Үндэсний урлагийн их театр /ҮУИТ/-ын уран бүтээлчдийн баг аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд Япон улсын Мияги аймгийн ард иргэдэд Монголын үндэсний урлагийн тоглолтоо толилуулжээ. Театрын уран бүтээлчид Япон улсад 2011 онд болсон газар хөдлөлт, цунамийн гамшигт нэрвэгдсэн Мияги аймаг, Мацушима, Сэндай, Осака хотуудад очиж, ард иргэдтэй уулзан, Осака хотноо хоёр удаа тоглолт хийж, тоглолтын орлого болон тахир дутуу хүний тэргэнцэр зэргийг хандивласан аж. Японы хүүхдийн цогцолборт цэцэрлэгт дөрвөн удаа тоглолт хийж, хүүхэд багачуудад бэлэг барьжээ. Олон жилийн найрамдалт харилцаатай Монгол, Япон хоёр орны ард түмний хоорондын найрсаг харилцаанд бага боловч дэм болох эл үйлсийг нутгийн захиргаа, удирдлагууд сайшаан, Монголын уран бүтээлчдийг тусгайлан хүлээн авч уулзан, дараа дараагийн жилүүдэд Мияги аймаг, Осака, Сэндай зэрэг хотуудад ҮУИТ-ын уран бүтээлчдийг дахин урьсан байна.
Монголын ардын урлагаа энэ мэтээр дэлхийн олон оронд сурталчилж буй тус театрын уран бүтээлчдийн төлөөлөл болох үндэсний урлагийн их тогоонд эвэр бүрээ хөгжмийг өвлөн авч, уламжлан үлдээж буй Нордогийн Жүрмэддоржтой ярилцлаа. Тэрбээр эвэр бүрээ хөгжмийн анхны дээд мэргэжлийн төгсөгч төдийгүй үндэсний урлагаа олон улсад таниулах үйлсэд хувь нэмэр оруулахын сацуу шинийг санаачлагч уран бүтээлч юм. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Н.Жүрмэддорж Японы иргэдэд хандив, тусламж үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хөгжимчин.
-Эвэр бүрээ бол үндэсний хөгжмүүд дундаас өвөрмөц онцлогтой хөгжим. Энэ хөгжмийг сонгон эгшиглүүлэх болсон шалтгаан тань юу вэ?
-Тийм ээ, өвөрмөц гэхээс илүүтэйгээр эртний хөгжим гэдгийг нь тодотгомоор байна. Хүмүүс энэ тухай тэр бүр мэдэх нь бага. Би бага байхаасаа л кларнет хөгжим тоглодог байлаа. Энэ нь эвэр бүрээ хөгжимд дуртай болох шалтгааны нэг болсон. Миний тоглодог эвэр бүрээ их онцлог дуутай. Би долоо билүү, найман настай байхдаа урлагт хөл тавихаа шийдсэн байсан. Миний аав урлагийн хүн. Өмнөговь аймгийн Соёлын ордонд хөгжимчнөөр ажилладаг байлаа. Тэр үед аавыгаа дагаж явдаг хүүхэд байсан. Тухайн үед аймгийн Соёлын ордны коридорт эвэр бүрээ тоглодог н.Чулуундорж гэж хүнтэй их таардаг байсан болохоор эвэр бүрээ хөгжмийг сонирхсон юм билээ. Энэ үеэс л эвэр бүрээ хөгжмийг мэдэж, тоглохыг хүсдэг болсон.
-Анх хэн гэдэг багшийн гар дээр очиж, эвэр бүрээ хөгжим тоглох “А” үсгийг заалгаж байв?
-Би радиогоор Самбалхүндэв багшийн эвэр бүрээ хөгжмөөр тоглосон аялгуунуудыг сонсож өссөн. Урлагийн Гавьяат зүтгэлтэн Самбалхүндэв багш надад эвэр бүрээ хөгжмийг илүү мэргэжлийн хэмжээнд таниулсан. Одоо миний барьж байгаа эвэр бүрээ дөнгөж хоёрхон нүхтэй байхад би Даваажамц багшаар хөтлүүлэн Улсын Ардын дуу бүжгийн театрт очиж байлаа. Гэтэл өнгөрсөн хугацаанд энэ хөгжим таван удаа шинэчлэгдэн өөрчлөгджээ. Миний багш тэр шинэчлэгдсэн таван төрлийн эвэр бүрээг бүгдийг хөгжимдөж байсан тийм л арвин туршлагатай, мэдлэгтэй хүн. Багш маань Ардын дуу, бүжгийн театрт 26 жил ажиллаад, сүүлд Хөгжим бүжгийн коллежийн урилгаар багшилж, олон сайхан шавь нар бэлтгэсэн. Одоо гавьяаныхаа амралтад сууж байгаа.
