрхээ эдлэх боломжийг хангаж өгдөг ач холбогдолтой. Хамгийн гол нь мэдээллийн хэрэгсэл олон нийтийн итгэлийг олж, тэдний үгийг хүргэх, эрхийн хамгаалах, зөв жишиг тогтоох хүчтэй хэрэгсэл болж төлөвшин тогтох юм.

-Хэвлэл, мэдээллийнхний баримталж ирсэн бодлого, хандлагын  тухайд та юу хэлэх вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай хэвлэл, мэдээлэл дэх дүрслэл нь ихэвчлэн хэвшмэл байдаг бөгөөд энэ нь олон нийтийн үзэл бодолд сөргөөр нөлөөлж, нийгэмд оролцох, сурч боловсрох, ажиллах, хөгжих эрхээ эдлэх боломжийг нь хязгаарладаг. Хэвлэл, мэдээллийн байгууллага үнэн зөв, шударга, хүртээмжтэй мэдээллээр дамжуулан гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалттай тэмцэж, нийгмийн хандлагыг өөрчлөхөд тустай. Хөгжлийн бэрхшээлийг хэрхэн мэдээлэх нь зүйтэй тухай өндөр хөгжилтэй орнуудын эрх зүйн болон бусад баримт бичигт тодорхой тусгасан байдаг. Сэтгүүлчид, хэвлэл, мэдээллийн хэрэгслийн хамгийн эхэнд анхаарах ёстой зүйл бол үг хэллэг, барих өнцөг, тэднийг дүрслэхдээ маш анхааралтай няхуур хандах ёстой. Аль болох бодит байдалд нийцсэн мэдээллийг төвийг сахисан байр сууриас, тэнцвэртэй  мэдээлэхийг зорих нь чухал.

-Тэгэхээр судалгааны дүр дүн яаж гарч байна?

-Монголын хэвлэл, мэдээлэл хөгжлийн бэрхшээлийг хэрхэн мэдээлж буй судалгааг 2016 онд өдөр тутмын дөрвөн сонинд дээр хийсэн. Тэр судалгаагаар уг сэдвийг маш бага анхаардаг, сэтгүүлчид болон нийгмийн ойлголт сул, үг хэллэг, хандлагаар ялгаварлан гадуурхсан өнгө аяс их, зөвхөн ХБИ-ийн эрхийн өдөрт зориулсан тусгай өдрөөр голдуу дуу хоолойг нь сонсдог дүр зураг гарсан. Найман жилийн дараа хийж буй энэ удаагийн судалгааг тэргүүлэгч мэдээллийн сайтуудын мэдээлэлд дүн шинжилгээ хийж авч үзэв. Судалгааны хамрах хүрээг 2020 оноос хойшхи мэдээллийг сонгон авсан бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 35-48 орчим мэдээлэл нийтэлжээ. Өмнөх судалгаагаар жилд 10 орчим мэдээлэл гаргадаг хэмжээтэй адил байгаа юм. Өөрөөр хэлбэл, бусад сэдэвтэй харьцуулахад бага нийтэлж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай мэдээлэл ямар өнцөгөөр голдуу мэдээлэгдэж байна вэ?

-Хөгжлийн бэрхшээлийг мэдээлэхдээ ямар агуулга, байр сууриас мэдээлж байгааг авч үзвэл өмнөх судалгаанаас их өөр өнгө аястай байна. Өмнө нь өрөвдүүдсэн, ялгаварласан, бусдаас өөр гэж харуулсан байдлаар их бичиж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол бусдаас өөр, тэдэнд нийгмийн халамж тусламж хэрэгтэй, өрөвдмөөр хүмүүс гэсэн ойлголт өгөхөөр мэдээ мэдээлэл түлхүү байсан ба зөвөөр ойлгуулах өнцгөөс бичсэн мэдээлэл нь голдуу ХБИ-ийн өөрсдийн зохион байгуулсан үйл ажиллагаа, өөрсдийгөө ойлгуулах гэж оролдсон хандлага байгаа нь илэрч байсан юм.Энэ удаагийн мэдээллийн сайтуудад хийсэн судалгаагаар нийгэмд зөвөөр ойлгуулах, бусадтай адилхан хүн гэдэг талаас нь үзүүлэх, тулгамдсан асуудал, нийгмийн халамжийн талаар хөндөхдөө илүү системтэй бодлого, хөтөлбөрийн түвшинд авч үзэж байгаа нь харагдлаа.

-Найман жилийн өмнө мэдээлж байсан байдалтай харьцуулахад  ямар байна?

-Дэвшил гарсан нь ажиглагдлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний тулгамдсан асуудлыг тоочиж, тусламж, дэмжлэг хэрэгтэй байна гэхээсээ илүү хэрхэн шийдвэрлэж байгааг тусгаж, нийгэмд амжилттай ажил хөдөлмөр эрхлэж буй иргэдийн үзэл бодол, амьдралын хэмнэлийг харуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангаж буй байгуулага болон тэр иргэний байгуулагадаа оруулж буй хувь нэмэр, авьяас чадварыг тодотгон, нийгэмд байдаг хэвшмэл ойлголт, сөрөг хандлагыг шүүмжилж бичсэн нийтлэл цөөнгүй байгаа нь буруу ойлголт, ялгаварлан гадуурхалтыг зогсоох ач холбогдолтой юм. Бичиж буй төрөл зүйлийн хувьд нийт дүнгээрээ сурвалжилга түлхүү байгаа нь мөн өмнөх судалгаанаас ялгаатай үзүүлэлт юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай асуудлыг үйл явдлын мэдээгээр голдуу тусгаж байсан нь үр нөлөө багатай бөгөөд нийгмийн хэвшмэл буруу ойлголт, хандлагыг төлөвшүүлэхэд тэдний өөрсдийн байр суурь, үзэл хандлага бүхий ярилцлага, ойлголт мэдлэг өгөх танин мэдэхүйн мэдлэг мэдээлэл ихтэй сурвалжилга нийтлэл нь өндөр үр нөлөөтэй. Өмнөх судалгааны гол дүгнэлт болох үг хэллэгээр ялгаварласан байдал буюу хөгжлийн бэрхшээлээр нь онцолсон гарчиг их байгааг дурдаж байсан. Энэ удаагийн судалгааг энэ түлхүүр үгээр сайтуудаас хайсан, мөн угаас энэ ойлголыг энэ үг өгүүлбэргүйгээр илэрхийлэх боломж хязгаарлагдмал байдагтай холбоотой юу нийт нийтлэл материалын 70 орчим хувь нь “Хөгжлийн бэрхшээл” гэдэг үгийг оруулсан гарчигтай байна. Мэдээж  хэрэг аль болох энэ үгээр тодорхойлж, онцлохоос зайлсхийх нь ялгаварлан гадуурхалт, хэвшмэл буруу ойлголтоос зайлхийж, эерэг зөв ойлголт олон нийтэд өгч бүх төрлийн боломжийг нээж өгөх сайн үр нөлөөтэй юм.

-М.Салтанат: Бусадтай мөр зэрэгцэн ажилдаа явах тэр мэдрэмж хамгийн сайхан /ikon.mn/

-Охинтойгоо энгийн сургуульд сурахад маш хүнд байсан /news.mn/

-"Иргэдийн хандлага өөрчлөгдсөн ч төрийнх өөрчлөгдсөнгүй" /news.mn/

-Нийгэмдээ "гологдсон" хүүхдүүд /news.mn/

-Бидэнд халамж биш хүртээмж дутагдаж байна/gogo.mn/

-Хувь тавилангийн эзэн /gogo.mn/ зэрэг сайн гарчигтай, сайн мэдээ, сурвалжлагууд байсныг дурдах хэрэгтэй.

-Энэ судалгааны ерөнхий дүгнэлтийг сонирхоё?

-Энэ удаагийн судалгааны үр дүнг харахад тоо хэмжээний хувьд бага хэвээр байгаа боловч чанар агуулгын хувьд дэвшил гарсан, олон улсад зөвлөж байгаа сэдэв, агуулгаар тусгаж нийгэм зөв ойлголт өгөх, буруу хэвшмэл ойлголтыг засахад үр нөлөө үзүүлэхээр бичиж тусгажээ. Энэ бүхэн нь төр, засгаас энэ талаар авч хэрэгжүүлж буй томоохон бодлого үйл ажиллагаа,  хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон эрх ашгийг хамгаалдаг байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн шууд үр дүн гэж дүгнэж байна. Тэр тусмаа Японы Жайка олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн үр нөлөө их байгаа нь харагдаж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top