Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ) эрхлэгчдийн бизнесийн дотоод болон гадаад орчин, санхүүжилтийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон, мөн төрөөс баримталж буй бодлого, дэмжлэгийн хүртээмжийг тандсан 2018 оны цогц судалгааны тайланг Монголбанкнаас эрхлэн гаргажээ.
Судалгааны үр дүнгийн тухай тоймловол, ЖДҮ –ийн хөгжилд Засгийн газар, Олон улсын байгууллагууд, Санхүүгийн болон Төрийн бус байгууллагууд чухал үүрэгтэй бөгөөд санхүүжилт олгох, сургалт, зөвлөгөө өгөх, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах замаар дэмжлэг үзүүлдэг болохыг онцолсон байна. Харин цаашид нэн тэргүүнд төрийн байгууллагын үйлчилгээг чирэгдэлгүй болгох, татварын таатай орчинг бүрдүүлэх, авилгалыг бууруулах зэрэг арга хэмжээг бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзжээ.
Харин бизнесийн орчинд ЖДҮ эрхлэгчдийн энэ онд өгсөн үнэлгээ өнгөрсөн хоёр жилтэй харьцуулахад нэмэгдсэн байна. Тодруулбал, ЖДҮ эрхлэхэд макро эдийн засгийн болон хууль эрх зүй, зах зээлийн орчин харьцангуй боломжийн нөлөөг үзүүлж байна гэж дүгнэжээ.
Гэсэн ч хөгжиж буй улсуудын нэгэн адил Монгол Улсад ЖДҮ эрхлэхэд санхүүжилтийн орчин хангалттай бус байна. Тухайлбал, бизнес эрхлэгчид санхүүжилтийн үндсэн нөхцөлүүд болох хүүгийн түвшин өндөр, хугацаа богино, шимтгэл, хураамж өндөр байгаа зэрэг нь бизнес эрхлэхэд муугаар нөлөөлж байна гэж үзжээ.
Тэгвэл дотоод үйл ажиллагаа талаас нь авч үзвэл, байгууллагын өрсөлдөх чадвар, тоног төхөөрөмжийн чанар болон ажиллах хүчний ур чадвар боломжийн сайн, бизнес эрхлэгчдийн талаас илүү хувийх нь борлуулалтын орлого өнгөрсөн нэг жилийн хугацаанд өсчээ. Харин ажиллах хүчний нийлүүлэлт харьцангуй тааруу байна.
Монголбанкнаас Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй ЖДҮ эрхлэгчдийн түүвэр судалгааг 7 дахь жилдээ хийж байгаа бөгөөд 2018 оны судалгааны үр дүнгийн тайланг нэгтгээд байна.
Судалгааны мэдээллийн санг Дэлхийн банкны “CAPI” системд суурилан санал асуулга явуулах замаар цуглуулсан бөгөөд судалгаанд хамрагдсан ЖДҮ-ийн удирдлага, холбогдох албан тушаалтнаас1 ярилцлагын аргаар мэдээлэл авчээ. Судалгааны санал асуулгыг бусад орнуудын хийсэн ижил төстэй судалгааны санал асуулгууд дээр үндэслэн боловсруулжээ.
Судалгааны түүвэрлэлтийн нэгжийг сонгохдоо ААН-үүдийн байршил, ажиллагсдын тоо болон үйл ажиллагааны чиглэлийг харгалзан үзэж, эх олонлогийг төлөөлөхүйц түүврийг санамсаргүй түүврийн аргаар сонгожээ. Оновчтой түүврийн хэмжээг тодорхойлохдоо түүврийн харьцаа болон дунджийн хувьд 95 хувийн итгэх интервалд (хамгийн багадаа 5 хувийн ач холбогдлын түвшинд) статистикийн хувьд найдвартай байх, хамгийн бага хангалттай хэмжээний түүврийг үүсгэхээр сонгосон гэж байна.
Түүврийн эх олонлогт 2018 оны эцсийн байдлаар Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ны Бизнес регистрийн санд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж буй 83,086 аж ахуйн нэгжүүдийг хамруулжээ. Статистик тооцооллоос оновчтой түүврийн хэмжээг Улаанбаатар хотоос 1000, аймгуудаас 30-50 буюу нийт 1850 байхаар төлөвлөжээ. Санал асуулгын хариултын чанараас хамааран зарим газраас илүү эсвэл дутуу тооны санал асуулга авах магадлалтай байсан бөгөөд нийт дүнгээр төлөвлөсөн хэмжээнээс 5 хувиар илүү буюу 1922 түүвэр сонгожээ. Санал асуулгад оролцогчдыг аймаг, нийслэлээр авч үзвэл нийт оролцогчдын 46 хувийг Улаанбаатар хотын, 54 хувийг орон нутгийн ЖДҮ эрхлэгчид эзэлж байгаа бөгөөд хувийн жинг харвал ихэнх аймгуудад 2-3 хувийн хооронд жигд тархалттайгаар хамрагдсан байна.
Судалгаанд хамрагдсан ЖДҮ эрхлэгчдийн дийлэнх хувийг дотоодын хөрөнгө оруулалттай, худалдаа болон үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй хувиараа бизнес эрхлэгчид эзэлж байна. Судалгаанд оролцогчдын тал нь 1 хүртэлх жил, үлдсэн тал хувь нь 1-ээс дээш жил үйл ажиллагаа эрхэлж байна. Дийлэнх нь 1-10 хүртэлх тооны ажиллагсадтай бичил бизнес эрхлэгчид хамрагджээ.
Сэтгэгдэл ( 0 )