-Урлагийн хүн болоход магадгүй аав тань нөлөөлсөн юм болов уу?
-Би урлагт дардан шугамаар орж ирсэн. 1999 онд Соёл урлагийн их сургуулийг анхны дээд мэргэжлийн эвэр бүрээч мэргэжлээр төгссөн. Анхны гэх тодотгол чухал шүү дээ. Би мэргэжлээ гуравдугаар ангидаа сонгосон.
-Таны мөрөөдөл байжээ?
-Тийм ээ, тухайн үед хичээлийн үеэр зохион бичлэг бичүүлж байсан юм. Тэгэхэд би хөгжимчин болно гэдгээ тод томруун бичсэн байдаг.
-Үндэсний урлагийн их театрт та хэзээнээс ажилласан бэ?
-Үндэсний урлагийн хамгийн том байгууллага бол Үндэсний урлагийн их театр шүү дээ. Ерээд оны үед Улсын ардын дуу, бүжгийн чуулга гэсэн нэртэй байсан. Сүүлд дахин өөрчлөгдөж, Үндэсний урлагийн эрдмийн чуулга болсон. Ийм нэртэй байхад нь би анх ирсэн. Соёл урлагийн их сургуульд суралцаж байгаа ихэнх хүүхдүүдэд манай чуулга мөрөөдөл нь байдаг. Чуулгад орж, оркесторт нь суугаад үзчих юмсан гэсэн мөрөөдөлтэй явсаар өнөөдрийг хүрлээ.
-Өнөөдрийг хүртэлх хугацаанд хийсэн гол уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач?
-Үндэсний урлагийн их театрт тоглогдож байсан томоохон уран бүтээлүүдэд оролцож байлаа. Гоцлол тоглох үедээ тоглож, оркестрт зогсох үедээ зогссон тийм л он жилүүд өнгөрч байна. 2005 онд хувийн бие даасан “Мартагдсан аялгуу” нэртэй цомог гаргасан. Энэхүү цомогт хөөмий, цуур, эвэр бүрээ хөгжмийн аялгуу багтсан. 1997 онд ангийнхаа хоёр андтай хамтран “Тэнгэр аялгуу” хамтлаг байгуулсан. Хамтлаг маань “Хөдөөгийн сайхан”, “Тэнгэр аялгуу” гэсэн хоёр цомогтой. Мөн урлагийн их, дээд сургуулиудад зориулсан гарын авлага, ном, товхимол бүтээсэн. Гэх мэтчилэн өнөөдрийг хүртэл чадах бүхнээрээ урлагтаа зүтгэж явна. 2015 оноос хойш эвэр бүрээ хөгжмөө оюутан залууст зааж сургахаар ажиллаж байгаа. Бидний хичээл заадаг эвэр бүрээ хөгжмөөр сонгодог репертуар зохиолуудыг тоглоход цар хүрээ нь бага зэрэг жижигддэг. Тиймээс цар хүрээг нь доошоо гурван өнгөөр нэмсэн.
-Энэ талаар илүү тодруулахгүй юу?
-Миний бие Рэ-тэй бүрээг санаачлан хийсэн юм. Одоогоор туршиж л байна. Соёл урлагийн их сургуульд нэг бүрээ туршиж байгаа. Үүнээс гадна Үндэсний урлагийн их театрт миний шавь нэг бүрээгээр тоглон, туршиж байна. Эвэр бүрээний цар хүрээг нэмсэн гэдэг нь Фа дуугаралттай эвэр бүрээг Рэ дуугаралттай болгосон гэсэн үг. Монголын эвэр бүрээтэй төстэй Кларнет хөгжим эцэстээ тултал сайн хөгжсөн байдаг. Эвэр бүрээ хөгжмөөр дан монгол зохиолоо тоглоод байвал хөгжимчид маань ахихгүй шүү дээ. Тийм учраас сонгодог хөгжмийг тоглохын тулд Рэ-тэй бүрээ илүү хэрэгтэй байгаа юм.
-Та өөрийнхөө гаргасан цомгийн талаар сонирхуулаач?
-Эвэр бүрээ гэдэг хөгжим бол урьд цагт, олон жилийн өмнө ч байсан хөгжим. Байлдан дагуулалтын үед хүртэл байсан. Тэр үед урт, гуулин маягаараа, мөн бурмаараа, үхрийн эврээрээ ч байсан гэж тэмдэглэсэн байдаг. Би цомогтоо эртний олон аялгууг сонгон тоглосон. Манай багшийн тоглосон аялгуунууд ч багтсан.
-Арванхоёрдугаар сард болох “Уул усны шивнээ” тоглолтыг их онцлогтой гэж сонссон. Та тоглолтынхоо талаар мэдээлэл өгнө үү?
-Уран бүтээлийн тоглолтдоо аргалан бүрээ, янгирын эвэр бүрээ, ямаан бүрээ гэх мэт хөгжмүүдийг онцолж тоглоно. Эртний түүхэнд байсан үхрийн эвэрэн бүрээ хүртэл байх юм. Судар бичигт бичигдсэн сонин содон эвэр бүрээнүүдийг хөрсөнд буулгаж байгаагаараа онцлогтой. Нэг сонирхолтой зүйл хэлэхэд, Хүннүгийн үеийн төмөр болон хусан хуур хөгжмийн хамгийн анхных нь Төв аймгийн Заамараас олдсон байдаг. 1989 онд түүхийн археологийн хүрээлэнгийн захирал н.Цэвээндорж гуай олсон гэдэг юм билээ. Тэр ясан хуурыг тоглолтод эгшиглүүлнэ . “Уул усны шивнээ” концерт маань Боржигон, Буриад, Дархад гэсэн гурван хэсэгтэй. Хөгжмийн зэмсэгүүд энэ гурван хэсэгт хэрхэн өөр өөр дугарч байна, ямар онцлог байна гэдгийг харуулахыг зорьсон.
-Энэ хөгжмийн зэмсгүүдээ та олон жил ашиглах боломжтой юу?
-Үндэсний ганц дархлаа бол үндэсний урлаг. Тийм учраас үзэгчид болон жуулчдын нүдэнд аргалын эврээ бариад зогсох тэр мөч үнэхээр гайхалтай санагдана гэж бодож байна. Ер нь л сонин содон харагдана. Тэгэхээр дараа дараагийн уран бүтээлд ашиглагдана байх. Тухайн найруулагч ямар чиг баримжаа барьж байна тэр журмын дагуу л бид явдаг. Харин ч бусад орныг бодвол манай залуус үндэсний урлагаа үнэхээр сайн ойлгож, үүх түүхийг нь мэдэхээр суралцаж байгаа. Үндэсний хөгжимгүй ч орон байдаг. Тэдний хажууд монголчууд харьцангуй хөгжмийн урлагаа мэдэрдэг, сайн сонсдог. Жишээ нь, морин хуур хөгжмийг гэхэд л Соёл урлагийн их сургуульд элсэж байгаа бүх оюутнууд сонгон, тоглох арга барилд нь суралцаж байна. Энэ нь үнэхээр бахархууштай санагддаг. Эвэр бүрээ хөгжмийг хүн бүр нэг их сайн мэдэхгүй, сонирхохгүй байгаа мэт боловч “Би ганцхан эвэр бүрээ хөгжмийг л сурмаар байна” гэсэн хүүхдүүд ч цөөнгүй бий. Тиймээс би эвэр бүрээ гэж ийм хөгжим байдаг юм шүү, ийм сайхан аялгуу гаргадаг юм шүү гэдгийг ойлгуулах үүднээс “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож байсан юм.
-2017 оны ”Авьяаслаг монголчууд” шоунд оролцсон санагдаж байна. Хэр амжилттай оролцсон бэ?
-Тийм ээ, хоёр дахь жилийн “Авьяаслаг монголчууд”-д оролцсон. Тухайн үед дөрвөн шүүгчийн саналаар дараагийн шатанд шалгарч байлаа. Гэтэл шилдэг 32-ын шалгаруулалт болох үеэр Итали руу тоглолтоор явж таараад оролцож чадаагүй юм.
-Японы ард түмэнд хандив тусламж өргөхөөр Үндэсний урлагийн их театрын бүрэлдэхүүн хэд хэдэн тоглолт зохион байгуулжээ. Үүнд олон хүмүүс талархалтай ханддаг. Та бүхэнд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Хандивын аян, тоглолтод бид оролцоод ирлээ. Сэтгэгдэл маш өндөр байна. Манай үндэсний урлагийн их театраас лимбэ, морин хуур, эвэр бүрээ, ятга хөгжмийн баг, мөн уран нугараачдын бүрэлдэхүүнтэй баг явсан. Биднийг үзэгчид санаснаас илүүтэйгээр хүлээж авсан. Монголын ард түмнийг төлөөлөн тусалж, дэмжиж байгаад олон хүнд талархал илэрхийлж байсан. Тоглолт ерөнхийдөө бидэнд ч, тэдэнд ч сайхан сэтгэгдэл төрүүлж, сайхан уур амьсгал бүрдүүлсэн, онцгой тоглолт болсон.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )