Барааг давхардуулан шалгахгүйгээр гаалийн бүрдүүлэлт хийхээр тохиролцжээ

2018 оны 11 сарын 19

Монгол Улсын Замын-Үүд, БНХАУ-ын Эрээн автозамын боомтуудад цахим манифестыг  ирэх арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн туршилтаар нэвтрүүлж эхлэхээр болжээ. Мөн  Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганц мод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Архашаат, Баянхошуу-Өвдөг, Сүмбэр-Рашаант, Бургастай-Лаоеэмиао, Булган-Такашикэн, Ханги-Мандал боомтод 2019 оны  нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цахим манифестыг албан ёсоор нэвтрүүлэхээр болсон байна. Хоёр улсын гаалийн байгууллага хооронд манифестыг цахим хэлбэрээр солилцож эхэлснээр гаалийн хяналт, бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацааг бууруулах, хуурамч манифест үйлддэг хууль бус үйлдлийг таслан зогсоох ач холбогдолтой гэж ГЕГ-аас мэдээллээ.

Мөн Монгол Улс, БНХАУ-ын Гаалийн байгууллагын “Хяналт шалгалтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх” төслийг БНХАУ-ын Тяньжин хотноо болсон хоёр улсын Гаалийн байгууллагын Хилийн хамтарсан шалгалтын ажлын хэсгийн есдүгээр хуралдаанаар  хэлэлцэж, төслийг эцэслэн тохиролцоод гарын үсэг зурахад бэлэн болгосон байна.

Монгол Улс, БНХАУ-ын Гаалийн байгууллагын хилийн боомтоор нэвтэрч буй бараа тээврийн хэрэгслийн рентген төхөөрөмжөөр шалгасан рентген дүрс зураг, пүүлсэн үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх, барааны нэр төрлийг хоёр талын хилийн гаалийн байгууллагын улирал тутмын уулзалтаар харилцан тохиролцож, барааны нэр төрлийг нэмэх буюу хасаж байхаар тохиролцжээ.

Ийнхүү хоёр тал харилцан тохиролцсон барааны хяналт шалгалтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрч эхэлснээр Монгол Улсаас Замын-Үүд боомтоор БНХАУ руу экспортод гарч байгаа барааг Замын-Үүд дэх гаалийн газар, БНХАУ-аас Эрээн боомтоор Монгол Улс руу экспортод гарч байгаа барааг Эрээн дэх гаалийн газар тус тус шалгасан тохиолдолд рентгений дүрс зураг, пүүний акт буюу барааны жингийн тодорхойлолтыг ухаалаг ломбонд цахим хэлбэрээр хадгалж, хүлээн авагч талд илгээх бөгөөд хүлээн авагч улсын гаалийн байгууллага ухаалаг ломбонд байгаа мэдээллийг хүлээн зөвшөөрч, барааг давхардуулан шалгахгүйгээр гаалийн бүрдүүлэлт хийх аж.

Хяналт шалгалтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх туршилтыг хэрэгжүүлснээр хоёр улсын гаалийн хяналт шалгалтыг уялдуулах, худалдаа эрхлэгчдийн цаг хугацаа, зардал хэмнэх, хяналт шалгалтын үйл ажиллагааг хялбаршуулах, үр дүнг сайжруулах, аюулгүй байдал болон боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёр талын худалдааны таатай орчин бүрдүүлэх өндөр ач холбогдолтой гэж үзэж байгаа юм байна.

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top