БНХАУ энэ оныг дуустал Монголоос хилийн бүх боомтоор ямар ч төрлийн нүүрс импортоор авахгүй байх шийдвэр гаргасан тухай мэдээлэл өнөөдөр /2018.11.19/ олны анхаарлыг татсан сэдэв байлаа. Гашуунсухайт-Ганцмод боомтоор өнгөрсөн бямба гарагт 99 автомашин нэвтэрсэн бол өчигдөр /2018.11.18/ 50 автомашин нэвтэрчээ. Боомт хүртэлх дараалал 100 км-ээс илүү гараад буйг эх сурвалжууд мэдэгдэж байгаа юм. БНХАУ-ын талаас хилээр нэвтрэх автомашиныг бүгдийг нь бүртгэлжүүлж, “Ухаалаг гарц” гэх шинэ технологи нэвтрүүлж байгаа гэсэн үндэслэл хэлж байгаа аж.
Тэгвэл Зам тээвэр, хөгжлийн яам /ЗТХЯ/-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдрөөс Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж эхэлжээ. Тус ажлын хэсэг Хятадын талтай уулзалт хийснээр тээвэр зохицуулалтын хэд хэдэн шийдэлд хүрч, хэрэгжүүлж эхэлсэн талаар яамнаас мэдээлэв.
Хятадын талаас нүүрс таталтыг хийж эхэлсэн бөгөөд Хятадын хил, гаалиас "Ухаалаг гарц" гэх шинэ технологи нэвтрүүлж, мэдээллүүдийг шивж оруулахад цаг хугацаа их зарцуулж байгаа тул программ хангамж шинэчлэгдтэл нэг машиныг хилээр шалгаж нэвтрүүлэхэд ойролцоогоор 30-40 минут шаардагдах юм байна.
Иймд цуваанд дугаарлаж буй жолооч нарын гаалийн бүрдүүлэлтийг урьдчилан хураан авч, Хятадын талд программд нь давхар шивүүлэх арга хэмжээг авч байгаа бөгөөд татан авалт хэвийн болтол өдөрт 200-300 машин хилээр нэвтрэх тооцоо байгааг албаныхан мэдээллээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Эрдэс баялгийн эдийн засагч Л.НАРАНБААТАР-тай манай сэтгүүлч уулзаж ярилцсан. Түүний ярилцлагыг ЭНД дарж уншина уу!
Мөн тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн урт цуваа, дарааллыг шийдэх үүднээс ачаагүй тээврийн хэрэгслүүдийг Оюутолгойн замаар явуулж, Цагаан хадны гаалийн бүсэд буулгах ачаатай тээврийн хэрэгслүүдийг Гашуун сухайтын нүүрс тээврийн авто замаар хоёр эгнээгээр явуулахаар зохион байгуулаад байна. Ингэснээр урсгал сөрж, аваар осол гаргахаас сэргийлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахаас гадна урт цуваа үүсгэхгүй байх шуурхай зохицуулалт болно гэж үзэж байгаа аж.
Б.ТУЯА
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )